Гун-Аажавын Аюурзана хэмээх эл эрхэмийн хэргэм цол, хийсэн бүтээснийг нуршин танилцуулах нь илүүц биз ээ. Бид бүгд түүнийг танина, хийсэн бүтээснээр нь. Зохиолчийн шинэхэн роман "Сүнсний томьёо" нэрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт очоод удаагүй байна. Тиймээс бид зохиолчийг подкаст ярилцлагадаа урьж, шинэхэн романых нь талаар ярилцахыг хүслээ. Гэвч бидний яриа шинэ романаас хальж, бусад уран бүтээлийнх нь талаар, уран зохиол, уран бүтээлийн хөдөлмөрийн талаар, монголчуудын туулсан түүх, ер монгол хүн байхуйн тухай дэлгэр сайхан хөөрөлдөөн болсон юм. Г.Аюурзана зохиолчийн үнэнч уншигчид, шинэ ном бүрийг нь анаж хүлээж байгаад авч уншдаг шүтэн бишрэгчдэд нь сайхан бэлэг болж буйд итгэлтэй байна. Мөнхүү зохиолчийн ярицлагаас гол санаануудыг түүвэрлэн дор текст хэлбэрээр хамтаргав.
1. Монгол үндэстний хуваагдал, хэлмэгдлийн тухай
Колоничлол гэдгийг зөвхөн барууныхан африкт юмуу, америкт л хэрэгжүүлж байсан зүйл гэхшүү ойлголтын дунд бид өссөн. Гэтэл жинхэнэ колоничлол яг хажууд, энүүхэн Буриадуудын түүхэнд ч байжээ гэдгийг мэдрэх их гашуун. Буриадууд өөрсдөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Монгол үндэстэн үнэхээр хуваагдаж сарнисан, тал талаасаа хазуулж залгиулсан юм байна аа гэдгийг харуулахын тулд “Бөөгийн домог”-оо бичсэн. Гэвч тэгээд орхичих нь хангалттай бус санагдсан. Буриадад л ийм эмгэнэл тохиолджээ гээд орхичих юм бол монгол үндэстний хамгийн том хэсэг яг одоо яаж хазуулж залгиулж буйг үл ойшоогоод орхисон мэт болчихно. Тиймээс залгаад “Шүгдэн”-г бичихээс өөр аргагүй болсон. Тэр зохиолыг бичих нь бараг миний үүрэг юм шиг санагдаж байлаа. Ингээд явахаар хүн хийж буй зүйлдээ бүр автчихдаг юм байна. Энэ хоёрыг биччихээд болчихлоо гэж бодтол Байгаль далайгаас Цагаан хэрэм хүртэлх монголчуудаа биччихсэн юм чинь Алтайгаас Хянган хүртэлх монголчуудынхаа тухай бас бичмээр санагдлаа.
Ер нь монгол үндэстнийг арай хэтрүүлчихсэн юм шүү дээ. Үндэстнийх нь хувьд дэндүү хэлмэгдүүлээд хаячихсан юм. Үүнийг дэлхий мэдэхгүй. Бид өөрсдөө ч мэдэхгүй байна. Саяхан болтол бид Хорчин гэж асар том, монголын тэргүүлэгч ястан байжээ гэдгийг мэддэггүй л байсан. Халх л гол үндэстэн, бусад нь бага ястан юм шиг бодож явсан.
Түүхийн нугачаа, эргэлт дунд тун эвгүй байдалд орж, эрх ашиг, орон зайд нь өөр үндэстнүүд халдчихсан улс үндэстэн дэлхийгээр дүүрэн бий. Гэвчиг Палестины тухай ярихад бүгд ойлгодог, Америкийн уугуул хүмүүсийн тухай ярихад ерөнхийдөө гадарлаад байдаг ч Монгол дэлхий дээр ийм супер түүхтэй атлаа ингэтлээ доош орж, доромжлуулж, эрх ашигтаа халдуулсан гэдгийг хэн ч мэддэггүй. Тэгэхээр нэгэн цагт монголын уран зохиол гэж юу байдаг юм гээд хэн нэгэн сонирхоод үзвэл энэ санаанууд маань цаана нь байж байг л гэж би бодсон юм.
2. Монгол хүн болж төрөхийн утга учрын тухай
Монгол хүн болж төрнө гэдэг их сонин зүйл. Монголчууд дэлхийн аль ч үндэстнээс илүү гараад байхгүй, дутах ч юмгүй, жирийн л үндэстэн. Улаанбаатарын гудамжаар хөгжим сонсоод л, кофе шопуудаар эргэлдэж яваа хүүхдэд үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж юу байх вэ. Гэхдээ үндэстнийхээ өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй жир тааваараа амьдарна гэдэг америк хүнд болно, англи хүнд болно, магадгүй орос хүнд болно. Харин монгол хүнд ерөөсөө болохгүй байгаа юм. Хэдийгээр монголын жирийн залуу хүн жирийн япон, америк залуус шиг амьдрах бүрэн эрхтэй боловч энэ үндэстний чинь явж ирсэн зам арай илүү ухамсартай, арай ондоо бодолтой байхаас өөр аргагүй нөхцлийг чамд тулгана.
Яаж ийм жижигхэн үндэстэн энэ хоёр аварга гүрний дунд тэсээд үлдсэн бэ гэдэг чинь хүртэл айхтар нарийн зүйл шүү дээ. Хэдийгээр одоо дэлхий ертөнц өөрчлөгдөөд л, үндэсний үзэл мэт нь хоцрогдсон зүйл гэх маягтай болж ирж буй ч хүн явж явж эх үндэс рүүгээ л эргэнэ шүү дээ. Харин Улаанбаатар дэлхийн хаа ч байдаг хотуудын нэг болоод, тэр дотор нь бид халаасандаа гараа шургуулаад л алхаж явахаас өөр үүрэггүй болчихвол энэ үндэстэнд ирээдүй гэж үгүй. Өнөөдөр ямар нэг жижиг үндэстэн өөрийнхөө төлөө хариуцлага үүрэхгүй бол амьдрах хариуцлагыг нь хэн нэгэн өмнөөс нь шийдэх маш амархан болчихсон. Зөвхөн прагматик талаас нь хараад Монгол юу юм, хажууд нь Хятад гэж аварга гүрэн байхад сүүлнийх нь нэг хялгаснаас зүүгдээд л явж байвал барав гээд байх юм бол үндэстний өөрийгөө авч явах амин чадвар тэр хэмжээгээр л доройтно. Тэгсээр байгаад байхгүй болно.
Өнөөдөр Өвөрмонгол яаж тэсч байна? Өвөрмонголыг тэсгэж тогтоож байгаа хоёрхон зүйл бий. Чингис хаан хэмээх бахархал, монгол бичиг хоёр. Гэтэл бид хажуу талын энэ “гүперүүд”-ээ алдаад эхлэвэл Монгол гэдэг ойлголт байхгүй болно. Одоохондоо эд нь байгаа болохоор бид мэдэхгүй байна.
Хэдийгээр би колоничлолын аюул зовлонг биеэр туулаад хаширсан хүн биш ч, бусдын колоничлолд орж, дарлагдан зовж буй хүмүүсийн дунд зөндөө байж үзсэн. Өнөөдөр энэ асуудлууд жирийн буриад хүнд нэг их мэдрэгдэхгүй байж болох ч Буриад сэхээтнүүдэд ямар хэцүү байдаг билээ? Өвөрмонголын жаахан сэхээлэг, оюунлаг хүмүүс ямар хүчир зовлонтой байгаа билээ? Гэтэл бид бол энэ асуудлыг хэтэрхий энгийн, ойр зуурын аяга халбагаар л хэмжих гээд байна шүү дээ. Монгол үндэстэн хэдийгээр маш олон боломжоо нэгэнт алдчихсан ч юу алдсанаа мэдэж байх хэрэгтэй. Нэгэнт тийм их зүйл алдсаных үлдсэн жаахан юмаа алдахгүй байх хэрэгтэй. Ядаж өөрсдийгөө аваад үлдэх хэрэгтэй.
3. Үндэсний үзэл хийгээд үндсэрхэг үзлийн тухайд
Дэлхий дээр одоо хоёр л төрлийн улс байна. Нэг нь үндэстэн улс, нөгөө нь үндэстний тухай ямар ч ойлголтгүй, цэвэр эдийн засаг дээр тогтсон улс. Тэгтэл үндэстэн улсын үнэ цэн бол мөнгө биш. Үндэстэн гэдэг ойлголт хувь хүн гэдэгтэй адилхан маш чухал зүйл. Бие биенийгээ бид чинь нэг л үндэс угсаатай монгол хүмүүс хэмээн хүндэлж үздэг, энэ итгэл үнэмшил дээрээ нэгдэж чаддаг, түүнийгээ тодотгох ижилхэн нэг бахархалтай, хаа ч явсан би бол үүнд харьяалагдана гэдгээ мэддэг байх зэрэг нь хүний өөрийнх нь үнэ цэнийг өргөж өгдөг зүйл. Би хаана ч харьяалалгүй, надад хэн ч хамаагүй гэх үзэл хүний өөрийнх нь үнэлэмжийг унагачихдаг. Харин хаа нэг газар харьяалалтай, ямар нэг зүйлийн төлөө тэмцэх үүрэгтэй, тэр үүргээ хэн нэгнээс өвлөж авсан байна гэдэг чинь асар эрхэм, гайхамшигтай зүйл. Ийм гайхамшиг алга болчих юм бол бидэнд найдах зүйл үлдэхгүй.
4. Чингис хаан ба монгол бахархал
Монгол үндэстэнд бурхан шүтээн гэж байх юм бол тэр нь Чингис хаан л юм. Чингис хаан дэлхийн талыг эзлэсэн гэж сурталчлаад байдаг болохоор л тэр хүн чинь бурхан биш болчихож байна. Нэг муу байлдаанч, цэргийн алуурчин гээд л муучлах янзтай. Гэтэл үнэндээ Чингис хааны байгуулсан агуу их гавьяа нь монгол гэдэг үндэстнийг бий болгосонд оршино. Хэрэв Чингис хаан л тэр үед зангидаж нэгтгээгүй бол түүнээс хойших мянган жилд Монгол үндэстэн гээч зүйл ор үндэсгүй алга болчих байлаа. Тэр хүн нэгтгэж цул болгоход л бид хэдэн хэсэг тасраад, одоо гурван саяулхнаа голомтоо сахиад үлдсэн байна шүү дээ. Эс тэгсэн бол биднээс юу ч үлдэхгүй байсан. Бүхэл бүтэн үндэстнийг мянган жилийн турш ч сарниад алга болчихгүй, өөрийгөө аваад яваад байх оюун санааны дархлаатай нь базаж үлдээнэ гэдэг асар гайхамшигтай зүйл.
Хоёрдугаарт монгол бичиг бол дэлхий дээр зөвхөн монгол үндэстэнд л байдаг, дэлхийд хэдхэн байдаг төгс боловсорчихсон бичиг үсгийн нэг, кодын асар том систем. Энэ кодын системийг бүрэлдэж, хэлзүй, дүрэм гээд л бүх юм нь цэгцэрч төгөлдөржихтэй хамт монголчуудын оюун санааны асар том үсрэлт, тэсрэлтүүд явсан байгаа. Энэ бичгийг анх дэгэнд нь оруулж, улсын бичиг болгон зарласан хүн бол Чингис хаан шүү дээ. Тэгэхээр Чингис хаан монгол үндэстнийг угсаатных нь хувьд бий болгоод зогсохгүй, эл үндэстний оюун санааг авч явах кодын системийг баталгаажуулсан гавьяатай хүн байх нь. Хорвоо дээр ийм гайхамшиг бүтээсэн хүн олон биш. Македонийн Александр эзэнт гүрэн байгуулсан ч үндэстнийг оюун санааны кодтой нь бий болгоогүй. Напелион бол оюун санааны код нь аль хэдийн тогтчихсон үндэстэнг цэргийн зохион байгуулалтанд оруулж хэдэн аян дайн хийсэн л хүн. Гэтэл Чингис хаан тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж нэг үндэстэн болгоод, тэр үндэстэн нь тухайн цагтаа дэлхийн хамгийн том улс болоод, тэр улс нь цаашид түүхийн хичнээн ч нугалаа бүдчээнд орж, тал талаасаа хазуулж залгиулсан ямар ч байсан голомт нь хийсчихгүй үлдэхээр хэмжээний, тийм мундаг зангидаж чадсан байна шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ хүнийг юу юу гэнэ вэ? Энэ бол тэр улс мунхагтаа тэгж авирлаж буй хэрэг биш байх, харин энд тэндээс явуулдаг бодлогод л үйлчилж буй биз.
Өнөөдөр юун элэрсэн баларсан түүхтэй зууралдах, бид зөвхөн өмнөхөө хараад л урагшлах хэрэгтэй гэх хүн олширч. Өнгөцхөн сонсохоор үнэн ч юм шиг. Үнэмшилтэй сонсогддог үгсэд хүмүүс хууртагдахдаа тун амархан байдаг. Гэтэл ямар ч үндэстэн нэн чухалд үзэх, өөрсдийг нь бусад үндэстнээс ялгаруулж буй зүйл юу юм бэ гэдгийг тодорхойлж байж л цаашаа явдаг. Тэгвэл монгол үндэстнийг бусдаас ялгаруулж буй, нэн даруй хамгаалж үлдэх ёстой зүйл юу вэ?
Бид Чингис хаанаараа бахархаж, Чингис хаан бол монгол хүн, агуу хүн байсан гэж итгэж биширнэ гэдэг нь түүнийг өмчилж, өөрсдөдөө авч үлдэж буй явдал. Эс тэгвээс яг урдаас чинь булаагаад явчих улс өлхөн гарна. Бид нар социализмын үед, тавьхан жилийн турш Чингис хаан гэж ярихаа болиход бүгд түүнийг мартсан шүү дээ. Харин одоо Чингис хаан гэж хэн ч биш, Монголчуудын түүхтэй ямар ч хамаагүй гэсэн тэр суртал ухуулга энэ чигээрээ яваад байх юм бол бид 2050-2100 оны хооронд Чингисээ ахиж мартаад, 2100 онд Чингис хаан Солонгос хүн байжээ гэж хэлэх юм бол “Өө тийм үү, Солонгос агуу дайчин ард түмэн юм. Солонгосын нууц товчоог уншъя аа” гээд л явцгаана. Энэ чинь мартагдчихаж болдог зүйл. Тэгэхээр бид энэ залгаж ирсэн оюун санааг дунд нь завсар гаргаж алдаж болохгүй. Бид тавин жил завсардуулаад нэг барьж авсан, одоо дахиж алдах эрхгүй. Мэдээж зөвхөн Чингисээ ярьчихаад өөр юу ч хийхгүй дээшээ хараад хэвтээд байж болохгүй л дээ. Өнөөдөр бид бүх юмыг тооцоолдог, асар прагматик ертөнцөд аж төрж байна. Бид энэ ертөнцдөө амьдрах ёстой. Гэхдээ хаяж гээж болохгүй юм гэж бий, түүнийгээ хажуудаа авч явах учиртай.
5. Нууц товчоо буюу Тэнгэрийн судар
Миний нэг мөрөөдөл бий. Зохиолчийнхоо хувьд гүнзгий ул мөр үлдээхээс ч эрхэм мөрөөдөл. Тэр бол Нууц товчоог агуу гайхамшигтай, ер бусын, хүн төрөлхтөний түүхэнд бүтээгдсэн хамгийн дээд түвшний бүтээлүүдийн нэг гэдгийг дэлхий дахинаа ойлгож мэдрээсэй гэх мөрөөдөл. Нууц товчоо дэлхийн уран зохиолын онцгой дээд түвшний тавин номын нэгээр гарцаагүй нэрлэгддэг үе ирэх байх. Тэр цагт Монгол үндэстэнг харах хүмүүсийн хараа өөрчлөгдөнө.
Ирланд Британийн нэг жижиг ястан төдий болтлоо шалдаа буух үед Жойс гарч ирсэн. Жойс өнгөн дээрээ улс, үндэстэндээ их хатуурхдаг юм шиг мөртлөө цавын цаанаа ямар үндсэрхэг билээ. Харин өнөөдөр түүний нөлөөгөөр дэлхийн уран зохиолын газрын зураг гэж бий бол Ирланд тэнд эзэнт гүрний дайтай супер үндэстэн болж чадсан. Үүн шиг Нууц товчоогоо бид задлан таниулж, зарлаад өгвөл “За за, Монголчууд бол угаасаа тасархай үндэстэн юм байна. Эдэнтэй юугаа ярих вэ” л гэнэ. Тэр цагт Улаанбаатар нь ямар муухай утаатай юм бэ гэж дорд үзэх хүн гарахгүй. Ер нь үндэстэнг юугаар нь хүндэлдэг юм бэ? Өнөөдөр алтан жорлонтой, алтан мерседестэй гээд Арабуудыг хэн ч хүндлэхгүй л байна шүү дээ. Шекспирийгээ яаж гаргаж ирсэн нь хүртэл Английг агуу үндэстэн юм гэдгийг сурталдах гэсэн бодлогын нэг хэсэг.
6. Өнөөгийн зохиолчид ба уншигчид
Нэгэн үе зохиолч хүн уншигчидтайгаа уулзалт хийхээр лекц шахуу юм ярьсаар байгаад, хүмүүс ангайсаар байгаад л тардаг байлаа. Одоо манай зохиолчид уншигчидтай уулзвал нэлээн эвгүй байдалд орох байх. Уншигчид нь зохиолчдоосоо хамаагүй илүү болчихож.
Хуучин цагт уран зохиолыг сайн бичих шаардлага байсангүй. Төр засгийн үзэл сурталд үйлчилдэг, тэрэнд нь үйлчилж сүйд болдоггүй юм гэхэд нам засгийн бодлогод хал балгүй юм бичээд л явж байвал барав. Харин өнөөдрийн бидний явж буй замнал зохиолч хүнээс асар их зүйл шаардаж байна. Өнөөдрийн зохиолчид маш өөр байхгүй бол болохоо байж.
Дээхнэ бол арван жил тасралтгүй ном уншчихаад л хүмүүсийн дунд яваад ороход алмайртал нь ярьчихаад гараад ирж болдог байж. Гэтэл өнөөдөр зүгээр л урдах ажлаа хийгээд явж буй залууст өөрсдийгөө хөгжүүлэх асар өргөн боломж нээгдчихжээ. Тэдэнтэй ижилхэн түвшинд уншчихаад энэ чинь ингэдэг юм гээд яривал хэн ч гайхахгүй. Хаалттай нийгмийн үед хүн түрүүлж олж авсан мэдээллээ түрүүлж хэлэхээр маш их гайхшируулдаг байлаа шүү дээ. Мэдээлэл түрүүлж олж авч буй нь тэр хүний оюуны бядыг бус хүртэх чадварыг л харуулж буй нь их. Гэтэл тийм хүмүүс л товойчихдог байлаа. Мэдээлэл тэгш хүртээмжгүй болохоор дийлэнх нь харанхуй үлдэнэ. Өнөөх товойсон нөхөр ч өөртэй нь зэрэгцээд хэлэлцэж мэтгэлзэх хүнгүй болохоор цааш хөгждөггүй. Социализмын үед зохиолчдыг бусдаас өндөр түвшний улс мэт дөвийлгөж харуулдаг, уншигчид тэднээс заавал дор байх ёстой юм шиг уур амьсгалыг зориудаар бий болгосон нь уран зохиолыг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах зорилгод нь нийцэж байсан хэрэг. Гэтэл өнөөдөр мэдээллийг бүгд зэрэг аваад нэгэн зэрэг хэлэлцэх боломжтой болж.
7. Зохиол хийгээд туурвихуйн тухай
Зарим хүн зохиол бол афоризм биш ээ, зохиол бол харилцан яриа биш ээ, зохиол бол гэнэт олсон сонин санаа биш ээ, зохиол бол дүр ээ гэдэг. Гэтэл дүр гэдэг чинь юу юм? Тухайн зохиолчийн бодож олсон санааг хэн нэгэн илэрхийлж өгөх хэрэгтэй еэ дээ. Үүнд л дүрийн зорилго оршино. Түүнээс дүр нь зөвхөн үйлдэл хийхийн тулд тухайн зохиол дотор ордоггүй. Гэтэл манайхан “Дүр гэдэг агуу юм аа. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн суучихсан, толгойдоо алчуур зангидчихаж ээ бас. Тэгээд нусаа хүр хийтэл нийгээд гэрт орлоо. Мундаг шүү” гээд байдаг. Гэтэл энэ чинь дүр биш. Социализмын үед зохиолоос дүрийн ийм гадаад дүрслэлийг илүү товойлгож, энэ л жинхэнэ дүр шүү гэж сурталчилж байх нь өнөө үзэл суртлын зэвсэг болгоход нь хэрэгтэй байж. Харин одоо ингэж тэгж бичих нь хэн нэгэнд ашигтай гэх үзлээс уран зохиол ангижирч байна.
8. Эх хэл ба орчуулга
Математикчид бүх юмыг кодлочихож болно гээд байгаа юм. Хэрвээ тэгж болдог бол хэл гэдэг чинь өөрөө агуу том кодын систем шүү дээ. Орчуулга дээр бүр тодорхой харагдана. Орчуулга гэдэг бол нэг хэлний кодын системээс нөгөө хэл рүү кодлоно гэсэн үг. Тэгэхээр орчуулагч хүн хоёр хэлнийхээ кодын томьёолборыг машид гарамгай мэддэг байх хэрэгтэй еэ дээ. Зарим хүн цаад хэлнээс нь уншаад нэг их таашаагаагүй зүйлээ эх хэл дээрээ уншаад агуу гайхамшигтайг нь мэдлээ гэдэг. Өөрийнх нь хамгийн сайн мэддэг кодын систем рүү сайн чанартай кодлоод өгчихөөр тэр шүү дээ. Тэгэхээр орчуулга гэдэг асар хариуцлагатай ажил. Цаад хэлээр нь уншчих боломж бий ч, эх хэлээрээ таашааж мэдрэх гээд хүлээж буй хүний хүлээлтийг баллаад хаячихаж болохгүй шүү дээ. Тэгтэл манайд “Би багаасаа орос сургуулиар явлаа, оросоос орчуулна аа. Би Америкт их удсан, англиас орчуулна” гэх хүн их болж. Ганц хоёр удаа хэлмэрч хийгээд үзтэл болж байвал ном орчуулна гээд суучихдаг.
Нөгөөтэйгүүр орчуулга эх хэлний дархлааг хамгийн их дээшлүүлдэг зүйл юм. Монгол хэлнээ Дон Кихот, Зуун жилийн ганцаардал гэх мэт хамаг суперууд байдаг гэх юм бол монгол хэл үнэлэмжийн хувьд дээшилчихэж буй юм. Бас орчуулагдсан бичвэр орчуулагдаагүй бичвэрээсээ үнэ цэнийн хувьд хоёр дахин илүү ч гэдэг.
Ер нь үндэстэн оюун санааны хувьд яавал илүү дархлаатай болдог вэ? Харь хэлийг эх хэлтэйгээ эн тэнцүү сурцгаачихаараа биш, харин ямар ч гадаад хэл мэдэхгүй байсан ч, хүн төрөлхтөний хамгийн сор бүтээлүүдийг эх хэлээрээ олоод хүртчих боломжтой болох үедээ л үндэстний сэтгэлгээнд илүү дархлаа тогтож, үсэрдэг. Өнөөгийн монголын бүх ололт баахан монголчууд баруунд сураад гадаад хэлтэй болсондоо биш, ямар ч хэл усгүй, боломжгүй хүн эх хэлээрээ жинхэнэ юмсыг олоод уншчихдаг болсондоо л буй юм. Үүнд орчуулга асар их үүрэг гүйцэтгэж байгаа.
Орчин үеийн монголын уран зохиолын хэлийг төлөвшихөд орчуулга асар их нөлөөлсөн. Өнөөгийн бидний илэрхийлэл орос хэлтэй их төстэй болж. Социализмын үед оросоос голдуу орчуулдаг байснаас тэр. Анхлан орчуулаад үзүүлэхээр бүгд гайхаж байснаа, дараагийн үе нь торох юмгүй ойлгож эхлээд, гурав дахь үе дээрээ ирэхэд язгуурын монгол хэлний найруулга ийм байж уу л гэж боддог. Үүнд хоцрогдож гээгдсэн юм бий, дэвшил ч бий. Хэл гэдэг угаасаа байнгын хөдөлгөөнд байж хувьсан өөрчлөгдөж байдаг зүйлс шүү дээ. Бид одоо 13-р зууны үеийн хүнтэй уулзаад ойлголцож чадахгүй. Дөнгөж 40-өөд онд салсан Өвөрмонголчуудтайгаа ойлголцох гэж нэлээд юм болж байхад аргагүй шүү дээ. Үүнтэй л адил юм.
Ололттой нь өнөөгийн Монгол улсын иргэд, дөрвөд ч бай, буриад ч бай ялгаагүй, төв халх аялгуу дээр суурилсан уран зохиолын хэл найруулга бүхий нэг хэлний орон зайд тун сайн зохицчихож. Энэ хэлний боломж их өргөн, ирээдүй нь сайн. Өнөөгийн бидний хэрэглэж буй энэ хэлээр илэрхийлж болохгүй шинжлэх ухааны нээлт, философийн гүн гүнзгий ойлголтууд, орчин үеийн сэтгэлгээ гэж үгүй. Дэлхийн оройлох том хэлүүдтэй ч эгнэх илэрхийллийн өргөн боломжтой хэл. Бид хорьдугаар зуунд яаж яваад ч юм, машид цэгцэрсэн систем бүхий тун дажгүй хэл бүрдүүлээд амжжээ.
Ярилцсан Б.Баясгалан