САНМАО: ХҮНДЛЭЛ ХАЙР ХОЁР ИЖИЛ УТГАТАЙ БИШ ШҮҮ ДЭЭ
2021-06-25 Сод. Оюу 1486

Эрхэм хайрт Луобинд:

Ван Луо тэртээ холд одчихож. Харах л гэж араас чинь би явлаа. Гэвч  хувь төөргөө сөрөх аргагүй билээ.

Би чамайгаа багш гэж дуудмааргүй байна.  Нэг ёсондоо бид чинь нас гэгчээс ангид улсууд. Хүмүүсийн боддог уламжлалт үзэлд уягдах хүсэл алга. Хүндлэл, хайр хоёр ижил утгатай биш шүү дээ. Би ч, чи ч тэгтлээ хөгширсөн гэж бодогдохгүй байна.

Би гурав хоногийн өмнө энд ирлээ. Чамайг харсан, урдах зам дээр, Чэнгдүд, чи нилээд хайхрамжгүй алхаж явна лээ. Чамайг харчихаад цааш алхаж зүрхэлсэнгүй. Буцаж гэртээ ирээд нүдээ анив. Чиний төрх харагдсаар л, арга ч үгүй биз дээ. Зурган дээрээс харсан нүд чинь төсөөлөгдөж байна, минийхтэй яг адилхан малгай чинь төсөөлөгдөж байна, жаргалтай байсан үе минь төсөөлөгдөж байна. Ухаан сэхээд одоо байгаа өөрийгөө нэг ажтал, би гэртээ, харин чи тааранд хуччихсан дэнлүү мэт ойр хэрнээ холд гэрэлтэж байна.

Чи надаас чамайг хайрлахгүй байхыг хүсэх эрхгүй, миний л сонголт, миний л эрх.

Ахиад би Шанхайд ирэхгүй ээ, хариу захиа ирүүлээрэй, 9 сард чамайг харахаар очно.

Хариу ирүүлэхдээ миний захидал бүртээ илгээдэг шиг 4 том, 3 жижиг зураг, өшөө олон ч байсан яахав, чиний зурагнуудаас нэгийг ч болов гээж  үрэгдүүлнэ гэхээс үхтлээ айх юм. Санаж байна. Сингапурын аяллын талаар ярилцъя. Ганцаараа шийднэ гэдэг амар төлөвлөгөө биш байлаа. Намар уулзацгаая.

 Сан Мао

1990.04.27

 

 

Сан Мао, Хэши нарын дурлалын түүх үнэхээр уярам догдлом. Сан Мао хайрандаа умбан амьдарч байсан ч Ван Луобин гэгч эрхэмд ухаан жолоо алдарч, танилаас хэтрээгүй хайрын харилцаа эхэлсэн. Энэ захианаас Сан Мао Луобинг хичнээн цайлган, хичнээн үнэн, хичнээн ариун, хичнээн ихэмсгээр хайрласныг нь харж болно. Тэр жил Сан Мао 47, Ванг Луобин 77 настай байсан бөгөөд тэд 30 насны зөрүүтэй байж. “Чи надаас чамайг хайрлахгүй байхыг хүсэх эрхгүй” гэж хэлээд, хэдэн мянган бээр аяллын том цүнхээ чирэн, түүний зүг гүйсэн. Хүний ертөнцөд ийм чин сэтгэлийн хайр байх гэж...

Санмао бол эрх чөлөөтэй гүйдэг цэцэг, үзэсгэлэнтэй эрхэмсэг ертөнцтэй нэгэн. Амьдралд үнэхээр хайртай, хайрын хойноос тэгтлээ хөөцөлдсөн хүн захидал бичсэнээсээ хойш 121 хоногийн дараа боомилж амиа барсан гэвэл та итгэх үү?

 Хичнээн эрх чөлөөтэй, омголон хүн байлаа ч зүрх сэтгэлдээ хэн нэгний халуун дулаан хайрыг л хүсэж хоргоддог юм байна. Аав нь түүнийг сэтгэлийнхээ толь, үйлдэл бүр нь төрөлх чанарынх нь нэгээхэн хэсэг гэж хэлсэн удаатай. Хэрвээ амьдралд танил гэх ойлголт байдаггүйсан бол тэнгэр дэх Сан Мао Ван Луобины мөнхийн дагуул болох байсан биз. Санмао эцэстээ хайрын төлөө л явсан.

Ван Луобин түүний өнгөрснийг мэдээд түүнд зориулан “Хүлээлт-Нөхчигсдийн хайрын дуун” гэх дуу зохиосон:

“Чи чидун модны доор хүлээн хүлээсээр

Би мэдэлгүй хол тэнүүчилсэн эргэж буцсаар

Амьдрал гэгч төөрчихсөн зүүд мөрөөдөл

Буруу тохох аргагүй юм

Харамсах сэтгэлээ хэвээр нь үлдээх гэсэндээ

Би ч бас тэнд чамайг хүлээлээ

Тэргэл сартай шөнө чидун модны доор

Ганцаар залбиран хүлээсэн

Чи одоо үүрд иргэж ирэхгүй

Гэхдээ би чамайг үүрд хүлээнэ

Хүлээлт хүлээлт хүлээлт

Хүлээх тусам миний хайр

Чин зүрний үнэн өчил болж байна.”

Чи явчихсан хүний орчлон ямар хүйтэн гээ. Санмао хэдийнээ үүрд нойрссон, далайн гүн түрлэг мэт дотор юугаа уудлан хашхичлаа ч хэзээ ч сонсохгүй болсон. Хайр заримдаа одчихсон л бол үүрд хүлээлээ ч буцаж ирдэггүй юм байна.

ОРЧУУЛСАН: СОД-ОЮУ

Түр хүлээнэ үү...
Top