Өглөө 7:30 минут. Сэрүүлэг маань цагтаа л хангинаж байна. Чихэнд чийртэй ч үргэлж товлосон цагтаа сэрээж юунаас ч хоцроож байгаагүйд нь талархана.
Шүд, нүүрээ угаагаад, хувцаслалаа. Бүгд л урьдын адил. Таргалсан гүзээгээ халхалчих санаатай өөртөө хамгийн аятайхан зохидог хувцсыг сонгов. Сүүлд нь өчигдөр авсан шинэ арьсан гутлаа углав. Шинээр авсандаа ч тэр үү, арьсан болоод ч тэр үү цаанаа л сэтгэлд өег. Хэн ч билээ нэг хүн надад “Эр хүнд сайн гутал хэрэгтэй” гэж билээ.
Гарахын өмнө бүгд бүрэн эсэхийг шалгаж гурвантаа тэмтчиж “түлхүүр, утас, түрийвч” гэж амандаа үглэнэ. Бүгд бүрэн. Хаалгаа түгжигдсэн эсэхийг шалгав. Би төгс төгөлдрийг эрхэмлэдэг хүн, багашаархан санамсаргүй алдаа ч намайг шавар балчигт унагах мэт удаан зовоох тул анхнаасаа бүгдийг нь цэгцтэй, ном журмаар нь хийхийг оролдоно.
Гудамж хөл хөдөлгөөнтэй, хаа сайгүй хүмүүс сүлэлдэн бужигнана, бүгдээрээ л ямар нэгэн рүү яаран, хөшүүн царай гарган санд мэнд алхална. Манай энд өглөө эртээ онгойдог цайны газар олон. Олныхоо хэрээр сонголт хийхэд төвөгтэй, хаашаа явж орохоо мэдэхээ больчихдог юм. Би угаас сонголт хийхдээ маруухан учраас идэж дадсанаараа хаштай хоёр талхаа л авав.
Унаа хүлээх зуураа бодлогошрон зогсох ч сайхан шүү. Хүн яагаад эргэж харахдаа зүүнээсээ илүү баруун тийш эргэдгийг, эмэгтэйчүүдийн үс яагаад баруун зүүн тийш савладгийг, хүн бүр яагаад давтагдашгүй эгэл биш зан чанартай байдгийг гээд бодолд автан зогсох сайхан. Энэ бүх бодлыг минь тансаг машинтай зөрж өнгөрсөн эмэгтэй зандчаан бусниулж одов.
Унаандаа суулаа. Энд би үзэсгэлэнтэй бүсгүйн дэргэд зогсох дуртай. Сайхан бүсгүйн хажууд зогсоод биеэрээ шүргэлцэх мөчид учир битүүлэг сайхан мэдрэмж төрдөг. Сүрчигийн зөөлөн үнэр хамар цоргионо. Даанч дэргэд байсан үзэсгэлэн гоо түрүүлээд буучихлаа.
Ажилдаа ирлээ, цаг эрт, хүмүүс ч цөөхөн. Хурдхан өөрийнхөө булан олж суугаад, урьдын л адил бусдын анхаарлыг ялангуяа даргынхаа анхаарлыг татахгүйг хичээнэ. Заримдаа даргатайгаа таарахдаа бүр мэндлэх үү байх уу гэж бодохдоо бүр зовчихдог юм. Гэлээ ч би өөрийгөө сайн ажилсанд тооцдог. Яахав энд надад цөөхөн хүн анхаарал хандуулж, тэр ч байтугай олон хүн миний нэрийг мэддэггүй ч гэсэн.
Ингээд миний хамгийн дуртай цаг ирлээ. Ариун цэврийн цаас ахиухан тасалж аваад бие засах өрөө лүү. Суултуурт суух агшинд л сэтгэл минь уужирч хөнгөрөөд, ариутгагч бодисын үл ялиг үнэрт тайвшруулах шид буйг ухаарна. Ажиллахад хамгийн хэрэгцээтэй зүйл надад лав өндөр цалин биш тав тухтай ариун цэврийн өрөө.
Шинэ мэдээлэл унших санаатай утсаа ухаж эхэллээ. Ертөнц хэдий том ч алгын чинээ утсанд минь агшин зуурт бүхлээрээ шингээд орчиход хичнээн амар юм. Ан Бэй, Ши Сан нарын гал асаасан ярилцлагыг сонсох зуураа “Японоос харийн түрэмгийлэгчид айсуй” гээд сэтгэгдэл үлдээчихлээ. Би өөрийнхөө эх оронч үзлээр бахархдаг. Шансигийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 4 эхнэр, 10 хүүтэй нэгэн эр “Амжилттай яваа эрийн ард чимээгүйхэн нэг эмэгтэй өөрийгөө золиослон байдаг бол, харин гойд амжилттай яваа эрийн ард нэгээс олон эмэгтэй чимээгүйхэн өөрийгөө зориулсан байдаг” гэж нийтэлж. Огшоосон нийтлэлүүдийг уншиж суусаар бүр хөл бадайрчихлаа. Ийнхүү тасралтгүй маш тууштай суултуур дээр суусны эцэст шамбарамтай залуу болсон ч жаргалтай хэрэг.
Чөлөөтэй цагаар хамт ажиллагсад маань эцэг эх байхын дутагдалтай талыг ярилцах зуурт хүмүүсийн дэргэд чимээгүй байх нь бусдыгаа тавгүйтүүлдэг болохоор тэднээс дөлж цонхны урд чимээгүйхэн зогсон алсыг ширтэн бодлогоширно. Ямар ч ухамсаргүй атал миний толгойд яруу найргийн мөртүүд орж ирэв. “далай, далайн эрэг дээрх наран шарлагын газар, нар...” гээд л үгс амь орон бүжиглэж гарлаа. Өөрийгөө яруу найрагч болж болох байсан гэж боддог ч халаасандаа гараа хийн түрийвчээ тэмтчиж эхлэхэд л дотор харлан салганаж эхэлсэн тул санаа алдан толгойгоо сэжээд чимээгүйхэн эргэж ахин зав чөлөөгүй ажиллаж эхлэв. “Бурхан минь та надад энэ улсын нийгмийн баялгийг арай түргэн, арай ихээр хуваарилж болохгүй юу?” гэж бодохуйд энэ бодол намайг хамгийн ичгүүргүй, шунахай нэгэн болгоод тавьчихаж байгаа юм.
Миний хажууд дөнгөж саяхан их сургуулиа төгссөн охин суудаг. Тэр надаас асуулт асууна, би зааварчилна. Би түүнд “Аливаа ажлыг дандаа бусдаас түрүүлж хийж байгаарай”, “Удирдлагаас даалгасан ажлыг хийчхээд, дарагаара нь зөв буруу эсэх дүгнэлтээ хэлж байгаарай”, “Хандлага бүх зүйлийг тодорхойлдог, жижиг сажиг зүйлийг анзаарч хийхгүй бол алдаа дагуулдаг” гэх мэтчилэн захина. Эдгээр үгсийг хэлэхэд түүний нүднээс биширсэн харц тодроод ирэхийг нь би харах дуртай.
Ажил тарлаа, хамт ажилагсад маань бүгдээрээ салхи шиг шуураад л гэр гэрийн зүг явахаа тэсэн ядан хүлээнэ. Энэ дунд би л зөвхөн компьютероо аажуухан, дэгжин ч гэмээр унтраан сууна. Илүү цагаар ажилламааргүй байна. Гэхдээ миний толгойд ажил биш оройн хоолонд юу идэх вэ гэдэг л хамгийн чухал асуудал болоод байна. Оройн хоолоо сонгох нь өглөө юу идэхээ шийдэж ядахаас ч хэцүү бөгөөд намайг аль эртнээс л шаналгаад байна. Цаашид амьдрах өдөр бүртээ л үүний төлөө санаа зовниох нь ч гарцаагүй.
Гудамжаар дүүрэн эх зах нь олдохгүй хүмүүс, ийш тийш зорчин сүлжилдэнэ. Бүгдийнх нь царай хэвлээд наачихсан гэлтэй, нэгэн хэвийн хөшүүн. Би ихэнхдээ хамгийн их хөл хөдөлгөөнтэй газраар очин, их хотын анивчих гэрлүүдийг, замаар зөрж өнгөрөх машинуудыг харж жаал зогсоно. Сайхан бүсгүйн инээмсэглэлийг олж хараад сэтгэл минь дүүрээд л явчихлаа. Ийм инээмсэглэл хараагүй их уджээ.
Би унаанд суухаасаа илүү алхах дуртай. Энэ замаар олон жил яг л эртний андтайгаа уулзах мэт алхаж дээ. Гэвч ийнхүү андлах нь миний л ханьсал төдий. Зам үнэн хэрэгтээ анх миний явж байсантай харьцуулахад өөрчлөгдөж, гэрэл гэгээ цацруулсаар одоо бүр танигдахаа ч больсон. Гэхдээ энэ надад юуны хамаа байх вэ дээ. Би энд зөвхөн салхи хүчтэй үлээхэд ороолтоо чангалахаас өөрийг хийж чадахгүй.
Эцэст нь гэртээ ирлээ. Ханан дээр над руу харсан Хятадын газрын зураг угтав. Би заншил ёсоороо өөдөөс нь нэг харна. Би энэ умгарынхаа булан тохой бүрд юу байгааг нүдээ аньсан ч сайн мэднэ. Яг л миний өнө эртний анд шиг минь, дуу шуугүй ч найз шиг минь л дотно.
Дадсан ёсоороо зурагтаа асаалаа. Бүх зүйл миний хяналтад, яг л болдгоороо. Ихэнхдээ юу үзэж байгаагаа ухамсарладаггүй ч, шөнийн дотор хамгийн их хийдэг зүйл маань нэг сувгаас нөгөө суваг руу шилжин үсрэх. Гайхмаар нь эдэн дунд өөлөх юм огт байхгүй, их сайхан зохицдог.
Орой болжээ, орондоо орох ёстой. Одоохондоо өөрийгөө хянах чадвартай байгаадаа баярлаж байна.
Гэрлээ унтраагаад харанхуй бүрхэв. Нүдээ нээгээд харанхуйн ёроолгүй руу улам улам шумбана.
Гэнэт... “Хэрэв маргааш дэлхий төгсгөл байвал?” гэсэн бодол зурсхийв.
“Яаж ийм юм байж болох вэ?” гэж бодон нүдээ аниад санаа алдахад нүднээс минь нулимс урслаа.
ОРЧУУЛСАН: СОД. ОЮУ