"ИТГЭЛ" хэмээх сайхан нэртэй МУСК театруудад дөнгөж саяхан нээлтээ хийсэн. Киноны продюссер, IFI продакшны зүгээс Тагтаа Паблишинг-аас эрхлэн гаргасан "ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ" номоос 100 ширхэгийг худалдан авч, уран бүтээлчдэдээ нээлтийнхээ үеэр бэлэг барьсан билээ. Мөн IFI продакшн манайхаас гарах найруулагчдын цувралын дараагийн номыг ивээн тэтгэхээ албан ёсоор зарлав.
Хөгжиж буй орны иргэд, залуу үе, уран бүтээлчид бидэн хэзээ нэгтээ сайн сайхан амьдрал, хөгжил цэцэглэлт, амжилтын оргилд хүрнэ, нэг л өдөр дэлхийн энд зэрэгцэнэ, тэднээс дутуу бус бүр илүү гэдгээ батлан харуулна гэсэн гуйвшгүй ИТГЭЛ-тэйдээ л ажиллаж хөдөлмөрлөж, хийж бүтээж, зүтгэж, бэрхшээл бүхний өмнөөс сөрөн босох хүчийг дотроосоо олж, өнөөдрийн буурайд гундах бус маргаашийн гэрэл гэгээд тэмүүлж яваа билээ.
Бид ч бас хаа холын Италийн Римини хэмээх бяцхан хотод төрж өсч, дайны хүнд хэцүү жилүүдэд ч кино хэмээх агуу урлагаар "өвчилж", халаасандаа сохор зоос ч үгүй байж агуу найруулагч болох мөрөөдөлдөө халуурч явсан, тэгж чадсаныхаа хүчинд хүн төрөлхтөний хамгийн сод туурвилчдын нэг болж чадсан Федерико Феллиниг сонгон авч, намтар дуурьсалыг нь орчуулан монгол уншигчдадаа хүргэхдээ монголын кино урлагийн маргаашд чинхүү ИТГЭЖ, ирээдүйн монгол Феллини, монгол Россини, монгол Жульеттаг дотроо төсөөлж байсан билээ.
Бидний энэ итгэлийг "ИТГЭЛ" киноныхон гярхай олж харжээ. Продюссер нь уран бүтээлчдэдээ энэхүү номыг сонгон бэлэглэхдээ өнөөдрийн амжилтадаа сэтгэл ханах бус маргаашийн бүтээл туурвил, алдар дуурьсалдаа итгэх итгэлийг олж аваасай гэж хүссэн биз ээ.
"ИТГЭЛ" кино ч бас Монголын кино урлагийн маргаашд итгэх итгэлийг тань улам батжуулна гэдэгт бид итгэлтэй байна.