Эдогава Рампогийн бүрэн түүвэр монгол хэлнээ
2018-03-02 Мэдээ 1433

"Үхлийн тууриуд", "Харь гаригийн өгүүллэгүүд", "Аравдугаар сарын наадаан" зэрэг уншигчдын оюуныг адал жигтэй явдал, айдас жихүүдсээр ховсдож, мэргэн ухаанаар хооллогч олон гайхамшигт номын эмхтгэн орчуулагч, зохиолч Д.Дашмөнх японы алдарт зохиолч Эдогава Рампогийн өгүүллэг, туурийн бүрэн түүврийг эмхтгэн орчуулж "Хүн сандал" нэртэй ном болгон уншигчдадаа бэлэг барилаа.

Японы адал зохиолын титэмгүй хаан Эдогава Рампогийн уран бүтээлийн өв хорь орчим боть болох бөгөөд үүнээс "Хүн сандал", "Толин там", "Зурагтай аялагч", "Улаан тасалгаа" зэрэг олон өгүүллэг, "Сохор мангас", Сүүдэрт гэтэх чөтгөр", "Хар гүрвэл" туужууд нь дэлхийн олон хэлээр орчуулагдсан тун алдартай бүтээлүүд юм. Таро Хирай /1894-1965/ уран бүтээлийн гараагаа эхлэхдээ өөртөө Эдогава Рампо хэмээх утга зохиолын нэр авсан  нь америкийн утга зохиолын суутан Эдгар Аллен Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын япон хувилбар байлаа. Тэрээр триллерийг японжуулж бичиж чадсан төдийгүй үүгээрээ зөвхөн өөрийн орны уншигчдын төдийгүй дэлхийн олон уншигчдын сэтгэлийг татаж чадсан билээ. Тэр өөрийн адал хачин өгүүллэгүүд, ер бусын уран сэтгэмжүүдээр урлагт Эдгар Аллен Погоос дутахгүй шинийг авчирсан болохыг, цаашид ч дэлхийн урлаг, утга зохиолд нөлөө үзүүлсээр байхыг өдгөө гэхэд түүний бүтээлүүдээс сэдэвлэн дэлхий даяар хорь орчим кино бүтээгдээд байгаа явдал гэрчлэх биз. Эдогава Рампо үнэхээр авьяаслаг адал зохиолч болохыг энэхүү түүвэр ч уншигч танд нотолж дөнгөнө.

Түүний зохиол, бүтээлүүд монгол хэлнээ мэр сэр орчуулагдан хэвлэгдэж байсан ч үүн лугаа бүрэн хэмжээний түүвэр нь хэвлэгдэж байсан удаагүй юм. Энэ номд их зохиолчийн "Хүн сандал", "Толин там", "Зурагтай аялагч", "Улаан тасалгаа", "Сэтгэлзүйн сорил" гэх мэт их бага арван хоёр туурь нь багтсаныг дуулгахад таатай байна.

Түр хүлээнэ үү...
Top