Баргачууд Өлзийбаатарын Балжинням. 1996 онд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд төрсөн. 2019 онд МУИС-ийн Утга зохиол судлалын ангийг төгсөж, 2022 онд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр тун саяхан өөрийн анхны яруу найргийн түүвэр "Бүрэг дасал үгс" номоо монгол хэлнээ хэвлүүлээд байна. Тус номын ариутган шүүгч Д.Нямдорж өмнөтгөлд "Бидний мэдэх бүрэг хүү дасал үгсээр танил ертөнцийг нээж байна" хэмээжээ. Тэр чухам ямар ертөнцийг бидний өмнө нээснийг та бүхэн энэхүү яруу найргийн түүврээс танилцаарай.
***
МЭНДБАЯРТ БИЧСЭН ЗАХИА
Өдөр бүр бид үхлийг боддоггүй ч
Өглөө болгоныг амьдрах гэж угтдаггүй мэт
Үдшийн салхинд шилбээ гуядуулах турь моддын дэргэдүүр
Үүлгэр гудамдаа толон хөтлөн харьж явна уу, найз минь?
Арван дөрөвтэйдөө бидний хошуун төвийн хойд орой дээр гарч
Дэмий тэнэхдээ, хүүхэд насандаа ахадсан хүсэл, илүүц санаашралд автан
Уймран гуниглацгаадаг байсан утгагүй мэт өдрүүд
Ар араасаа цуварсаар өдийг хүрчээ, инээдтэй мэт
Хал үзээгүй, бусдын зовлонг ойлгодоггүй гэлээ ч
Хааяа хэн нэгний төлөө шаналж, зутарч унадгийг минь чи мэднэ шүү дээ.
Тийм л үед түших юмгүй барьц алдан ганцаардахад
Тоомжиргүй харцаа онийлгон байж, тамхиа гөвж,
Тоглоом тохуу болгож намайг улам шоолон инээх хүчинд чинь
Тогтож торж явахдаа
Ямар азаар чамтай учрав гэж боддог шүү, найз нь…
Биесийнхээ сайн сайхан бас хамаг шившигтэй зүйлсийг
Бид хэнээс ч илүү мэдэх болохоороо
Бичсэн захиагаа чамд илгээхгүй шатаана.
Бийр цаас хийгээд залуу нас хайран санагдахгүй, бүгд шатна, харамсахгүй.
Ондоо хэлмээр юмгүй дээ, захих зүйл ч алга.
Огт цас нэлмийж байгаагүй мэт шаргал тал бөхөлзөөд
Одоо л энд хавар ирж байна, салхи гүвэлзээд…
Өдөр бүр бид үхлийг боддоггүй ч
Өглөө болгоныг амьдрах гэж угтдаггүй мэт
Зүүн хаяа нь хөхөрч, баруун хаяа нь улалзах
Зэлүүд буйдхан хил нутгийн тэнгэрийг ширтэн үүнийг бичиж сууна.
Эл номын тухайтад яруу найрагч Б.Алтанхуяг "Бүгдийг уучилмаар санагдана" нэрт бичвэртээ "Шүлэг үнэн байхдаа л хамгийн амттай. Эл түүврийн шүлгүүдээс яг л бага насны өдрүүд, хэн нэгэнд зориглоод хэлчихэж чадаагүй үгс, аавын тухай бодлууд, анд нөхдийн дурсамжууд уншигдана. Бага насныхаа гэнэн итгэмтгий занг ээжийнхээ үрээ гэх сэтгэлтэй хэрхэн холбож, хожим дурсан бодохдоо шүлэг болгон мэтгэсэн ухааны ур болоод уянгын богино зураглалууд нь хайрын хөндүүр болоод тунгалаг эмзэглэлүүдээр дүүрэн ажээ. "хэмээн тодорхойлсон байна.
***
ААВДАА
Үй зайгүй олон жил нөхөрлөсөн найз нь өөд болоход
“Үнэнч нөхөрлөлийг тань мэднэ ээ, буянтай хүн зовнилгүй өнгөрлөө”
Гэж намайг хэлэхэд цөөн дусал нулимсаа арчсан.
Хагацал тэгэхэд үлдсэн хүний зүрхэнд тийм удаан үргэлжилдгийг
Хааяа шувууд жиргэж, бороо зүсрэхээр сэтгэл тань үе үе сэнсэрдгийг
Гүндүүгүй хөх эрсийн дотор минийх шиг гунигтай бас гэнэн зүрх цохилдгийг
Зүгээр л цай оочилж, бөхийн тухай хуучилж суухдаа мөнөөх гунигаа
Аргадаж явдгийг анх би анзаарсан.
Хачин юм шүү, хахь хөндлөн хүний үхэл
Харин ч эцэг хүү хоёрыг хамгаас илүү ойртуулж байдаг.
Хэдэн жил өнгөрлөө, тэр өдрийнх мэт мэдрэмж
Хэн хэнд мань үе үе төрдөг юм шиг байна.
Ангид орших цаг хугацаа бидний элэхийг эс анзааравч
Амьдралд тан шиг өөдрөг атал гуниглуун хүмүүст хайртай.
Одоо таны араншинг би ерөөсөө гайхдаггүй.
Орчлонг хааяа аавынхаа нүдээр харж буйгаа ухаардаг.
Ээжийг эзгүй хойгуур та цай чанаж, би хоол бэлдэнэ.
Эгэл энгийн амьдралд бидний эгэл энгийн өдрүүд үргэлжилнэ.
Тоочоод хэн нэгэндээ хэлчих зовлонгүй ч гэлээ
Цаанаа бүдэгхэн гунигтай юм шиг атлаа
Тоомжиргүй царайлан эцэг хүү хоёр түдэлгүй ирэх ээжийг хүлээн
Бөхийн тухай хуучилж, цай оочилж сууна. Гадна
Бүрэг шувууд үе үе жиргэж, бүгээн бороо зүсэрнэ.
***
Өнөө чиний хэн байх, урьд нь миний хэн байсан нь хамаагүй
Очих газар минь бидний салалцах газар байсан ч
Огт өөр нэгний тухай эсвэл одод хэзээ түгэх тухай чи бодож явсан ч
Ингээд л алхаж л байвал үздэг кино, хүсэл мөрөөдөл, дуртай дуу
Ангид юм бидэнд өчнөөн байсан ч аяархан дуунаар
Арай л гөлөглөж буй моддын нэг талаар цувж гарахдаа чи хэлсэн:
- Алхаад л баймаар сайхан үдэш юм аа.
Гэрээ санах, эжийнхээ хоолойг утасны цаанаас сонсох мэт
Гэнэн харц, эмзэг сэтгэлд шөнөжин нойр хулжсан ч
Чамайг дөхүүлж өгчхөөд ганцаар буцаад алхахад л
Цагаа олоогүй бороо бидний мөрийг арчиж эхэлсэн ч
Хөх хотын нэрийг нь үл мэдэх тэр жижигхэн гудмаар
Хөл үймээнийг биш, бодол бодлоо чагнан алхахад
Хөнгөхөн санаа алдаж, алсыг ширтэж би хэлсэн:
- Хөдөө ч энэ үед чийг үнэртээд сайхан байгаа даа.