ЭНЭ САР ШИНЭ НОМ: Ц. БУЯНЗАЯА-СЭТГЭЛЗҮЙН ТУУРВИУД
2021-04-06 Мэдээ 1282

Зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяагийн сүүлийн арваад жилийн хугацаанд бичсэн “Сэтгэлзүйн тууриуд”-ын эмхтгэлийг “Фриймон паблишинг” эрхлэн гаргаж байна. Хүүрнэл зохиолын богино туурвилуудын дотор туурь нь өвөрмөц өгүүлэмж, хурц содон шийдлээрээ ялгардаг, өөрийн гэсэн онцлог бүхий төрөл зүйл юм. Ц.Буянзаяа “Сэтгэлзүйн тууриуд” хэмээх энэхүү цогц туурвилдаа туурийн төрөл зүйлийн шинэлэг хэв маягийг зохиолын баатруудынхаа ухамсар, сэтгэлзүйн ертөнцөд үүссэн гэнэтийн болон давтамжит хэв шинжүүд дээр үндэслэн дүрслэн өгүүлжээ. Түүнчлэн тэдгээр хэв шинжүүд нь хүний төрөлхийн мөн чанарт байдаг нийтлэг ухамсрын хандлагын илэрхийлэл болж байгаа нь түүний сэтгэлзүйн тууриудын нэгэн гол шинжийг илэрхийлж байна.

Туурийн төрөл зүйл нь Монголын уран зохиолд 20 дугаар зууны дунд үеэс бүрэлдэн бий болж өөрийн гэсэн онцлог бүхий өв санг бүрдүүлж ирсэн байдаг. Ялангуяа эрдэмтэн зохиолч Б.Ринчений түүхэн тууриуд нь манай хүүрнэл зохиолын богино төрөл зүйлд туурийн төрөл зүйлийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулахын зэрэгцээ үндэсний уран зохиолын сонгодог өв болон үлдсэн байдаг билээ. Ц.Буянзаяагийн сэтгэлзүйн тууриуд нь туурийн зохиолын төрөл зүйлийн орон зайд орчин үеийн туурвилзүйн хэв маягийг агуулсан, сэтгэлгээний шинэлэг хэлбэр бүхий туурвилууд гэдгээрээ өөрийн гэсэн байр суурийг эзэлнэ гэж үзэж байна. Энэ түүвэрт Ц.Буянзаяагийн хорь шахам туурь багтсан байгаа бөгөөд тэдгээр зохиолууд нь орон зайн өргөн хүрээ, цаг хугацааны чөлөөт шилжилтээр илэрхийлэгдэн бичигдсэн нь түүний туурвилзүйн бас нэгэн өвөрмөц шинжийг бүрдүүлж байгаа болно.

Түр хүлээнэ үү...
Top