ЭНЭ САР ШИНЭ НОМ: Э. АДЪЯАСҮРЭН-БӨН БӨН хэмээх уран бүлтрээ.
2021-03-29 Мэдээ 1425

Богцолсон блогийг багцалсан өмнөтгөл

Арваад жилийн өмнө Нүүр ном, Жиргээ хоёр нийтийн сүлжээг “байлдан дагуулаагүй” тэр цагт блог гээч оюуны цангаа тайлдаг зүйл байлаа. Нүүр ном, Жиргээ шиг хэрэлдээд байхгүй, гэвчиг бас уламжлалт сонин сэтгүүл шиг уншаад хариу үйлдэл, санаа оноогоо илэрхийлж чадахгүй бас биш, сэтгэгдлээ бичих талбартай, ер нь нэг сонирхолтой бичлэг уншсан хүн бүтэн блогийг уншихаас нааш саламгүй, тийм нэг ертөнц байсан юм. Энэ ертөнцөд өвөрмөц уран бичлэг, часхийсэн оновчтой шоглолоороо Adiya Idea гялалзаж байсан билээ. Өдгөө тэрхүү блогоо богцолж, ном болгож байгаа юм байна.

Адьяагийн бичвэр өөрийн гэсэн өвөрмөц аястай, өөр хэн нэгний найруулга зүйрлэл зэргийг дуурайсан биш, харин өөрөө өөрийнхөө өнгийг бүтээсэн болохыг дараах хэдэн зүйлээр тайлбарлая.

Адьяагийн бүтээлийн нэг томоохон хэсгийг хэл шинжлэлд Каламбура хэмээдэг “үгэн тоглоом” эзэлнэ. Үгээр ончтой тоглохын тулд зохиогч нэгд, цэцэн цэлмэг үг хэлтэй байх ёстой, хоёрт, хурц ёж ухаантай байх хэрэгтэй, гуравт, “үг унагадаггүй” гэж манайхны тодорхойлдог, өөрөөр хэлбэл ажигч гярхай, алдаа мадгийг гаргаадаггүй байх хэрэгтэй. Энэ гурван шинж бүрдсэний улмаас Адьяагийн зүйр цэцэн үгсийг зүйрлэсэн биш шууд утгаар нь тайлсан, хүний нэрийг эсрэг утгаар нь ёжилсон, англи монгол үгийг холин ярьдгийг дайрсан, зүйр үгийн заримыг солин найруулсан, дууны утгыг дэгсдүүлсэн зэрэг нь уншихад урамтай уран гоё, бас уншаад дууссаны хойно бодууштай болжээ.

Уншигч ийм бичлэгээс утга зохиолын хэлний хэм хэмжээ, сонгодог найруулга нэхэж болдоггүй юм. Учир нь ийм төрлийн бүтээл бол хэрвээ хуучны утга зохиолоор зүйрлэвэл “Үг” зохиолтой төстэй, чухам тухайн цагт тохиох явдлыг ардын хар ярианы үгээр, оновчтой уран дүрслэх тухайд билээ. Тэгээд ч бүх зохиол бүтээлийг дан ганц сонгодог найруулгаар бичээд байх таатай биш, хэл найруулгын бүхий л төрөл, үг хэллэгийн бүхий л хэрэглээ Монгол хэл хэмээх их далайн цутгалан болон бүгд эн тэгш үлдэх ёстой юм.

Олон бичвэрийг нь уншихад танд танил санагдах нь дамжиггүй. Учир нь Адьяагийн уран хурц шоглолууд нийтийн сүлжээгээр нэргүй тархсан нь элбэг. Ардын аман зохиол хэрхэн хөгждөг билээ, яг л түүн шиг зарим нэгийг нь нэмсэн, өөрчилсөн, зарим нь бүр өөрөө нэрээ тавьчихсан энд тэнд явах. Одоо гэвч цаг өөр болсон үе, хэдэн сайхан бичвэрээ ААЗ болгон нэргүй тараагаад яах вэ, ингэж ном болгон хэвлүүлдэг нь бүтээлээ баталгаажуулж авах чухал арга мөн.

“Хөшигний цаана” бүлэгт багтсан улс төрийн фельетон, хошин шог найруулал нь өнөөгийн сэтгүүл зүйд дутагдаж буй орон зай юм. Цэнддоо, Артаньян гээд цааш нь дурдъя гэх нь ээ хуруу дарах хүн цөөдөх энэ үед Адьяасүрэн энэ орон зайг дүүргэлцэх сэтгүүлчдийн нэг нь чухам мөн гэдгийг энэ номыг уншаад баттай ойлголоо. Шог найрууллын төрөл социализмын үед Монголд нэг хэсэг сүрхий хөгжиж байсныг доктор Г. Дэлэг “Сүүлийн арваад жилд тогтмол хэвлэлд шог найруулал бичигчид болж байгаа үйл явдлыг бодит баримтанд түшиглэж, дутагдлын эзний дүрийг шог хошноор дүрслэн, уншигчдын сонирхлыг татахуйц онцлог хэлбэртэй бөгөөд шог бичих элдэв аргыг овсгоотой чадмаг хэрэглэдэг болжээ” хэмээн магтан өгүүлсэн боловч цааш нь “Сүүлийн таван жилд “Үнэн” сонинд шог найруулал барагцаалбал жил тутам 5, “Тоншуул” сэтгүүлд 10 гарч байгаа боловч цаашид цөөрөх хандлагатай болж, голдуу хөдөө аж ахуйн сэдвээр зонхилж байна” хэмээн шүүмжилж байжээ (Сэтгүүлч, 1986 оны дугаар 1). Энэ шүүмжийг одоо ч хэлэхэд буруудамгүй. Учир нь шоглон бичнэ гэдэг миний өмнө дурдсанчлан хурц ёж ухаан, цэцэн цэлмэг үг хэллэг, ажигч гярхай чанар шаарддаг яггүй эд. Эмэгтэй хүн, тэгээд залуухан бүсгүй дөнгөж хорин хэдтэйгээсээ энэ төрлөөр дагнасан нь сэтгүүл зүйд яах аргагүй цаг зуур тохиох “үзэгдэл” юм. Ийм яггүй ертөнцөд хөлөө нэгэнт тавьсных улам цааш алхах нь зүйтэй болохыг зохиогчид үүгээр сануулсу. Энэ ном гэхдээ тэр чигээрээ шог хошин төрлийн бүтээлээр дүүрсэн бас биш юм аа. “Зүрхний бичээс” бүлгийн “Санаж очоод саатан тухална би” өгүүллийг уншвал нулимс чинь ч бөмбөрч мэднэ, “Зодоон” бичвэр нь таныг гүн бодолд автуулна, “Алаг хорвоо бидэнгүй бол аяа юутай харанхуй...” эсээг уншсан бүсгүйчүүд бол омогшин хөөрөхөөр.“Уншсанаас унагасан сувд” хэмээн даруухан нэрлэсэн бүлэг дэх бичвэрүүд бол үнэндээ зүгээр нэг тэмдэглэл, сэтгэгдэл биш, харин утга зохиол судлалын зиндаанд тооцогдохуйц номын шүүмж байна. Энэ мэт олон төрлөөр уран хурц бичсэн Эрдэнэбилэг овогтой Адьяасүрэн нь энэхүү өмнөх үгийг бичигчийн гарын шавь билээ. Спортын сэтгүүл зүй хэмээх талбарт миний удирдлагаар эрдэм шинжилгээний өгүүлэл, дипломын ажил бичиж, оюутны бага хуралд тэргүүн байр эзэлж явсан юм. Ингэхдээ спортын нэвтрүүлэгч нарын үг яриа, хэл найруулгын алдааг ажиглан, задлан шинжилж байсан нь одоо эргээд харахад бичвэрийнх нь агуулга, хэв маягт бас нөлөөлөө юү гэлтэй.

АНУ-ын Конгрессын Номын Сангийн Монгол номын мэргэжилтэн,

СУИС-ийн зочин профессор,

Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ

Миний зарим найз

Миний зарим найз мэндийн зөрүүгүй түрэмгий... Шууд Hi гэнгүүтээ хариу өгөхийн зуургүй палхийтэл файл шиднэ... Юу юм болоо, нээх ёстойм болуу, вирус байхвий нтр гэж бодож ч амжаагүй байтал “наадхаа хурдхан хараадах, яг одоо даргад танилцуулах гээд байна, санаа оноогоо гялс” гэх жишээний... Намайгаа урдахаа яая гэжийж бас бусдын ажлыг ба, бэ-гүй мэддэг төдийгүй улам сайжруулахын төлөө үргэлж санаа зовж, бэлэн байдалд байдаг гэж боддог нь өхөөрдмөөр...Миний зарим найз мишээсэн дагина шиг наалинхай... Сайн уу, бие нь сайн уу, ажил нь өндөр үү, амьдрал нь ок уу, ажлын байр нь тавлаг уу, ар гэр нь амгалан уу, амьжиргаа нь боломжийн уу, ах дүүс нь эвтэй юу гэх мэт надаас доош 3, надаас дээш 3, нийт долоон үеийн маань намтар түүх, ахуй амьдралд халамж тавьж хариулт авч дууссаны эцэст гол санаагаа цухуйлгана. “Найз нь харин нэг эссэ бичүүлэх гээд ээ, дүү маань тэтгэлэг хөөцөлдөөд” бла бла... Бусдын дүү, үр хүүхдийнх нь өмнөөс сургуулийг нь судлаад, шалгуурыг нь ойлгоод, сэдвээ сэтгээд, тэнцүүлэхээс аргагүй тэгшхэн сайхан эссэ богино хугацаанд, чанарын өндөр түвшинд, үнэ төлбөргүй бичиж өгөх үүрэгтэй гэж тулгадаг нь хачирхмаар ... Миний зарим найз мэлтийсэн сар шиг хүртээмжтэй... Чат руу орвуу гүй юу “хөб” гээд бариад авах нь соргог бөгөөд сортоотой. “За юу вайнаа... үсний найранд уригдаад үг хэлэх болчихлоо.. ерөөлийн үг гялс бичээдэхдээ” гэх буюу эсвэл “мань чинь маргааш нэг форум нээх гээд гашлаад суужийна, нэг ийм юм ноороглолоо, гоё уянгын халилтай болгоод өгөөч” гэх жишээний... Намайгаа хувьдаа хийх ажилгүй бөгөөд улаан хоолойд нь уран үг, цээжинд нь цэцэн үг, гарын шуунд нь ганган үг, мээмэнд нь мэргэн үг үргэлж буцалж ивлэж явдаг яруу найрагч, зохиолч мэтээр төсөөлдөг нь баярламаар ч юм шиг хаха... Миний зарим найз мэхийн ёсолмоор зангарагтай... Ийм ийм ном бичээд эхэлсэн, олон улсад бэсттсэллэр орчуулж байгаа, нэг ийм төслийн санаа байнаа, ёстой цөм ш..х олон ангит кино олсоон... гэх мэтээр дэлхийн дайдаар сэтгэж, далайн энгээр давилуунтана. Хамтаръя нийлье, баг больё нтр гэж байснаа хамаг хар ажлаа хамар дээр минь овоолоод харин цаана нь өөрөө цор ганц автор нь болцон тууж явах жишээний... Миний зарим найз мэгдэж тэвдмээр адгуу... Манийгаа машин шиг санаж, алд дэлэм текст шидчихээд арван хормын зайтай нэхэж сандаргах энүүхэнд. Яг маргааш сонинд өгөх нийтлэл, хэзээ хэзээгүй хураалгах репорт, юу эсээр бажгадуулж, юухан хээхнээр шахамдуулахын төлөө алаг цэнхэр замбуулинд амьд явнуу гэлтэй. Түй ч мэдэхгүй сэдвээр хүртэл түвдэж ядахгүйгээр шахна, шаналгана, шамируулна. Шамбийж шалчийлгаж хаячихаад “баярлалаа” ч гүй таг болох нь баавартай агаад хийморьлог Аа гэхдээ, та нар минь наддаа итгэсэндээ, арга ядсан үед аминд орно гэж найдсандаа, энэ л туслах байх гэсэндээ тэгдэг байх гэж бодоод тайвширдаг заримдаа... Албатай юм уу ер нь, адилхан ажил амьдралгүй, асуудал тулгардаггүй хүн үү би ер нь... гэж адардаг хааяадаа.. Амьдрал тэгээд баян дөө, бага ч гэсэн юмаар хүнд хэрэг болсондоо, үгйлэгдсэндээ, тусалсандаа баярлах өдөр байхад хувь орон зай, цаг завыг минь үл хүндлэн, хэргээ л бүтээж байвал хэрхсэн нь дараа нь түй ч падлийгүй таг болсонд нь, өөрт нь "амархаан, жооохоон" санагдах юмыг нь гүйцэлдүүлэхийн тулд басчиг хөөрхөн цаг зав, мэдрэлийн хэдэн эсээ зарцуулдагийг ойлгодоггүйд нь дургүй хүрэх ч үе байх... Миний зарим найз... хэнд ч байхгүй найзууд :))))

Түр хүлээнэ үү...
Top