Эмгэнэл: Уулс холдоо цэнхэртэнэ
2018-03-02 Мэдээ 1228

Уулс хэдий холдоно төдий чинээ цэнхэртэнэ гэж нэг шүлэг бий. Холдоо цэнхэртэх ч ойрдоо нөөлөгтэй уул гэж бий. Түүний зохиолууд ийм ойрдоо нөмөртэй уулс шиг дотно дулаан, хөдөөх амьдралын ахуйг сэтгэлд тэмтрэгдтэл дүрсэлсэн байдаг сан.

Тийм ээ байдаг сан. Бүх зүйлд анх цаг гэж байдаг шиг шим ертөнцийн төрөлтөн бүрт өнгөрсөн цаг гэж бий. Монголын богино өгүүллэг, хүүрнэл зохиолын нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт  Санжийн Пүрэв идэр есийн жавар гуядалсан энэ өдөр бидний дундаас бурхны орныг зорилоо.

Тэрбээр 1960-аад оноос уран бүтээлийн гараагаас эхэлж, 1980-аад оны үед Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг дүүргэн гол бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. “Их усны хаялага”, “Азын цэнхэр уулс” тууж, өгүүллэгийн номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг хүртэж байв. Тэрбээр саяхан болсон “Утгын чимэг” наадамд “Уулс өвгөн хоёр” өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлсэн юм.

Хөдөөх амьдралын дүр зураг, хүн зоны сэтгэл хөдлөл, амьдралын нарийн сэжмийг тун гярхай харж, тод томруун дүрсэлсэн түүний бүтээлүүд Монголын уран зохиолын санд үнэтэй байр эзэлнэ хэмээн итгэнэм.

Холдоо цэнхэртэх уулсынхаа дунд амар тайван нойрс доо.

Түр хүлээнэ үү...
Top