"Хүннү уулын нойрсогч өвс" сэрлээ
2018-03-02 Мэдээ 1070

ОХУ-ын Буриад улсын нэрт найрагч Сергей Тумуровын "Хүннү уулын нойрсогч өвс" нэрт шүлгийн түүвэр Монгол уншигчдын гарт хүрч, Үндэсний Номын Сангийн хүндэтгэлийн танхимд нээлтээ хийлээ. СГЗ Гун-Аажавын Аюурзанын шилж сонгон, орос хэлнээс орчуулан хүргэж буй энэ түүвэрт найрагчийн ная орчим шүлэг багтсан байна. Орчуулагч нь "Олон давхар нууц түлхүүр бүхий, далд бэлгэдлүүд багтаж ядсан Тумуровын шүлгүүдээс цаг хугацааны энэрэлгүй эрхшээл, өвгө дээдсийнх нь оюун санааны ертөнцийн сүйрэл, элчилгүй уудам орон зайд дассан эртний сэтгэлгээний өнөөгийн амьдралд давчдан бачимдсан дуу хоолой, иргэншилд шахагдсан нүүдэлчин соёл нэвт ханхалдаг" хэмээн энэхүү түүврийг тодорхойлжээ.

Нэг монгол нөгөө монголдоо шүлэг шивнэхдээ харь хэлээр дамжуулж гүүрлээгүй юм шиг, ягуухан уншигдах орчуулгынхаа тухай Г.Аюурзана "Яруу найраг орчуулна гэдэг бол тухайн шүлэг бичигдсэн тэр л сэтгэлийг онохын нэр. Тэр ч утгаараа боломжгүйг бүтээх урлаг. Боломжгүйг болгох гэж чармайхдаа би хувьдаа эхлээд утгыг буулгадаг, дараа нь шүлэглэдэг, тэгээд эх бичвэрийг нь бүрмөсөн орхиж, цаад яруу найрагчийнхаа зүрх сэтгэлд чадах чинээгээрээ гүнзгийхэн шургаад эцэст нь өөрийнхөө дотроос бусдыг олж уншдаг," гэжээ.

Найрагч номоо Монгол улсын бүх төв суурин, сургуулийн номын санд үнэгүй хандивлаж буй юм байна.

Дашрамд дурдахад Сергей Тумуров 1949 онд Уст-Ордын буриадын өөртөө засах тойргийн Алаар дүүрэгт, Бурутхан сууринд төрсөн, 1970-аад оноос шүлэг зохиол нь нийтлэгдэн "Навчсын нүргээн" (1998), "Хос зүрхний эрхшээл" (2003), "Гэрлийн дарамт" (2003), "Цагаан хяруунаар" (2008), "Иргэмшлийн нулимсаар хэлхсэн цахирмаа цэцгэн эрхийг атгагч" (2014) зэрэг яруу найргийн түүвэр, зохиол бүтээлээ хэвлүүлээд буй найрагч аж.

Түр хүлээнэ үү...
Top