Эмгэнэл: Дорно цастын Апполо
2018-03-02 Мэдээ 1110

Эртний Грекийн бурхдын дотор гартаа хөгжим барьсан, даруу дөлгөөн төрхтэй нэгэн бурхан байдаг нь хөгжим, яруу найргийн бурхан Апполо. Домог ёсоор энэ орчлонгийн хөгжим, яруу найраг, уран зохиолд дурлагсад цөм Аппологийн хүүхдүүд ажгуу. Тэрбээр жинхэнэ Аппологийн зүтгэлт хөвүүн явлаа.

Монголын уран зохиолын нэрт зүтгэлтэн, орчуулагч Хасбаатарын Мэргэн өвчний улмаас таалал боллоо гэсэн таагүй мэдээг дуулснаас хойш тэр бидэнд юу үлдээснийг эргэцүүлэх зав чөлөө өөртөө олгов. Уран зохиолын нэрт шүүмжлэгч, шүүмж судлалын салбарын гэрэл гэгээ асан Хасбаатарын хөвүүн, өөрийнхөө хүсэл зорилгоор орчуулагчийн мэргэжил эзэмшсэн Аппологийн зовлонт хүү Х.Мэргэний орчуулгаар л бид хүн төрөлхтний уран зохиолын сор У.Шекспирийг уншиж, эртний Грек, Ромын домог туульсыг бүрэн бүтнээр үзэж, дэлгэцийн алдарт бүтээлүүдийг урсгал хэл найруулгаар тольдох завшаан тохиосон байна.

Анхны орчуулгаа 13 насандаа богино өгүүллэгээр эхлүүлснээс хойш тэр эртний үлгэр туульсаас эхлэн дундад зууны сонгодгууд хүртэл, орчин үеийн кинонуудаас алтан үеийн дэлгэцийн цувралууд хүртэл уран зохиол, кино, жүжгийн олон сайхан дуун хөрвүүлгийг хийж бидэнд үлдээжээ. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хэзээ нэгэн цагт сайхан зохиол бичих, бусдад буруу үйл хийхгүй байхыг л хүсэж байна” хэмээн хэлсэн эгэл даруухан тэр хүнийг Монголын уран зохиол, кино урлаг, уншигч олон үүрд дурсах болно.

Тэр өдгөө цаг хугацааны бурхан Хроносын биед уусан нэгдэж, зах хязгааргүйн зүг тэмүүлж яваа. Тэр зүгт сайн сайхан цогцлон буй гэдэгт итгэнэм.

Түр хүлээнэ үү...
Top