Тагтаа Паблишинг өнгөрөгч намар "Орчин үеийн хятад яруу найраг" хэмээх бүтээлээ уншигчдынхаа өмнө дэлгэсэн билээ. Тэгвэл залуу орчуулагч Нацагдоржийн Энхбаяр "ОРЧИН ҮЕИЙН ХЯТАД ЯРУУ НАЙРАГ" орчуулгын түүврээрээ Монголын зохиолчдын эвлэлээс олгодог оны шилдэг бүтээл "Алтан өд" шагналыг утга зохиолын орчуулгын төрөлд хүртлээ. Таван жилийн уйгагүй хөдөлмөр, бүтээлч эрэл хайгуул, ур авьяас шаардсан энэхүү анталоги нь Нацагдоржийн Энхбаяр хэмээх залуухан уран бүтээлчийн ямаршуу чансаатай орчуулагч, бүтээгч вэ гэдгийг маш тодоор баталж чадсан юм.
“Орчин үеийн хятад яруу найраг” антологид 1920-оод оноос өнөөг хүртэл бичигдсэн 80 орчим яруу найрагчийн 250 гаруй шүлэг багтсан. Англи, Франц зэрэг барууны орнуудад боловсрол эзэмшсэн сэхээтнүүд тухайн үеийн барууны дэвшилтэт сэтгэлгээг хятадын яруу найрагт нэвтрүүлснээр “шинэ шүлэг” буюу ярианы хэлээр бичигдсэн шүлгийн цоо шинэ түүхийг эхлүүлжээ. Уг антологид эх орны, нам засгийн сэдэвтэй шүлгүүдээс зориуд тойрч, утга уянгын шүлгүүд түлхүү оруулах гэж орчуулагч хичээжээ. Энэ бол орчин үеийн хятадын яруу найргийг антологийн түвшинд эмхтгэн орчуулж буй анхны тохиолдол, манай яруу найргийн орчуулгад ойрын хугацаанд гараагүй даацтай бүтээл болсноороо онцлог юм.