Зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэг "Оройн ганц мод" нэртэй шинэхэн романаа уншигчдын гарт хүргэлээ. Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа уг романы угтлага үгэндээ "Нүүдэлчдийн ёс суртахуун бол хүн төрөлхтний хамгийн сүүлчийн оршихуй. Энэ аугаа санааг та "Оройн ганц мод" романаас олж үзээрэй. Тэр цагт тэнгэрийн цаг ойрхон," гэж онцолжээ.
Дашийн Оюунчимэг өмнө нь "Харанхуйн дуулал" яруу найргийн түүвэр (1998), "Гэсгээгдэгсэд" тууж (2001), "Очирт уулын бичиглэл" яруу найргийн түүвэр (2003), "Тэнгэрийн цаг болоогүй" тууж, өгүүллэгийн ном (2006) болон "Ноён солиот" кино зохиол (2001), "Агай" жүжиг (2002) зэрэг олон уран бүтээл туурвиж "Гэсгээгдэгсэд" туужаараа шилдэг номын шагнал хүртэж байжээ.
Мөн бие даасан орчуулгын 72, хамтарсан орчуулгын 6 ном хэвлүүлсэн. Үүнээс “Шүлгүүд” - А.Блок, А.Ахматова, М.Цветаева, О.Мандельштам, И.Бунин, Н.Гумилев зэрэг Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын шилдэг шүлгийн түүвэр (2003), Израйлийн, Нобелийн шагналт зохиолч Исаак Зингерийн "Шоша" роман (2007), Америкийн зохиолч Роберт Бахын "Хуурмаг үзэгдлүүд" роман (2007), Латин Америкийн зохиолч Хулио Кортасарын "Тоглоом дууслаа" өгүүллэгийн түүвэр (2007), Сербийн зохиолч Милорид Павичийн "Салхины дотоод тал" роман (2007), Оросын зохиолч В.Ерофеевийн "Москва-Петушки" роман (2007), Аргентинийн зохиолч Хорхе Луйс Борхесийн "Зүүдний ном" сонгомол өгүүллэгийн түүвэр (2007) зэргийг нь уншигчид андахгүй сайн мэднэ. Мөн тэрээр тууж, туужийн хэмжээний томоохон 36 зохиол, хүүхдийн үлгэр өгүүллэгийн 300 орчим бүтээл орчуулсан юм.
Ийнхүү зохиолч Дашийн Оюунчимэг олон арван жилийн уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуулын үр дүнд "Оройн ганц мод" хэмээх судлаачдаас өндөр үнэлгээ авсан бүтээлээ уншигчиддаа өргөн барьж нээлтийн ёслолоо 2016 оны Нэгдүгээр сарын 9-ний 15.00 цагт хийхээр номд шимтэн дурлагч хэн бүхнийг уриад буй аж. Нээлт хуучин 50-р дэлгүүрийн урд талд байрлах "Piano Lounge"-д болно.