Оросын нэрт найрагч Е.Евтушенкогийн сонгомол шүлгийн бүрэн түүвэр Монгол хэлнээ гарлаа
2018-03-02 Мэдээ 1128

Оросын төдийгүй дэлхийн уран зохиолд нэр, мөрөө үлдээсэн их яруу найрагч Евгений Евтушенко өнгөрөгч Дөрөвдүгээр сарын 1-нд АНУ-ын Оклахама мужийн Тулса хэмээх жижигхэн хотод амьдарч байгаад өөд болсон билээ. Түүнийг нас барсан тухай мэдээ урлаг, уран зохиол, яруу найрагт хайртай дэлхийн сая сая уншигчдын зүрхэнд үл нөхөгдөх хоосон орон зай,  харуусал гуниг авчирсан юм.

Их найрагчийн гэгээн дурсгалд зориулж МУСГЗ, зохиолч, яруу найрагч, нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй сонгомол шүлгүүдийнх нь бүрэн түүврийг эмхтгэн орчуулж "НАДААС ТА НАР НАМАЙГ БУЛААГААД АВЧИХЛАА" хэмээх ном болгон уншигчдадаа барилаа.

Евгений Евтушенкогийн шүлгүүдийг урд соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж "Зөвлөлтийн утга зохиол" түүвэрт хэд гурвыг орчуулан тавьж, "Братскийн усан цахилгаан Станц" хэмээх найраглалыг нь О.Түдэв, Ш.Цэндгомбо нар 1971 онд "Ангарын гал" нэрээр хэвлүүлж байжээ. Харин "НАДААС ТА НАР НАМАЙГ БУЛААГААД АВЧИХЛАА" ном нэрт найрагчийн шилмэл шүлгүүдийн бүрэн түүвэр гэдэг утгаараа Монголдоо анхных юм.

Мөн түүнчлэн МУСГЗ Ж.Нэргүй оросын тэрс үзэлт зохиолч Владимир Войновичийн "Цэрэг Чонкины адал явдал" роман-хоржооны нэгдүгээр дэвтэрийг өнгөрөгч онд уншигчдадаа хүргэж байсан бол одоо хоёрдугаар дэвтрийг нь орчуулан хэвлүүлж уншигчдынхаа гар дээр тавихад бэлэн болжээ.

“Цэрэг Чонкины адал явдал” романы эхний дэвтэр гар хэвлэлээр тарж, 1969 онд Германд, 1975 онд Францад зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэгдсэн аж. В.Войнович главлитын хатуу хяналт цензурээс айлгүйгээр зоригтой бичсэн энэ романаасаа болж иргэний эрхээ хасуулан, эх орноосоо хөөгдөж байжээ. Владимир Войновичийн “Цэрэг Чонкины адал явдал” роман-хоржоон монгол уншигчдыг Зөвлөлт засгийн үеийн эгэл жирийн тосгоны амьдралаар аялуулж, сонирхолтой үйл явдал, егөө хоржооноор хөтлөх болно.

Түр хүлээнэ үү...
Top