"ТАГТАА" утга зохиолын шагналтнууд тодорлоо
2018-03-02 Мэдээ 1035

'Тагтаа' Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүлсэн билээ.

Яруу найргийн уралдаанд Ц.Хулан, Б.Батзаяа, Х.Одончимэг, Ц.Дэлгэрмаа, Б.Ууганбаяр, Б.Алтанхуяг, Д.Сосорбарам, Б.Ононбаатар, А.Урантогос, Т.Амар-Амгалан, Г.Хашбаатар нарын авьяас билиг дүүрэн арван нэгэн найрагч эхний шатанд шалгарснаас утга зохиолын "Шинэ үнэр" бүлгэмийн гишүүн, яруу найрагч Д.Сосорбарам түрүүлж цом, мөнгөн шагнал, манай хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бүх номыг гардлаа.

Өгүүллэгийн уралдаанд 93 бүтээл ирснээс П.Бат-Эрдэнэ, Б.Батзаяа, М.Хатанзориг нар шалгарч, тэргүүн байрыг яруу найрагч, зохиолч Б.Батзаяа "Намаг" өгүүллэгээрээ хүртэв.

Мөн орчуулгын уралдааны эхний шалгаруулалтад Мо Яаны "Шөнийн олз" өгүүллэгийг хятад хэлнээс орчуулсан А.Урантогос, А.И.Куприны "Будлиан" өгүүллэгийг Орос хэлнээс орчуулсан Э.Мөнхзаяа, Мүраками Харукигийн "Хавч" өгүүллэгийг Англи хэлнээс орчуулсан Б.Золзаяа, Чи Жи Зианы "Цасан хөшиг" өгүүллэгийг Хятад хэлнээс орчуулсан Мө.Батбаяр, Рэй Брэдберигийн "Африкийн онгон тал" өгүүллэгийг англи хэлнээс орчуулсан Б.Сувддулам нар шалгарч үлдсэнээс тэргүүн байрын эзнээр яруу найрагч, орчуулагч Мө.Батбаяр тодорлоо.

Бидний зохион байгуулсан эл уралдаан залуу уран бүтээлчдийг маань идэвхижүүлж, урам хайрлаж, бие биенээсээ суралцах, нэгнээ таньж авах сайхан боломж олгосон байх гэж найдна. Бидэнд бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдодоо баярлалаа. Та бүхний бичгийн их үйлст улам их амжилт ерөөе!

Түр хүлээнэ үү...
Top