ЦЭНХЭР ШИЛЭН ХОРГОНД АМЬДАРДАГ ХҮМҮҮС
2022-11-01 А.НАВЧАА 745

"Морьтой ч болоосой" төслийн баг замаа үргэлжлүүлсээр. Бидний дараагийн зорих газар хөх тэнгэр, хөхөмдөг тэнгис далайн орон байлаа. 

Сөүл хотын хамгийн томд тооцогдох Seoul station орон нутгийн нийтийн тээврийн төв болох түм түжигнэж бум бужигнасан энэ буудал,  шоргоолзны үүр мэт мөнхийн бужигнаантай агаад нар мандах үнэгэн зурваст сая нэг амс хийнэ.  

Зүг зүгийн зүсэн зүйлийн хүмүүс холхих бөгөөд ковидын хорио тавигдаад удаагүйг хэлэх үү гадны жуулчид пиг. Хурдны галт тэрэгний тасалбар авах урт дараалал яг л снек тоглоомыг санагдуулам хайш яйш. Шинэхэн кофены  үнэр хамар сэтлэм сэнгэнэхэд ойролцоох старбаксд бөгс тавих зай алга... Бид хоёр шиг хэдэн тэнэмэл Италичууд халуун хавчуургатай талхтайгаа шаагилдан зөрж терминалын гишгүүр бараадах нь хувь тавилантайгаа эвлэрэх мэт.

 

2.      Бусанд идсэн нутгийн хоол Солонгосын үндэсний Калбитан байсан бөгөөд жирийн хоолны газрын калбитанаас гойд өөр байв. Яг л монгол борцтой шөл шиг амттай мөртлөө хавирга нь худалч хүнд миний тохой хэрийн урттай яг л хөдөөний алд мах чанаж идэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц дотно байв. Солонгосын хөдөөний кимчи илүү амттай санагдаж одоо л кимчиний амтыг ялгадаг болоод байна.

 

3.      Бидний байрласан буудал буддын шашны сүмийн дэргэдэх нэгэн хөөрхөн жижигхэн буудал байв.\cultural Corps of Korean Buddhism Hongbeopsa Teample\ Энэ буудал хотоос нэлээн зайдуу байрлах бөгөөд хүн амьтны хөл хөдөлгөөнөөс хол ёстой л нүд чих амраах зорилгоор зориж очих чин хүсэлтэй хүн бүрт үүд хаалга нь нээлттэй байдаг буянтай газар. Манай төслийг дэмжин тэргүүн хамба лам бидэнд өрөө гарган өгч тухлан саатхыг урьсан агаад Бусан хотод хэзээ ч ирсэн энэ буудалдаа ирэхэд үргэлж нээлттэй шүү гэж ахин дахин хэлж байсан нь сэтгэл ихэд хөдөлгөж байв. Аяны хүмүүст үүнээс илүү найр тавих сэтгэл гэж юу байх билээ. Өглөө эрт мөргөлийн цаг байх агаад өглөөний цайтай. Өдөр 12 цагт өдрийн цайтай, орой 17 цагт оройн хоолтой бөгөөд жимс ногоо үр тариа бүхий цагаан хоол гүнцэг бэлтгэдэг юм билээ.

 

4.      Пусан хотод нийт 5000-6000-н  Монголчууд амьдардаг бөгөөд “Морьтой ч болоосой” аяллын баг Пусан хотод ажиллах гэж байна гэсэн пост соошил орчинд тависан дариуд Пусаны Монголчууд маань холбогдож бидэнд юу хэрэгтэй байгаа хаана байрлах хэн тосох юугаар туслах вэ гээд түмэн асуултаар булж Монгол хүний нэгнээ гэсэн халуун сэтгэл дулаан үгсээр харамгүй тэтгэж биднийг зорин ирж, ажлыг маань дэмжин,  буцан буцтал санаа тавиж тусласаар байсанд сэтгэл дүүрэн хайр ивээлээр одоо хэр нь бялхсаар байна.

 

5.      Бусан... хэлэх гоё үг олддоггүй ер бусын нутаг. Цэнхэр шилэн хоргонд амьдардаг ер бусын хүмүүс. Ерөөс бүх зүйлс нь ХӨХ.

Хөх тэнгэр. Хөх тэнгис. Хөх манан. Хөхрөгч гуниг. Хөх бороо. Хөх арал. Хөх алчуур. Хөх нулимс. Хөх дурлал. Хөх нүд. Хөх зүүд. Хөх цэцгэс. Хөх аялгуу...

Бороог нь далимдуулаад уйлаад л баймаар... бодлоо далимдуулаад шаналаад баймаар... Нойроо далимдуулаад үүрд унтчихмаар... зүүдээ манаад тэндээ өнжихмөөр тийм эзэмдэгч нутаг.

Тэнгис далай нь өөдөөс яриад байдаг... Үүл манангаараа тэврээд явуулдаггүй юм билээ... Удвал цэцгээ дэлгэчихээд нүд булаагаад хөл хоридог юм билээ, уусан дарсанд минь шүлэг шивнэчихээд урт замаараа бодол төөрүүлдэгийм билээ.

Бусан... бодол зүрхэнд ил хэрнээ зөн мэдрэмжинд гүн хадгалагдсан нутаг.

Тэнгис тэнгэрийн дундуур аялуулагч гүүр. Үүл манан дундаа нуугдсан үлэмжийн тансаг сувдан сондор. Зах хязгааргүй цэнхэр мандал, газарт оршдог цэнхэр огторгуй юм билээ...

 

 

А.НАВЧАА

 

 

 

Түр хүлээнэ үү...
Top