“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаа антропологич, ШУТИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ уншигчдад маань номын сангаа танилцуулж, номын талаарх сонирхолтой яриа дэлгэлээ.
Уншсан бүхэн минь миний шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж, харах өнцөгийг тэлж буй болов уу. Тэр хэрээрээ ч миний хэлэх ярих, бичих баримт багцаатай болдог байх гэж найддаг
Та номын сандаа хэдэн номтой вэ?
Барагцаагаар 3000 гаруй ном бий байх. Яг тоог нь гаргах гэж нэг ч удаа тоолж үзэж байгаагүй. Гэвч ихэнх ном маань цаасан биш электрон тул ийм тоо гаргаж байна даа. Миний номын сан гэж зөвхөн ном биш өгүүлэл гээд 100 гаруй гигабайт, 3000 гаруй ном, давхардсан тоогоор 40 мянга гаруй нэгж эд байх шиг байна. Бас цаасан ном 300-аад юм бий байлгүй дээ. Ер нь миний хамаг юм аль нэг өрөөнд биш миний муу зөөврийн компьютер дээр байдаг. Байгаа бүхнээ нуруундаа үүрээд явж байх шиг байна.
Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Өөрийнхөө мэргэжлийн буюу антропологийн, Монголын болоод Дотоод азийн түүх соёлын, түүнчлэн өөрийн судалгааны сонирхол болох хөгжил хэмээх ойлголт, үйл явцын тухай судалгаанууд уншдаг даа.
Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Сонгох гэж бөөн юм болно. Хэвлэлийн газар, зохиогч, шүүмж гээд олон юмыг харна. Гэвч миний нэг азтай нь ихэвчлэн мэргэжлийн судалгаа хардаг тул “муу” номтой таарна гэж бараг л байхгүй. Мэргэжлийн бүтээлүүд надтай надгүй цаанаа өндөр шалгуур хангаж байж хэвлэгдсэн байдаг. Жишээ нь, миний сонирхдог чиглэлээр Кэмбрижийн их сургуулийн хэвлэлийн газар нэг ном хэвлэсэн байна гэе. Би эргэлзээгүй тэр номыг авна. Яагаад гэвэл Кэмбрижийн хэвлэлийн газар хэзээ ч хэн нэгнээс нь мөнгө аваад, ямар ч хяналт шүүлтүүргүй “халтуурны” ном хэвлэхгүй. Харин тухайн салбарын хамгийн сайн бүтээлийн нэг болохуйц номыг л хэвлэнэ. Эсвэл миний сонирхдог салбарт нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн бүтээлийг шууд авч уншина. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс өндөр ёс зүйтэй тул хэн нэгний хийсэн бүтээл дээр нэрээ тавьж хэвлүүлэхгүй. Олон жилийн өмнө хэвлүүлсэн номноосоо дахин дахин хуулбар хийхгүй, хуурамч, худал ном үйлдвэрлэхгүй. Шинжлэх ухааны ёс зүй, дэг жаягтай мэргэжлийн хүрээнд манайхан шиг юу л бол юу хэвлэж байдаггүй тул сайн ном сонгож олж унших хэцүү биш.
Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Гол чухал судалгааны байгууллага болон хэвлэлийн газруудыг цахим орчинд дагадаг. Тиймээс шинэ бүтээлийн тухай мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг. Мөн мэргэжлийн хүрээний найз нөхөдтэйгөө шинэ судалгааны тухай мэдээлэл байнга солилцож байдаг даа.
Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
Кэмбрижийн их сургуулийн багш Урадын Булагийн “Хамтач үндэсний үзэл” бүтээлийн хоёр дахь хэвлэлийг хянаж уншсан. Өмнө нь бидний хэдэн нөхөд Булаг багшийн “Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил” бүтээлийг хэвлүүлж гаргасан. Одоо “Хамтач үндэсний үзэл” бүтээлийг нь хэвлүүлэх гэж байна.
Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Ер нь олон юм зэрэгцүүлж хараад явдаг юм аа. Жишээ нь, Бум-Очир багштай “Ураг төрлийн антропологийн” тухай ном бичиж байгаа болохоор ураг төрөл, гэр бүл, жендерийн тухай баахан юм уншиж байна. Нэг өгүүлэл маань хэвлэгдэх гээд сүүлийн засвараа хийж байгаа болохоор унших судалгаа мундахгүй их байна. Англи хэлээр мэргэжлийн бус уран зохиолын ном уншиж үзье гэж бодоод Англичуудын тухай нэг ном харж байна.
Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Энэ нь онцлог гэж хэлэх хэцүү юм аа. Магадгүй антропологийн мөн электрон хэлбэртэй номын сан гэдгээрээ онцлог байх болов уу. Антропологийн хамгийн гол гол номууд бүгд бий шүү. Над шиг ийм сондгой сонирхол чиглэлтэй номын сантай хүн Монгол Улсад гарын таван хуруунд багтахаар л байгаа байх даа.
Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
“Монгол ардын үлгэрүүд” гээд шар хавтастай ном бий. Цагаан толгойн баярын дараа аав уу, ээж үү хэн нь юм бол доо, авч өгч байсан. Цагаан толгойг эс тооцвол миний анх уншсан ном юм уу даа. Ер нь би хурдан уншиж сурсан, одоо ч хурдан уншдаг. Энэ бүхний эхлэл болсон ном тул хамгийн дурсгалтай ном юм даа.
Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
2011 онд өөрийнхөө хамтран бичилцсэн “Нийгэм журмын дараах Монголчууд: XXI зууны эхэн үеийн Монголчуудын амьдралын түүх” номоо худалдаж авах шив дээ. Надад угаасаа байдаггүй байсан юм.
Ном танд юу өгдөг вэ?
Зөндөө л зүйл өгсөн биз дээ. Өнөөгийн Мөнх-Эрдэнэ бүтэж бий болоход гэр бүл, найз нөхөд, багш, хамтрагч нар, ном гээд олон зүйл нөлөөлөө биз. Номоос гадна судалгааны өгүүллүүд их уншдаг. Уншсан бүхэн минь миний шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж, харах өнцөгийг тэлж буй болов уу. Тэр хэрээрээ ч миний хэлэх ярих, бичих баримт багцаатай болдог байх гэж найддаг.
Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?
Хяналт хийсэн номуудаа олон дахин уншсан байх даа. Хянаж буй учраас сайн хяначих гээд л мэрийсэн нь тэр биз. Гэвч хянаж уншчихаад байхад л алдаа олдоод байдаг болохоор би тиймэрхүү техник ажилдаа муугийнх биз дээ.
Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Электрон хэвлэл хамаагүй дээр ээ. Одоо бол цаасан номонд түүртэх гээд байх болсон байна лээ. Электрон ном ийш тийш явж байх үед ямар ч электрон төхөөрөмж дээр уншиж болдог. Цаасан нь овор их, ачаа дараа болдог сул талтай.
Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?
Эзгүй арал юм бол ном авч явмааргүй л байна. Заавал авч яв гэвэл М.Монтенийн эсээний бүрэн түүврийг авч явна аа.
Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
Надтай хамт “Нийгэм-соёлын хүн судлалын удиртгал” номыг бичсэн П.Чулуунбат багшийг оруулмаар байна. Тал бүрийн мэдлэгтэй, олон гадаад хэлээр ярьдаг элдэвтэй хүн бий.