“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаа бид зохиолч, яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгсийг урин оролцуулж байна. Тэрээр яруу найргийн "Чимээгүй хот", "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Тэнцвэр" түүврүүд, хүүрнэл зохиолын "Бүслэлт" ном хэвлүүлж, "Надтай үлдээч" уянгын драмын жүжиг бичсэн нь УДЭТ-ийн тайзнаа амилсан билээ.
1. 1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Миний номын санд 300 гаран ном бий. Дундговьд аавын минь номын сан бас 300 гаран ном бий. Тэгэхээр нийлээд 600 гаруй номтой хүн болж таарч байна.
2. Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэвэл?
Хамгийн анх нэгдүгээр ангийн сурагч байхдаа Шолоховын “Дөлгөөн Дон” романыг уншаад нэг зэвүүн нөхөр энэ хүмүүсийн аж байдлыг хараад л яриад байна. Одоо энэ нөхөр эднийг яах бол хэмээн зохиолчийн хүүрнэлийг дагаад тэндээс ямар нэг тэрсэлсэн үйл явдал гарах болов уу хэмээн хөөсөөр байгаад уншиж дуусгаж бийлээ. Нэгдүгээр ангийн хүүхэд уншихад том ном шүү дээ, базарваань. Тэгж сууриа сайн бэлдсэн болохоор номын зузаанаас халширна гэсэн ойлголтгүйгээр номд шимтсэн. Чарьлз Диккенсийн “Дэвид Копперфильд” миний санаанаас өнөө хэр гардаггүй. Төгсгөлийн бүлэгт зохиолчийн уянгын халилд автаад уйлж ч байлаа. Зохиолч маань “...уншигч авгай та манай зохиолын дүрүүдийг хэзээ нэгэн цагт эргэн дурсах нь гарцаагүй...” гэх мэтээр явж өгдөг. “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” надад ном уншихад маш их тус дэм өгсөн ном. Тус номын 3-р дэвтэр дээр дандаа алдартнуудын намтар байдаг шүү дээ. Тэндээс л хэдэн зохиолчийн намтрыг цээжилж, навтарга болтол уншсан. Зохиолчийн аль ном нь монгол хэл дээр орчуулагдсан мэдээлэл түүн дээр байдаг шүү дээ. Тэрийг нь харж тэмдэглэдэг нэг дэвтэртэй. Тэгээд л номын сан руу гүйчихнэ. Энэ номыг авч уншъя гэнэ. Зуны амралтаараа хүүхдүүд хөдөө явж, ихэнхдээ тоглож өнгөрөөдөг байсан бол би гэрийн мухар сахиад л ном уншаад суудаг хүүхэд байлаа. Сүүлдээ манай аймгийн номын сангийнхан надаас номын хоногийн мөнгө ч авахаа больсон. Ялангуяа өсвөр насандаа уншсан номууд минь миний оюун санаанд нөлөөлсөн байх.
Чарьлз Диккенсийн “Дэвид Копперфильд” миний санаанаас өнөө хэр гардаггүй. Төгсгөлийн бүлэгт зохиолчийн уянгын халилд автаад уйлж ч байлаа. Зохиолч маань “...уншигч авгай та манай зохиолын дүрүүдийг хэзээ нэгэн цагт эргэн дурсах нь гарцаагүй...” гэх мэтээр явж өгдөг.
3. Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ. Яагаад?
Мэдээж уран зохиолын ном. Уран зохиол гэдэг хэмжээ хязгааргүй, боломжийг нь тодорхойлохын аргагүй асар том ойлголт. Тэрхүү том ай сав, уран сайхнаас бид өөрсдөө л хүртэж чадвал маш их зүйлийг олж авна. Орчин үед уран зохиол гэдэг нь тухайн зохиолчийн дан ганц оюун санаанаас урган гарсан өгүүлэмж, дүрийн зөрчил бус философи, амьдрал, танин мэдэхүйн цогц ойлголт болчихсон. Тиймээс уран зохиолын ном уншсанаар аливааг өөртөө цоо шинээр олж нээнэ. Ингэж аливааг өөртөө нээж чадсан хүмүүс нийгмийг түүчээлдэг байх.
4. Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?
Энд маш олон зохиолчийг нэрлэх хэрэг гарна. Мэдээж Достоевский, Толстой, Пушкин, Тургенев гээд л Оросын томчуудын нэрс дурдагдана. Гэхдээ хамгийн хайртай, сав л хийвэл барьж авдаг, уншсаны дараа маш олон бодол үлдээж, уран бүтээлийн санааг дөгөөдөг зохиолчид гэвэл давын өмнө Кафка, Фолкнер хоёрыг нэрлэнэ. Кафкагийн гутранги үзэл, бичлэгийн энгүүн хэл найруулга надтай их ойр санагддаг. Фолкнер бол миний хүсэж зорьж буй тэр өндөрлөг.
5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Ерөнхийдөө л олон нийтийн сүлжээнээс номын мэдээллээ авдаг. Бас найз нөхдөөсөө. Номын сонголт бол тодорхой байдаг. Ялангуяа уран зохиолын номын сонголтоо “Тагтаа”, “Монсудар”, “Аз хур” гэсэн цөөн паблишингуудаас хийдэг. Сүүлийн үед “Нил”, “Улбар” зэрэг паблишингуудыг нэлээд харж, хүлээх маягтай болоод байгаа.
Ер нь унших номоо хэвлэлийн газруудын номын сонголт, орчуулагч, редакторуудынх нь ур чадварыг харж сонгодог.
6. Хамгийн сүүлд уншсан болоод одоо яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?
Хамгийн сүүлд Мө.Батбаярын орчуулсан “Дин тосгоны зүүд” романыг уншсан. Мө.Батбаярын орчуулгын хэл яруу найраг лугаа уншигддаг болохоор үнэхээр амттай. Яг одоо бол Брехтийн жүжгүүдийг уншиж байна. Драмын урлагт үзүүлсэн Брехтийн нөлөө зөвхөн уран сайхны түвшинд бус үзэл санаа, агуулга, тэр бүү хэл жүжигчний уран чадвар, дүрийн мөн чанараа гаргах түвшинд ч хүрч очдог нарийн бүтэц бүхий харилцан яриа байдаг. Энэ бол Шекспир, Ибсен, Чеховын хэмжээнд үнэлэгдэж болох цогц шинэчлэлт. Үүгээрээ Брехт хуучин соц нийгэмд ч, өнөөдрийн чөлөөт нийгэмд ч үнэ цэнтэй хэвээр байгаа юм.
7. Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
Багаасаа номон дунд өссөн болохоор аавынхаа баялаг номын сангаар бахархаж, аль болох бүгдийг нь уншихыг хичээсээр ирсэн. Эндээс “Сэхээрэлт”, “Дайн ба энх” гэсэн Толстойн хоёр романы анхны хэвлэл, мөн Равжаагийн шүлгийн бүрэн чуулбар номуудыг нэрлэж болох байх. Аль аль нь олдоц муутай болсон болохоор их нандигнадаг байж ч мэднэ. Мөн эхнэр маань ийш тийш явахдаа надад ном л авчирна. Тэдгээр номуудад нь хайр, чин сэтгэл шингэсэн байдаг болохоор ихэд нандигнадаг. Сүүлд гэхэд манай хүн надад Курт Воннегутын “Тав дахь нядалгааны цэг” романыг авч ирсэн.
8. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?
Шекспирийн эмгэнэлт жүжгийн зохиолууд. Жүжгийн зохиол бичиж сурахыг хүсдэг болоод ч тэр үү, энэ төрөлд ганц дархлагдсан хүн Шекспирийг л өөртөө олон талаар нээхийг хүсдэгтэй холбоотой байх. Унших бүр утга санаа нь тэлж байдаг гайхалтай зохиолч бол Шекспир. Аргагүй юм даа, барууны ертөнцийг сэтгэлгээний загвар болсон энэ зохиолчоос суралцаж чаддаггүй юмаа гэхэд боломжийнхоо хэрээр мэдэж байх нь зүйн хэрэг.
9. Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Мэдээж цаасан хэвлэл. Цаасыг эгээ л барьж, имэрч унших чинь өөрөө жаргалтай. Үнэнийг хэлэхэд электрон хэвлэлээр ном уншихад сайн бууж өгдөггүй. Энэ нь дадалтай холбоотой байх л даа. Гэхдээ орчин үеийн шаардлагадаа нийцүүлж нэг киндл олж авах төлөвлөгөөтэй байгаа. Ийш тийш явахад ном чирээд явах нь төвөгтэй, тэрний оронд номын сангаа нэг таблетад хийгээд явах боломж байна шүү дээ.
10. Номоос санал болгох эшлэл?
Кафкагийн “Хувирал” туужийн эхлэл өгүүлбэрийг эш татъя. “Нэгэн өглөө Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавж болчихсон орон дотроо хэвтэж байх нь тэр” Аль XX зууны эхэнд бичигдсэн зохиол гэхэд өнөөдөр ч гэсэн сэрдхиймээр тийм хүчтэй эхлэл. Бүхэл бүтэн хүн яахлаараа нэг өглөө шавж болоод сэрчихдэг билээ гээд ямар ч хүний сонирхол, жигшлийг шууд төрүүлэхүйц. Өнөөдөр элдэв төрлийн дүрс бичлэг, кино үзэж хэр баргийн зүйлийг сэрдхийн, цочирдон хүлээн авахаа байсан залуучуудад хүртэл хүчтэй нөлөөлөхүйц тийм л өгүүлбэр. Өөрөөсөө хойш маш олон зохиолчдод шууд болон шууд бусаар нөлөөлсөн гайхалтай зохиолын гайхалтай эхлэл.
11. Хэрэв та эзгүй арал руу явах болбол ямар ном авч явах вэ?
“Монголын нууц товчоо”, “Библи” хоёрыг авч явна. Бид "Монголын нууц товчоо"-гоо маш сайн уншиж, боломжийнхоо хэрээр судалж, түүхэн баримт талаас нь харьцуулах ёстой. Дээр нь “Монголын нууц товчоо” бол уран зохиол, яруу найргийн нэгэн сүмбэр оргил, нүүдэлчдийн сэтгэлгээний том ололт. “Библи” мэдээж өнөөгийн ертөнцийн загварчлал. Түүнд орших үлгэр домгууд нь эртний ертөнцийн танин мэдэхүй, өнөөгийн уран сайхны сэтгэлгээний суурь ойлголтууд болохоор.
12. Би номын сантайгаа буланд дараагийн зочноор хэнийг санал болгох вэ?
Манай Хөвсгөлд Цэрэннадмидын Гончиг гэж сайхан яруу найрагч бий. Сүүлийн үед яруу найргаасаа халиад үргэлжилсэн үг, жүжгийн зохиол бичиж буй. Гончиг уншсан номынхоо талаар сонирхолтой яриа өрнүүлэх дуртай хүн. Гончигийгоо энэ булангийн дараагийн зочноор урьж байна.
13. Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноосоо бидэнтэй хуваалцаач?
“Цуврал шүлгүүд” яруу найргийн ном хэвлэлтэд бэлдэж байна. Арван цуврал шүлгээс бүрдсэн 100 гаруй шүлэгтэй ном. Мөн жүжгийн зохиолуудаараа ном гаргах төлөвлөгөөтэй байна. Сүүлийн жилүүдэд төв, орон нутгийн театруудтай хамтарч нэлээд жүжиг дээр ажиллажээ. Гэхдээ тэдгээр жүжгүүдээр бус өмнө нь тайзан дээр тавигдаагүй, хүмүүст уншигдаагүй цоо шинэ найман жүжгээ ном болгохоор зорьж байна. Өнөө цаг үед Монголын тайзны урлаг жүжгийн зохиолын хомсдолд ороод байгаа нь маргашгүй үнэн. Чадал хийгээд ухаан хүрвэл тэрхүү орон зайд өөрийн жимийг гаргахыг юу юунаас илүү зорьж байна даа. Оюутан цагаасаа хойш болсон болоогүй 20-иод жүжгийн зохиол бичсэн байна. Ер нь аливаа зохиол бүтээлийн туурвил зүйн асуудал нь нийгмээ сайтар ажиглаж, тэрхүү ажиглалтын үндсэн дээр боловсруулсан дүрүүдийн зөрчил дээр суурилж явагддаг. Ялангуяа жүжгийн зохиолч хүн тайзаа нийгэм хэмээн үзэж, тэнд өрнөж байгаа үйл явдал, дүрүүдийн харилцан яриа нь тухайн нийгэм, цаг үеийнхээ тусгал байхаар шийдвэрлэж, тэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд жүжгийн үндсэн зорилго чиглэгдэж байх ёстой гэж боддог. Аль ч цаг үеийн нийгэмд тулгамдаад байгаа асуудал нь нэгэн ижил, харин гагцхүү өөр өөр шалтгаан нөхцөл, өгөгдлийн улмаас онхи ондоо мэт харагддаг. Үүнийг л жүжгийн зохиолч гярхай ажиглах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг өнөөгийн түвшинд өөртөө бий болгочхоод явж байна даа.