“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаа бид сэтгүүлч Буянжаргалын Бат-Амгаланг урин оролцуулж байна. Тэрээр Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан туршлагатай сэтгүүлч, олон арван номыг эх хэлнээ өлгийдөлцсөн хариуцлагатай редактор, баялаг олон талт ертөнцтэй нэгэн билээ.
1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Номгүй айлын дэргэд бол манайх номтой айл. Гэхдээ тийм их биш. Гурван зуугаад л ном бий байх. Өөрсдөө уншихгүй, хүүхэд шуухад хожим уншихгүй ном нэг мэдэхэд цуглачихсан байдаг. Бөөгнүүлж байгаад тэрнээсээ салдаг юм. Бага байхад ном их цуглуулдаг байсан, одоо бол ном авах нь цөөрчээ. Ер нь бол дуртай, үнэ цэнтэй гэсэн хэдэн номоо, тэгээд хожим хүүхдүүд үзнэ, сонирхоно гэсэн номоо л байлгах юм.
2. Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номуудаа нэрлэвэл?
Яг нөлөөлсөн, үзэл санаа төлөвшүүлсэн гэж хэлж үнэндээ мэдэхгүй юм. Багадаа уншаад үнэнхүү сэтгэл хөдөлсөн, мартагддаггүй номууд гэвэл Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” тэргүүтэн багтсан “Үл ажиглагдах онцгой учралууд”, Д.Дефогийн “Робинзон Крузо”, Ю.Олешагийн “Гурван бүдүүн”, В.Хауфын “Шпессарт дахь буурчийн газар” гэх мэт. Хожмоо бол В.Астафьевийн “Хаан загас”. Саяхных гэвэл М.Булгаковын “Мастер Маргарита хоёр”-ыг нэрлэе.
3. Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
Бүүр багад бол сонголтгүй шахуу, тааралдсанаа л уншдаг байжээ. Ер нь бол адал явдлын аливаа номд ухаангүй байв. Хүүхэд бүр л тийм байдаг байх. Арван жилд бол Улаанбаатарын орос номын дэлгүүрт ирсэн газар газрын хамаг детектив зохиолыг бараг үлдээгээгүй болов уу. Японы Э.Рампо гэхчлэн. Манайд гардаггүй, дэлхийн уран зохиолын “нөгөө ертөнц”-ийн зах зухтай тэгэхэд танилцсан. Тухайлбал В.Набоков. Уншсаар сэтгэл хөдлөөд, түүний өгүүллэгүүдээс орчуулж хүртэл байв. Хүүхэд уншиж хорхойссон юмаа орчуулах гэж хорхойсдог болдог юм билээ. Э.Рампогийн “Хүн сандал”-ыг 10 дугаар ангидаа орчуулж “Улаанбаатар” сонинд гаргасан. Тэр үед А.Моруагийн бичсэн О.Бальзакийн намтрыг үзэж их сонирхсоных уу, эсвэл насных уу, яваандаа намтар их унших гэдэг болсон, одоо ч хамгийн дуртай төрөл. Монголын түүх, тухайлбал Юань, мөн Мин, Манжийн үеийн судалгаагаар Баруунд өнгөрсөн зуунд гарсан номууд монголоор мэр сэр гарч байна, тэр маш сонин. Эх сурвалж их сайтай. Өвөр Монголд гарсан энэ сэдвээрх номууд мөн тийм. Сүүлийн үед Монголын Бурханы шашны түүх, номын мэргэдийн намтарт их шунах боллоо. ”Цахар гэвшийн намтар”-ыг гэхэд л их удаан уншиж байна. Хэл найруулгад нь ч болсон байх.
4. Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?
Николай Лесков. Манай гарамгай орчуулагч Д.Лхамжав гуайн наяад онд маш сайхан орчуулж гаргасан түүвэр бий.
5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Номын дэлгүүрээр явж байхад хараад аяндаа сэтгэл татагддаг ном байдаг. Өөрөөр бол тэгж ингэж сонгодог гэх юмгүй. Мэдээллийг гэвэл тохиолдлын чанартай авдаг.
6. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?
Орчуулагч Г.Амар гуайн “Миний тавилан” намтар ном. “Зургаадугаар Далай ламын намтар”. Зургаадугаарыг 25 настайдаа Бээжин хүргэгдэх замдаа Хөх нуурт учир битүүлгээр нас нөгчсөн гэдэг боловч үнэндээ бол тэндээс оргож яваад 64 насалсан. Энэтхэг, Балба, Төвд, Монголгүй явсан. Хэн болохоо нуугаад л яваад байсан. Ер бусын амьдрал туулсан хүн юм. Халхын Их Хүрээнд ирж байсан, Алшаа, Ордосоор их явж, хүрээ хийд олныг байгуулсан байна. Энэ намтрыг гарын шавь нь, монгол хүн бичсэн. Одоо уншиж буй ном гэвэл хэзээ ч асуусан “Сүн улсын Хүйтэн уулын бичиг” гэх байх аа. Хятадын дөрвөн сонгодгоос надад лав хамгийн сайхан нь энэ. Үйл явдлынхаа зэрэгцээ орчуулга нь гойд яруу. Хэзээ ч эргүүлж үзсэн ямагт шинээрээ байдаг, зохиол нь ч, орчуулга нь ч. Надад бий энэ орчуулга яг хаана, хэзээ, хэн хийснийг хараахан мэдэхгүй, номын дэлгүүрүүдэд байдаггүй, нийтэд нэг их түгээгүй тийм хэвлэл.
7. Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
Тавдугаар ангид байхдаа Дөчин мянгатад аавыгаа дагаж авга ахынд нь ирээд байтал “Советский Энциклопедический Словарь” гэж жигтэйхэн том, зузаан ном байв. Тэрийг эргүүлж үзээд “Нэг ийм юмтай болохсон” гэж жигтэйхэн мөрөөдлөө. Хорвоо дэлхийн бүх юм байх юм. Манай Комбинатад 7 дугаар номын дэлгүүр гэж байсан, хэдхэн сарын дараа тэрэн дотор явж байтал өнөө толь маань байж байна. 20 рубль 80 копейкийн үнэтэй, таваар үржүүлдэг байсан юм, тэгэхээр 104 төгрөг. Үнэ нь тийм байхаас ч аргагүй, 80 мянган өгүүлэлтэй, тамхины цаас шиг нимгэхэн байхад л хуудасны тоо нь 1500-гаад.
Монголд хувь хүн худалдан авч болох хамгийн том нэвтэрхий толь. Эргүүлж тойруулж үзэж үзэж гэртээ хариад, аавдаа халгаж халгаж хэллээ. Тэр үед 104 төгрөгөөр ном авна гэдэг бол санаанд багташгүй юм. Аав маань намайг дагуулж гараад, шууд аваад өгчихөж билээ. Өдийг хүртэл тийм үнэтэй ном байтугай эд авч үзсэнгүй. Одоо хүнд ярихдаа “Миний амьдралд тохиолдсон хамгийн баяртай гурван үйл явдал гэвэл нэг нь энэ” гэдэг юм. Угаасаа мөн юм. Тэр толийг дэргэдээс салгалгүй мөн ч олон жил ноолсон доо. Хамгийн нандин дурсгалтай ном гэвэл энэ л байна.
8. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?
Бүр багад бол “Робинзон Крузо”, “Том Сойерийн адал явдал”, Конан Дойлийн өгүүллэгүүд, Л.Түдэв гуайн зохиолууд байх. Арай хожмын буюу дунд сургуулийн төгсөх ангийн үеийнх нь “Хаан загас”, “Алтан тугал” хоёр. Одоо бол нэг номыг тэгж олон унших биш. “Хаан загас” бол зохиолч нь байгалийн хийгээд хүний мөн чанарыг айхтар нарийн таньснаараа ч юм уу, энэ хоёрын хоорондын харилцаа, шүтэлцээг тэгж гүнзгий ойлгосноороо ч юм уу мэдэхгүй, үнэнхүү сэтгэл татдаг. Зохиол өрнөдөг Умардын ой тайгын ширхэг ширхэгээрх нарийн дүр зураг, Енисей мөрнийг дагасан сайн, муу тэр олон амьтны гуниг дүүрэн аж төрлийг хүүрнэн өгүүлсэн нь бол үнэхээр ер бусын. “Алтан тугал” шиг зугаатай ном өдийг хүртэл уншаагүй л явна. Уул нь “Арван хоёр сандал”-тайгаа нийлээд хоймсон роман л даа, энэ “Алтан тугал” нь надад илүү гоё байдаг юм. Хүн багаасаа тэнэг мулгуу болж хүмүүжиж төлөвшчихгүй байхад сайн шог хошин зохиол унших их хэрэгтэй гэж боддог. 2000-аад онд Ц.Гомбосүрэн гуай сайхан орчуулж гаргасан. Гэхдээ энийг оросоор нь уншихгүй бол тэр агуу хошин нь хүний орой руу бүрэн орохгүй.
9. Цаасан хэвлэл, электрон хэвлэлийн алинаар уншихыг эрхэмлэдэг вэ?
Цаасан ном унших нь эвтэй, амар байдаг. Дэлгэцээр ном уншиж чадахгүй юм шиг билээ.
10. Номоос санал болгох эшлэл?
Шууд санаанд орох юм алга.
11. Та номын салбарын залуус, хойч үеийнхэндээ юу зөвлөх вэ?
Хэн хэн нь монгол хэлээ эрхэмлээсэй, сайн сураасай л гэж боддог.
12. Хэрэв та эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
Дээр нэр гарсан номуудаас л болов уу.
13. Би номын сантайгаа буланд дараагийн зочноор хэнийг санал болгох вэ?
Орчуулагч Л.Алтангэрэлийн юу ярих сонирхолтой байна.
Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа!