“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Манай энэ удаагийн зочин хойморт МЗЭ-ийн болон шилдэг бүтээлийн Алтан-Өд шагналт яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир зочилж байна. Никитон хамтлаг "Цамцаа тайл" дуучин Т.Ариунаа "Хуучраагүй жийнс" Камертон хамтлаг "Явах цаг боллоо, хонгор минь" Номин талст "Зүүдэнд ирэх жаргал" "Дурлаж бичсэн шүлэг" зэрэг бидний зүрхний угт уялагатай явдаг олон дуу ээн эрхмийн шүлгээр бүтсэн билээ.
1. Та анхлан номын мөрд орж, номтой нөхөрлөх болсон, цаг тохиол, учир шалтгаан хэдийнээс эхтэй вэ? Юу таныг ийш хөтлөв.
-Аав намайг бага байхад Дорнод аймгийн Чойбалсан хотын номын төв дэлгүүрээс үлгэрийн, хүүхдийн уран зохиолын ном худалдан авч өгч, орой унтах гэж байхад уншиж өгдөг байлаа. Сургуульд ороод үг холбон уншиж эхлэнгүүт нөгөө л гоё номуудаас чинь бүтэн сайн болгон номын дэлгүүр дагуулан очиж, надаар заалган сонгуулж худалдан авч бэлэглэнэ. Ингэсээр номын амтанд орж сургуулийн номын сан, аймгийнхаа хүүхдийн номын санд карт нээлгэн бие дааж, өөрөө ном захиалан уншиж эхэлсэн. Нийгэм нь ч , аав ээжийн хүмүүжүүлэх арга барил зайлшгүй ном эрдэмтэй болгох гэсэн санаа сэтгэлийн хүчинд ном уншдаг байсан балчир хөвгүүн өдгөө ном бичдэг болтлоо л дэвжин явна гэж мөхөс би ойлгодог.
2. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
-Сайн гэсэн болгоныг хошууран унших дургүй. Бестселлер гэсэн болгоныг авдаггүй. Эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” сэтгүүлтэйгээ холбоотой сүүлийн үеийн Монголчуудтай холбоотой баримтат, түүхэн, уран зохиолын номнуудаас сорчлон авдаг. Ялангуяа гадаадынхан Монголчуудыг хэрхэн ойлгодог, түүх архелогийн чиглэл, удам угсаа, жуулчдын аян замын тэмдэглэл тун сайхан шүү. Уншаад эхлэхээр салахын аргаггүй сайхан номнууд бишгүй бий дээ.
3. Таны амьдрал, үзэл санаанд хамгийн хүчтэй нөлөөлсөн номнуудаа нэрлэнэ үү?
-Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ гуай, Чингиз Айтматовын өгүүллэг, туужууд надад их уян зөөлнийг өгсөн. “Эрээнцавын эвдрээгүй найрагч” хэмээн алдаршсан Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал”, “Сэтгэлийн байгаль” яруу сайхны гайхамшгийг мэдрүүлсэн. Араас нь О.Дашбалбар ахын “Гол ус намуухан урсана”, “Бурханы мэлмий”, Б.Лхагвасүрэн ахын “Уянгын тойрог”,”Ангир уураг”яруу найргийн гайхалтай түүвэр номнууд гээд хөврөнө дөө.
4. Таны хамгийн олон дахин уншсан ном.
-Соёлын Гавъяат зүтгэлтэн, нэрт гүүш Жигжидсүрэнгийн Нэргүй ахын орчуулгаар Ф.Оссендовскийн бичсэн “Хүн араатан бурхад” номыг 3 уншчихаад байхад одоо ч нүдний ойр байлгамаар санагддаг шүү. Баримтат уран зохиолын шилдэг ном гэвээс энэ. Үүний дараа Ж.Нэргүй ахын орчуулгын бүх номнуудыг алгасалгүй уншиж эхэлсэн. Би Орос, Англи, Хятад хэл мэдэхгүй ч орчуулгын ном авахдаа уншигдаж байна уу? үгүй юу? гэдгийг эхний хуудаснуудаас нь эргүүлээд л үздэг. Үнэхээр сонирхолтой, аваад хөтлөөд явахаар номнуудыг бол авна шүү. Жилийн өмнө П.Коэльогийн “Алхимич” романыг авч уншсан. Саяхан нэг найз маань надад Орхан Памукийн “Цас” романыг бэлэглэсэн. Цагаан сар, цар тахлын хөл хорионы үеэр барьж авах санаатай.
5. Та номын сангийнхаа онцлог, сонин содон ном юу вэ?
-Багын найз “шарк” Д.Энхтүвшин ОХУ яваад ирэхдээ надад С.А.Есениний 1927 онд хэвлэгдсэн шүлгийн түүврийг Санк-Петербургийн хуучин номын дэлгүүрээс худалдан авч бэлэглэж байлаа. Надад хамгийн холоос тээж ирсэн том бэлэг. Ц. Дамдинсүрэн гуайн 1947 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчоо”, яруу найрагч үзэг нэгт ахан дүүсийн шүлгийн түүврүүд, Монгол судлалын талаарх номнууд, Г.Аким, Ж.Нэргүй, О.Чинбаяр, Д.Алтангэрэл, Г.Аюурзана,Л.Өлзийтөгс нарын бичсэн, орчуулсан номнууд голчлон бий.
6. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номнуудыг нэрлээч?
-Оросын сод яруу найрагч С.А.Есенинтэй холбоотой Монголын ихэнх сонин хэвлэл дээр гарч байсан сонины хайчилбарын арвин баялаг цуглуулгатай болдог юм байна. Үүнийгээ найз яруу найрагч, зохиолч, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуягт үзүүлдэг юм байна. Нөхөр хэсэг бодолхийлснээ:-Чи ийм ховор нандин цуглуулгаа хаячихна шүү. Ингэж навсайлган энд тэнд гайхуулж яваад үрэгдүүлнэ, ном болгон эмхэтгээч! гэсэн санаа хэлэв. Ингээд 3 сар шахуу ном болгох гэж зүдэргээтэж, эмхэлж аваад багын найз ”Шарк” Д.Энхтүвшин дээр бариад очлоо. Ийм ном бэлдлээ, хэвлүүлэх гэсэн ивээн тэтгэгч олддоггүй. Миний найзын боломж бололцоо ямар байна гэв. Найз нэлээд нухацтай харж, үзэж байснаа:- “За надад таалагдаж байна, миний нөхөр их хөдөлмөр гаргаж, эмхэтгээд номын дайтай болгосон байна” гээд зуун хувь ивээн тэтгэсэн. Ингээд 2012 оны намар Интерном их дэлгүүрт “Есенин Монголд” нэртэй түүний амьдрал, уран бүтээл, намтрын эмхэтгэл ном нээлтээ хийж байлаа. Нэрт орчуулагч С.Баясгалан, Г.Аким, Ж.Нэргүй, Б.Хишиг-Ундрал ах нарыгаа, мундагчуулаа урьж билээ. Дараа нь уг номоо СГЗ нэрт орчуулагч Г.Амар гуайн бие чилээрхүү байхад нь гэрт нь бариад очлоо. Г.Амар гуай “Есенин Монголд” номыг харсанаа:- Сураг дуулсан, нутгийн хүү ингээд сэтгэлтэй хийж бүтээгээд байгаад баярлаж сууна. М.Цэдэндорж, Д.Гомбожав, Ш.Цэндгомбо нараас эхлээд С.Есениний шүлгийг Монгол руу буулгах их адармаатай ажилд Орос хэлтэй гэж өөрийгөө боддог хүн болгон барьж авсан байдаг. Гэхдээ сайн муу гэхээсээ илүү чиний энэ ном эмхэтгэл, хойчийн судлагдахуунд нэмэртэй ном болжээ гэж хэлмээр санагдлаа гэж билээ. Хүн ер нь хайртай зүйлдээ бүхнээ зориулдаг ажээ. Энэ ном нэгдүгээрт хүмүүсийн бүтээлийг эмхэтгэсэн, Хоёрдугаарт миний найз Д.Энхтүвшин ивээн тэтгэсэн болохоор ашиг олох, зарах зорилго анхнаасаа агуулаагүй болохоор би ихэнхийг нь сургууль, соёлын газар, үдэшлэг, уулзалтан дээр хүмүүст бэлэглэсэн. Харин яруу найрагч Бадарчийн Хишиг-Ундрал ах 10 ширхгийг заавал мөнгөөр нь авна гэж зөрсөөр байгаад надаас худалдан авч билээ. Ямар сайхан сэтгэл вэ? гэж би тэр үед бодсон шүү.
7. Хамгийн сүүлд болоод яг одоо ямар ном уншиж байна вэ?
- Сүүлийн үед А.П.Чехов, Н.В.Гоголийн өгүүлэг, туужууд эргүүлж сууна. Хоёулаа л сод юм аа. Манай эрхэм мундаг орчуулагч нарын буянаар цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед гэртээ, ажлын өрөөндөө барьжээ сууна. Их айхтар цэмцгэр бичдэг юм байна. Бас орчуулагч Бугат Д.Алтангэрэлийн хөрвүүлсэн Марсэль Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд Сувааны зүг” романыг нүдний ойрхон тавьчихаад орж гарахдаа харж сууна.
8. Ном хэмээгчийг өөрийнхөөрөө тодорхойлооч, ном танд юу өгдөг вэ?
-Ном л миний багш. Ном амьд ус.Ном намайг сэтгэлээр агуу баян болгодог. Ном намайг ганцаардуулдаггүй. Их сайн нөхөр гэж хэлмээр санагддаг.
9. Ном унших дадлаасаа бидэнд хуваалцаач?
-Зуршил, дуршил болгоход хамгийн гол нь төвлөрөх, зорьж өөртөө цаг гаргаад сурчих хэрэгтэй л дээ. Энэ золигийн гар утас /кккк/хүмүүсийг номноос их холдуулж байна даа. Бүх зүйлийг цахим руу оруулсанаас болж номын хавтас сөхөх хүүхэд залуус багасах төлөвтэй. Цахимаас илүүтэй, цаасаар номыг барьж уншихын таашаал тун сайхныг мэдрэмж өгдөг шүү.
10. Өөрийн бүтээсэн номоо танилцуулна уу?
-За даа,... молхи би ч хэдэн ном бичсэн, эмхэтгэсэн. Яруу найргийн “Зүүдний зураг”,”Цаг хугацааг нэрэхүй”, “Бие галбирлаг сарны доор...”,”Урин”, “Сүүлчийнх гэж дурласаар байтал”,“Үүлсийн галбир”, “Бясалгагч шүүдэр”, “Сэтгэлийн реализм”, сэтгүүл зүй баримтат уран сайхны “Яруусахуйн зүг”, “Бодролын зүг”, эмхэтгэл ном “Есенин Монголд”, дууны яруу найргийн “Хайр...”, “Шүлгэнд ассан аялгуу”, “Хайрын цомог”, “Дуурсахуй дуун боть” гэх мэт номууд бүтээжээ, бичжээ.
11. Эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
- А.И.Герцений “Туулсан замд төрсөн бодол” гэдэг 3 боть ном олж аваад явна даа. Олон жилийн өмнө хуучин номын дэлгүүрээс худалдаж аваад гэрийнхээ номын санд хийчихсэн байсан чинь, нэг найз маань “уншаад өгье” гэж авч яваад 10 жил болж байна. А.И.Герцен бол Оросын том сэтгэгч, зохиолч, сэтгүүлч хүн байсан юм билээ. Энэ ном Оросдоо агуу алдартай ном. Саяхан эрж эрж 3-р ботийг нь олж авсан. Эхний хоёр боть нь аандаа олдох биз ээ.
12. Энэ буланд оролцох дараагийн хүнийг нэрлэнэ үү?
-Хөгжим драмын Найруулагч Наваажанцангийн Болд байвал зүгээр дээ. Тэр хүн номын сангийн талаархи өргөн мэдлэг, өндөр боловсролтой хүн. Намайг бодвол гэгээрсэн их сайн уншигч, цуглуулагч гэж би боддог.
2021.02.04