БИ НОМЫН САНТАЙГАА: МУИС-ИЙН БАГШ Д.ОЮУНГЭРЭЛ
2021-02-01 Би номын сантайгаа 2846

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ.  Бид энэ удаад МУИС-ийн багш Д. Оюунгэрэлийн  номын сангаар та бүхнийг зочлуулах гэж байна. 

Та номын сандаа хэдэн номтой вэ?

Би яг тоолж байгаагүй юм байна шүү. Гэрийн номын сангаас гадна ажил дээр, мөн зуслан дээр байгаа. Ажил дээр сургалтанд ашиглагддаг номнууд, зуслан дээр уран зохиолын номнууд байгаа. Гэрийн номын сан бас хүүхдийнх тусдаа гэх мэт. Гэр бүлийн хүн маань бас номын хүн болохоор манайх номын сан цаашид ч арвин болох шинжтэй. Би ирээдүйд номын дэлгүүртэй, хувийн номын сантай болох юмсан гэж мөрөөддөг. Энэ миний туйлаас хүсдэг мөрөөдөл. Хэн нэгэнтэй хамтарч ийм сайхан гэгээн ажил эрхлэх юмсан гэж боддог. Өглөө эртлэн босоод номын сангаа нээгээд түрүүлж орж ирсэн хэн нэгэнтэй кофе хувааж уун хуучилж суухыг мөрөөддөг. Сонин захиалж хөгшчүүлтэй хууч хөөрч суух ч юм бил үү. Энэ мөрөөдөл биелэх ч юм бил үү. Номоо цуглуулсаар л явна.

Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Нэг их тийм төрлийн гэж онцолмооргүй байна. Хүний сонирхол байнга өөрчлөгддөг шүү дээ. Яг одоо бол сургалтанд ашиглагдах номнуудаа л их уншиж байна. Нэг ярьсан жишээгээ байнга давтаад суух уйтгартай шүү дээ. Байнга л шинийг эрэлхийлж байх ёстой. Мэдээж би уран зохиолын номонд дуртай. Хүнийг янз бүрийн амьдралаар амьдруулдаг. Жишээлбэл, 8-р ангид байх шиг санагдаж байна. А.Дюмагийн Монте Кристо гүн цуврал романыг уншсан. Эдмон Дантес шоронгоос оргодог хэсгийг уншаад шөнөжин би өөрөө шоронгоос оргож зүүдэлсэн юм даг. Цайз дээрээс далайн ус руу шидэгдээд орилж босч ирээд. Ээж минь их шүтлэгтэй хүн л дээ. Энэ хүүхэд шөнө орилоод унтаж чадахгүй байна гээд Чимэдцэрэн гээд номтой лам хөгшин дээр дагуулж очиж байв шүү. Мэдээж би ээжийг эсэргүүцвэл болохгүй учраас чимээгүй л дагаж явсан. Угаас тэр хүн их сайхан эрдэм номтой, харваас л хүндэлмээр, нутгийнхныг сайн сайхнаар үлгэрлэдэг мундаг номтой хөгшин байсан л даа.

Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Түрүүн хэлсэн шүү дээ. Хичээлтэй холбогдолтой номнуудаа шууд эхэлж сонгоно. Бусад төрлийн номнуудыг сонгохдоо сэдвээс гадна найруулга зүйг эхэлж харна. Хүмүүсийн шуураад байгаа номнуудыг сонгодог гэвэл худлаа. Заавал хуудсыг нь сөхөж харна. Миний сүүлд уншсан номнуудаас сэтгэлд нийцтэл орчуулсан ном нь Үй Хуа гэдэг хүний Амьдрахуй байсан. Маш сайн монгол хэлтэй байж номыг тэгж орчуулах байх л даа. Би хөвгүүддээ хэлдэг юм. Хүний амьдрал бол сонголт. Ямар сонголт хийхээс хүний амьдрал хаашаа ч эргэж болдог гэж. Түүнийг л сайн харуулсан ном байна лээ. Манай том хүү уншсан. Ямар сэтгэгдэлтэй үлдсэнийг ярилцаагүй.

Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Номын дэлгүүр хэснэ. Интернет сайт ухна. Найз нөхөд, хамтран зүтгэгчид ийм ном байна гэж хэлнэ. Янз бүр дээ.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Хичээлдээ зориулаад янз бүрийн л ном харж байна. Ер нь нийт уншигчдад сонирхуулах юм бол өнгөрсөн намар Агнистийн гэгээгийн бүх цувралыг авсан. Том хайрцагтай ирсэн. Задалж эхэлсэн. Урагшаа Улаан хадны их сургуульд очиход надад “Судрын чуулган”-ыг монгол бичгээрх хувилбарыг бэлэглэсэн. Түүнийг уншиж байгаа.

Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Сайн мэдэхгүй байна. Ховор номыг содон гэх юм уу, сайн бичигдсэн номыг содон гэх юм уу, мартагдашгүй хүний бэлэглэсэн номыг содон гэх юм уу гэдгээ ойлгохгүй байна. Ном бүр л өөрийн гэсэн хэлэх гэсэн санаатай, өгүүлэх өгүүлэмжтэй байдаг шүү дээ.

Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Яг сайн хэлж мэдэхгүй байна. Багш хүн шавь нараа ялгаж харьцдаггүй шүү дээ. Яг л түүн шиг. Зүгээр сонирхуулахад дунд сургуулийн сурагч байхдаа уншиж сонирхолтой дурсамж үлдээсэн болохоор тэр юм уу, Оройгүй сүмийг нэрлэе дээ. Яг уншиж байхдаа Санж ламыг маш гоёор дүрслээд л. Дүрд дурласан байдаг юм. Дунд сургуулийн ахлах ангийн сурагч шүү дээ. Тэр үед яг тийм дүрээр дүрсэлсэн лам сууя гэвэл шууд л суух байсан /Инээв/

 

Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Миний хамгийн сүүлд худалдаж авсан ном бол хуучин номын худалдаанаас авсан хоёр ном байна. Эхнийх нь ХААИС-ийн багш байсан, одоо тэтгэвэртээ сууж буй П.Батаа багшийн орчуулсан Томас Морийн “Утопи арал” зохиол байна. Дашрамд дурдахад манай Батаа 15 настай байхдаа хөдөөгийн хүмүүст соёлын үрийг тарих гэж яваад цасан шуурганд төөрч осгоод хоёр гар, хоёр хөлөө тайруулсан ийм түүхтэй хүн. Гэсэн ч тэрээр орос хэлийг бие даан сураад дэлхийн сонгодог зохиолуудаас орчуулсан. Тэр бол байгаль, нийгэм, оюуны шалгуурыг давсан монгол хүн бүр мэдэж байх ёстой цөөн хүний нэг л дээ. Одоо 80 гарсан ч номоо бичсээр байгаа.

Мөн Ц.Хасбаатар гуайн орчуулсан Данте Алигьерийн “Тэнгэрлэг туульс”-ын цувралуудыг авсан. Хуучны орчуулгууд уншууртай. Манай өмнөх нийгмийн үеийн уран зохиолууд ч тэр. Үзэл суртлын шинжтэй хэсгийг эс тооцвол үнэхээр сайн судалгаатай, маш сайн найруулгатай бичсэн байдаг. Жишээлбэл, Л.Түдэв гуайн Оройгүй сүм зохиол байна. Юмыг бичнэ гэдэг бол зүгээр зохиогоод биччихдэг зүйл биш, тэр чигтээ судалгаа байдаг гэдгийг харж болно.

Танд ном юу өгдөг вэ?

Юу өгдөг вэ? /бодолхийлэв/ Ухаарал, гуниг, санаашрал, баяр баясал. Ер нь бүгдийг өгдөг юм байна. Ухаарах тусам гуниг төрдөг. Номыг уншсанаар хүн янз бүрийн хүний амьдралыг мэдрэх боломжтой. Эргэцүүлдэг болгоно. Яагаад гэдэг асуулт тавьж хариулт хайдаг болно. Ингэснээрээ аливаа асуудалд нухацтай ханддаг болгоно. Өнөөдөр манай нийгмийн нэг гол дутагдал гэх үү, онцлог гэх үү ямар нэг асуудлын цаад учрыг олж эргэцүүлэхээсээ илүү давалгаалан хошуурдаг байдал ажиглагдаж байна. Үнэлэмжийн тэнцвэрт байдал бидэнд их чухал байна л даа. Газар дээр амьдардаг амьтныг тэнгэрт тултал магтана. Эс бол газар доогуур ортол муулна. Энэ байдлыг засах гэх үү дээ, гол арга нь хэн нэгэн хэлэхээс илүү өөрсдөө унших эргцүүлэх л дээ.

Таны хамгийн олон дахин уншсан ном, яагаад?

Хамгийн олон дахин уншсан ном бол эртний Грекийн философич Платоны зохиол бүтээлүүд байна. Дашрамд дурдахад манай нэртэй соён гэгээрүүлэгч Б.Даш-Ёндон гуай эртний грекийн философийн сонгодог бүтээлүүдийг орчуулсан байдаг. Тэдгээрийг уншилгүйгээр их, дээд сургуулийг төгсөх нь учир дутагдалтай. Төр улс зохиолын 7-р бүлгийг олон хүнд уншуулмаар санагддаг. Түүний Агуйн тухай зүйрлэлийг унших тусам бид ямар харанхуй ертөнцөд амьдарч байгаагаа ухаарах болно. Тэндээс авах хамгийн чухал сургамж бол хүн өөрийгөө ажиглах, ухаарах, таних явдал юм. Агуйгаас гарч нарны гэрлийг харах нь сэрэх, санахын билэгдэл юм. Өнөөдрийн зарим улс төрчид бол тархи угаагчид. Биднийг агуйд байлгах хүсэлтэй. Хууран мэхлэлт, нэг талыг барьсан байдал, эрх мэдэлтнүүдийн үг бүрийг хүлээн авах нь агуйдаа үлдэхийн шалтгаан. Ийм нэг утга байна.

Түүнчлэн агуйн зүйрлэлийг эдүүгээчлэн тайлбарлах юм бол өөр нэг утга гарна. Тэр нь орчин үеийн хүмүүс бид үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийн хэт ачаалал дунд яг л үерт автан байгаа нь агуйд буй мэт. Хаашаа л харна бидний анхаарлыг өөртөө татаж, нөлөөлөхийг хичээсэн хүмүүс хүссэнээ бичүүлж, бас бичиж байна. Ихэнх нь төөрөгдөл. Тиймээс жинхэнэ үнэнийг таних, үнэнийг худлаас, гэрлийг харанхуйгаас ялгаж салгахын чухлыг бид ойлгох ёстой гэх мэтчилэн олон санаа байна даа.

Олон дахин уншсан олон бүтээл байна дөө. Орчин үеийн японы философич Нишида Китарогийн зохиолыг олон дахин уншсан. Үндэстнээ хэрхэн сэргээх вэ? Хэрхэн хүчирхэг болох вэ? гэдэг асуудалд анхаарлаа хандуулдаг ийм сэтгэгч.

Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Мэдээж аль нь ч хэрэгтэй, аль алинд нь давуу тал байна. Гэхдээ цаасан хэвлэл. Доогуур нь зурна, өнгөтөөр ялгаж тэмдэглэнэ. Энэ бүхэн бол амталж уншиж байгаа хэлбэр л дээ.

Залуу хойч үеийнхэндээ ямар зөвлөгөө хэлмээр байна?

Би өөрийгөө зөвлөгөө хэлэх хүн мөн үү гэж бодогдож байна. Гол нь хүүхдүүдээ л номонд дуртай болгож өсгөх нь чухал гэдгийг мэдэрч байна. Иймээс бид өөрсдөө үлгэрлэх шаардлагатай. Хүн унших тусам эргэцүүлдэг болно. Уншихгүй бол хоцрогдоно. Хүн хоцрогдох тусмаа өөрийгөө үнэлэх, шинжих чадваргүй болно. Иймээс ном уншихын чухлыг ээж аав бид өөрсдөө ойлгохоос гадна хүүхдүүддээ ойлгуулах нь их чухал Орчин үед залуу аав ээж нар хүүхдэдээ төдий л анхаарал тавихгүй бол тэрхүү орон зайг цахим орчин орлоно. Английн эрдэмтдийн тогтоосноор интернэтэд олон цагийг өнгөрөөдөг хүний оюуны чадвар өнгөцхөн болохоос гадна гүн гүнзгий сэтгэх чадвар багасдаг. 10-аас илүү жил интернэт  хэрэглэсэн хүн сайт, сувгаа байнга солих үйлдлийг байнга хийдэг нь тухайн хүнийг тэвчээргүй, зан аашийн хувьд тогтворгүй, улмаар түрэмгий нэгэн болгож хувиргадаг гэсэн байна лээ. Ном уншдаг хүүхдэд ийм зан чанар төлөвшихгүй байх л даа. Бид хамтарч Ёс суртахууны боловсрол гэдэг жижиг гарын авлага гаргасан. Тэнд бас иймэрхүү талын мэдлэг өгөх зүйлс орсон байгаа. Сонирхож болно.

Эзгүй арал руу явах бол номын сангаас ямар ном авч явах вэ?

Ном биш үзэг дэвтэр л авч явах байх. Би өөрөө үзсэн харсан сонин хачны тухай адал явдалт дурсамж, аяллын тэмдэглэл бичээд ирнэ.

Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

Бидний хэсэг нөхдийн “Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе” гэсэн хамтын бүтээлийн зураачаар оролцсон Монгол Улсын СГЗ Ж.Саруулбуян гуайг оролцуулах саналтай байна. Энэ эрхэмд маш сайхан, чиний асуугаад байгаа ховор бас нандин бүтээлүүд байгаа гэж сонссон.

 

 

Түр хүлээнэ үү...
Top