“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаад бид УИХ-ын гишүүн Ч. Ундрамын номын сангаар та бүхнийг зочлуулж байна.
1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Тоолж үзээгүй учраас мэдэхгүй байна. Тавиурууд дүүрээд гэрийнхээ энд тэнд боломжит газар бүр номоо тавьж байна. Сүүлийн үед цуглуулга маягаар чухал номуудыг хэвлэмэл эхээр аваад, үлдсэнийг нь онлайнаар авч уншдаг болж байгаа. Ангилж хадгалахыг оролддог, одоогоор түүх, Монголын уран зохиол, гадаадын уран зохиол, бизнесийн удирдлагын, бусад шинжлэх ухааны, өрөг гэсэн хэсэгт хувааж байна.
2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Мэргэжлийн ном ихэвчлэн уншдаг байсан. Толгойгоо амраах үедээ уран зохиолын ном уншина. Сүүлийн жилүүдэд философи, түүх, улс төр, бусад улс орны хөгжлийн туршлага гээд унших сэдвийн цар хүрээ нэлээд өргөн болсон.
3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Мэдлэг, чадвар, хуримтлуулсан туршлагаараа хүндлэгдсэн хүмүүсийн санал болгосон ном, эсвэл зохиогч, хэвлэлийн газрын нэр хүнд, сэдэв нь сонирхолтой эсэх, тухайн үед надад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг олгоно гэж бодвол гэх мэт олон янзын шалтгаанаар сонголт хийнэ. Зарим номын агуулгыг эхлээд Instaread-ээс уншаад шийддэг.
4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Ном эрхлэн гаргадаг, худалдаалдаг байгууллагуудын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх номын тухай мэдээлэл, шүүмж зэргийг харна. Гадаад номын хувьд Goodreads, LibraryThing их сайн шүүмж бичдэг.
5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Аугаа Их Чингис Хааны Түүх гэж 1710 онд анх Франц хэл дээр хэвлэгдэн гарч байсан, XVII зууны Европын нэрт эрдэмтэн, Ойрх дорнод болон дундад Азийг судлаач, дипломат, орчуулагч, Францын XIV Луй хааны итгэлт шадар түшмэл Пети де Круагийн бичсэн номыг уншиж байна. Энэ ном нь 1722 онд Англи хэл дээр хэвлэгдэж байсан юм байна лээ. Англи хэлнээс номыг доктор М.Саруул-эрдэнэ монгол хэл рүү хөрвүүлснийг нь уншиж байна.
6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Адам Смитийн 1776 онд бичсэн The Wealth of Nations хэмээх алдарт ном юм уу.
7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Миний номын санд хамтран ажилладаг, найз нөхдийн ном их байдаг. Энэ дундаас профессор П.Дэлгэржаргал тэргүүтэй МУИС, ШУА-ийн залуусын бичсэн Монголын эртний түүх 5 боть, Эзэнт гүрний түүх 5 боть гарахад би маш их баярлаж байсан. Монгол Улсын түүхийг урьд өмнө ашиглаж байгаагүй шинэ эх сурвалжит тулгуурлан бичиж улсынхаа түүхийг үнэнд дахин нэг шат ойртуулан сийрүүлсэн ном болсон. Энэ номыг Ерөнхий боловсролын сургуулийн түүхийн ном бичихэд ашиглах ёстой гэж боддог.
8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Төв талбайд зохион байгуулагдсан Номын өдөрлөг дээрээс хэд хэдэн ном авсан. СГЗ Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн”, Төрийн Соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан”, “Нар сар, сар нар”, “Дорно зүгт өвс болно” найраглал, туульс, Хан Бён Чолийн Тамирдсан нийгэм номын монгол хэлнээ А.Амармэнд орчуулсан хэвлэл болон яг одоо уншиж байгаа номоо авсан байна.
9. Ном танд юу өгдөг вэ?
Уншиж байгаа номын төрлөөс шалтгаалаад өөр өөр зүйлийг өгдөг. Зарим ном шинэ мэдээлэл өгч байхад зарим ном маш их зүйл бодогдуулж эргэцүүлэх боломж олгоно, зарим нь сэтгэл хөдлөл, шинэ мэдрэмж, төсөөлөл өгнө. Ном ер нь өөрийгөө олох, өөрийнхөө хамгийн сайн хувилбар болоход тусалдаг юм уу даа.
10. Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?
Бодь мөрийн зэрэг, ойлгож өөрийн болгоход маш хүнд. Одоо ч бүрэн ойлгоогүй л явна.
11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Цаасан хэвлэлд илүү дуртай ч сүүлийн үед өөрийн бүх номын сангаа жижиг төхөөрөмжид хийгээд аваад явах боломж олгож байгаа Kindle-дээ дасаж байна.
12. Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна?
Өнөөгийн аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгал ид өрнөж буй үед өөрт байгаа ховор цагаа зөв зүйлд зарцуулж технологийн дэвшлийг ашиглан мэдлэг чадвараа стратегитайгаар хөгжүүлж улс орон, эх дэлхийдээ тулгарч буй асуудлыг шийдвэрлэх хэмжээний хүн болохын төлөө өөрийгөө дайчлаасай гэж хүсэж байна. Мэдээж үүний хажуугаар амьдралын үнэ цэн, гоо сайхныг бас мэдрэх нь чухал.
13. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?
Өөрийгөө аврахад шаардлагатай хими, физик, биологи, механикийн чиглэлийн ном авч явах болов уу.
14. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан Дэд захирал, профессор П.Дэлгэржаргалыг санал болгомоор байна.