БИ НОМЫН САНТАЙГАА: "ШАРК" Д. ЭНХТҮВШИН
2020-09-07 Би номын сантайгаа 9512

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Бид энэ удаад  “MCS” группийн Дэд ерөнхийлөгч “Шарк” Д.Энхтүвшингийн номын сангаар таныг зочлуулахаар бэлтгэв. 

1.    Та номын сандаа хэдэн номтой вэ?

Яг тоолж үзээгүй юм байна, номын нуруугаар нь багцаалахад 40 м2 талбай лав байна. Ерөнхийдөө 3 хэсэг номын сантай. Нэгдэх нь түүх, урлагтай холбоотой, 2 дахь нь бизнес, эдийн засаг, улс төр, буддын гүн ухаантай холбоотой, 3 дахь нь уран зохиолын голдуу ном. Зайгүй болоод 3 дахь номын сангаа түр зуур хураачихсан байгаа. Гадагшаа явахдаа ёстой л элчин шиг яваад илжиг шиг ном чирж ирдэг. Их ч олон гар чемоданы дугуй эвдсэн. Азаар гэр бүлийн хүн маань бас номонд дуртай.     

2.    Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Ихэвчлэн бодит үйл явдал, баримт, логик дээр үндэслэсэн эсвэл түүхэн ном зохиол уншдаг байсан. Гэхдээ сүүлийн үед уран зохиолын ном илүү сонирхох хандлагатай байгаа. 

3.    Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

   Тухайн үед судалж, сонирхож байгаа сэдвээсээ шалтгаалж бага зэрэг судлан эхний ерөнхий сонголтуудаа хийгээд, дараа нь Goodreads, Blinkist, Instaread зэргээс номын гол агуулга болон хүмүүсийн үнэлгээ, сэтгэгдлийг нь харж байгаад бүтнээр нь унших эсэхээ шийддэг. Эсвэл шинэ авсан номнуудаасаа сонгож уншдаг. 

 4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

  Бараг долоо хоног болгон номын дэлгүүрийн шинэ номын хэсгийг эргэдэг. Номын дэлгүүрт орохоор сүмд байгаа мэт мэдрэмж төрдөг. Google, Goodreads болон The New Yorker сэтгүүлийн номын хэсгээс бас шинэ номын мэдээлэл авдаг.

5.    Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Үй Хуа-ын Амьдрахуй. Их гоё орчуулгатай ном байна лээ. Агнистийн гэгээ цувралын 22: Аниргүйн эгшиглэн, Stuart Ritchie-ийн Science Fictions, David Graeber-ийн Debt, Жанцанноров гуайн Миний харгуй гэсэн номнуудыг ээлжлэн үзэж байна.  

   

6.    Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

  Содон гэвэл хамгийн өндөр настай нь 1688 онд хэвлэгдсэн Historie des deux conquerans Tartares гэдэг ном байгаа. Хамгийн үнэтэй нь Бичурины “Записки о Монголiи”. Энэ ном одоо Shapero гэдэг хуучин номын худалдааны компанийн вэб сайт дээр 9500 фунт гэж байна лээ.      


7.    Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

   Гавьяат хуульч Н.Жанцан гуайтай хамт Хонконгд явж байгаад хуучин номын дуудлага худалдаанаас Н.Я.Бичурины 1828 онд хэвлэгдсэн “Монголын тухай тэмдэглэл” гэдэг номыг худалдан авч доктор Б.Даш-Ёндон гуайгаар орчуулуулан Нэпко компаниар хэвлүүлсэн. Судалгаануудад олонтой дурдагддаг байсан энэ номыг Монгол хэл дээр хэвлүүлж илүү олон хүнд хүргэсэндээ баяртай байдаг. Мөн 1930 аад онд Монгол бичгээр хэвлэгдэж байсан Шидэт хүүрийн үлгэр, 15 настай капитан гэх мэтийн номууд их дотно санагддаг.

   

8.    Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

   Хамгийн сүүлд гэвэл шинээр байгуулагдсан Сэлбэ сургуулийн номын санд 7 тор ном худалдан авч бэлэглэсэн юм байна. Өөртөө гэвэл The Paytech book, Ц.Уранчимэгийн Монголын их хүрээ, хийдийн буддын шашны урлаг гэдэг номнууд сүүлд авсан. 

9.     Ном танд юу өгдөг вэ?

   Үзэл бодлын өөр өөр өнцгүүдээс гадна төвлөрөл, төсөөлөн бодолт, амралт, сэргэлтийг өгдөг санагддаг. 

10.  Таны хамгийн олон дахин уншсан ном, яагаад?

    Би номыг харьцангуй удаан уншдаг, нэг ч ном бүтнээр дахиж уншиж байгаагүй юм байна. Шаардлага гарвал уншсан номынхоо тэмдэглэсэн хэсгүүдээ эргүүлж хардаг. 

11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

   Цаасан хэвлэлээр уншихад илүү төвлөрч чаддаг санагддаг. Номны үнэр, цаасны ширхэг, үсгийн фонт, хэлбэр хэмжээ, өнгө будаг, элэгдэгдэл, гэмтэл, нугалж, тэмдэглэсэн байдал гээд ном болгон өөр өөрийн онцлогтой санагддаг. Хэвлэмэлээр нь авах боломжгүй номоо л Kindle дээр авдаг.  

12.   Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна

  Өнөөдөр илүү үнэ цэнэтэй болж байгаа төвлөрөх, төсөөлөх бодох ур чадваруудыг номоор дамжуулан багаас нь хөгжүүлэх боломжтой санагддаг. Хүүхдүүдээ багаас нь номонд дуртай болгоорой гэж зөвлөе. Миний хувьд бага байхдаа гэрийнхээ хажуу талын номын санд ихэнх цагаа өнгөрүүлж номонд дуртай болсон. Нэг ч гэсэн хүүхдийг номонд дуртай болоосой гэж бодоод Вива сити хотхонд Бяцхан Мэргэд хүүхдийн номын сан, Баянхошуунд Хүүхдийн гэр ТББ-д номын сан барьж, байгуулж өгсөн.

13.   Эзгүй арал руу явах бол номын сангаас ямар ном авч явах вэ?

 Амь гарахтай холбоотой ном юм болов уу. Даанч манай номын санд тийм ном байдаггүй. 

14.     Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

Энэхүү буланд зочноор санал болгосон Bolor_ulzii-д баярлалаа. Боломжтой бол Ш.Чоймаа багшийн эсвэл зураач М.Эрдэнэбаярын номын сан сонирхолтой санагдаж байна. 

 

Түр хүлээнэ үү...
Top