“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ дугаартаа бид манай шилдэг залуу эрдэмтдийн нэг, МУИС-ийн багш, доктор Дуламын Бум-Очирыг өөрийн номын сангаа уншигчдад маань танилцуулж, номын тухай дэлгэр хууч хүүрнээчээ хэмээн хүслээ.
1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Надад цаасан хэвлэлийн ном хичнээн байгааг хэлж мэдэхгүй ч тоолж барамгүй хэдэн мянга бол биш, харин хэдэн зуугаар л тоологдох болов уу. Тодорхой тоог нь хэлж мэдэхгүй байгаагийн учир нь би ном цуглуулахаа больсон. Цуглуулахаа больсон шалтггаан номонд дургүйдээ биш харин өнөө цагийн амьдралын хэв маягтай холбоотой бөгөөд ажил амьдралаасаа шалтгаалж нэг газраа тогтмол суурьшмал байх нь ховор, нүүдэл суудал ихтэй амьдардгаас гадна мэргэжлийн онцлогоосоо шалтгаалан хаашаа ч явсан номнуудаа биедээ авч явах шаардлага ихээхэн гардаг учир номын сангаа нүүлгэж авч явах боломжгүй болохоор сүүлийн арав гаруй жил үндсэндээ өөрийнхөө байнга хэрэглэдэг, хэрэглэх шаардлагатай номнуудыг цахим хэлбэрээр хадгалж биедээ авч явахыг илүүд үзэх болсон. Тиймээс номын сандаа хичнээн номтойг хэлж таахад бэрх. Ном гэдэг миний хувьд хэрэглээ.
2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Антропологийн, монгол судлалын номнууд буюу мэргэжлийнхээ чиглэлийн номнуудыг л голчлон уншиж байна.
3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Миний хувьд тухайн үедээ хийж буй судалгаа эрдэм шинжилгээний ажлаасаа хамаарч түүнтэй холбогдох бүтээлүүдийг л сонгон унших нь чухал. Ном гэх ойлголтод зөвхөн уран зохиолын ном гэхээсээ илүү голдуу мэргэжлийн болоод шинжлэх ухааны судалгааны бүтээлүүдийг хамааруулж ярьж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Уран зохиолын номонд дуртай боловч цаг зав гаргах боломж хомс байдаг.
4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Сүүлийн үед хэвлэгдэж байгаа ном болоод эрдэм шинжилгээний өгүүллүүдийн мэдээллийг сошиалоор буюу мэргэжлийн салбар дахь найз нөхдийн хүрээлэл, тэдний цахим хаяг болоод олон нийтийн сүлжээнээс л мэдээлэл авдаг. Зарим тохиолдолд шинэ номын талаарх мэдээллийг номын дэлгүүр болон номын үзэсгэлэн худалдаанаас мэдэж авах нь ч бий.
5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Яг одоо бол ном уншаагүй, ном орчуулж байна. Ном уншиж байгаадаа бараг орох байх гэж бодож байна. Кэмбрижийн их сургуулийн багш, монгол судлаач, нэрт антропологич David Sneath-ийн бүтээл болох өвөр монголын соёлын хувьсгал болоод түүнээс хойшхи наяад оны эдийн засгийн шинэчлэлийн үеийн хөгжил, хоёр монголын хуваагдсан түүх гэхчилэн олон сонирхолтой баримтуудын талаар өгүүлэх “Өөрчлөгдөж буй өвөр монгол” гэх номыг орчуулж байна. Цаг хугацаа нь нилээн шахуу болсон тул үүний хажуугаар өөр ямар нэгэн ном унших зав чөлөөгүй л явна. Удахгүй уншигчдын гарт очих байх.
6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Би англид оюутан байх хугацаандаа судалгааныхаа ажлыг Төвдөд хийж, түүгээр газар орон үзэж явахдаа ургамлын хатаамал гэмээр нутгийн аргаар хийгдсэн содон цаастай, хатуу хавтастай тэмдэглэлийн дэвтэр авч байсан юм. Тухайн үед залуу насандаа хөтлөгдөж учиргүй мундаг зохиолч яруу найрагч биш хэдий ч өөрийн бичсэн шүлгүүдээ нэгтгэн өнөөх дэвтэрнийхээ цаасанд нэг бүрчлэн хэвлэн, хуудсыг нь дугаарлаж үдсэнээр ганцхан хувь ном бий болсон юм. Содон цаасан дээрх цорын ганц хувь ном болгож хадгалж байсан нь миний хувьд онцлог ном гэж хэлж болох байна.
7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Зохиогчид нь өөрийн гарын үсгээ зурж бэлэглэсэн номноос эхлээд дурсгалтай номнууд их олон байдаг. Гэхдээ миний хувьд үнэ цэнэтэй, ховор нандин гэж хэлж болохоор ном бол аавын маань 1992 онд гаргасан “Дархад бөөгийн уламжлал” гэх бүтээл. Үүний хуулбарлаж /канондсон/ хавтасласан ганц хувилбар номын санд минь хадгалагддаг бөгөөд байгаа эсэхийг нь үе үе шалгаж байдгийн гол учир нь энэ ном ахин хэвлэгдээгүй юм. Эх хувиасаа гадна надад хадгалагдаж байгаа хуулбар гээд цөөхөн үлдсэн тун ховор номуудын нэг учир миний хувьд нандин ном гэхээр хамгийн түрүүнд энэ ном л санаанд бууж байна.
8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Бичсэн номныхоо сэдвийн хүрээнд капитализмтай холбоотой гарсан орчуулгын номнуудыг нилээд их худалдаж авсан. Ерөнхийдөө капитализм болоод эдийн засаг түүнтэй холбоотой сүүлийн үеийн орчуулгын номнуудыг мэргэжлийнхээ үүднээс авч унших шаардлага гарсан гэх үү дээ. Харин яг одоо худалдаж авах гэж байгаа ном бол миний өөрийн бичсэн ном. Саяхан англид хэвлэгдсэн Лондон Коллеж Их Сургуулийн хэвлэлээс (UCL) гаргасан бөгөөд одоогоор “амазон”-д зарагдаж байгаа. Баруунд эрдэм шинжилгээний ном хэвлүүлэх үйл явцыг хүн бүхэн тэр бүр мэддэггүй учир энэ дашрамд өөрийнхөө номны тухай гэхээсээ илүү ном хэвлэн гаргах үйл явц болон баримталдаг зарчмуудын тухай товчхон яръя гэж бодлоо. Эрдэм шинжилгээний ном хэвлүүлэхэд ашиг орлого олох гэх ойлголт байдаггүй бөгөөд өөрийн бичсэн номоо хэвлэх үйлдвэрт барьж очин үнэ мөнгийг нь төлж хийлгэдэг ажил ч мөн биш юм. Бүтээлээ аль нэг хэвлэх газарт санал болгосны дараагаар тухайн сэдвийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд нэр нь нууцлагдсан бүтээлийг уншиж танилцан хэвлэх шийдвэрийг гаргадаг. Харамсалтай нь хэвлэх шийдвэр гарснаас хойш зохиогчийн эрх нь тухайн хэвлэлийн газарт шилждэг бөгөөд өөрийн номоо худалдан борлуулах, дахин хэвлэх боломжгүй болдог. Мэдээж хувьдаа хэвлүүлэн түгээж болох хэдий ч нөгөө талаас эрдэм шинжилгээний хүрээнд мэргэжлийн хяналтаар ороогүй л бол тухайн бүтээл хүлээн зөвшөөрөгддөггүй. Ном маань хэвлэгдсэний дараагаар “UCL” прессээс ердөө найман ширхэг номыг л надад явуулсан нь дэндүү цөөхөн байсан учир өөрийн бичсэн номоо худалдаж авахад бэлдээд байгаагийн маань шалтгаан энэ. Тиймээс монголд түгээх боломж хомс байгаа хэдий ч нэгэнтээ энэ бизнес биш шүү дээ.
9. Ном танд юу өгдөг вэ?
Миний бодлоор ном бидэнд бүх зүйлийг өгнө. Бүх юмыг гэх нь хэтэрхий ерөнхий хариулт мэт байж болох ч нарийн бодоод үзвэл бүх л зүйлсийг өгдөг. Жишээ нь бүх л зүйлс гэхээр эд баялагийг хүртэл өгдөг үү гэж асууж болно. Номноос үзэж харж сурч мэдсэн зүйлээрээ амьдарч яваа нэгэн байхыг үгүйсгэшгүй. Цаашлаад ном гэдэг ухаарал, баяр жаргал, гуниг зовлонг ч өгч болно шүү дээ.
10. Таны хамгийн олон дахин уншсан ном? Яагаад?
Хамгийн олон дахин уншсан ном гэвэл миний сүүлд бичиж хэвлүүлсэн “The state, popular mobilisation and gold mining in Mongolia” /Монгол дахь төр, нийтийн хөдөлгөөн, алтны уурхайнууд/ хэмээх ном. Чухам хэдэн удаа уншсанаа өөрөө ч хэлж мэдэхгүй байна. Хэдий өөрөө бичиж байгаа ч тухайн бүтээлийг уншигчдын хүртээл болгохын тулд дахин хянаж, улам сайжруулах үүднээс олон удаа давтаж унших шаардлага гардаг. Үг үсэг найруулгын алдаа гэх мэтчилэн унших тусам л сайжруулдаг.
11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Ном бол хэрэглээ гэж хэлсэнчлэн хоёр янзын хэрэглээ байна. Нэг нь чөлөөт цагаараа сонирхон унших, нөгөө нь өдөр тутмын албан хэрэглээ буюу зайлшгүй хийх ёстой зүйлсийн нэгд багтах. Миний хувьд өдөр тутмын хэрэглээ болсон учир авсаархан байхыг илүүд үздэг. Хэрэглээ гэдэг аль болох л хүнд ойр, хямд төсөр, авч явахад хялбар байх ёстой учир олон зузаан номнуудыг цаг үргэлж биедээ авч явна гэдэг хүндрэлтэй шүү дээ. Тиймээс цаасан хэвлэлээс илүүтэй өдөр тутамд хэрэглэгдэх чухал хэрэгцээтэй номнуудаа цахим хэлбэрээр уншихыг эрхэмлэдэг.
Цахимаар буюу pdf файлаар байх нь маш олон давуу талтай. Тухайлбал, тодорхой нэг сэдвээр өгүүлэл бичих шаардлагатай болоход түүнтэй холбогдох монгол хэл дээрх ном, материалуудыг нэг бүрчлэн унших зайлшгүй шаардлага гардаг бол англи хэл дээрх ямарваа нэг материалыг цахим хэлбэрээр хайлт хийгээд л олчихож байгаа нь цахим ном ажил хөнгөвчлөх болоод цаг хэмнэх ач холбогдолтой байгааг харуулж байна. Тиймээс цаг үеийн хандлагаа дагаад уншиж буй ихэнх ном бүтээлүүд маань цахим хэлбэрээр хадгалагддаг.
Үүнд нэг зүйлийг нэмж хэлэхэд бид номнуудаа цаасан хэвлэлээс гадна албан ёсоор цахим хэлбэрээр хэвлэж эхлэхийг бүхий л хэвлэлийн компаниудад уриалмаар байна. Хэрэгжүүлээд эхэлчихсэн газрууд байгаа боловч цар хүрээгээ улам илүү тэлэх хэрэгтэй гэж бодож байна. Цаасан хэвлэлийн номтой адил тодорхой хэмжээний төлбөр төлөөд ч бай эрсэн номоо цахим хэлбэрээр олж авах хэрэгцээ шаардлага хүн бүхэнд л тулгардаг болов уу. Олдохоо больсон хуучны ховор номнуудын тоо нэмэгдсээр байгаа өнөө үед алга болох, элэгдэж хуучирах гээд олон асуудлыг хөнгөвчилөх үүднээс шинэ болон хуучны бүхий л номнуудыг цахим хэлбэрт давхар шилжүүлэх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа хэвлэлийн компаниуд аливаа номыг хэвлэн гаргахдаа pdf файлаар буюу давхар цахим хэлбэрээр оруулж өөрсдийн хэвлэлийн газрын вэб хуудсанд цахим номын сан үүсгэх болон тухайн зохиолчид нь хариуцуулах гэх мэтчилэн олон талын арга байгаа учир хэн нэгэн одооноос л хийж хэрэгжүүлж эхлээсэй гэж хүсэж байна даа.
12. Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна?
Учиргүй өндөр настай хүн биш хэдий ч олон зүйлийг л захимаар байна. Нэгэнт номтой холбоотой зүйл ярьж байгаа учраас оюутнуудаа хандаж хэлэхэд бүхий л төрлийн номыг, ер ном гэдэг зүйлийг аль болох их унших хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хорвоо ертөнцөд хүний хийх, зугаацах, сонирхох зүйлс олширч хөгжихийн хэрээр ном гэх зүйлийг сонгох хүний тоо цөөрч, ердөө тэр олон сонголтын л нэг хэсэг болчихсоныг буруутгах аргагүй. Харин бидний үед бол сонголт арай цөөн байсан учир чөлөөт цагаа зарцуулдаг, сонирхож дурлаж хийдэг зүйл маань ном унших л байсан. Гэтэл өнөө үед эсрэгээрээ байгаа нь нэг бодлын их харамсалтай. Тиймээс аль болох номтой ойр байгаасай гэж хүсэж байна.
Өөр нэг хэлэх зүйл бол хүн бүхэнд үнэ цэнэтэй зүйл гэж бий. Хэн хүнийх адилгүй байх бөгөөд цаг хугацаа, хэн нэгэн хүн, ажил төрөл, харилцаа гээд ер юу ч байж болно. Чухам тэр үнэ цэнэтэй зүйлдээ л болгоомжтой хайр гамтай хандаж байх ёстой юм болов уу. Мэдээж энэ ямар ч утгаар ойлгогдож болно л доо. Ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл хэрвээ чамд байгаа бол залуу насандаа хөтлөгдөн хөнгөн хайнга хандаж түүнийгээ эрсдэлд оруулах зүйл битгий хийгээрэй. Үнэ цэнэтэй зүйлийг нэг л алдвал түүнийг буцааж олж авна гэдэг маш хэцүү, магад бүтэшгүй зүйл байх. Урсаад өнгөрөх цаг хугацааг нөхөх боломжгүй учраас харамсал тээж үлдэхгүйг л хичээгээрэй.
13. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?
Хэрвээ эзгүй арал руу явах бол би бол аль болох олон ном л авч явахыг хичээнэ. Аль нэгэн номыг гэж хэлмээргүй байна. Яагаад гэвэл би нэг номыг олон унших тийм ч дуртай биш. Тэгэхээр эзгүй арал дээр удах дээрээ тулбал аль болох олон номтой явахыг л хичээнэ дээ. Харин зайлшгүй нэг ном сонгох хэрэгтэйд тулбал унших гээд амжихгүй яваа номнуудаасаа л нэгийг сонгож авч явах болов уу. Түүний нэг бол саяхан монгол хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн Sapiens: Хүн төрөлхтний товч түүх хэмээх ном бөгөөд уншиж амжихгүй яваад байгаа учир тэрийг л авч явна гэж бодож байна.
14. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
Доктор, профессор С.Дулам. Бас л их номтой. Хуучны эрдэм шинжилгээний чиглэлийн ном ихтэй бөгөөд зөвхөн цаасан хэвлэлийн ном цуглуулдаг байсан үеийн хүн. Ингэж санал болгож байгаагийн гол шалтгаан нь гэвэл аав бид хоёр нэг мэргэжилтэйгээс гадна миний хувьд тун азтай ч гэх юм уу өөрийн гэсэн номын сан тусад нь байгуулах болон ном цуглуулах хэрэгцээ шаардлага төдийлөн гардаггүй, бүхий л хэрэгтэй номнуудаа аавын номын сангаас авч хэрэглэдэг байсан учраас би тэр номнуудыг давхар цуглуулах хэрэг гарч байгаагүй юм. Тэгэхээр миний өссөн, миний үндсэн номын сан бол тэнд л байгаа.