Би номын сантайгаа: Зохиолч Б.Сарантуяа
2020-04-04 Би номын сантайгаа 2710

1.Та номын сандаа хэдэн номтой вэ?

Номын сангаа нээж үзэж явснаас тоолж үзэж явсангүй. Арван жилийн сурагч байхаасаа л цуглуулж, оюутан цагийн он жилүүдийг дамнан, олон нүүдлийн аясаар үрэгдэж гээгдэн явсаар өнөө хүрсэн хэдэн ном бий. Овоо хэдэн жил ном цуглуулсан. Нэлээн номтой болжээ. Саяхан бид номын сангаа цэгцэлсэн. Хөдөө орон нутагт шинээр нээгдэж буй номын сангуудад ном хандивлаж, буяны байгууллагт өгч, заримыг нь агуулахад хураасан. Одоо бол чухал, ховор, хэрэгтэй гэсэн номуудаа тавиур дээрээ өрсөн байна.

2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Миний хувьд уран зохиол, шашин, түүхийн холбогдолтой номууд ихэвчлэн уншдаг. Зохиол бичиж байх үед судалгааны номууд дагнан уншдаг.

3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Сонирхсон, уншиж үзье гэсэн номоо л уншдаг. Шинээр хэвлэгдсэн номуудыг харж сонирхол татсаныг худалдан авч уншина. Зарим тохиолдолд зохиолчид өөрсдөө гарын үсгээ зурж хүндэтгэн барьсан номыг заавал уншиж дуусгах, үгүй ядаж гүйлгэж харахыг хичээдэг. Учир нь би тэр хүнтэй дараа нэг уулзахдаа номыг нь уншаагүй, бичсэн номынх нь тухай дурсахгүй бол ёс зүйгүй хэрэг гэж боддог учраас уншдаг.

4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Миний хувьд номын ертөнцөд ойрхон байдаг учраас хэн хаана ямар ном гаргасныг мэдэхэд зовлонгүй л дээ. Бас сошиалаар дүүрэн шинэ номын талаарх мэдээлэл хөвөрч байна.

5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" номыг сая уншиж дууслаа. Одоо Мо Яны "Амьдралын хүрдэнд зүдэгсэд" номыг уншиж байна.

6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Содон ном гэвэл зөвхөн манай хамаатнуудын номын тавиур дээр очсон Ургийн ном байна.Би хэдэн жилийн өмнө энэ номыг эхтгэж хэвлүүлсэн юм. Мөн Алтан товч номын хавтас нь буруу хараад хэвлэгдчихсэн нэг хувь байна. Үйлдвэрийн алдаа байх. Василий Яны 1955 онд хэвлэгдсэн Батхаан ном анхны хэвлэлээр, Монгол хаад цувралын анхны хэвлэл чулуун шигтгээт цуврал номуудыг нэрлэж болох байх.

7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Өнө холын дурсамж тээсэн ховор хуучин номуудыг нэрлэнэ дээ. Миний хамгийн анх худалдаж авсан номууд. О.Дашбалбарын "Гол ус намуухан урсана" Б.Лхагвасүрэн багшийн маань "Ангир уураг".

Энэ хоёр ном бол миний өөртөө худалдаж авсан анхны ном. Бас ном нь бус дурсамж нь түүнийг хадгалах шалтгаан болсон хэдэн ном бий. Араас нь найзуудын ном орно. Цөөн хувь хэвлээд түүнээсээ гарын үсэгтэй бэлэглэсэн, ахин хэвлэгдэхгүй номууд.

8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Ишигүро "Намайг бүү явуулаач" номыг худалдаж авсан байна.

9. Ном танд юу өгдөг вэ?

Ямар ном бэ гэдгээс шалтгаална л даа. Ихэнхдээ уран зохиолын ном уншихад түүнийг бичигч нь намайг бодол мэдрэмжийнхээ гүн гүнзгий рүү дагуулан аялах шиг санагддаг. Би түүний бүрхүүлт ертөнцөд орчихсон мэт, сэрэл мэдрэмжийнх нь эс ширхэгийг хуруугаа тэмтэрч байгаа юм шиг санагддаг. Хувь хүний хөгжлийн ном ганц нэгээс илүү уншиж байсангүй. Энэ төрлийн ном хэзээ ч надад тийм мэдрэмжийг өгдөггүй, албадсан, хүчилсэн, тулгасан санагддаг. Бас хувь хүний хөгжлийн ном уншаад хувь хүн хөгждөггүй. Харин уран зохиолоор дамжуулан хувь хүн өөрөө өөрийнхөө дотоод мөн чанарыг нээж хөгждөг бол уу гэж боддог.

10. Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?

Зохиол бичиж байхад уг зохиолтой холбоотой судалгааны номыг өөрөө ч мэдэлгүй олон дахин уншчихсан байдаг. Уран зохиолын хувьд Маркесийн "Зуун жилийн ганцаардал" номыг гурван удаа уншсан байна. Эхний хоёр нь ч яахав оюутан байхдаа хөдөө амралтаар очоод унших номгүй нэг номоо хоёр уншчихсан хэрэг. Харин саяхан зориуд дахин уншсан. Уншигчид зохиолчийн бичсэн зүйлийг тэр бүр 100 хувь ойлгож авдаггүй санагддаг. Энэ нь нас залуу, амьдралын туршлаггүй, уншиж мэдсэн хүрээ бага зэргээс шалтгаалж болно. Хүн хүнд өөрийн гэсэн оюуны сав бий учир түүндээ л багтааж авна. Тиймээс л уншсан номоо хүн бүр өөрийнхөө хэмжээнд л ойлгоно гэсэн үг. Харин Маркесийг дахин уншсан маань зүгээр л өөрийгөө хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харах гэсэн хэрэг. Оюутан цагийн би, одоо цагийн би хоёрын ялгааг.

11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Цаасаар уншна аа. Номын хуудсыг хуруугаараа эргүүлж, хамарт сэнхийх үнэрийг мэдэрч, мөр мөрөөр нь гүйлгэн унших амттай.

12. Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна?

Анх утга зохиолын сургуулийн оюутан болсон цагаасаа тоолбол би гучин жил уран зохиолын салбарт явлаа. Би энэ салбарын жаргал зовлон, эмзэг хөндүүрийг, хүсэл мөрөөлдийг бүгдийг мэднэ. Цагийн цагт уран зохиол гэдэг их айл түүнд дурлан орж ирж буй залуусаар цусаа сэлбэж байдаг. Үе цаг бүхэн өөрийн мөн чанартай, үзэгдэлтэй, тэсрэлттэй байсаар ирсэн. Хамгийн тод жишээ ерөн оныхон гэж хэлж болно. Түүнээс хойш хэд хэдэн үе уран зохиолд давалгаалан орж иржээ. Харин одоогийн залуусыг хараад байхад халуун сэтгэлээс илүү хүйтэн ухааныг дэмжигсэд ажиглагдах болсон. Алдахаас айдаг, алдар нэрэнд дуртай, эго өндөртэй залуус мэр сэр харагдаж л байх. Тэдэнд хандаж хэлэхэд уран зохиол бол дүр эсгэгчдийн орогнох газар биш. Хамаг бүхнээ зориулж авьяас, онгод, зүтэлээ өргөдөг оюуны хүнд салбар гэж хэлмээр санагддаг.

13. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Хэд хонохоос л шалтгаална даа. Бүр цөлөгдөхөд хүрвэл ахиухан ном авч явахыг бодно. Гэхдээ гэрийнхээ номын санд буй ихэнх номуудыг би аль эрт уншчихсан тул шинэ ном авч явна.

14. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

Багтаж ядсан их номтой хүмүүс олон бий. Би ангийн охин, эдүгээ Төв номын сангийн захирал Б.Ичинхорлоог нэрлэмээр байна. Түүнээс бас л ховор нандин олон ном гарах учиртай.

Түр хүлээнэ үү...
Top