Эдна Сент-Винсент Миллей: ЦАГ ХУГАЦАА ТАЙВШРАЛ АВЧИРДАГГҮЙ....
2021-03-26 Г.Лхагвадулам 2688

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй...

 

Эдна Сент-Винсент Миллей

(1892-1950)

АНУ

 

***

Сэтгэл зүрхээ илчлэхдээ бусад охидын

Сэрэмжтэй нь аргагүй барьж ирдэг

Цоожтой, түлхүүр нь гээгдсэн мөнгөн тоногтой хайрцган доторх

Цоргисон бадмаараг, гоёхон биндэръяа эсвэл

Хүйтэн цагаан сувд шиг нандигналгүй

Хайрын сэтгэлээ би чамд аваад ирлээ. 

 

Энэ л сэтгэл минь эвий

Дурлалт хоёрын зангиддаг гогцоо сэнж эсвэл

Элдэвлэж өнгөлсөн үнэт бөлзөг шиг биш.

Ухаан санааг үймүүлж орхидог

Урин, нууцлаг хавар дотор шивгэнэх

“Үүрд үнэнч” гэх үлгэр домог шиг

Улигт үг биш. Харин

Алган дээрээ тавьсан зүрхнээсээ өөр

Атгаад өгчих юу ч үгүй миний

Хормойлж авчирсан алим,

Малгайндаа түүсэн цэцэгс юм.

 

Эрдэнэс шиг гялтганахгүй, сувд шиг нуугдахгүй

Энэлж шаналахыг ч мэдэхгүй энэ л хайраа

Эгээ л бяцхан жаалууд шиг

Хөл хөөр болон гүйхээгээрээ авч ирээд

“Хараач! Бүгдийг нь чамд” гэсээр

Өлмий дор чинь асгаж байна, би.

 

***

Өглөө болтол хүзүү дор минь хэний гар байсныг,

Уруул минь ямар уруулыг хаана, яагаад ч үнсчихсэнийг

Мартаж орхижээ, би. Гэтэл энэ шөнийн бороо

Уйтайгаар санаа алдан цонхны шил тонших

Хариу хүлээсэн хий үзэгдлүүдээр дүүрэн.

 

Уйлан байж шөнө дунд ахиад над дээр ирэхгүй

Одоо нэгэнт санагдахаа больсон эрсийн төлөө

Үл ялигхан хөндүүр сэтгэл үймээнэ.

 

Ямар шувууд нэг нэгээрээ нисэж одсоныг мэдэхгүй атлаа

Ядмаг мөчир нь өмнөхөөсөө илүү нам гүм болсныг мэдрэх

Өвлийн ганцаардангуй мод шиг

Ямархан хайр надад ирээд буцсаныг хэлж чадахгүй нь.

 

Гагцхүү дэлгэр зуны надад аялсан дуу дотор минь

Ганц хоёр хором эгшиглээд л үүрд тасарсныг мэдэж байна.

 

***

Онгойлгох эрхгүй хаалгаа татчихлаа чи.

Ор доо одоо, ямар өчүүхэн зүйлийн төлөө

Урваж тэрсэлснээ хар даа. Энд нуусан эрдэнэс үгүй,

Ухаад орхисон нүх, болор тунгалаг толь ч үгүй,

Алдаж хаясан үнэн, чинийх шиг сувдаг сэтгэлд таарах

Алагдсан охидын толгой,

Авралгүй тарчлаан, бачуурлын ул мөр ч байхгүй.

 

Энд гагцхүү чамд л харагдах юмс бий гэж санасан уу?

Эл хуль, тохь тухгүй энэ өрөө

Аалзны торонд хучаатай, хов хоосон энэ л өрөө

Амьдралаас миний өөртөө авч үлдсэн,

Өрөөл бусдад мэдүүлэхгүй гэсэн

Өвч аниргүй ганц өмч минь байсан юм.

 

Энэ үдэш гэвч нүгэлт чи

Эндхийн босгыг мярж гэтсээр давлаа.

Үүнээс цааш төрх царайг чинь харж чадахгүй нь.

Энэ өрөө одоо чинийх. Өөр газар эрж хайх минь.

 

***

Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй, шаналлыг минь

Цаг хугацаа эдгээнэ гэж хэлсэн та нар бүгд худалч!

Уйлагнах борооноор би түүнийгээ санаж,

Угалзат давалгаа хумигдахад түүнийгээ хүсдэг.

 

Түрүүчийн цас уулын энгэр бүрээс хайлж

Түүдгийн утаа болжээ, хуучин оны навч ч...

Ноднин жилийн гашуун хайр гэвч сэтгэлд минь

Овоороостой байна, хуучирсан бодлуудын минь дэргэд.

 

Түүнийг минь санагдуулж, өөдөөс мэлтийх зуун газарт

Очихоосоо би айдаг болж. Гэлээ ч

Түүний хөл хүрээгүй, төрх нь гэрэлтээгүй газар

Түр ч атугай тайвширюу гэж очихдоо

“Түүнийг минь санагдуулах юм энд алга аа” гэж

Түгшиж мэгдэхдээ түүнийг л саначих юм.

 

***

Хайр гэгч юм бүхэн биш, хоол биш, унд биш атлаа

Хар усан борооны халхавч, гүн шөнийн нойр биш атлаа

Хамаг хүнийг живүүлэгч хөвөгч дүнз ажээ,

Харсаар байтал бүгд ахин живэхээр сэхчээ.

 

Хайр гэгч амьсгаа тасарсан уушги цээжийг дүүргэхгүй

Хугарч цуурсан ясыг эвлүүлж, хамаг цусыг сэлбэхгүй

Хажууханд минь гэвч хүлцэнгүйхэн эвлэрэгсэд бүгдээрээ

Хайраар л гагц дутсандаа үхэлтэй нөхөрлөсөн байнам.

 

Хар дарсан өдөр хоногууд,

Хагацлын өвдөлт, чөлөөлөгдөхийн ёолоон,

Хүслийн ёр, өнгөрсний хүчинд автагдан

Хайрыг чинь би амар амгалангаар сольж мэднэ,

Хар шөлөөр ч энэ шөнийг арилжчихаж мэднэ.

Хайрт минь, үнэхээр магадгүй шүү, гэвч

Хаанаас даа, яагаад ч чадахгүйгээ бас мэднэ.

 

***

Сэтгэлд чинь би эргэх дөрвөн улирал биш,

Сэлүүхэн нэгэн зун төдийгөө мэднэ.

Өөрт минь байхгүй эрхэмсэг сайхныг

Өөр нэгнээс урьж залахыг чинь ч ойлгоно.

 

Арилжиж болох аварга том алтанхан жимс,

Арга ухаан, өвлийн жавхаа ч үгүй атлаа

Өчнөөн удаан өөрийг чинь хайрласандаа л

Өндөр дээд хаврыг тээж яваагаа хүлээнэ.

 

Ийм болоод л хэлж байна, хайрт минь,

Ирж буцдаг зуны ёсоор би чинь

Бүгтхэн бөмбөрийн дуунаар чимээгүйхэн явж одлоо ч

Буцаад ирэхдээ чамайгаа сарнай, шувуудаар сэрээнэ.

Тэглээ чиг чи минь төдхөн дөө, мөд удалгүй

Тэс ондоо агаарт өөр зунтай золгоно.

 

***

Хүүхдүүд минь, сонс!

Аав нь өөд болсон.

Хуучин хүрмээр нь би та нарт

Хүрэм хийж өгье.

Хуучин өмдөөр нь бас

Өөдөсхөн өмд оёъё.

Халаасанд нь аавынх нь

Хэрэглэсэн юмсыг хийе.

Тамхины үнэртэй

Түлхүүр, зоосыг нь үлдээе.

Ден, хүү минь,

Дансандаа хий, зоосыг нь ав.

Энн, охин минь,

Элдэв чимээ гарга,

Түлхүүрийг нь ав.

Талийгаачид мартагдана,

Амьдрал үргэлжлэх ёстой.

Хүний сайн нь явдаг ч

Амьдрах л хэрэгтэй

Энн, охин минь, өглөөний ундаа уу!

Ден, хүү минь, эмээ уу!

Ямраар ч болов

Амьдрал үргэлжлэх л ёстой.

Яагаад гэдгийг нь л харин

Ээж нь мартчихаж!

ОРЧУУЛАГЧ: ГАНБАТЫН ЛХАГВАДУЛАМ

Түр хүлээнэ үү...
Top