Дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн түүвэр болох "Дур булаам"-ыг орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан Монгол хэлнээ хөрвүүлсэн билээ. 21 зохиолчийн өгүүллэг багтсан эл номыг өнгөрсөн онд "Тагтаа- хэвлэлийн газраас эрхлэн гаргасан юм.
“Эдүгээ дэлхийн уран зохиолын чиг хандлага, хөгжил Монголтой харьцуулахад ямархуу түвшинд явж байна вэ?” гэх асуултыг цөөнгүй сурвалжлагчаас сонсож байлаа. Шууд мэдэмхийрэн хариулж эс болох энэ хэцүү асуултад бага ч болов хариу өгөх гэж ийм нэгэн өгүүллэгийн антологи эмхтгэн орчуулах ажил эхлэснээс хойш нэг мэдэхнээ гурван онтой золгожээ. Энэ хугацаанд өөрийгөө өнөөх сурвалжлагчдын оронд тавьж, асуултынхаа эрэлд биеэр гарсан минь гурван жилийн чөмөг дундалсан их ажил удах юм гэж яахин санах. Антологио сая эмхэлж дуусаад энэ хугацаанд хурааж цуглуулсан цаасаа цэгцэлж үзэхэд найман төстэй антологи, 13 дагнасан өгүүллэгийн түүвэр, 2462 бичгийн цаас материалыг бүрэн туулж байж энд таны унших өгүүллэгүүдийг сонгон авч орчуулсан байх юм. Үүн дээр нэмээд цахим талбар, мэргэжлийн сэтгүүлүүд, бусад сурвалжуудыг тоолж үзвэл мөн тооны материал шүүсэн биз ээ" хэмээн номын өмнөтгөлд бичжээ.
Бид энэ удаа орчуулагчийн хөдөлмөр, хөлс шингэсэн эл өгүүллэгийн түүврийг онцолж, гурван уншигчаар сэтгэгдэл бичүүллээ.
С.БАТЗОРИГ: Ланжгар ном. Орчуулагчийн хөдөлмөрийг бодолцсон ч тэр, орчуулагдсан өгүүллэгүүдийн цар хүрээг харсан ч тэр үнэндээ л ланжгар. Ийм байхад би бээр энэ бүтээлийн тухайд тоймтой үг хэлж чадахгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой. Гэвч өөрийгөө бага гэж гололгүй бишрэл төрүүлсэн хоёр гурван өгүүллэгийнхээ тухай жаахан ярья аа.
Исмаил Кадарэ “Цагаан хэрэм”: Монголчуудтай холбогдох эл өгүүллэгээс орчуулагчийн уран чадварыг тод анзаарахаас гадна орчуулга хийхдээ ч яруу найрагч байж болдгийг харж болно. Хэсэгхэн жишээ татвал: ...зүйрлэвээс хаан эзэн Төмөр “Халирах хэрэггүй баатрууд минь. Ханзрах үйлтэй цас бүлгээ. Сүүлээ өргөсөн гичий шиг сүрхий хүйтнээр шарваж байж мэднэ. Тэвчээд жаахан хүлээчихвэл тэсгим жавар нь уярч, тасхийм хатуу нь зөөлрөх буй заа!” хэмээн хатамжлуулан зарлигласны дагуу нохой жилийн тэр өвөл, хар муу Тохтамышын араас элдэн хахирган Сибирийг хөндлөн туулахдаа үзсэн нүд нүүргүй их цасан лугаа адил энэ хэрэм үзүүр бараагүй цайвалзан сунайх буюу. Гэвч чулуу зэрэглэсэн эдний хэрэм наранд хайлж, уринд уясахгүй нь бүр ч зүхэлтэй. Зах зухаас нь үзэхэд л ийм донжтой, шударгуу монгол хэл. Пушкины “Загас ба загасчны үлгэр” гэдгийг манай Дамдинсүрэн гуай ингэж гоё орчуулсан гээд л жишээлдэг. Одоо ийм сайхан шинэ жишээ гарчихсан байхад манай арван жил, их сургуулийн багш нар олзуурхан эзэмшвэл таарна.
Өгүүллэгийн үйл явдлыг “спойлердох” эрх надад үгүй ч уг өгүүллэгт бид болоод бидний мөнхийн хөршийн хэзээ ч үл салах мөртлөө хэн нь ч хэндээ үл уусах оршихуйн тухай өгүүлнэ.
Юүко Саката “Энэхэн орчлонгийн чөлөөнд”: “ЛГБТ” хүмүүс, ер нь тэгж тусгаарлаад ч байх хэрэггүй. Зүгээр л хүмүүс “энэхэн орчлонгийн чөлөөнд” байна. Тэгээд л бол оо. Үнэхээр хүмүүнлэг санагдсан.
Лара Вапняр “Даваа гарагийн өглөөний дурлалын хичээл”: Элгээ хөштөл инээсэн. Жинхэнэ егөөтэй зохиол. Залуухан эмэгтэй багш өөрөө ч мэдэхгүй хайр сэтгэл, эр эмийн тухай хичээлийг охидод заах ёстой болно. Өөрөө мэдэхгүй юм чинь бүтэл муутай эгчээсээ зөвлөгөө авна. Яг тэрийг нь хичээл болгоод заана. Охид ч тэрэнд нь итгэнэ. Эцэст нь багш энэ тухай “юу ч мэдэхгүй” гэдгээ охидод улайна. Хамаг зовууриа хуулаад хаячих шиг учир зүггүй хөхөрнө. Зохиол дуус аа! Хүний харилцааг яаж ийм чамин, хоржоонтой бичиж чаддаг байна аа! Тун хөнгөн, ямар ч уйтгар гуниг, зовлон шаналал, гүн ухааны аймаар аймаар дүгнэлт байхгүй. Өөрсдөө уншицгаа! Өөрсдөө ойлгоцгоо! Яавал ч яа! гээд л орхино. Юй Хуа “Ялалт”: Хүний ямар “жижиг”-ийг л мэдрүүлнэ дээ! Бүхнээс дээгүүрт өөрийгөө тавьдаг ганц л амьтан байдаг нь хүн. Бүхнээс том, бүхнээс агуу гэж байгальтай баахан байлдаж сэтгэл нь үл ханаад түүхийнхээ туршид хоорондоо дээр доор, эрэгчин эмэгчнээ үзсээр ирж дээ! Өдгөө оюун санааны эрин үе гэх боловч өнөөх л байлдаанч чанар нь хэвээрээ, бүр ч нэмэгдсэн нь бэлхнээ харагдаж байна. Өмнөх үед хэн нэгэн хэн нэгнийг мандуулж асан бол одоо өөрөө өөрийгөө мандуулах хэмээх даанч ичмээр арга л хамгийн зөвөөр өрсөлдөгчгүй шалгарч байх шив дээ! Гэхдээ л бид дотроо даанч “жижигхэн” юм даа! Туулиар эрхэмнэж байсан зүйл нь ганцхан мөчийн үнэд ч хүрдэггүйг өгүүллэгээс уншина уу!
Дахин хэлэхэд орчуулга дээр ч яруу найрагч байж болдгийн үлгэр болсон бүтээл ээ.
А.МАРАЛ: Нэгэн зураачийн түүх (Өгүүллэгийн задлал)
Энэ өгүүллэгийг уншиж эхлэхэд хүний мөн чанарын тухай ахин нэг эргэцүүлэхэд хүрлээ. Адик гэх залууд бүх зүйл болох гэр орноо хулхитуулсан ч энэ л миний тавилан байх гэж итгэх зураачийн бодол бодоход хэнд ч ёс бус мэт санагдана. Өөрийнхөө бүхий л эд хөрөнгө болох гэр орноо хулхитуулан гэрээсээ хөөгдсөн ч юунаас болоод хөөгдөв гэдгээ мэдэхгүй зураач залуу цэвэрлэгчийн умгар өрөөнд орж хорогдсондоо өөрийгөө азтайд тооцно. Хуучин гэрийнхээ үүдээр эргэлдэхдээ өөрийнх нь хуучин бийр, будгийг гаргаад хаячихсан байхвий хэмээн хогийн сав руу шагайх тэрээр өдөр бүрийг нүдэндээ л зургаа зурж өнгөрөөх болжээ.
Хуучин байшинд нь нэгэн хазгар хүүхэн, таван нохойтойгоо нүүж ирэхэд зураач залуу өрөвдөн энэ байранд амьдраг, ахин би ийш зүглэхгүй гэж шийдэх нь түүнийг үхэхээс наагуур байдалд буй ч хүн чанараа гээгээгүй нинжин сэтгэлтэй гэдгийг нь илтгэнэ.
Тэр зурсан зурган дээр гадаа тоглох хүүхдүүд сэндийлснийг хүртэл энэ хүүхдүүд контемпорори зураг зуржээ гэж үзэх мэдрэмж, бүхий л зүйлээс гоо зүйг олж хардаг, материалстик бус идеалист хүний дүр харагдах ч бодит амьдрал дээр хоолны ч мөнгөгүй хөөрхий нэгэн зураач болжээ.
Нэгэн өдөр түүнд нэг эр хүрч ирээд хонох газар байна уу? гэхэд өнөөх амь хоргодож буй умгар өрөөнийхөө түлхүүр өгөн хэдэн зоос авахдаа ч өөрийгөө азтайд тооцжээ. Гэтэл удалгүй өөрийнх нь өрөөнд тоолж баршгүй олон хүн ирснээр амьдрах аргагүй болно. Зураачийн ийн хонох ч газаргүй, очих газаргүй байхад нэгэн хүн түүнийг танимхайран хүрч ирнэ. Энэ үед зураач залуу дээд боловсролтой, мөн хүний хүсэмжит болсон байшинтай хэдий ч тэрээр өөрийгөө хөөрхий гуйлгачин болсондоо эвлэрэх мэт. Зураачийг таньсан хүн нь их сургуулийн найз нь агаад өөрийнх нь будаг, бийр хэрэггүй учир гэрээс нь очиж авахыг санал болгодог. Хэдий зураачид хоолноос илүү будаг шунх хэрэгтэй байсан ч далласан болгон руу яваад очих нь уу гэж бодсоноор эрс татгалздаг. Энэ нь ч түүний зөн билэг зөв байсныг илтгэдэг. Тэр залуу нь их сургуульд хоолыг нь булааж иддэг байсан дорой нэгэн байсныг санан түүнээс болж амьдралдаа хэний ч юмыг авахгүй гэдгээ зураач өөртөө андгайлсан юм. Үүний дараа зураач залууг аз дагаж нураах гэж буй барилга дотор хэдэн будгийн хэрэгсэл байсныг барилгачид түүнд гаргаж өгөн энэ таных уу хэмээн асуудаг. Зураач тэдний эзнийг нь олж өгөх гэж хичээсэн ч эзэн нь олдсонгүйд өөртөө үлдээснээр гайхамшиг болдог билээ.
Адикийн эсрэг заргалдсан шүүх хуралд өөрийгөө ялсаныг сонссон ч байшинг нь өөр хүмүүст зарсанаар тэр байшиндаа орсон ч асуудал тийм амар шийдэгдэхгүй. Гэхдээ Оросуудыг гэртээ оруулж хамт амьдрахад бухимдах нь үгүй. Зураач залуу Оросуудыг нэг нэгээр нь зурахад бүхэл бүтэн шуугиж байсан хүмүүс алга болжээ. Энэ үед гайхамшиг тохиох шиг болно. Өөрийнх нь зурсан бүх хүмүүс, бүх эд зүйл түүний зурагт орчихсон байлаа. Тэр атугай гэрийнх нь гадаа зогсож асан Адикийн хуурсан хазгар хөлтэй таван нохойтой бүсгүй хүртэл гэнэт алга болсон нь зурагт нь орсон байна. Урьд зурсан зүйл нь амилдаг талаар уншиж байснаас, зурсан бүхэн нь зурагт ордог талаар уншаагүйд энэ нэн шинэ байсан юм. Хөөрхий зураач өөрийнхөө гэрийг ахин бүхлээр нь эзэмших боломж гарсан ч тэгэхийг хүссэнгүй. Бүгдийг нь суллахыг тулд өнөөх их сургуулийн найз зураач дээр очтол тэр зурсан бүхэн нь зураг дотор ордог бүтээл зохиосноор баяжсан болж таарна. Харин зураачид тэднийг суллахыг хүссэн нь хэзээд хаяж болохгүй хүний чанарыг харуулсан мэт. Материалстик нийгэмд бид нэгнээ мөнгөөр нь хэмждэг ч хүн чанараар нь хэзээ ч хэмждэггүй мэт. Зураач хэдий бүхнээ орхин, гудамжинд гарсан ч өөрийн хүн чанараа нэгт тавьсан нь магад бид байгалиасаа хэр холдсоныг харуулсан мэт.
Х. БУЯНБАТ: Б.Баясгалан орчуулагчийн “Дур булаам” нэрийн дор гаргасан орон орны зохиолчдын өгүүллэгийн анталоги өнгөрөгч онд гарсан билээ. Энэ нь Аюурзана гуайн орчуулан гаргасан “Дэлхий сонгомол яруу найраг”, “ Дэлхийн сонгомол өгүүллэг” анталогиудтай эн зэрэгцэхүйц ном болсонтой хэн ч маргахгүй буй за.
Энэ анталогиас надаа хамгийн их таалагдсан өгүүллэг бол Юй Хуа “Ялалт” өгүүллэг. Эл өгүүллэгт гэр бүлийн хардалт гардаг. Эр нөхрийнхөө нууц явдлыг эхнэр нь ажлаар хол явсан хойгуур нь санамсаргүй тохиолдлоор мэдчихдэг. Тийнхүү эзгүй хойгуур нь хардаж, бухимдаж, уурлаж, цухалдаж есөн шидийн аяг ааш гаргана. Хэргийн эзнийг ирэхээр ганц сайн болгож тавина даа хэмээн дотроо занана. Гэвч нөхөр нь ирээд гаргаж буй хандлага нь өөрийнх нь бодсоноос огт эсрэг байлаа. Өөр хүүхэнтэй харьцаа үүсгэснийг эхнэр нь мэдчихсэнд тэрбээр урд нь сөхөрч уйлан хайлан уучлалт гуйх юм болов уу гэсэн чинь тэгсэнгүй. Хоёр талдаа дуугүй дүмбийсээр эцэстээ салцгаах шийдвэрт хүрдэг.
Хайр гэж чухам юу вэ? Хайртай бол хардах нь зайлшгүй юү? Гэр бүлээс гадуурх харьцаа ер нь зөв үү? гэх мэт олон асуулт өгүүллэг уншиж дууссаны эрхгүй толгойд эргэлдэнэ. Нөхрийнх нь тэр явалдсан гэдэг нь угтаа нэг их сүртэй зүйл биш хүн гэдгээ жаахан л мэдэрсэн юм байна лээ л дээ зайлуул. Эхнэр нь ч тэгж сүртэй хүлээж авах нь арга ч үгүй юм уу даа.
Гэхдээ жинхэнэ ялалтыг эхнэр нь өгүүллэгийн төгсгөлд авдаг. Түүнийг өгүүллэгийн төгсгөлөөс өөрсдөө уншвал илүү амттай байх. Английн алдарт зохиолч У.Шекспирийн “Ромео Жульет” жүжгийн зохиолыг хайр сэтгэл, янаг амрагийн харилцааны гол бэлгэдэл гэдэг ч зарим нь хайр сэтгэлийн нэг нэгэндээ үнэнч байх зэрэг үндсэн ойлголт, ухагдахууныг шоглосон зохиол ч гэж үздэг. Японы алдарт зохиолч Акутагава Рюноска “Эмэгтэй хүнийг хайрлах мөртлөө бид түүнийг орлуулж болох өөр эмэгтэйтэй холбоо тогтоох нь цөөнгүй. Хайртай хүнээсээ ч уйдсандаа ч биш. Зарим үед өчүүхэн саваагүй зан, заримдаа гоо сайхны цангаа маань нэг л эмэгтэйтэй бүх цагаа өнгөрөөхийг бидэнд зөвшөөрдөггүй” гэж хэлсэн удаатай. Тэр их хүмүүнийг би лав худлаа хэлсэн гэж бодохгүй байна.
БЭЛТГЭСЭН: Э.БУЛГАН