***
Мэдлэг хайр хоёр хоорондоо алд дэлэм зөрүүтэй. Мэдлэг ямар ч эрсдэл шаардахгүй хэрнээ хүмүүсийг улам төөрөлдүүлдэг. Харин хайр эдгээрийг тайлах атлаа хүнийг эрсдэлд оруулдаг. Мэдлэг үргэлж сэрэмжтэй байхыг сануулж битгий хөөр гэж сануулна. Гэтэл хайр эсрэгээрээ биеэ битгий барь, хүссэнээрээ хөгжилд гэдэг. Мэдлэг бат бөх бол хайр хялбархан эмтэрдэг. Гэхдээ эмтэрхий балгас дотор эрдэнэ нуугдаж байдагчлан эмтэрсэн зүрхэнд эгэлгүй гоо сайхан оршдог юм.
***
Хайрыг өчүүхэн бага гэлгүй үнэлэх хэрэгтэй, учир нь хайр дурлал гээч нь амьдралыг тэтгэгч ус лугаа адил хэмээв.
***
Бурхан хүртэл хүмүүний амьдралыг эцэс болгох ариун үйлдээ Үхлийн сахиусан тэнгэр Азраелыг тохоон томилсон. Хүмүүс Үхлийн сахиусан тэнгэрээс айн ширвээтэж, түүнийг харааж зүхэж, үзэн ядаж байх зуур бурхан харин нэр цэвэр үлдсэн юм.
***
Бүгд л адилхан ууж байж нэг хэсэг нь номхон дөлгөөн хэвээрээ байхад нөгөө хэсэг нь нь түрэмгий догшин болж хувирч байгаа бол архийг бус архичдыг өөрсдийг нь шүүх хэрэгтэй бус уу?
***
Сэтгэлд дотно санагдсан газар орныг орхих тоолонд биеийнхээ аль нэг хэсгийг гээчихээд явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрөх юм. Марко Поло шиг мянга мянган бээр аялна уу, нэг газартаа шигдсээр дуусна уу ер хамаагүй, амьдрал гээч ердөө л төрөх, үхэхийн мөнхийн хэлхээ бололтой. Эгшин хором хүртэл төрж, бас үхдэг билээ л.
***
Хувьсал өөрчлөлтөөс халширч бүү зугтаа. Харин ч таатайгаар хүлээн ав. Амьдрал орвонгоороо эргэлээ гэж адгаж бүү зов. Туулж гарснаас чинь илүү сайхан амьдрал тосоод угтах ч юм билүү, хэн мэдлээ.
***
Хүний амьдрал урьдаас хатуу төлөвлөгдөхийг хувь тавилан гэдэггүй. Тиймээс хорвоо ертөнцийн хөг аялгуу үүсэн бүрэлдэхэд хувь нэмрээ оруулахаас татгалзаж, бүхнийг хувь тавиланд даатган үлдээнэ гэдэг харанхуй бүдүүлгийн шинж. Хорвоо ертөнцийн хөг аялгуу хаа сайгүй тархаж, дөчин өөр түвшинд дуурьсдаг билээ. Чи өөрийн хөг аялгууг хаана дуурьсгана тэнд л чиний хувь тавилан буй.
***
Харин ч бүр тамын галыг унтрааж, диваажинг галдмаар байна, тэгж байж л хүмүүс бурхныг шалтгаангүй хайрладаг болно.***Хөлчүүрхсэн юм уу хөнгөн явдалтай эмэгтэй рүү харц шидсэн хүнийг чулуугаар шидэх атлаа бурхны нүдэнд бүр ч том нүгэлтэн болдог ховч этгээдийг буруу зүйл хийсэн гэж харах нь үгүй.
***
Үнэнийг хэлэх тусам өөртөө дайсан хураадаг. Хайрын тухай ярих тусам хүмүүс чамайг үзэн яддаг.
***
Хайр гэдэг чинь эгээ л торго шиг юм: зүрх шимширмээр эмзэг нандин атлаа гайхмаар бат бөх.
***
Хайрыг эрж эхэлсэн цагаас хүн өөрөө өөрчлөгддөг. Хайрыг эрж олох их аянд гарсан хүний бие, сэтгэл зам зуурт төгөлдөрждөггүй. Өөрөөр хэлбэл хайрыг хайж эхэлмэгц хүн өөрөө дотроосоо ч гаднаасаа ч өөрчлөгддөг.
***
Хэрвээ зөвхөн сайханд нь л анхаарал хандуулаад, саарыг нь авч хэлэлцдэггүй бол хайр гэгч зүйл нэр шигээ үнэ цэнэтэй байж чадна гэж үү? Сайныг сайшааж мууг нь муушаах шиг амархан зүйл үгүй. Хэн ч үүнийг чадна. Харин сайн, муу хоёрыг хамтад нь хайрлана гэдэг л жинхэнэ сорилт. Тэгэхдээ өөтэй, өөгүй хоёрыг ижил түвшинд байлгах гэсэн хэрэгцээнээс илүүтэй иймэрхүү хэвшмэл ойлголтуудыг огоорч, хайрыг байгаа чигт нь хүлээн авах тухайд хэлж байгаа юм шүү.
***
Там диваажин хоёр яг одоо энд бий. Тиймээс тамаас айж, диваажинг мөрөөсөхөө болигтун. Зүрхээ хайраар дүүргэх бүрдээ бид диваажинд хүрдэг. Харин үзэн ядаж, атаархаж, арцалдан тэмцэлдэх болгондоо тамын галд шатаж байдаг.
***
Хайрыг тайлбарах аргагүй. Гагцхүү мэдэрч л болно. Гэхдээ хайр хэдий тайлбарлагдашгүй ч тэр өөрөө бүхнийг тайлах түлхүүр билээ.
***
Байгаль эх тэр чигээрээ хөг аялгуунаас бүрддэггийг тэд анзаардаггүй юм байхдаа? Энэ ертөнцийн юм бүхэн айзам хэмнэлтэй- зүрхний лугшилт, шувуудын далавчны дэвэлт, шуургатай шөнийн салхи, төмрийн дархны багажийн дуу, эхийнхээ хэвлийд байгаа ургийн сонсдог чимээ...
***
Өдөр бүрийг нэг л янзаар өнгөрүүлнэ гэдэг үнэхээр гунигтай. Бид урсан одох хором бүхний хэрээр, уушгиа цэнэглэх амьсгал бүрийнхээ тоогоор шинэчлэгдэж байх учиртай. Амьдралаа цоо шинээр эхлэх цор ганц арга бий: тэр бол үхэл ирэхээс өмнө үхэх.
***
Бидний шашин бол хайр юм. Хүн төрөлхтөн бид зүрх сэтгэлээрээ холбогдсон уртаас урт гинж билээ. Нэгэн хэлхээ тасрахад өөр нэг нь түүнийг нөхнө.
***
Сонсголонтой, сэтгэл хөдөлгөм, нууцлаг. Тэгэхдээ нэг л ер бусын, этгээд ч гэмээр. Яг л хайр шиг.
***
Хайранд шошго нааж, тайлбар зүүх ямар ч шаардлага байхгүй. Хайр бол эгэл агаад ариухан, энэ л байгаагаараа төгс. Хайр бол ус. Хайрласан хүн бол гал. Гал, ус хоёр нэгдсэн цагаас эхлээд ертөнц тэр чигтээ өөрчлөгддөг юм.