"Үнээ саалгадаггүй хоёр Мөнх" гэдэг шиг, "Унтуулдаггүй" нэг ном байна аа. Аль дээр л авчихаад, уншина даа гээд дэрэн дээрээ тавьчихсан байсан. Өчигдөр орой орондоо орчихоод хоол болтол шийр зугаа гэсэн шиг, нойр хүртэл хоёр хуудас гэсэн маягтай энэ номыг дэлгэсэн юм. Гэтэл нэг мэдэхэд 4.30 болчихсон байх нь тэр. Шимшрэн шимшрэн, заримдаа ч нулимс унаган байж уншлаа. Хүүхэд байхад л нэг барьсан номондоо татагдаад, юу болж буйг анзаарахгүй суучихдаг байж. Одоо бол тэгэж шимтэн уншдаг ном бараг үгүй болжээ. 5 жилийн өмнө нэгэн франц зохиолчийн "Таван эрдэмд төгссөн лам" номд нэг ингэж татагдаж билээ."Амьдрахуй"-г уншчихаад гэнэтхэн Муракамийн "Норвегийн ой"-г уншмаар санагдаад... Огт хоёр өөр ертөнц, эсрэг тэсрэг оршихуй. Нэг нь бүхий л зовлон, гачигдал, гамшиг бүхэн яаж ч дайрч, нирвэж байсан ч тэсэж үлдэж буй ертөнц бол нөгөө нь бараг л эсрэгээрээ, наадаж, охидтой наргиж, байнга виски шимж, тэгээд энэ амьдралд уйдаж, ганцаардаж, гиюүрсэн, сэтгэл зүрхээ аль нэгтээд гээчихсэн мэт мэнэрсэн амьдрал. Амиа хорлосон залуус.... Асар гүн контрасстай хоёр өөр мэдрэмжийг мэдрэх тун хачирхалтай байлаав шүү. Тэгээд нэг мэдэхэд үүр цайж, нар гарч... "Үнээ саалгадаггүй хоёр Мөнх" санаанд оруулах.Энэтхэгийн гуйлгачдийн сүргийг харсан япон хүн гүн ухаантан болдог гэж үг байдаг. Арга ч үгүй байх. Хүн гэхэд хэцүү, хүний хорвоод хамаг зовлонг, гуйранчлалыг туулах л гэж, гарцаагүй тийм л үйлийн үртэй төрсөн тэр хөөрхий үгээгүй гуйлгачдыг харсан баян тансаг орны цатгалдсан иргэд гүн шоконд орж, амьдрахуйн тухай, амьд тэсэн үлдэхийн тухай ултай эргэцүүлэхэд хүрдэг биз. Туулайнд туулайн зовлон, арсланд арслангийн зовлон. Аль аль нь ч өөрийн гэсэн зовлонтой. Гэвч эцсийн эцэст үхэл хийгээд амьдрахуй нь нэг л юм даа. Энэ хятад зохиолчийн дүрийг бяцхан зүйлээр товойтол гаргаж буй чадвар нь гайхалтай. Гарч буй жижигхээн дүр нь хүртэл онцгой содон. Хятад хүний арчаагүй дорой, аймхай хулчгар, ямаан омог, бас тэвчээр, амьдрал дээрээс нь хайр найргүй давтаж, дарж, нэрвэсээр байхад л амьд үлдэж чадах, магад хархных шиг, жоомных мэт гайхалтай тэсвэр, нэгнээ гэх хайр, бас нэгнээ ойлгож мэдэрч, гараараа бус зүрх сэтгэлээрээ халуунаар, бүр яаж ч байсан тавихгүйгээр тас тэврэх чадвар гээд сайн муу бүхий л ааш араншин нь нэвт харагдаж, хятад ахуйн өмхий үнэр нь хүртэл нилхийнэ. Хүний зовлон, шаналалыг гүн гүнзгий мэдэрч, түүнээ энгийн бүдүүн тойм мэт хүүрнэлээр атлаа нэн нарийн мэдрэмжтэй, тун товчхон атлаа маш оновчтой илэрхийлж буй нь гайхалтай. Хүний зовлонг голоороо ортлоо мэдэрнэ, түүнээ төгс илэрхийлж чадна гэдэг бол зохиолч хүний гол мөн чанар. Түүнийг Хятадын Бальзак, Диккенс гэдэг гэнэ. Надад бол Золятай илүү адил мэт санагдав.Хятадын хэдэн үеийн түүх ч элдэв чимэггүйгээрээ яг таг гарна. Уран зохиолын амин сүнс нь дүр. Дүр хичнээн амьд болно, зохиол тэр хэмжээгээр сайн болдог нь хууль. Энэ бяцхан зохиолийн дүрүүд ямар амьд, бүр дотор орчихсон мэт амьд. Хөгшин үхэртээ хань татан эртээ эртээ харамсалтайгаар орхин одсон эхнэр, охин, хүү гурвынхаа нэрийг дуудан, ганцаараа ярилцах ямар ч ирээдүйгүй мэт өнчирч үлдсэн хөгшин Фу Гүй, аавдаа зодуулчихаад, гутлаа элээхгүй гэсэндээ хөл нүцгэн сургууль руугаа гүйх Ёу Чин, тэр цусаа өгөх гэж тойрч гүйж, эрвэлзэж буй нь харагдах шиг, бас ... Дүүг нь сургуульд сургахын тулд айлд зарцаар явуулахад эргэж харан, юу болж буйг ойлгон, өмнө нь өөрийг нь ямар талхи хүлээж буйг мэдрэх ч шийдэмгий зогсох хэлгүй, дүлий Фэн Шиагийн царай төрх, ... тосгон дундуур дайраад өнгөрч буй тэр нэг цэргийн дарга хүртэл... Хятадын уран зохиолоос тийм ч сайтар уншаагүй л дээ. Гэхдээ л Тангийн хэдэн гайхлууд болох Ли Бо, Ван Вей, Дү Фүгээс эхлээд өнөөх алдарт дөрвөл роман, сүүлд тэр Нобель авдаг Мо Яныг хүртэл хэр хэмжээндээ л уншсан. "Дарсны орон" нь, за яахав дээ л гэсэн юм бодогдоод өнгөрсөн. Харин миний хэзээд дуртай зохиолч бол Лү Шүн. Манайхан оросоор дамжуулж танилцсан нь их болохоор Лу Син гэдэг нэрээр нь мэдэх байх. Лү Шүнийг шагшрахаас аргагүй. Өнөөдөр Хятадын уран зохиолоос бас нэг шагшрах хүн нэмэгдэв. Тэгээд зогсохгүй Их дэлгүүр орох далимдаа хоёр найздаа нэг нэг аваад өгчих санаатай номын лангуу /Мажестик/ ортол "Амьдрахуй" дуусчихсан, авчирч өгөхгүй байна гэж худалдагч охин надад "ховлож" байна. Дашрамд энэхүү зохиолын орчуулгын хэл ч сайн ажээ. Мө. Батбаяр. Маш сайн. Хүний амьдралаа гэж... Аав маань "Юу үнэн бэ, зовлон л үнэн дээ" гэдэг байж билээ. Амьдарч, тэсч, гэтэлж үзсэн хүний үг байж дээ. Чухам зовлон гэгч л амьдрахуйн үнэ цэнийг хэмжиж өгдөг. АМЬД сүг байх, АМЬД байх, АМЬД мөн чанартай байх их ялгаатай, бүр их ялгаатай.Б.Номинчимэд