Энэхүү эссейг Беньямин 1923 онд Бодлерын орчуулга хэмээх бүтээлийн оршил болгож хэвлүүлж улмаар 1968 Illuminations: Essays and Reflections гэсэн бүтээлд нь Ханна Арентын өмнөтгөлтэй Англи хэл дээр гарчээ. Энэхүү орчуулгыг харин The Translation Studies Reader хэмээх Лоренс Венуттигийн орчуулгын онолын бүтээлээс буулгав. Англи дээрхи материалруу ricorson.net вэб хуудсаар орсон. Стефан Малармегийн эшлэлийг Франц хэлнээс Б. Дөлгөөн буулгасан болно.
“Орчуулагчийн даалгавар” Вальтер Беньямин [1923] 1968
Урлагийн бүтээл болоод урлагийг үнэлэхэд үзэгчийг авч үзэх нь хэзээ ч үр дүнд хүргэж байгаагүй. Үүнд ямар нэгэн олон нийт эсвэл үүнийг төлөөлөгчийг дурьдах нь ташаа гэдгээр зогсохгүй, бүүр урлагийг авч үзэх байдалд хор хөнөөлтэй юм. Учир юу гэвээс энэ нь хүний оршихуй болоод араншинг зөвхөн “туйлын” үзэгч хэмээх ойлголтоор илтгэх гэж л оролддог. Урлаг үүнтэй адил хүний биеийн болоод оюун санааны оршихуйн асуудлыг л дэвшүүлдэг болохоос уран бүтээлийнхээ аль ч хэсэгт өөрт нь өгөх хариу үйлдлийг авч үздэггүй. Ямар ч шүлэг уншигчид зориулж бичигддэггүй, ямар ч зураг үзэгчид, ямар ч симфони сонсогчдод зориулагддаггүй.
Орчуулга нь тэгвэл эх сурвалжийг ойлгох чадваргүй уншигчдад зориулагддаг юм болов уу? Энэ хоёрын урлагт эзлэх өөр өөр байр суурийн ялгааг хангалттай тайбарлаж байгаа болов уу. Тэр ч байтугай, “нэг ижил зүйлийг” давтан хэлэх ганц шалтгаан болов уу гэж үзэхээр байна. Учир нь уран зохиолын бүтээл юуг “хэлнэ” вэ? Юуг дамжуулах гэсэн юм? Ойлгох нэгэнд нь ч тун бага зүйлийг “хэлдэг” шүү дээ. Үүний үндсэн чанар нь мэдэгдэл өгөх ч бус мэдээлэл дамжуулах ч бус юм. Гэтэл дамжуулах үүргийг гүйцэтгэх гэж буй ямар ч орчуулга мэдээллээс өөр зүйлийг дамжуулж чадахгүй-тиймээс чухал бус зүйл болж таарна. Энэ нь муу орчуулгуудын таних тэмдэг юм. Уран зохиолын бүтээлийн амин сүнс нь- үүнийг ямар ч муу орчуулагч хүлээн зөвшөөрөх байх- мэдээллээс гадна нэвтрэхэд бэрх, далдын “яруу” нэгэн зүйлийг агуулах бөгөөд үүнийг орчуулагч өөрөө яруу найрагч тохиолдолд л буулгаж чадна гэж бид боддоггүй гэжүү? Энэ нь гэхдээ муу орчуулгын бас л нэг шинж ба үүнийг бид улмаар чухал бус агуулгыг алдаатай буулгасан гэж тодорхойлж болох юм. Энэ нь орчуулгыг уншигчид зориулан үйлдсэн тохиолдол бүрт үнэн болно. Гэхдээ, уншигчид зориулсан юм бол эх сурвалж нь ч гэсэн тийм байх ёстой шүү дээ. Сурвалж нь уншигчийн төлөө оршин байгаа бус юм бол орчуулга энэхүү санаан дээр тулгуурлан хэрхэн ойлгогдох билээ?
Орчуулга гэдэг бол хэлбэр юм. Энэхүү хэлбэрийг ойлгохын тулд сурвалж руу эргэн хандах хэрэгтэй бөгөөд энэ нь орчуулгын хууль дүрмийг агуулах бөгөөд энэ нь тухайн зүйлийн орчуулагдах чанар болно. Уран бүтээл орчуулагдах боломжтой эсэх нь тодорхой бус утгатай. Энэ нь: бүх уншигч дундаас нийцэх орчуулагч олж чадах уу? Эсвэл, ялангуяа өөрийн мөн чанраараа орчуулагдахыг зөвшөөрч буй эсэх, тиймээс энэхүү хэлбэрийнхээ дагуу- орчуулга хийхийг уриалж байгаа эсэх. Зарчмын хувьд, эхний асуултанд зөвхөн ярвигтай хариулт өгөх боломжтой бол удаах хариулт няцаашгүй. Хоёр дахь асуултын хараат бус утгыг[1] үгүйсгэх өнгөц сэтгэлгээ л тус хоёрыг ижил утгатай хэмээн тунхаглах буй за. Үүний эсрэгээр, зарим нэгэн харилцан хамаарлын ухагдахуунууд нь тохирох болоод, үнэхээр шилдэг утгаа эхнээсээ дан ганц хүмүүн төрөлхтөнтэй холбогдолгүйгээр олж авдаг. Тиймээс бид бүх хүмүүсийн мартчихсан ч байсан мартагдашгүй амьдрал эсвэл мөчүүдийг одоо хүртэл ярих боломжтой. Хэрэв эдгээр амьдрал болон мөчүүдийн мөн чанар нь мартагдашгүй байхад оршдог бол, энэхүү логик нь худал бус юм; энэ нь хүмүүс хоорондоо нэг цаг мөчид уулзахгүй байх эрэлт нөхцөл ба энэхүү нөхцлийг хаана гүйцэлдүүлж болох нь ойлгомжтой бөгөөд энэ нь Бурханы бодолруу зааж байгаа юм. Иймээс хүн төрөлхтний хувьд орчуулагдашгүй зүйлүүд байсан ч гэсэн хэлний бүтцийн орчуулагдах байдлыг авч үзэх хэрэгтэй. Мөн түүнчлэн орчуулгын хэт нарийн ухагдахууныг ашиглавал тодорхой түвшинд орчуулагдах боломжгүй болдог бус уу? – Энэ тохиолдолд, зарим нэг хэлний бүтцүүдийг орчуулах шаардлагатай юу гэсэн асуултыг бид асуух ёстой нь дараах таамаглал хамаатайд байгаа юм: Хэрэв орчуулга нь нэгэн төрлийн хэлбэр юм бол, орчуулагдах байдал нь зарим нэгэн бүтээлүүдийн гол чанар байх ёстой.
Орчуулга бол зарим нэг бүтээлүүдэд байдаг чанар- энэ нь гэхдээ тэдгээрийн орчуулга нь бие даан оршин тогтнох зүйл гэсэн үг биш бөгөөд харин эх сурвалжид агуулагдах тодорхой нэгэн утга орчуулагдах байдлаар илэрдэг гэсэн үг юм. Ямар ч сайн орчуулга бай, тэрээр эх сурвалжид ямар ч ач холбогдолтой байж чадахгүй гэдэг нь тодорохой. Тэгсэн хэдий ч сурвалжийн орчуулагдах байдлаар түүнтэй холбогдож байдаг. Үнэхээр ч энэхүү холбоо нь орчуулга эх сурвалжийн хувьд чухал бус болох тусам дотно болдог. Үүнийг хэвийн холбоо, бүүр нарийн тодруулбал амин холбоо гэж хэлж болох юм. Амьд зүйлд ач холбогдолтой биш ч амьдралыг илэрхийлэгч түүнтэй хамгийн дотно холбоотой байдаг шиг орчуулга нь эх сурвалжаас эхэлдэг. Үнэндээ сурвалжийн оршин буй цаг үе гэхээс илүү “хойд нас” эсвэл “амьд үлдэх тэмцлийнх нь” үеээс эхэлнэ. Орчуулга нь үнэхээр эх сурвалжийн дараах зүйл юм бол энэ нь зарим нэг чухал бүтээлүүд өөрт нь тохирох орчуулагч нараа тухайн эрин цаг үедээ олооогүй явсаар өөрийн амьдралын үргэлжлэлийн нэгэн түвшинд хүрсэн гэсэн үг юм. Урлагийн бүтээлийн нас болоод үргэлжлэх амьдралыг ямар ч зүйрлэлгүй обьектив байдлаар авч үзэх хэрэгтэй. Үүнд хамгийн өрөөсгөл сэтгэлгээтэй түүхэн цаг үед хүртэл амьдралыг зөвхөн органик дарангуйлалтай холбож болохгүйг таамагладаг байсан юм. Үүнд Фекнер шиг[2], иймэрхүү ноёрхлыг сүнс хэмээх тогтворгүй засаглалын доор дэлгэрүүлэх тухай яриад ч хэрэггүй бөгөөд мөн цаашилбал амьтны амьдралын зөвхөн хааяа илтгэх мэдрэхүй дээр амь амьдрал тулгуурладаг гэдэг зүйлийг дурьдах бүүр ч шаардлагагүй юм. Амьдралыг зүгээр нэг түүхэн үзэгдэл бус, харин түүхтэй юм бүхэнд хамааруулснаар энэхүү ухагдахуун тодорхой болох юм. Учир нь амьдралын олонлог байдал нь байгаль бус, үүнд тэр мэдрэг байдал болон ялангуяа сүнс гэх мэт тогтворгүй зүйлүүд дээр бус, харин түүхэн дээр тулгуурлан шигшигдэх ёстой юм. Эндээс улбаалан түүхийн дэлгэрэнгүй амьдрал дээр илүү тулгуурлан амьд байгалийг таних гүн ухаантны даалгавар гарч ирж байгаа юм. Бүтээлийг бүтээсэн явц гэхээс илүү үргэлжлэх амьдралыг нь олж харахад илүү амархан биш гэж үү? Урлагийн агуу бүтээлүүдийн түүх нь ямар эх сурвалжаас гаралтай, бүтээлчийн эрин үед хэрхэн хэлбэр дүрсээ олсон болоод тэдгээрийн амьдрал дараа хойч үед хэрхэн мөнхөд үргэлжилж буйг тэмдэглэдэг. Илрэн гарч ирэхийг нь алдар нэр хэмээнэ. Мэдээлэл дамжуулахаас илүү зүйлийг илтгэх орчуулгуудыг бүтээлийн дараагийн үргэлжлэх амьдрал буюу нэр хүндээ олсон цаг үед бүтээдэг. Тиймээс эдгээр орчуулгууд нь бүтээлийн нэр хүндэд нийцүүлээд байгаа бус (муу орчуулагч нарын үздэг шиг), учир нь өөрсдийн оршихуй үүнээс хамааралтай. Эдгээрээр эх сурвалжийн амьдрал байнга шинэчлэгдэж, хамгийн сүүлийн үеийн болоод дэлгэрэнгүй хөгжлийг олж авдаг.
Нэгэн тодорхой дээд амьдралын хөгжил гэдэг утгаараа энэхүү хөгжил нь зорилгод тохирох байдлаараа тодорхойлогдоно. Хэдий тэдгээрийн холбоог олж харахад дөхөм мэт боловч биежилт нь бултах бөгөөд зөвхөн дээд зорилгын талбарт илрэхийн тулд тус тусын амьдралын зорилгууд илрэх талбаруудаасаа тэмүүлнэ. Амьдралын бүхий л төрөл зүйлүүдийн учир шалтгаан болоод амьдралын өөрийнх нь учир шалтгаанлаг байдал гэх мэт нь эцсийн дүндээ амьдралын төлөөх зорилготой бус харин түүнийг илэрхийлэхийн төлөө мөн түүний ач холбогдлыг төлөөлөхийн тулд оршино. Тиймээс орчуулга нь хэлнүүдийн хоорондахь хамгийн дотно харилцааг илэрхийлэх эцсийн зорилгыг л агуулдаг болно. Орчуулга нь дан ганцаараа энэхүү далд харилцааг илрүүлэх эсвэл бүтээх чадваргүй; гэхдээ бүтээх чадварыг үр бүтээлтэй мөн эрчимтэйгээр биежүүлэн төлөөлж чадах юм. Үнэндээ, энэхүү туршилтаар төлөөлөн гаргах утга нь, бүтээлч байдлын үр нь хэлний бус амьдралд тохиох ховор төлөөллийн нэгэн горим байж болох юм. Учир нь адилтгал болон тэмдгүүд дэхь хэлний бус амьдрал нь эрчимтэй бус, биелэлтийг зөгнөсөн хүүрнэх утгын төрлүүдийг агуулдаг болно. Гэхдээ энэхүү хэл хоорондын орших төсөөллийн болоод гүний харилцаа нь онцгой нэгэн нийлэгжих харилцаа юм. Энэ нь хэлнүүд өөр хоорондоо харь бус харин бүх түүхэн холбооноос үл хамааран онолын хувьд, a priori[3] юу өгүүлэх гээд байгаагийнхаа хувьд нэг нэгэнтэйгээ хамааралтай гэсэн баримтаас бүрдэнэ.
Гэхдээ энэхүү тайлбар хийх гэсэн оролдлогоор хэлэлцүүлэг маань, хэд хэдэн тойруу болоод амжилтгүй замаар бэдэрсний эцэст нөгөө л нэг уламжлалт орчуулгын онол дээх ирэх шив дээ. Хэрэв хэл хоорондын харилцаа нь өөрийгөө орчуулгаар харуулахад оршдог юм бол үүнийгээ эхийн хэлбэр болоод утгыг нь яг таг буулгахаас өөр яах билээ? Үүнд уламжлалт орчуулгын онол энэхүү яг таг буулгах гэсэн ойлголт дээр тодорхойлолт өгч чадахгүй нь ойлгомжтой учир орчуулгын мөн чанар гэж яг юм гэдэг дээр тайлбар өгч чадахгүй болов уу. Үнэн хэрэгтээ хэл хоорондын харилцаа нь бодсоноос гүнзгий гэдэг нь ойлгомжтой болох бөгөөд хоёр бичвэрийн төсөөтэй байдал гэх мэт өнгөц мөн тодорхойлох боломжгүй зүйлээс илүү нарийн зүйл юм. Эх болоод орчуулга хоорондын харилцааны жинхэнэ харилцааг ойлгохын тулд бид зорилтынхоо хувьд тусгалын онолын[4] боломжгүйг харуулдаг шүүмжлэлт эпистемологитой[5] аналог сэтгэлгээгээр хандах хэрэгтэй юм. Шүүмжлэлт эпистемологийн онол нь обьектив мэдлэг байх боломжгүй, мэдлэг нь бодит байдлын тусгалд оршдог хэмээн үздэг, бүүр цаашилбал иймэрхүү мэдлэгийг дэвшүүлэх нь ч буруу хэмээн үздэгтэй адил орчуулгын мөн чанарын гол зорилт нь эх сурвалжтай адил байх ёстой гэсэн боломжгүй зүйлээр хөөцөлдвөл ямар ч орчуулга хийх боломжгүй гэдгийг олж харах болно. Эх сурвалж нь дараа үргэлжлэх амьдралдаа өөрчлөгдөн шинэчлэгддэг амьд зүйл гэдэг утгаараа өөрчлөгддөг. Тогтсон үг ч мөн хугацаа хэтэрч болно. Зохиолчийн үед сүүлийн үеийн чиг хандлагыг илэрхийлж байсан яруу хэлний хугацаа яваандаа шавхагдаж дараагийн бүтээлээс дотоод чиг хандлага шинээр үүсч бий болох боломжтой. Шинэлэг мэт сонсогдож байсан зүйл улиг сонсогдож, хэвшмэл хэрэглээ нь сүүлд хуучирсан болж сонсогдох магадлал бий. Эдгээр өөрчлөлтүүдийн мөн чанар болоод утгын байнгын өөрчлөлтийг хэл болон хэлний бүтээлийн дотоод амьдрал гэхээс илүү үе үеийн сүбьектлэг байдлаас хайх нь- бүр хамгийн бүдүүлэг психологизмын[6] хувьд ч тэр-тухайн зүйлийн шалтгаан, мөн чанарыг ялгаж салгахгүй байгаатай адил; бүр хатуухан хэлвэл өөрийн сэтгэлгээний чалхгүй байдлаасаа үүдэн түүхийн хүчтэй болоод үржил шимтэй явцыг үгүйсгэсэн явдал болно гэсэн үг. Зохиолчийн бийр бэхийн сүүлчийн цохиолтыг бүтээлийн coup de grâce[7] гэж хэн нэгэн үзлээ гэхэд орчуулгын энэхүү үхмэл онолыг аврахад хангалтгүй. Уран зохиолын агуу бүтээлүүдийн өнгө аяс мөн ач холбогдол зуун зууныг дамжин бүрмөсөн өөрчлөгддөгтэй адил орчуулагчийн уугуул хэл мөн өөрчлөгддөг. Чухамдаа, яруу үгс өөрийн хэлэндээ оршин тогтносоор байхад хамгийн алдартай орчуулга хүртэл өөрийн хэлний хөгжилд нэвчин үүнийхээ үр дүнд бий болох шинэчлэлтэд үгүй болох хувь заяатай. Орчуулга нь үхмэл хоёр хэлний үржил шимгүй ижил төстэй байдал гэхээс илүү, гадны үгийн хугацаа дуусах үеийг болоод өөрийн хэлний төрөлтийн өвдөлтийг илтгэх хувилбар юм.
Хэл хоорондын ураг төрлийн харилцаа орчуулга дээр илэрдэг гэж үзвэл эх болоод хуулбар хоорондын ижил төстэй байдал гэсэн бүдэг ойлголтоос өөрөөр илэрдэг болно. Энэхүү ургийн холбоо нь ижил төстэй байдал гэдэг дээр заавал тулгуурладаг бус болно. Энэхүү агуулгаараа ургийн холбоо хэмээх ойлголт нь илүү нарийн хэрэглээтэй бөгөөд хэдийгээр гарал үүсэл гэдэг зүйл нь энэхүү нарийн хэрэглээг тодорхойлоход чухал хэвээр ч гэсэн эх үүсвэрийн ижил төстэй байдал гэдгээр тодорхойлоход хангалттай бус юм. Түүхэн ургийн холбооноос гадуур өөр хаанаас илүү хоёр хэлний ургийн холбоосыг хайх билээ дээ? Ямартай ч үгсийн ижил төстэй байдал гэдгээс илүү уран зохиолын бичвэрийн ижил төстэй байдлаас бус байх. Бүх түүхээс дээр орших[8] хэл хоорондын ургийн холбоо нь бүгдэд нь нэг бүхэл зүйл гэдэг утгаара нэг л зүйлийн зорилтот санааг агуулна; гэхдээ үүнийг дан ганцаараа биелүүлж чадахгүй зөвхөн харилцан дэм дэмийн зорилтоор олж авах бөгөөд энэ нь ариун хэл юм. Төрөл бүрийн хэлний бичил хэсгүүд болох үг, өгүүлбэр, бүтэц нь тухайн хэл бүртээ өөр өөр байдаг бол эдгээр хэлнүүд зорилтот санааныхаа хувьд нэг нэгнээ гүйцээдэг. Энэ нь хэлний гүн ухааны энгийн хууль бөгөөд үүнийг нарийн ойлгохын тулд ямар нэгэн зүйлийг илтгэх гэсэн санаан дахь утгын горимыг ялгаж үзэх хэрэгтэй. “Brot” болон “pain[9]” нь илэрхийлж буй утгаараа ижилхэн боловч утгын горим нь өөр болно. Утгын горимоороо энэ хоёр үг Герман хүнд нэг өөр Франц хүнд нэг өөр зүйлийг илэрхийлэх учраас нэг нэгнээ орлох боломжгүй, бүүр ангид утгатай болно. Гэхдээ санаа чиглэгдсэн эд зүйлийнхээ хувьд хоёул нэг болоод адил зүйлийг тэмдэглэнэ. Тиймээс хоёр үгний утгын горим тэрсэлдэж байгаа ч гэсэн хоёр өөр хэлнээс гаралтайгаараа нэг нэгнээ нөхөн дэмжиж буй юм. Үнэхээр тус тусын байдалдаа зорилгын горим ба юуг хэлэх гэсэн хоёрын хоорондын харилцаа нь бие биенээ нөхөх маягтай байна. Бие биенээ нөхөөгүй тус тусын хэлүүдэд зорилтот обьект хэзээ ч харьцангуй бие даасан байдлаар тааралдахгүй бөгөөд, үүнд жишээ нь дан үгс эсвэл өгүүлбэрт, харин эдгээр олон горимнуудын зохицлоос ариун хэл болтлоо үргэлжийн өөрчлөлтөд өртсөөр байх болно. Тэр хүртлээ энэ нь төрөл бүрийн хэлнүүдэд нуугдсан байдалтай байна. Хэрэв энэ байдлаар хэлнүүд нь өсөн дэвжсээр зөгнөсөн ёсоор түүхийн төгсгөлд хүрнэ гэж үзвэл орчуулга нь энэхүү хэлнүүдийн ариун өсөлтийг сорих үүднээс уран бүтээлүүдийн амьдралыг үргэлжлүүлж мөн хэлийг эцэс төгсгөлгүй амь оруулснаар тэднээс нуусан илчлэлт хэр хол байгааг мэдэж, энэхүү зайг мэдсэнээр хэрхэн эдүгээ цагт биеллээ олохыг тогтооход оршино.
Мэдээж хэрэг ингэж ярих нь бүх орчуулга нь хэл хоорондын харь элгэн байдалтай эвлэрч сурах асуудал төдий мэтээр хүлээн зөвшөөрөх явдал болох нь ойлгомжтой. Энэхүү харь элгэн байдлыг үгүй хийх нь цаг хугацааны мөн оршлын маягтай бус харин агшин зуурын хийгээд эцсийнх байх бөгөөд хүн хийж чадахгүй, магадгүй шууд дуусгавар болгохыг эрэлхийлэх боломжгүй зүйл. Тиймээс орчуулга нь хэдийгээр бүтээлүүд нь цаг хугацааг даван туулах үгүйг хэлж чаддаггүй ч, мөн үүгээрээ урлагаас ялгаатай ч, бүх хэлний хөгжлийн эцсийн болоод хамгийн шийдвэрлэх шатруу тэмүүлэх тэмүүллээсээ ухардаггүй болно. Орчуулгад орсноор эх сурвалж нь хэлний дээд болоод илүү ариун давхарга болон хөгждөг. Гэхдээ тэрээр өөрийн хэлбэрийн бүх бүрэлдэхүүн хэсгээ олж авахаас хол байгаа тул энэхүү давхаргадаа тэрээр эцэс хязгааргүй оршин тогтносоор байж чадахгүй. Тэгсэн хэдий ч тэрээр заяа төөргийн, нэвтрэх боломжгүй, бүх хэлнүүд эвлэрэл болон төгс чанарт хүрэх талбарлуу гайхамшигтай гярхай байдлаар заана. Үүнд эх нь энэхүү талбарын салбар мөчиртэй болдоггүй ч түүн дотор орчуулгаар дамжин мэдээлэл төдийхөн бус зүйл болж оршино. Энэхүү амин голын нарийн тодорхойлолт нь чухам тэрхүү орчуулагдахгүй байгаа зүйл нь юм. Хэн нэгэн нь орчуулгаас хүссэнээрээ их харилцааны шинжтэй агуулгыг гаргаж авч болох бөгөөд тэр хэмжээгээр ихийг орчуулж болох боловч жинхэнэ орчуулагчийн хүч чармайлт чиглэгдсэн тэр бичил зүйл баригдахгүй хэвээр үлддэг. Энэ нь эх сурвалжийн утга зохиолын хэл шиг орчуулагдахгүй зүйл бөгөөд учир нь эх сурвалжийн агуулга ба хэл хоёрын харилцаа нь орчуулгынхаас өөр болно. Хэрэв эх сурвалжийн агуулга, хэл хоёр нь жимс ба жимсний хальс лугаа тодорхой нэгдмэл байдалтай бол орчуулга түүний агуулгыг хааны нөмрөг лугаа ороон оршино. Орчуулга нь эхээс илүү дээд хэлийг төлөөлөх учир үүнийхээ дагуу агуулгатай харилцах байдлаараа дутмаг, догшин болоод харийн шинжтэй юм. Энэхүү хагарал нь ямар ч орчуулгад саад болж үүнийхээ сацуу илүүдэл бий болгодог нь бүтээлийн орчуулга бүр хэлний түүхэн дэхь тодорхой нэгэн мөчид бүтээгдсэн бүтээлийн орчуулга бүр, агуулгынхаа тодорхой нэгэн талаас шалтгаалж, бусад бүх хэлнүүдрүү хөрвөх орчуулгыг төлөөлж байгаа юм. Тиймээс орчуулга нь эхийг илүү тодорхой хэлний талбараар сольдог нь инээдэмтэй хэрэг. Учир нь тэрээр өөрийн дээд төвшин эсвэл бусад нэгжүүдрүү дэвшин дамжигдахдаа ч эхээс салах боломжгүй юм. Энд “инээдэмтэй” хэмээх үг Романтик сэтгэлгээний хэв маягийг санагдуулж буй нь санаандгүй зүйл бус юм. Урлагийн бүтээлийн амьдралруу хамгийн түрүүнд өнгийж харсан хүмүүс бол Романтикууд байсан бөгөөд үүнд орчуулга хамгийн дээд гэрч нь байсан юм. Романтикууд мэдээж хэрэг орчуулгын ач холбогдлыг бараг таниагүй. Үүнийхээ оронд тэд бараг бүх анхаарлаа бүтээлийн үргэлжлэх амьдралын хэдий жинхэнэ ч явцуу бичил хэсгийг төлөөлдөг шүүмжлэлрүү хандуулсан юм. Хэдийгээр тэдний онол орчуулга дээр төвлөрөх магадлалгүй байсан ч үйлдсэн агуу орчуулгын бүтээл нь өөрөө мөн чанар болоод энэхүү хэлбэрийн нэр хүндийг агуулж байсан юм. Энэхүү мэдрэмж- бүгд үүний зүг зааж байгаа бөгөөд- яруу найрагчид хамгийн хүчтэй байх шаардлагагүй; яруу найрагч үүргийнхээ дагуу хамгийн жижиг оролцоотой ч байж болно. Олны боддог шиг агуу орчуулагч нар яруу найрагчид байдаг эсвэл сулхан яруу найрагч муухан орчуулагч байдаг гэсэн түүхэн ойлголт байхгүй. Лютер, Вош болон Шлегел мэтийн хамгийн агуунууд нь яруу найрагч гэхээсээ илүү орчуулагч гэдгээрээ дуурсагддаг бол Холдерлин, Жорж хоёрын бүх бүтээлүүдийг авч үзвэл дан ганц яруу найрагчид гэж хэлэхэд мөн хэцүү. Ялангуяа тэдний ажлыг орчуулагчийн ажил биш гэж үзэхгүй байх тохиолдолд шүү дээ. Орчуулга өөрөө онцгой хэлбэр байдаг шиг, орчуулагчийн даалгаврыг мөн яруу найрагчийнхаас ялгагдах болоод тусдаа ангилсан байдлаар үзэж болно.
Орчуулагдаж буй хэл рүү чиглэгдсэн санааг олж харснаар эх сурвалжийн цуурайг сэрээх нь орчуулагчийн даалгавар юм. Энд бид яруу найргаас орчуулгын ялгаатай төрхтэй тулгарах юм. Учир нь яруу найраг бол хэлэнд хандахдаа хэзээ ч бүхлээр нь бус харин агуулгыг хэлний бүтцийн үүднээс зохион байгуулахад оршдог. Гэхдээ зүйрлэлээр ярих юм бол, орчуулга нь уран зохиолын бүтээл шиг уулс хоорондын өтгөн ойн дунд өөрийгөө олох зүйл бус юм; үүний оронд орчуулга нь ой руу харсан ч оролгүй, гаднааас нь дотор буй эхийг дуудахад тэрхүү нэгэн мөчид цуурай нь өөрийн хэл дэээр гадны хэлээр бүтсэн бүтээлийн чичиргээг бий болгож чадах юм. Яруу найргын бүтээлээс ялгаатай нь орчуулгын санаа нь нэг зүйл рүү зөвхөн хандсан бус байдгаас гадна өөрөө дотоод чанаараараа өөр юм; яруу найрагчийн санаа нь төлөвлөөгүй, анхдагч, бодитой бол орчуулагчийнх үүсмэл, эцсийнх бөгөөд төгс шинжтэй. Олон хэлний олонлогийг нэг үнэн хэл болгон нэгтгэнэ гэдэг агуу санаа түүний бүтээлд шингэсэн байдагт учир байгаа юм. Харин тэрхүү хэлд бодгаль өгүүлбэрүүд, яруу найруулга болон шүүмжүүд хэзээ ч хоорондоо санал нэгдэхгүй- тэд орчуулгаас хамааралтай учир үүний оронд хэлнүүд утгын горимынхоо дагуу өөр хоорондоо зөвшилцөн дэм дэмэндээ эвлэрдэг. Гагцхүү эцсийн нууцыг тайлахад чиглэх бүх бодлыг агуулагч, тэмцлээс ангид бүүр дохионы ч байтугай, үнэн хэл гэж байдаг бол – энэ нь жинхэнэ хэл юм. Гүн ухаантнуудын хүрэх гэж чармайн буй зөвхөн дүрслэл ба горьдлогод орших энэхүү төгс чанарын хэл нь чухамхүү орчуулгуудад шигүү халхлагдан оршино. Гүн ухааны охин тэнгэр үгүйтэй адил орчуулгын охин тэнгэр гэж үгүй. Гэхдээ энгийн сэтгэл хөдлөмтгийн нөхдүүдийн боддог шиг тэдгээр нь оюунлаг бус зүйлүүд биш юм. Учир нь хэлийг хүсэмжлэх байдал нь орчуулгаар илэрдэг мөн чанар бүхий суут гүн ухаантан бий. “Les langues imparfaites en cela que plusieurs, manque la suprême: penser étant écrire sans accessoires, ni chuchotement mais tacite encore l’immortelle parole, la diversité, sur terre, des idiomes empêche personne de proférer les mots qui, sinon se trouveraient, par une frappe unique, elle-même matériellement la vérité.”[10] Малармэгийн эдгээр үгсийг гүн ухаантанд шууд утгаар нь хэрэглэвэл, орчуулга нь энэхүү хэлний үрийг агуулж буй утгаараа яруу найраг болоод номлолын хооронд оршиж байгаа юм. Орчуулгын бүтээл нь номлолоос дор ч түүхэнд үлдээх ул мөрийнхөө хувьд дордохооргүй гүнзгий билээ.
Хэрэв орчуулагчийн даалгаврыг энэхүү үзэмжээр үзэх юм бол биелэлтэнд хүрэх замууд нь улам бүр нэвтрэхийн аргагүй харанхуй болох эрсдэлтэй. Үнэхээр, энэхүү даалгаврыг биелүүлэх асуудал буюу ариун хэлийн үрийг орчуулгаар дамжуулан боловсруулах явдал нь тайлал үгүй шийдэлгүй зүйл гэж харагдаж байна. Утгыг хуулбарлах нь шалгуур бус болчихвол иймэрхүү ямар ч шийдэл үндэс ул суурьгүй ганхах бус уу? Сөрөг талаас харвал, дээр дурьдсан зүйлийн гол санаа явж байгаа юм. Эх сурвалжид үнэнч байх[11] эсвэл эрх чөлөө- утгад таарах, тохируудах байдлаар буулгах эрх чөлөө, үгэнд үнэнч байх явдал- эдгээр нь орчуулгын хэлэлцүүлэг бүрт байдаг уламжлалт ойлголтууд юм. Орчуулгад утгын нөхөн төлжилтөөс өөр зүйлийг хайж буй орчуулгын онолд ашиггүй зүйлүүд болж харагдаж байна. Үнэндээ эдгээр ойлголтуудыг заншсан байдлаар ашиглахад шийдэлгүй мөнхийн зөрчилд автагдана. Үнэнч байх явдал нь утгын нөхөн төлжилтөд ямар нэмэртэй вэ? Үг бүрт үнэнч байх явдал нь эх сурвалжид буй утгыг бүхлээр нь бараг хэзээ ч буулгаж чадахгүй. Учир нь юуг илэрхийлэх гэсэн тэр нь утгын горимтой сүлбэлдэж байж утгын яруу чанарыг гаргадаг болохоос дан ганц тухайн үг ямар утгатайгаар илэрхийлэх боломжгүй. Үгс нь сэтгэл хөдлөлийн конотат утгатай хэмээн үүнийг тайлбарлах явдал байдаг. Бодит байдал дээрээ өгүүлбэрзүйн хувьд үгчилэн орчуулах явдал нь утгын нөхөн үржихүйг тэр чигээр нь завхруулж бүүр огт ойлгомжгүй байдалд хүргэх аюул бий. 19-р зуунд Хөлдерлины Софоклыг орчуулсан нь энэ төрлийн угчилсэн орчуулгын нэгэн булай жишээ юм. Эцсийн үр дүндээ хэлбэрийг үнэнчээр хөрвүүлэх явдал нь утгыг буулгахад саад болдог гэдэг нь тодорхой. Тиймээс үгчлэх хэрэгцээ нь утгыг авч үлдэх сонирхолд нийцэхгүй бөгөөд энэ нь муу орчуулагчдын сахилга батгүй лицензэд нэмэр болохоос биш яруу найраг, хэл хоёрт тус болох зүйл биш юм. Тиймээс энэхүү шалтаг нь тодорхой бөгөөд ул сууриндаа гүн гүнзгий булагдсан хэргэцээг ойлгохын тулд илүү итгэл үнэмшилтэй уялдаа холбоон дээр тулгуурлах хэрэгтэй. Савны хэлтэрхий бүр нэг бүтэн зүйл болохын тулд нэг нэгэнтэйгээ хамгийн бичил хэсгээрээ уялдах ёстой боловч заавал төстэй байх албагүйтэй адилхан орчуулга нь эх сурвалжийн утгатай төстэй байхын оронд өөрийн гэсэн хэлээр бүтээгдэх ёстой. Ингэхдээ бичил төвшиндөө эх сурвалжийн утгын горимын ижил түвшин лугаа хоёр савны хэлтэрхий лугаа нэгэн том хэлний хэлтэрхий мэтээр нарийн бүтэх ёстой. Энэхүү шалтгаанаар орчуулга нь ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг мэдээллэхээс, утгаас холдох ёстой. Орчуулагч болоод түүний бүтээлийг мэдээлэл дамжуулах ачаанаас сулласан байдалд л эх сурлвалжийн ач холбогдол оршино. ἐν ἀρχῇ ἦν ὁ λόγος[12] ертөнцийн эхэнд үг байж: орчуулгын талбарт ч энэ нь үнэн болно. Нөгөө талаас орчуулгын хэл нь мэдээлэл дамжуулах хэлийг харилцан дүүргэж зөвхөн нөхөн үржих зорилгоор бус зохицлыг бий болгох үүднээс утгын хүлээсээс ангижирч өөрийн зорилтот санааны горимоо бий болгох хэрэгтэй. Тиймээс эх суврлаж шиг уншигдаж байна гэх өөр цаг үед хийгдсэн орчуулгын магтаал бол магтаал биш юм. Эсрэгээр, үгчлэн орчуулж үнэнч орчуулгын утгыг бий болгох явдал нь бүтээл дотор хэлийг төгсгөлт болгох гэсэн агуу хүсэл байдагт буй юм. Жинхэнэ орчуулга нэвт харагддаг: энэ нь эхийг далдалдаггүй, гэрэлд нь зогсохгүй. Үүнээс илүү ариун хэлний зүйлээр хүчирхэгжих мэтээр эхийг гэрэлтүүлэх боломж олгодог. Үүнийг үгийг үгээр буулгах өгүүлбэрзүйн аргаар боломжтой болгодог ба энэ нь өгүүлбэр бус харин үг нь орчуулгын анхдагч элемент гэдгийг харуулж байгаа юм. Учир нь өгүүлбэр гэдэг бол эхийн өмнөх хана бол үгийг үгээр буулгах явдал нь нуман гудамж[13] юм.
Үнэнч орчуулга уу эсвэл эрх чөлөөтэй орчуулга уу гэсэн зөрчилтэй хандлагууд орчуулгад удаан хугацаагаар оршсоор ирсэн бөгөөд аль нэг талыг гүн тайлбарлах гэсэн явдал нь энэ хоёрыг эвлэлдэн нэгдүүлэхээс илүү нөгөөд нь үндэслэл үгүй мэт сэтгэдлийг бий болгодог. Норматив бус гэж үзэх болсон утгыг гаргаж чадахгүй юм бол эрх чөлөө байгаагийн утга юунд билээ? Хэлний конструкц[14] нь илэрхийлж буй утгатайгаа төстэй хэмээн тогтоож болдог байсан бол мэдээллэхээс[15] гадуур ямар нэгэн өөрт нь тун ойрхон болов чиг зах хязгааргүй хол, доор нь нуугдсан ч тодрон харагдах, үүнд нухчуулан эвдэрсэн ч илүү хүчтэй эцсийн болоод шийдвэрлэх зүйл бий. Бүх хэл болоод хэлний конструкцуудад харилцан мэдээлэл дамжуулахаас гадна бэлгэдэж буй[16] эсвэл бэлгэдсэн, тухайн таарсан агуулгаасаа шалтгаалан харилцаа дамжуулагддагүй нэгэн зүйл бий. Хэлнүүдийн хязгаарлагдмал конструкцийг бэлгэдэх боловч хэлнүүдийн хөгжлийг бэлгэдсэн болно. Хэлнүүдийн хөгжлөөр төлөөлөгдөх гэсэн эсвэл бүүр бүтээгдэх гэж тэмүүлж буй тэр зүйл бол ариун хэлний өөрийнх нь цөм юм. Энэхүү цөм нь хэдий далдлагдсан болоод бутархай шинжтэй ч, амьдралд өөрийгөө бэлгэдсэн, мөн конструкц маягаар бэлгэдэн оршино. Хэдийгээр энэхүү туйлын мөн чанар нь ариун хэл боловч, хэл болоод өөрчлөлтийнхөө хувьд хэлнүүдэд хүлэгдэн конструкцийнхээ хувьд хүнд болоод харь утгын асуудалд автдаг. Орчуулга нь дан ганцаараа утгын хүлээсийг тайлах агуу хүч чадлыг агуулж байдаг бөгөөд бэлгэдэж буй бичил хэсгийг өөрийгөө бэлгэдэх чанарт шилжүүлэн хэлний хөгжлийн үр дүнд бий болох ариун хэлийг анагаах увдистай. Энэхүү ариун хэлний үед- ямар ч илэрхийлэмжгүй бүтээлч үг лугаа бүх хэлэнд орших-аливаа зүйлийг илэрхийлэх бус, утгатай бус, харин бүх харилцаа холбоо, бүх утга болоод бүх санаа бүгдийг үгүй хийх тэр төвшинд хүрэх нэг л зорилгыг агуулах болно. Чухамдаа үүн дээр тулгуурлан орчуулгын эрх чөлөө шинэ болоод илүү дээд чанарт хүрдэг юм. Эрх чөлөө нь мэдээлэл дамжуулах утгаар өөрийн ач холбогдлыг олж авдаггүй; үүнд чухам орчуулгыг утгаас чөлөөлөх үүргийг үнэнч орчуулга үүрэх ёстой. Эрх чөлөөт орчуулга нь өөрийн хэлээрээ ариун хэлний төлөөх байдлаараа илэрдэг. Харь хэлний ховсдлогод буй ариун хэлийг хүлээснээс нь өөрийн хэлээрээ тайлахын тулд, бүтээлд хоригдон буй хэлийг дахин бичвэрээр чөлөөлөх нь орчуулагчийн даалгавар юм. Ингэхийн тулд тэрээр өөрийн өмхөрч ялзарсан саадуудыг үгүй хийнэ: Лютер, Вош, Хөлдерлин, Георг нар бүгд Герман хэлний хязгаарыг ийнхүү тэлсэн юм. Орчуулга болоод эх хоорондын харилцааны утгын ач холбогдлоос юу үлдсэн болохыг харьцуулсан байдлаар дүгнэж болох юм. Тангенс нь дугуйг шүргэх төдий, нэг л цэгт хүрдэгтэй адил энэхүү, цэг бус, шүргэлцэл нь тангенс хязгааргүйлүү өөрийн замыг хөөдөг шиг орчуулга ч мөн адил утгын хязгааргүйн нэгэн цэгт эхийг шүргэх төдий хөндөөд үнэнч орчуулгын зарчмын дагуу хэлний хөгжлийн эрх чөлөөнд хүрэх замаа дагадаг. Үүнд нэр оноож эсвэл буулгалгүйгээр Рудольф Панвиц энэхүү эрх чөлөөний жинхэнэ ач холбогдлыг Die Krisis der europäischen Kultur (Европын соёл дахь хямрал) номынхоо зарим нэг хэсгүүдэд тодорхойлсон бөгөөд энэ нь Гётэгийн West–östlicher Divan[17] (Өрнө дорнын диван) бүтээлдээ тэмдэглэсэн зүйлүүдтэй адил Герман хэлнээ хэвлүүлсэн орчуулгын онолын тухай шилдэг бүтээл юм. Тэрээр бичихдээ:
Бидний хамгийн шилдэг орчуулгууд ч тэр нэгэн гажуу зарчмаар эхэлдэг бөгөөд энэ нь энэтхэг, грек, английг энэтхэгжүүлж, грекжүүлж, англичлахын оронд германжуулах гэсэн хүсэл. Тэд харь бүтээлийн цог жавхааг олж харахаас илүү өөрсдийн хэлний зуршилаа сүсэглэн биширнэ... харь хэлний хөдөлгөөнд эрч хүчтэйээр орохын оронд өөрийн хэл ямар байдалд буйд хэт зүүгдэх нь орчуулагчийн үндсэн алдаа бөгөөд үүнд өөрийн хэлнээс хамаагүй хол хэлнээс орчуулга үйлдэхдээ дүрс ба өнгө хоёр нэг дор уусах тэрхүү цэгт тэрээр хэлний эцсийн бичил хэсгүүд рүү эргэн орж өөрийн хэлийг харийнхаар тэлэн гүнзгийрүүлэх ёстой бөгөөд хэлц үг хэл бүрт өөр байдаг шиг аль нэг хэл хэрхэн ялгагдаж хэл бүр хэр өөрийгөө өөрчлөх боломжтойг мэдэх боломжгүй. Гэхдээ эдгээр зүйлүүдийг хөнгөн бус хангалттай нухацтай байдлаар авч үзсэн тохиолдолд л биелэлээ олно (Панвиц 1917: 240).
Хэлбэрийн мөн чанарт орчуулга таарах үгүйг обьектив байдлаар эхийн орчуулагдах байдлаар шийднэ. Эхийн хэл нь үнэ цэнэ болоод нэр хүнд бага байх тусам утга нь мэдээлэл дамжуулах төдий, орчуулгаас төдий чинээ үр ашиг гарахгүй бөгөөд бүүр тэр утгын хүчинд автагдаж төгс орчуулгыг бүтээх хөшүүргэ болохоос илүү тэрхүү орчуулгыг бүүр боломжгүй зүйл болгодог. Бүтээл онцгой байх тусам утгатай шүргэлцэн өнгөрөх чанараараа орчуулгад ч буух зүйл нь их байдаг. Энэ нь гэхдээ зөвхөн хосгүй бүтээлүүдэд л хамаатай юм. Зарим нэгэн орчуулагдаж өгөхгүй байгаа орчуулгууд утгаар даруулаад байгаадаа бус харин эсрэгээр утга тэдэнд зуурдаар зүүгдсэн төдийд байгаа юм. Энэ болоод бусад мөн чанарын тухай асуудлын үүднээс Хөлдерлины орчуулгууд, үүнд ялангуяа түүний Софоклын эмгэнэлт жүжгүүдийг орчуулсан орчуулгууд, үүнийг батлах билээ. Тэдгээрт хэлнүүдийн зохимж маш гүнзгий тул Эёолын ятгад[18] салхи хүрэх лугаа утгад нь хэл хүрэх төдий байдаг. Хөлдерлины орчуулгууд нь өөрийн хэлбэрийн прототип загварууд юм; эдгээр орчуулгууд нь эхтэйгээ, Хөлдерлин ба Боршарын Пиндарын Пифын магтаалыг орчуулсан орчуулгуудын харьцуулалт харуулж байгаа шиг, прототип загвар нь дараахь загваруудтай холбоотой байдаг шиг холбоотой юм. Яг чухам энэхүү шалтгаанаар тэдгээр нь бусдаас илүү бүх орчуулгуудын анхны болоод хамгийн аймшигтай эрсдлүүдийг агуулж байдаг: ийнхүү тэлж, уян зөөлөн болсон хэлний портал нь гэнэт хаагдаж орчуулагчийг аниргүйд түгжих магадлалтай. Софоклын орчуулгууд Хөлдерлины хувьд сүүлчийн орчуулгууд нь байсан юм. Эдгээр орчуулгуудад утга нь нэг ангалаас нөгөө ангал руу унасаар хэлний ёроолгүй гүнлүү унах эрсдэлтэй болдог. Гэхдээ үүнд тулах цэг гэж бий. Үүнд, утга нь хэлний урсацыг тайлахуйгаас таслах усны хагалбар байхаа болихыг зохицуулах үүрэг нь зөвхөн ариун бичвэрт л байгаа. Энд бичвэр нь үнэн болоод номлол хоёрт зэрэг хамаарагдан утгаас үл хамааран өөрийн үнэн хэлний шууд утгаар өөрийн төлөө бус, бүх хэлний төлөө ямар ч тохиолдолд орчуулагдаж болохоор байдаг. Бичвэрийн хувьд, бичвэрт хэл болоод тайлахуй нэгддэгтэй адилхан орчуулгад итгэх хязгааргүй их итгэл хэрэгтэй. Үгчилсэн байдал болоод эрх чөлөөт орчуулга хоёр хоёулаа мөр хоорондын хадмал байдлаар нэгдэх ёстой. Тодорхой төвшинд бүх суут бүтээлүүд, гэхдээ үүнд бүх Ариун судруудад орчуулга нь гол төлөв мөр хооронд оршдог юм. Ариун судруудын мөр хооронд уншигдах хэлбэр нь бүх орчуулгуудын төгс хэлбэрийн прототип загвар юм.
[1] Герман хэлнээс Sinn гэх үгийг Англи хэлнээ буулгахдаа “meaning” (утга) гэсэн байдлаар буулгах ба, энэхүү эссейн орчуулгад Sense хэмээн буулгасныг (Venuti 2012: 83) Монгол хэлнээ “утга” хэмээн цааш хэрэглэсэн болно.
[2] Густав Фекнер (1801-87) нь Германы туршилтын сэтгэлзүйч. Энд түүний
Das Büchlein vom Leben nach dem Tode (1836, Ертөнцийн мөнх бусын дараахь амьдралын тухай бяцхан ном) бүтээлийг хэлж байх шиг байна. Энэхүү номд хорвоогийн бүх зүйлийг сүнстэй хэмээжээ.
[3] Беньямин а priori хэмээх нэр томьёог энд ашигласан байсан бөгөөд энэ нь туршлагаас өмнөх мэдлэг гэсэн Латин үгнээс гаралтай мэдлэгийн гүн ухаанд орох ангилал болно. Үүнд математик, тотологи болон дедукцийн аргачлалаар санал болгох мэдлэг, аргументууд орно.
[4] Тусгалын онол reflection theory- туршлага дээр тулгуурласан эсвэл материалист онолуудын төрөл. Мэдлэг нь “бодит ертөнцийг” илэрхийлж чадна гэсэн ойлголт. Утга зохиолд реализмын урсгал нь нийгмийн “бодит байдлыг” харуулдаг гэж үздэг.
[5] Epistemology- танин мэдэхүйн онол. Жишээ нь буддын ертөнцийг танин мэдэхүйн цогц ухаан нь орчин үеийн өрнийн шинжлэх ухаан дээр тулгуурласан танин мэдэхүйгээс ялгаатай байж болно.
[6] Психологизм гэдэг нь сэтгэлзүйн бус үзэдглийг сэтгэлзүйн үүднээс тайлбарлах гэж оролддог гүн ухааны ойлголт.
[7] coup de grâce – үхлийн цохилт. Амьтны голыг таслах сүүлчийн үйлдэл.
[8] Suprahistorical- энд Беньямин Ницшегийн Эмгэнэлт жүжгийн эхлэл дээр дурьддаг түүхийг цаг хугацаагүйгээр харах, нэг ёсондоо дахин давтагддаг зүйлээр ойлгох гэсэн ойлголтыг ашигласан болов уу.
[9] Broth герман хэлээр талх, pain франц хэлээр талх.
[10] Францын яруу найрагч, шүүмжлэгч Стефан Маларме-ийн бүтээлээс эшлэл хийсэн байна. Ойролцоогоор Франц хэлнээс буулгавал: “Төгс бус хэлнүүдэд дараах байдлууд дутагддаг: ямар нэгэн хэрэгсэлгүйгээр бичих болон эргэцүүлэн бодох, шивнэх, өнө мэнхийн яриа, олон туйлт зүйлс зэрэг нь энэ дэлхий дээр амьдарч бгаа хүмүүсийн зөв үг ашиглах боломжийг хаадаг. Эдгээр нь өөрөө материаллаг үнэн юм.”
[11] Fidelity- энэ үгийг эх сурвалжийн хэлэнд ойр байх, үнэнч орчуулга гэсэн утгаар буулгалаа. Нөгөө талаас freedom, эх сурвалжид баригдахгүй өөрийнхөөрөө хөгжих эрх чөлөө гэдэг ойлголтыг зохиогч хэлээд байх шиг байна.
[12] ἐν ἀρχῇ ἦν ὁ λόγος- Грек үсгээр ертнөцийн эхэнд үг байжээ хэмээх бичээс. Загалмайтны шашны библи сургаалийн Жон 1:1 гэсэн бүлэгт дурьдагддаг ертөнц сав шимийг бурхан хэрхэн бүтээсэн тухай домгийн эхлэл.
[13] Беньямин энд arcade гэдэг үгийг ашигласан байгаа нь түүний Аркад Төсөл (1927-1940) нэртэй бүтээлтэй холбоотой. Аркаад нь дээрээ гол төлөв шилэн бүрхүүлтэй нуман хэлбэртэй гудмын зохион байгуулалтанд оруулсан худалдаа үйлчилгээний дэлгүүрүүдийн байгууламжийг хэлнэ. Гудамж гэхэд яг гудамж биш учир нь дээрээ шилэн бүрхүүлтэй, мөн яг байгууламж дотор бус мэдрэмжийг төрүүлнэ, учир нь дотор нь дэлгүүрээс дэлгүүр холхих явдал нь гадаа алхаж буй мэт сэтгэгдлийг өгдөг болно.
[14] Language as construction- хэл нь нийгэм болоод соёлын конструкц болох гэсэн утгыг илэрхийлнэ. Барьж бүтээх гэсэн утгатай.
[15] Communication хэмээх үгийг мэдээлэл дамжуулах мөн харилцаа холбоо үүсгэх гэдэг утгаар агуулгаас шалтгаалан холимог байдлаар ашигласан болно.
[16] Symbolized, symbolizing нэг нь бэлгэдсэн нөгөө нь одоо цагт үргэлжлэн бэлгэдэн буй гэсэн утгыг энд хэлж байна.
[17] Диван хэмээх үг нь Перс болон Араб хэлнээс гаралтай шүлэгчийн яруу найргийн цуглуулга гэж буулгаж болох ойлголт. Ихэнхидээ султан хаадын ордонд бүтээгдэж, дуулагдаж хэлэлцүүлэг эхлүүлэх увдистай шүлгүүд гэдгээрээ алдартай байж.
[18] Aeolian harp- эёолын ятгаар салхи наадан тоглохыг хэлж байна. Эёолус хэмээх грекийн домогзүйд гардаг салхины бурхан болно.
Орчуулсан МУИС-ийн
Шинжлэх Ухааны сургуулийн
Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш
Хүмүүнлэгийн салбарын ШАГДАРЫН ТУЯА