Виржиниа Вүүлф, Сюзан Сонтаг нар хүчирхийллийн сэдэвт гэрэл зургийг хэрхэн тольдож байв?
2020-08-18 Зугаатай уншлага 1749

Бичсэн: Пеппер Стетлер, АНУ-ын Майами Их Сургуулийн профессор

Ноднин зун Рио Гранде мөрний эрэгт түрүүлгээ харан нас барсан Оскар Рамирез, Валерия Рамирез нэрт сальвадор аав охин хоёрын гэрэл зураг мэдээллийн хэрэгслүүдээр их гарсан. Хоёр ой ч хүрээгүй охин нь бяцхан гараараа аавыгаа хүзүүдэн тэвэрч, аав нь охиноо урсгал усанд алдчихгүй гэсэндээ цамцан дотуураа оруулсан байлаа. Охины живх өмдөндөө хөөн бөмбийж, шавран дундаас аав охин хоёрын хөл цухуйна. Эргэн тойронд нь цэнхэр лаазнууд, хуванцар хог сэлт, зэгс мөчрүүд хөглөрнө. Хэвтэж буй нь эгээ л охин бид хоёрын тэврэлдээд унтаж буй дүр шиг.

Тэдний цогцсыг Жулиа ЛеДак хэмээх бүсгүй олж, эргийн дээхнээс гэрэл зургийг нь даржээ. Эх сурвалжийн мэдээлснээр, аав нь охиноо мөрөн дээрээ суулган Рио Гранде мөрнийг гатлан хил давах гээд эндсэн нь энэ юм.

Бүгдийн хувьд нэгнээ хамгаалах байрлал мэтээр уншигддаг байрлалаар бяцхан охин аавыгаа хүзүүдэн тэвэрснийг хараад, бидний юниверсализм* энд лав алдсаныг мэдэрч, аав нь охиноо аюулгүй байлгахын төлөө юутай нүүр тулсан бол гэхээс дотор давчдаж байлаа. Үд дунд дугхийх мэт тэдний хэвтээ байдал  тав тух, хамгааллаар дүүрэн өөрийнхөө нийгмийн байр суурьт эрхгүй тавгүйцэхэд хүргэлээ. Цагаан арьст дундаж Америкийн ертөнц тэднийхээс аймшигтайгаар холдож, гаднынхныг үзэн ядах дорой бодлогоор зааглагджээ.

Гэрэл зургийг олж үзсэн тэр зун би Берлинд огт өөрийг бодож, бичих ажилтай суув. Тэндээсээ гэртээ эргэн ирэхэд охин маань хоёр долоо хоног цацрагийн идэвхт эмчилгээ хийлгэх болж зуны зусландаа явж чадахгүйд хүрлээ. Охиноо харангаа бичиж буй зүйлээ үргэлжлүүлэхийг хичээсэн ч охин байсхийгээд л ирж үнсэн, өвөр дээр сууж, юу хийж байгааг минь шалгааж гарна. Тэгсгээд л оройн хоол хийх болчихно, намрын семестрийн хичээлээ ч төлөвлөх цаг боллоо. Энэ зуур дайн дажин, үймээн самууны өөр өөр гэрэл зургууд эцэг охин хоёрын дуулианыг даран гарч ирсэн ч Оскар Валериа хоёрын гэрэл зураг сая сая хүнд нөлөөллөө. Рио Гранде мөрөнд хэвтэх тэр аав охин хоёрын зураг ч бас өмнөх олон эмгэнэлт үйл явдлын дүр зургийг мартуулан гарч ирсэн билээ л. Нэг зураг нөгөөгөөр солигдож, нэг эмгэнэл нөгөөгөө дарах энэ үйл явц тасрахгүй биз ээ.

Өдөр бүр дайн тэмцлийг бодитоор туулж, ард олноороо дүрвэн зугтахад хүргэх тэмцэл хүчирхийллийг биеэр үзээгүй бидэн шиг хүмүүст хил нэвтрэх гээд уснаа үйж нөгчсөн эцэг эх, үр хүүхдүүдийн гэрэл зураг хол хөндий санагдана. Ийм гэрэл зургууд цутгаж эхэлснээс хойш зуу илүү жил өнгөрчхөөд байхад бид одоо хүртэл дайн самууны гэрэл зургуудыг хэрхэн авч үзэх, хэзээ яаж толилуулахаа ч мэдэхгүй мэлэрсээр суух. ЛеДакийн буулгасан Оскар Валериа хоёрын кадр гэрэл зургийн түүхэнд төр засгийн назгайрал, хүчирхийллээс амссан хүн төрөлхтний горыг ёстой л дэлгэж орхилоо. Энэ мэт зургууд бидний тархинд тойрог маягаар эргэлдэж байдаг танил цочролыг өдөөж, олны хашхираа, үймрэлийг үүсгэж дөнгөдөг ч удалгүй тэр нь мартагналд идүүлж, манай орчин үеийн визуаль ертөнцийн байдаг л зураглалуудын нэг хэсэг болон үлдэх нь их.

Харин дайн самууны тухай мэдээллийн хэрэгслүүдийн цацсан зургуудад яаран хариу үйлдэл үзүүлэхийн оронд, цагийн шалгуур, үйл явцын аясыг аажимд нь ажиж байж нухацтай дүгнэн бичдэг феминист зохиолчид бас бий. Хэвлэлийн гэрэл зургуудаас Европ даяар фашизм гаарсныг анзаарсан зохиолч, эсээч Виржиниа Вүүлф 1938 онд “Гурван Гинея” (“Three Guineas”) номоо хэвлүүлжээ. “Өнөө өглөөний хэвлэлд эрэмдэглэж зэрэмдэглэснээс эр эм нь үл танигдах, гахайнхаас өөрцгүй болсон хүний цогцсыг харуулжээ...” хэмээн ном эхэлнэ. Лондонгийн нэгэн хуульчийн “Дайнаас сэргийлэхийн тулд бид яах ёстой вэ?” гэж асуусан асуултад хариу болгон Вүүлф эл номоо бичсэн билээ. Мөнхүү асуултад хариулах гэж гурваад жил бодсоноо тэрбээр номынхоо эхэнд дурдсан байдаг.

Эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг хэрхэн тэмцэж, гар бие оролцож, ямар хүчтэй байж болохыг эрж хайснаараа Вүүлфийн захидал дайн самууны талаарх феминист хандлагыг тунхаглаж чадсан юм. Сэтгүүлчдийн дэлгэн үзүүлсэн мөнхүү шууд хүчирхийллийн  эсрэг тэмцье гэлээ ч ямар ч хүчгүйн дээр үйл явдлыг зөвхөн зайнаас л бичиж байсан тул гэрэл зураг төдийг үзээд төрсөн хувийн сэтгэгдэл, сэтгэл хөдлөлөө яаран хариу болгохоос тэрээр ийн гурван жил цааргалжээ. Вүүлфийн тухайд хүүхэд өсгөх, гэрийн ажил амжуулах гэх мэтээс болж оюун санааны болон улс төрийн ажлуудаас хойш суусан тал ч бас бий. Вүүлф үнэхээр тийм захидал авсан уу, эсвэл буурал санчигтай нэгэн эр өөрт нь тийн захидал илгээв хэмээн төсөөлсөн үү бүү мэд, ямартаа ч тэр эм хүний амьдралд саадтай зүйл мундах биш  гэсэн шиг захидалд хариу бичих гэж ер яарсангүй.

“Гурван Гинея”-д Вүүлф болон хуульчийн зааг ялгааг томруун зураглаж, хуульчийн асуулт дахь “бид” хэмээх хамтач ойлголтын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. “Хэзээнээс манай боловсролтой эрчүүл дайнаас хэрхэн хамгаалах тухай бодлыг нь эмэгтэй хүнээс асуудаг болчхоо вэ?” гэж тэр егөөднө. 1930-аад онд эмэгтэй хүн байна аа гэдэг бол юмсад шууд хариу үйлдэл үзүүлэх боломжгүй, тэгж гэмээнэ тун ярвигтай нөхцөл байдал үүсдэг байсан үе шүү дээ. Мөнхүү гэрэл зургуудаас үүдэн гарах улс төр, цэргийн аливаа үйлдлийн тухайд ч эрчүүлийн амыг л хардаг байсан үе. Ямартаа ч дайны гэрэл зургууд Вүүлфийн тодорхойлсон хүйсийн ялгаа заагаас эс хамааран зохиолч хатагтай, хуульч хоёрыг холбож дөнгөжээ. 

“Зурагт дүрслэгдсэн гай гамшиг, хүчирхийллийн эсрэг бүгд өөр өөрийнхөөрөө тэмцэж чадна. Та өөрийнхөөрөө, бид өөрсдийнхөөрөө.” 

Номын төгсгөлд тэрээр дүрэмт хувцастай, цоргитол ширтсэн харцтай Адольф Гитлерийн зургийг дүрслээд дайны гэмт хэрэгтнүүдийг дайны хохирогч мэтээр андуурдаг үзэгдлийн хариуцлагыг нэхсэн байдаг. “Бид өөрсдөө энэ биет дүрийн нэг хэсэг тул түүнээс өөрсдийгөө салгах боломжгүй. Бид хүлцэнгүй дорой байхаар яллагдсан идэвхгүй үзэгч биш. Бидний үг үйлдэл биднээр тэр биет дүрийг өөрчлүүлж чадна” хэмээн тэр бичжээ. Вүүлф хэдийгээр зөвхөн гэрэл зургууд л харж байсан ч тэдгээр зургуудаар дамжуулан үзүүлсэн зэтгэрийн талтай магад өөрөө ч холбоотойгоо ухаарсан нь тэр биз ээ.  Тэрээр 1938 он гэхэд дайнаас нэгэнтээ сэргийлэх боломжгүй болчихыг ойлгож байсан учраас захидлынхаа хариуг азнасан байх магадлалтай. Гэвч тэр хариугаа ямартаа ч бичиж, хүн төрөлхтний нийтлэг мэдрэмж, үнэт зүйлийг сэрээх зайлшгүй шаардлага тулгарсныг сануулжээ.

Хожим Иран, Афганистанд дэгдээсэн АНУ-ын дайны талаар Америкийн зохиолч Сюзан Сонтаг өөрийн байр суурийг мөн илэрхийлсэн юм. 2003 онд хэвлүүлсэн “Бусдын шаналлын тухай” (“Regarding the Pain of Others”) номдоо тэр Вүүлфийн “Гурван Гинея” номыг “дайны үүдэл шалтгааныг шүүмжилсэн тун зоригтой бүтээл” гэж үнэлээд, өөрийн уртхан эсээг Вүүлфийн захидлын 21-р зууны тайлал хэмээж, мөнхүү бүтээлээрээ гэрэл зураг хүний зовлон шаналлыг дэлгэн үзүүлснээр тэнд дүрслэгдсэн хүмүүсийг өрөвдөж, өмгөөлсөн нийтийн тэмцлийг өдөөх замаар алив дайн дажнаас сэргийлж чадах эсэхт хариулт олохыг зорьсон билээ. 

Гэвч Сонтаг дайны гэрэл зургуудаар юу хийж болох тухайд хэцүү асуултад хариулт эрэх бус, дүрслэлийн эмх цэгцгүй, тарамдуу нь дэндүү түүхийг илүү сонирхож оджээ. Түүний судалгаа Жак Каллотын 1663 онд хийсэн “Дайны гай гамшиг ба уй гаслан” нэрт сийлбэрүүдийг хүртэл хамарч чадсан ч ихэнхдээ дэлхийн гэрэл зургийн түүх дотор эргэлджээ. Сонтаг дайны гэрэл зургууд биднийг бодит байдлаас хэчнээн харьшиж хөндийрснийг гэрчилнэ хэмээн дүгнэсэн юм. 

“Дайн дажин гэдэг зүйл хэчнээн аймшигтай, жихүүдэс хүрэм юм бэ? Гэтэл одоо хэвийн үзэгдэл шиг болж ээ дээ?” 

Сонтаг “Бусдын шаналлын тухай” номдоо гэрэл зураг бидний мэдрэмж болоод үйлдэлд хэрхэн нөлөөлдөг тухай далайцтай дүгнэлтүүд хийсэн байдгийн ихэнх нь 1977 онд хэвлүүлсэн “Гэрэл зургийн тухайд” (“On Photography”) номд нь орсон байдаг. Гэвч түүний дүгнэлтүүд 9 сарын 11-ний халдлагаас хойш орвонгоороо эргэж орхив. “Бусдын шаналлын тухай” номоо Сонтаг улс төрийн гэнэтийн, аймшигтай нөхцөл байдлын шахалт дор бичиж буйгаа хүлээж, тиймдээ ч Вүүлфийн эсээг номынхоо эхэнд ишлэв хэмээсэн байдаг. Гэтэл одоо цаг өөр болсон шиг. Есдүгээр сарын 11-ний үйл явдлыг Вүүлфийн нүүрэлдэж асан Фашизмын аймшигт он жилүүдтэй харьцуулна гэдэг 2020 оны энэ өндөрлөгөөс харахад дэгстүүлсэн явдал шиг санагдана. Бидэнд бол одоогийн нийгмийн элдэв галзуурал, харгислал, улс орны удирдлагын хяналтгүй засаглал зэргээс илүүтэй хүмүүсийг арьс өнгө, хүйсээр нь алагчлан хүн бишид үзэх хандлага, тоталитари фашизм л хамгийн аймшигтай занал мэт санагдах болсныг Сонтаг хараахан тааварлаж чадсангүй.

Дайн дажны зургууд бидэнд үргэлж найдвар төрүүлдэг ч үнэндээ юу ч өгдөггүйг түүх батлан харууллаа. Түүхэн хандлагыг танин мэдэх гэсэн хичээл зүтгэлийнхээ үр дүнд Вүүлф, Сонтаг нар жаахан ч болов ойлголцол, тодорхой байдлыг олж харах гэсэн аж. Гэтэл би яг тэдэнтэй адил, эдүгээ бидний өнөөх ардчилал, хүний эрх маань альхан түвшиндээ тултал элэгдэж нурчхаад буйг олж харж чадахгүй байна.

“Зургаас зураг л цуурайлна!” гэж Сонтаг бичсэн нь бий. Зураг бас биднийг мөнхүү аймшигт үйл явдлуудтай нүүр тулалгүй холоос харах боломж олгож, тэр хэрээрээ бид дэлхий ертөнцийн бусад хэсгээс холбоо тасарч, хүн төрөлхтний өмнө хүлээх хариуцлагаасаа холдож хөндийрдөг талтай. Өмнөд хил дээр минь эцэг эхчүүл хүүхдүүдээсээ тусгаарлагдан хагацаж, эсвэл үрээ тэврээд усанд үйж үхэх аймшигт нөхцөлийг бүрдүүлсэн манай улсын “гадаадынханд зандалчлагч” харгис бодлогын үнэн дүр төрхийг Оскар, Валериа хоёр өөрсдийн үхлээрээ зураглаад буцлаа. Зургийг нь хараад л гэрлийн хурдаар нийтэлж, хуваалцаж, сэтгэгдлээ урсгах ч бодит байдал дээр энэ дэлхийн эрэгтэй, эмэгтэй бүхий л хүмүүсийн үндсэн эрхийн хамгаалалд өчүүхэн ч нэмэргүй энэ дижитал эриний халуурал дунд манай улсыг ёс суртахууны ямархан  ирээдүй тосож байдаг бол доо гэж би эцэг охин хоёрын цогцосны зургийг харж суухдаа бодлогоширно. Гэрэл зураг алавхийх зуурт л дижитал эргэлтэд орчихно, гэвч хүн хоорондын харилцааг сэргээхэд мөн ч их цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагдана даа.

Юниверсализм* - Зарим үзэл санаа бүх нийтэд хэрэгждэг, хэрэгжих боломжтой тухай гүн ухаан, шашны ойлголт.

Орчуулсан Г.Сүрэн

Эс сурвалж: Literary Hub Magazine

Түр хүлээнэ үү...
Top