Владимир Набоков: Зохиол бичих шилдэг зөвлөгөө
2020-08-11 Зугаатай уншлага 3573

Жефф Дайер арван жилийн өмнө залуу зохиолчдод зориулсан зөвлөгөө жагсааж бичжээ. Дийлэнх нь сайн зөвлөгөө байсан ч би түүний гурав дахь зөвлөгөөг ер ойлгохгүй байлаа. Дайер “Набоковийн шүүмжийн зэрэгт очихын төлөөнөө амьдралаа зориулчихсан зохиолчдын нэг болоод хэрэггүй” гэж бичсэн байлаа.

Яагаад хэрэггүй вэ? гэдгийг ойлгож байгаа ч хэр баргийн хүн түүнийг нь гүйцэлдүүлж чадна  гэж үү? Миний мэдэхээр Владимир Набоков бол найруулгын хамгийн том мастер төдийгүй баялаг үгсийн сандаа хөлчүүрхсэн зохиолч, оройлон цойлогч юм. Би лав түүний шүүмжид дөхөх гэж аль хэдийн амьдралаа зориулчихсан. Танд тус болох үүднээс  түүний ярилцлага, илтгэлүүдийнхээ үеэр зөвлөсөн шилдэг зөвлөгөөнүүдийг хүргэе. (Гэхдээ Набаков өөрөө үүнийг таашаахгүй байсан биз).

Эмили Темпль


Агуу зохиолчид бүгдээрээ гаргууд хууран мэглэгчид байдаг



Бусад уран бүтээлчдээс суралц...

Бүтээлч зохиолч дайсныхаа бүтээлээс ч суралцдаг. Сартваахиудаас хүртэл суралц. Зохиолч хүн орчлонгийн эмх замбараагүйг нэгтгэн цэгцлээд зогсохгүй өгөгдсөн ертөнцийг дахин бүтээх  төрөлхийн чадвартай байх ёстой. Ингэхдээ бусдын хөдөлмөрийг хуулбарлахгүй байхын тулд өгөгдсөн ертөнцийг бүрнээ танин мэдсэн байх учиртай. Мэдлэг боловсролгүйгээр бичсэн зохиол гэдэг арын хашааны элдэв сараачвар, цардмал дээр цоохорлосон хүүхдүүдийн эрээчвэр, хар захын зарлалын самбар дээрх болхи заруудаас дээр гарахгүй. Урлаг гэдэг тийм амар зүйл биш.  

Алвин Тоффлертой хийсэн ярилцлага, 1964 онд хэвлэгдсэн Плэйбой сэтгүүл

Бусдыг дуурайж цагаа бүү гарзад...

Сав л хийвэл бусдыг дуурайж байдаг, өнгөрсөн, одоогоос ч хуулж суудаг дуураймч зохиолчид шиг барьцгүй, хувирамтгай улс үгүй. Жинхэнэ урлагт өөрийгөө давтах гэсэн ойлголт л байдаг.

Набоковын "Парис ревью" сэтгүүлийн 1967 оны зун / намрын дугаарт нийтлэгдсэн, Хэберт Голдтой хийсэн ярилцлагаас

Эргэн тойрноосоо уран зохиолыг олж хар

Дэлхий ертөнцийг уран зохиол гэж харж сурахаас нааш бичих урлаг гэгч тун ч явцгүй ажил юм. Ертөнцийг бүтээгч материал бодит байж болох ч, бүхэлд нь авч үзвэл бодит юм гэж байхгүй. Ертөнц гээч нь эмх замбараагүй шинжтэй. Эмх замбараагүйн дунд зохиолч хүн энэ цэнхэр гарагаа улалзан цогшин асах өдөр хүртэл “Урагшаа!” гээд зүтгэхээс яах вэ.

"Сайн уншигчид ба Сайн зохиолчид” Набоковын 1948 онд тавьсан илтгэлээс


Өөрийгөө хууран мэхлэгч гэж сэтгэ!

Уран зохиол бол шинийг бүтээх үйл явц. Харин зохиол бол зохиол. Зохиолыг үнэн гэж мэтгэх нь үнэнийг ч, урлагийг ч доромжилж буй хэрэг. Агуу зохиолчид бүгдээрээ гаргууд хууран мэхлэгчид байдаг. Байгаль ч мөн ялгаагүй адтай мэхлэгч. Байгаль туж хууран мэхэлдэг.  Амьтдын үржлийн үеийн энгийн ов мэхээс авахуулаад биеэ хамгаалах зорилгоор гайхалтай өнгө зохилдсон эрвээхэй, шувуудад хүртэл байгалийн уран заль, илбэ жатгын танин барьшгүй агуу шүтэлцээ бий. Зохиогч гагцхүү байгалийн эл жишгийг дагаж буй хэрэг.

“Сайн уншигчид ба Сайн зохиолчид” 1948 онд Набоковын тавьсан илтгэлээс

Анхдагч санаа бол бүх зүйл.

Зохиолыг бичье гэж шийдэхэд нөлөөлсөн хүч, эх санаа гэдэг бичих зохиолтой эн тэнцүү ач холбогдолтой. Нэгэн шалихгүй зохиолч жишээ нь утаа баргиулсан үйлдвэрийн яндан, арын цэцэрлэг дэх голт борын хатсан бут, бас нэг цонхигор царайтай хүүхэд гурав төсөөлөөд, эдний дундах дотоод холбоог бодож олсондоо учиргүй хөөрч мэднэ. Гэтэл ийм юмсыг найруулаад тавих авархан, энэ гурвыг холбож буй бэлгэдэл ч тодорхой. Иймэрхүү дүрслэлүүдийг холбосон гүүр цаг цагийн уран зохиолын тэнүүлчдийн хөлд хэдий нь элэгдэж, үе үеийнхний хоорондоо огт ялгарах юмгүй, яль шальхан санааг тээсэн мухлаг тэрэгний хүрдэнд талхигдаж дууссан. Ертөнц хорвоог байдаг л нэг юм болгож үзүүлсэн ийм зохиолууд ерөөс байсан ч яалаа, байгаагүй ч яалаа. Эсрэгээрээ, би л лав урлагийг өөрт үйлчлүүлэх хэрэгсэл болгосон урт үстэй этгээдүүд үүгээр түүгээр дэмий холхиж байхдаа олж үнэрлэсэн, харсан, амталсан, хүрсэн юмсаа агуу зохиолын үүдэл, сэдэл гэх гэдгийг эсэргүүцнэ.

Харин хоорондоо ямар ч учиг холбоосгүй юмсыг уялдуулан нэгтгэж нэгэн цогц бүтээл болгон цээжиндээ цогцлоож чадна гэдэг ангид чадвар, дорд үзэх боломжгүй зүйл. Марсел Прүстийн хэлсэн шиг сайн романы санаа хэлэн дээр бутрах жигнэмэг, хөл дороос холгох боржин замаас ч төрж болно. Заавал бие сэтгэлээрээ туучсан агуу үйл явдлаас сайхан санаа ургадаг гэвэл хэлэмгийдсэн хэрэг болно.  Анхны санаа гээч нь зохиогчийн зан чанар, авьяас гээд л олон талын зүйлээс хамаарч мэднэ. Өөрөө ч таньж мэдээгүй сэтгэлийн цочролуудаас ч бүрэлдэж болно. Бариад авах бодьгүй абстракт санаануудын нэгдлээс ч үүдэх магадтай. Ямартаа ч анхны санаа төрөх үйл явц гэдэг бүтээлч хөөрлийн хамгийн жам ёсны хэлбэр, хоорондоо ямар ч авцалдаагүй зурсхийсэн гялбаанууд яв явсаар нэг болж оюун санааны чинад дахь одны тэсрэлт шиг алавхийх хурц агшнаар илэрдэг билээ.

“Уран зохиолын урлаг ба нийтлэг ойлголт” Набоковын илтгэлээс

Үлгэрч, багш, хамгийн чухал нь шидтэн бай.

Зохиолч хүнийг үлгэрч, багш, шидтэн гэсэн гурван түвшнээр дүгнэж болно. Сайн зохиолчийн дотор үлгэрч, багш, шидтэн гурав зэрэгцэн оршиж байдаг. Гэхдээ шидтэний чанар нь давамгайлаад ирэхээр л гарамгай зохиолч төрдөг юм даа.

Үлгэрч биднийг зугаацуулж, оюун санааны аар саархан баясал амсуулж, цаг хугацаа, орон зайгаар аялуулан сэтгэлийн цэнгэл эдлүүлж дөнгөнө. Аа харин, зохиолчийн доторх багш хүний чанараас оюун ухааны нэг их өндөр түвшний зүйлс хүлээх хэрэггүй.  Тэд эхэндээ үзэл суртлын дууч, дараа нь ёс суртахууны номлогч, их дээшиллээ гэхэд иш үзүүлэгч л болно. Харин бид багшаас цор ганц ёс суртахууны боловсрол олох гэж бус, заримдаа шууд мэдлэг, энгийн баримт олж мэдэхийг л хүсдэг шүү дээ. Эцэст нь, дээрх хоёроос дээгүүрт өнөөх шидтэний тухай яриа оршино. Агуу зохиолчид ямагт агуу шидтэнүүд байдаг. Тэдний суу билгийн хувь шидийг хүртэж, роман, шүлэг найргийнх нь хэв маяг, хэлбэр бүтэц, уран төсөөллөөс суралцах нь л бидэнд хамгийн бахтай байдаг бус уу.

 “Сайн уншигчид болон сайн зохиолчид” Набоков 1948 онд тавьсан илтгэлээс

Эхлэхэд авьяас хэрэгтэй. Түүний дараа хэв маягаа ол!

Хэв маяг бол багаж хэрэгсэл биш, арга барил биш, дан ганц үгсийн сонголт ч биш юм. Эднээс илүүтэй нь хэв маяг гэдэг зохиолчийн хувийн зан араншин,  дотоод ертөнцийн илэрхийлэмж билээ. Тиймээс хэв маягийн тухай ярина гэдэг тухайн уран бүтээлчийн давтагдашгүй хувь чанар уран бүтээлд нь хэрхэн, ямар замаар илэрч буй тухай ярина гэсэн үг. Бид хэн нэгэн уран бүтээлчийн бичлэгийн найруулгыг сонжихдоо түүний өвөрмөц давтагдашгүй шинжийг авч үзэж, тэр нь уран бүтээлд нь хэрхэн илэрлээ олсныг олзуурхан хэлэлцдэг.

Зохиогч илэрхийллийн хэв маягийг төгс болгож болно. Яг л Жэйн Остиных шиг, карьерийнхаа явцад зохиолчийн бичлэгийн хэв маяг улам тодорхой, улам гаргуун болох боломжтой. Гэтэл авьяасгүй зохиолч  өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлж чадахгүй, бүрдүүллээ ч тэр нь энд тэндээс сурснаа механикаар дуурайсан маягтай,  ямар ч цог заль, оч гялбаагүй юм байх нь элбэг.

Тиймээс л би байгалийн өгөгдөлгүй хүн зохиол хэрхэн бичихийг шууд заалгаад л сурчихна гэдэгт итгэдэггүй юм. Авьяас байж гэмээнэ л залуу зохиолчдод өөрийгөө олоход нь тусалж болно. Авьяастай хүнд улиг болсон илэрхийллүүдээс чөлөөлөгдөх, болхи баараг хэллэгүүдээс ангижрах, бодсон бодлынхоо  тусгалыг яг таг буулгаж чадах зөв үг олохын төлөө цуцашгүй эрэл хайгуул хийдэг дадалтай болохыг зааж сургахад юухан байх билээ. Ийм юмсыг Жэйн Остиноос барагтай улс ч зааж дөнгөнө.

Жэйн Аустины тухай Набоковын илтгэлээс 

Эцсийн эцэст...

Бүтэц, хэв маяг бол номын гол багана юм, хажууд нь агуу санаа мэт нь угаадас л гэсэн үг.  

- Уран зохиолын илтгэл дээр Набоков оюутнууддаа хандаж хэлcнийг Жон Апдайк ийн тэмдэглэж авчээ.

Эхнээс нь бичих ёстой гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй

Романы эхэнд бол ердөө л хялгас, сүрэл, мөлгөр чулуу зэргийг ахиухан цуглуулах нь чухал. Шувуу барих гэж буй үүрээ эхнээсээ тодорхой хардаг эсэхийг мэдэхгүй. Үүр нь ямар байх, өндөгөө дотор нь яаж байрлуулах гэх мэт төсөөлөл тархинд нь анхнаасаа байдаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Юунд хэрэг болохыг нь мэдэхгүй ч би юмсын нэр, өнгө зүс, хэлбэр хэмжээг тэмдэглэж авах зуршилтай. Юу намайг ийм зүйл хийхэд хүчлээд байдгийг дараа нь боджээ байхнээ, илүү дээр нэр олох, илүү тодорхой оноолт тавих мэтийн тиймэрхүү оролдлогууд нь мэдэгдэж буй материалуудаар зохиолынхоо хараахан мэдрэгдэж, танигдаагүй байгаа бүтэц, араг ясыг босгох ажлын маань л суурь байж гэдэг нь ойлгогддог. 

 “Би ийм л зүйл бичнэ” гэсэн гэнэтийн бодол зурсхийсэн үеэс роман өөрийгөө бий болгож, цаасан дээр бус, бодолд минь ургаж эхэлдэг. Аль ч хэсгийнх нь үзэгдэл гэнэт зурсийх нь магад тул үг, өгүүлбэр бүрээр нь нарийн зураглах боломжгүй.

Тархин дотор минь зохиол зугуухан хөгжсөөр, ээдрээ орооцолдоо нь гарч, нэг мэдэхнээ деталиуд нь аль хэдийн бэлэн болсныг, ойртоод харвал бүх юмыг нь тод тодорхой харж болохыг, ажиллаж буй машиныг түр зогсоогоод ажвал эд ангиуд нь тун ойлгомжтой харагдахыг ч би мэдэрдэг. Гэхдээ бидний урам зориг гэж барагтайхан нэрлэдэг тэр этгээдийг ажлаа бүрэн гүйцэтгэж өгтөл нь хүлээхэд гэмгүй. Тэгж байтал зохиолын бүтэц бүхэлдээ бэлэн боллоо гэсэн дохио дотроос ирнэ. Харин одоо үзгээ аваад бичдэг цаг. Зохиолын маань бүтэц бүхлээрээ бүүр түүр харагдаж буй тул зургаар ярих юм бол заавал баруун талаас нь эхэлж зүүн тал руу нь гүйцээнэ гэлгүй, гар чийдэнгээ бэлэн зураглалынхаа аль хэсэг рүү нь ч хамаагүй тусгаад тэр хэсгээ тодотгон зурж болно.

Би романаа эхнээс нь бичдэггүй, гурав дугаар бүлгээ гүйцээчихээд л дөрөв рүү орно гэсэн юм байхгүй, хуудсаас хуудсанд шилжиж дэс дараатай бичихийг ер боддоггүй. Харин энд тэндээс нь бичиж явсаар хоосон зайнуудаа бүгдийг нь чигжиж дуусдаг гэх үү дээ. Тийм ч учраас би романуудаа бэлдсэн жижиг цааснууд дээр бичих дуртай байдаг юм. Бичиж дуусаад дугаарлаж эмхэлнэ. Нэг картыг ахин дахин бичиж болно. Ойролцоогоор гурван тийм цаас нэг хуудас болдог юм. Ингээд толгой дахь зураглалаа цаасан дээр хамгийн дөхүү буулгаж чадлаа гэж итгэсэн үедээ (тоогүй нь бага сага ан цав заавал гарна) эхнэртээ өгч гурав дахь хуулбарыг нь цохуулна даа.

1964 онд хэвлэгдсэн Плэйбой-д хэвлэгдсэн Алфин Тоффлертой хийсэн ярилцлагаас

Эцэст нь жижиг деталиуд!

Жижиг деталиудыг анхаар. Тэнгэрлиг деталиуд!

“Уран зохиолын тухай илтгэлүүд”, Жон Апдэйкийн бичсэнээр Набоков оюутнууддаа хандаж ийн хэлжээ.

Орчуулсан Д.Хулан
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан

 Эх сурвалж: Literary Hub Magazine

Түр хүлээнэ үү...
Top