ДУЭНДЕ
2016-03-13 Зугаатай уншлага 2477

Энэтхэгийн зохиолч Жумпа Лахири "Би хүн хоорондын харилцаа, хайр сэтгэлийн холбооноос илүү гоо зохирлыг хэл, түүний гоо зохирлоос мэдэрдэг," гэж саяхны нэгэн ярилцлагадаа дурдаад авлаа. Хэл бүхэн өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй сэтгэлгээтэй, тэр сэтгэлгээгээр дамжих ер бусын нарийн илэрхийллүүдтэй. Чухам тиймдээ л аль ч хэлэнд яаж ч орчуулах гээд бүтэл эс олох давтагдашгүй үгс их бий. Зураач Мария Тиурина та бүхэнд хэл хэлний хамгийн давтагдашгүй, орчуулагдашгүй үгсийг зургаар дамжуулан ойлгуулахыг хичээжээ.


1. Норвегичууд зүсэм талхан дээр тавиад идчих юмаа Палегг (Palegg) гэдэг аж. Тэр ч жимсний чанамал, элэгний нухаш, самрын тос, шоколад, гахайн мах ер юу ч байж болно. Норвегид очоод Palegg авах гээд дэлгүүрийнх нь бүх лангууг  нэгжээд олохгүй байв даа! Тэр хаа сайгүй, төрөл бүрээрээ өрөөтэй байгаа. :)


2. Зарим номыг дэлгээд л үйл явдал руу нь өөрийн эрхгүй татагдаад орчихдог уу? Уншсан ном чинь хэдэн өдрөөр бодогдож, чиний оюун санааг бодит ертөнцөөс тусгаарлаад хөөргөчихдөг үү? Заримдаа галлерэй ороод аль нэг зургийг нь харангуутаа уулга алдаж, урд нь хэдэн цагаар ч хамаагүй зогсоод л баймаар санагддаг уу? Урлагийн бүтээлийн хүнд үйлчлэх тэр шидэт хүчийг Испаничууд Дуэнде (Duende) гэж нэрлэдэг гэнэ.  Дуэнде...


3. Тэрүүхэнд цааш хараад цонхоор ширтэх, зам хөндлөн гарахаар дохио хүлээгээд өмнө чинь зогсоо охиныг хараад зүрх чинь булгилж, "Ямар гоё охин бэ? Царайг нь харах юмсан. Хичнээн үзэсгэлэнтэй бол?" хэмээн догдолж байв уу? Тэгээд зориуд гүйцэж очоод шуналтай гэгч хартал охин төсөөлснөөс чинь тийм ч царайлаг биш байвал урам хугарах уу? Япончууд араасаа л хөөрхөн харагддаг охидыг Баку-шан (Baku-shan) гэдэг гэнэ. Гэхдээ охины жинхэнэ гоо үзэсгэлэн араасаа ч биш, урдаасаа ч биш, дотроосоо гэрэлтэж буйг олж харах нүдтэй байх хэрэгтэй шүү. :)


4. Найз чинь танайд зочлоод номын санг чинь дураараа баахан ухсанаа хамгийн хайртай номыг чинь сугалж үзүүлснээ "Надад хэдхэн хоног уншуулаач, тэгэх үү?" гэж Шрекийн муур шиг нүд гарган гуйж гувшсаар авч явчихаад хэд хоногийн дараа асуухад "Хэзээ би чамаас тийм ном авсан юм бэ? Би аваагүй," гэж тас гүрийж байна уу? Хүний юмыг гуйж авчихаад хав дарчихдаг нөхдүүдийг Чилийн Пасцуань омгийнхон Тинго (Tingo) гэж нэрлэдэг гэнэ шүү.


5. Заримдаа бороо зөвхөн чам дээр л асгараад, ханиад зөвхөн чамайг л ээрээд, дурлал зөвхөн чамайг л тойроод, шумуул хүртэл ганцхан чамайг л хазаад байгаа юм шиг санагддаг уу? Еврэйчүүд ийн байнга азгүйтдэг хүмүүсийг Шлимазль (Schlimazl) гэж хочлодог гэнэ.


6. Шалгалтандаа уначихаад сажилсаар орж ирэхэд "За зүгээр дээ, дараагийн удаа сайн хичээгээрэй!" гээд үсийг чинь илдэг өрөөний найз бий юу? Ээж чинь өдөржин үглэж зэмлэчихээд шөнө унтсан хойно үсийг чинь хуруугаараа самнаж илэнгээ "Нялх юм, арай ч дэндүүлчихэв үү дээ, хүүгээ!" гэж хошуугаа дэвсэж байна уу? Гунихад үсэн дундуур чинь хуруугаа гүйлгэн илж тайтгаруулдаг тийм энхрий үйлийг Бразилчууд  Кафунь (Kafune) хэмээх үгээр илэрхийлдэг аж.


7. "Наад үсээ засуулаач ээ! Зарааны өргөс шиг байж байгааг нь!" гэж адлах хүмүүс үгийг нь дагаад үсчинд очиж жимбийтэл сайхан засуулчихаад хүрээд ирмэгц түсхийтэл инээлдэж "Ноос нь цувсан тором шиг яачихаа вэ?" хэмээн уулга алдацгаан уурыг чинь барж байв уу? Үсчинд мөнгө төлж үсээ засуулчихаад өмнөхөөсөө ч "хөгийн" царайтай амьтан болоод гарахыг Япончууд Аге-отори (Age-Otori) гэдэг гэнэ.


8. Алганы хонхорхойдоо хутгасан усыг Арабууд Гуфра (Gufra) гэдэг гэнэ. Ус ихтэй газрынхан хар усыг аягаар биш, алгаар хэмжихийг нэг л сайн ойлгохгүй болов уу. Харин Арабууд ангамал цөл дундуур хэдэн арван өдөр туучиж явахдаа урдаа таарсан бяцхан баянбүрдээс уруул дэвтээх ч болтугай ус олоод бурхны хишиг хүртсэн мэт баярлахдаа алгаараа аяархан хутгаж уудаг байсан биз. Усны үнэ цэнийг тэднээс өөр хэн мэдэх билээ.


9. Хэзээ нэг өдөр дэлхийд нэрээ мандуулсан найруулагч, зохиолч, жүжигчин болно. Яг өнөөдрөөс бясалгаж эхэлье, хойтон гэхэд гэгээрчих ч юм билүү? "Найз нь удахгүй баяжчихаад чамдаа час улаан фирари унуулна аа! Жаахан л хүлээчих. Удахгүй их ажил эхлэх учраас одоо жаахан амрах хэрэгтэй байна шүү дээ!"  Үүлэн дээр гарч суучихаад бууж ирдэггүй ийм хүмүүсийг Еврэйчүүд Льюфтменх (Luftmensch) буюу агаарт амьдрагч хэмээн нэрийддэг гэнэ.

Түр хүлээнэ үү...
Top