Хэзээ ч үл мартагдах охь тансаг дарсанд
Хэний ч үл мэдрэх яруу найргийн увьдас шингэжээ...
Хөх номин өнгөт тэнгэрийг ширтэн зогсоход өнгөний нууцын тухай үнэнийг эрэлхийлсээр... Амьдрахуйн яруу тансаг үзэсгэлэнгийн тухай Охридын мандалд хөвөх “тэнгэрлэг оршихуй”-тай хөөрөлдсөнөө дурсана. Тэнд хаа нэгтээ аялгуу эгшиглэж, ер бусын гүн гүнзгий мэдрэмжинд автана. Гаднаас дотогшоогоо урсаж, хальж, дотроос гадагшаа оргилох сэтгэлийн хөлгүй их давалгаандаа живж төгсөхөө ч үл мэднэ. Яруу найргийн тухай тийм ч өргөн мэдлэгтэй эсэх нь энд огтхон ч хамаагүй, энд зөвхөн яруу найргийн мэдрэмжийг мэдрэх эсэх нь л чухал байсанд үнэн сэтгэлээсээ талархана. Яагаад хүмүүс яруу найрагт “Алтан титэм” залах болсон учир шалтгааныг тайлна. Эртний түүхт Агуу Александраар үлгэр эхлэж эдүгээ цагийн үзэсгэлэнт Македон улсын Струга хотод үлгэр өрнөн, Дэлхийн яруу найргийн хамгийн утга төгөлдөр наадам болох “Стругагийн яруу найргийн үдэш 2019” 58 дахь удаагийн олон улсын яруу найргийн наадам ёслол төгөлдөр эхлэнэ. Хүний амьдралд гүн гүнзгий мэдрэмж үлдээж, магадгүй тэр чигт нь өөрчилж чадах ер бусын учрал тохиолд итгэдэг бол хэзээ нэгэн өдөр тэр мөч таныг гайхшруулна. Хүн амьдралаас юуг мэдрэх гэж төрдөг, урлаг бидэнд юу өгдөг талаар, хүний оршихуй чухам юугаар тэгтэл их дутаж явдаг талаарх бодолд гүн гүнзгий автсаар... Үзэсгэлэнт Македоны байгалийн гайхалтай нандин тогтоц, хүн зоных нь нүднээс гэрэлтэх увьдаст тэсгэлгүй татагдан дурлана. Ер бусын мэдрэмжийг эртнээс зөгнөж асан мэдрэмж минь бүжих мэт сэтгэл минь хөг эгшигтэй. Стругагийн яруу найргийн 58 дахь удаагийн олон улсын их наадамд дэлхийн өнцөг булан бүрээс өөр өөрийн ертөнцөө эрхэмсгээр тунхагласан яруу найрагчид хуран цугларсан байв... Хамгийн гайхалтай нь би тэнд зэрэгцэн оршиж, оршин байгаадаа туйлын их догдолж байлаа... Ингээд л би төсөөллийнхөө ертөнцөд үлдчихлээ.
Дахиад л бүхнийг цэгцтэйхэн шиг эхнээс нь бичиж эхлэхэд сэтгэлийн тэнхээ минь хүрэх эсэхэд эргэлзэв. Учир нь би бээр Умард Македон улсаас ирээд хэдийн долоон сарыг үджээ. Энэ хугацаанд “тэнд л төрж”, “энд өсч бойжиж” буй ер бусын мэдрэмжиндээ автаж гүйцээд, амьдралын амт болон өнгөний тухай гайхширч, гагц орших өөрийн ертөнцөө таних гэсээр энэ ертөнцийн ахуйгаас дээшээ өгсөж, ганцаардлын оргилд мацсаар... яг энд, цаг мөч бүхэнд надтай үргэлж хамт оршсоор буй тэр л нандин мэдрэмжийг үгээр илэрхийлэн Стругийн яруу найргийн наадмын тухай дурсамж тэмдэглэлээ бичиж чадалгүй өдийг хүрчээ. Учир нь тийм гэхийн аргагүй ер бусын мэдрэмжийг үгээр илэрхийлэхээс эмээсэн гэвэл зохилтой. Яруу найргийн ертөнцийг танин мэдэхийн тулд яруу найргаар “дэнлүү” хийгээд “яруу найраг” гэдэг үгний утгыг хайж олох гэж ихэд хичээнгүйлэв. Гэвч энэ бүхний эцэст яруу найргийн аугаа ертөнцөд зүгээр л мэхийн хүндэтгэхийг хүсэв. Дараа нь тэнд орох ёстой эсэх, аль эсвэл “босго” давж чадалгүй үүдэнд нь мэхийн хүндэтгэх эсэх нь огтоос яруу найрагт хамааралгүйг ухаж, гайхан эргэлзэж зогсох учир үгүйгээ ойлгоно. Яруу найргийг зүгээр л “мэдрэх” гэдэг өгүүлж баршгүй таашаал болохыг, амьдралыг үнэнээр мэдрэх нь дэндүү хэтийдсэн тансаглал болохыг ухаарна. Цаашлаад яруу найраг яг миний мөнхүү хэн нэгний амьдрал гэдгийг, яруу найраг харц тулгарсан тэрхэн мөч болохыг, яруу найраг тэсгэлгүй их санан гансраад хадан хавцал дээрээс үсрэх хүсэл болохыг, яруу найраг мөнхүү бидний нулимсны үнэ цэн болохыг мэдэрнэ... Энэ л гайхалтай мэдрэмж бидний сэтгэлийг хөг эгшгээр чимж, эрт одоо ч гайхалтай хайрын түүхийг хүүрнэж, тэнгэрээс сахиусан тэнгэр харж байдагт эрхгүй үнэмшихэд хүргэж, амьдралын жинхэнэ гоо сайхныг мэдрүүлдэг буй заа.. Македон улсад үлгэр өрнөсөн түүх үүгээр дуусах үгүй. Тэнд гайхалтай сайхан түүх одоо ч өрнөн, одот тэнгэрийн доор гайхамшиг биелэж, үлгэрт гардаг үнэн амилан буйг өгүүлшгүй ихээр догдлон байж хүүрнэхийг хүснэ. Ийн өгүүлэхийг хичээнэм...
Нарлаг Македоныг мэдрэхүй...
Эртний Грекээс Энэтхэг хүртэлх өргөн уудам нутгийг байлдан дагуулсан Их Александрын нэрээр нэрлэгдсэн Умард Македон улсын олон улсын нисэх онгоцны буудал (Нисэх онгоцны буудлын давуу тал нь Умард Македоны нийслэл Скопье хоттой ойрхон бөгөөд 17 км зайтай оршдог.)... Зүрх сэтгэлд минь ер бусын догдлол мэдрэгдэж байсныг одоо ч тодхон санаж байна. Умард Македон улсын нийслэл Скопье хот... Цаг агаар нь урин дулаан, харь нутагт биш төрөлх нутагтаа ирсэн мэт жигтэй сонин, дотно дулаан мэдрэмж бүчин авлаа. Цэнгэг агаар нь ер бусын төгс мэдрэмж төрүүлэх төдийгүй чихэр, жимстэй зүйрлэж болохоор анхилам үнэрт нь ухаан санаа минь тааламжтайгаар байраа тавьж өглөө. “Стругагийн яруу найргийн үдэш 2019” олон улсын яруу найргийн наадамд оролцох шүлгүүдийг маань Македон хэлээр орчуулахаас эхлэн бүх л хугацаанд өгүүлж баршгүйгээр туслаж дэмжиж, энэ хугацаанд цахимаар холбогдож байсан (Миний урьдчилсан төсөөлөлд эрхэмсгээр заларч, загварлаг хувцаслалт, мэдрэмж, хэл соёлын өндөр ур чадвараараа хүндлэлийг минь хэдийн хүлээсэн.) эрхэм ах, Монгол улсын өргөмжит консул, (архитектор, уран бичээч, зураач, загвар зохион бүтээгч, орчуулагч хамгийн их тунхаглахыг хүссэн минь эх нутагтаа хайртай, эх орноо зүрхэндээ тээсэн Монгол эр хүн) Намдагжанчивийн Лийтэв ах онгоцны буудлаас халуун дулаан сэтгэлээрээ угтан авлаа. Эрхэм хүндэт, элэг нэгт Лийтэв ахтай уулзахад миний төсөөлөл бодитоор биелэн, дотно сайхан сэтгэгдэл төрж, туйлын тааламжтайгаар бидний дурсамж бичигдэж эхлэвэй. Лийтэв ахаас би Лийтэв гэдэг “цор ганц оршихуйг” л олж харж байлаа. Эрхгүй сүрдэж, хүндэлж, омогших сэтгэл төрснийг нуух юун. Скопье хотын хөгжил дэвшил болон байшин барилгыг нь үнэн хэрэгтээ нэг их шохоорхсонгүй. Учир нь би хэдийнээс тийм зүйлийг анзаардаг хүн биш гэдгээ хэдийн мэддэг болсон учраас (салхи, бороо, цэцэгстэй ярилцахыг илүүд үздэг) байшин барилга, гудамжны нэр тогтоохгүй байгаагаа огтхон ч гайхсангүй. Гэвч Македоны гоо үзэмжинд сэтгэл минь бүрмөсөн татагдаж орхиод, урин тааламжтай хөг аялгууг нь сонсож, зөвхөн инээмсэглэсээр авай. Тэнд гагц миний дотор нэг аяз эгшиглээд эхэлчихсэн гэдгийг л мэдэрч явав. Тэр мөчид дотоод ертөнц минь эндэхтэй гайхалтай ижил болохыг анзаарахдаа эрхгүй дуу алдаж билээ. Бид явсаар Скопье хотын төвд байрлах Карпос (Hotel Karpos) зочид буудалд хүрэв. Тэнд Стругагийн их наадамд оролцохоор ирсэн хүндэт зочид төлөөлөгчид байрлах болохыг сонсохын зэрэгцээ нарлаг Македоны өглөөний нарыг харахыг тэсгэлгүй их хүсэмжлэв.
Скопье хотын гурван Монголын тухай...
... Цонхоор өглөөний тунгалаг агаар сэнгэнэн, нарны цацраг хөнжлийг минь дэггүйхэн татахаар завдахуйд инээмсэглэл урууланд тодроно. Энэ л бүсгүй хүнийг гоо үзэсгэлэнг илэрхийлдэг биш гэж үү гэх хөнгөн бодлоо зөвхөн өөртөө үлдээлээ... Гудамжаар тайван алхах хүмүүсийг ажин суухдаа, жүржийн шинэхэн шүүс шимж, амтат усан үзэм хүлхэж байснаа хэзээ ч үл мартана. (Македон бол амтат усан үзэм, охь дарсаараа уяраах шидтэй.) Стругагийн яруу найргийн олон улсын их наадам зохион байгуулагдах Струга хот Скопье хотоос 180 км орчим зайтай төдийгүй бүх зочид цугларсны дараа нэгдсэн автобусаар Струга хот руу хөдлөх тухай сонслоо. Тийм ч учраас Струга хот руу явах хүртэл Скопье хотыг “мэдрэх” цаг хугацаа надад үлдсэн байв. Энэ хугацаанд оршихуйгаараа үргэлжид гайшруулагч Лийтэв ах маань амьдралынхаа үнэт эрдэнэ болсон цаг хугацааг харамгүй зориулан, өөрийн олон жил турш амьдран суугаа Македон улсын нийслэл Скопье хотоо танилцуулж, бид энгүүн сайхан хүүрнэлдэж (зэрэг зиндаа, алдар нэртэй эсэх, насны эрэмбэгүйгээр... ер нь ямар ч босгон дээр гацаалгүйгээр гагц хүн гэж хүндэтгэн ярилцсанд нь үргэлж талархан хүндэтгэсээр явдаг), Македон улс болон Скопье хотын түүхийн талаар үнэнээр гэрэлтсэн, өгүүлж барамгүй гайхалтай сонин сайхан түүхийг хүүрнэхэд, хэзээ ч үл балрах түүхэн үйл явдлыг яг л тэр дурсгалт газар нь сонсоход үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж төрж байсныг энд өгүүлэх учиртай. Лийтэв ахын амьдрал миний л хувьд зүрх догдлуулам үнэн хайрын түүх гэлтэй. Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул тэрээр эх орноосоо алс хол социалист Югославын Скопье хотын “Крилл ба Модифиус” архитекторын факультетэд сурч байхдаа энэ амьдралынхаа цорын ганц хайр Андроникитэйгээ (Androniki Namdagjanchivin) учирсан бөгөөд, сургуулиа төгссөний дараа нутагтаа буцан ирж, амраг хайрт бүсгүй нь араас нь Монголд ирэхээр болжээ. Тухайн цаг үед харилцаа холбоо, техник технологи хөгжөөгүй байсан учир хайрт бүсгүйнхээ ирэх өдөр, цагийг нь нарийн мэдээгүйн улмаас энхрий хайрт эхнэр нь онгоцны буудал дээр орь ганцаарахнаа ирээд, нулимс дуслуулан хүлээж суусныг нь ярихдаа Лийтэв ахын харц агуу хайраар гэрэлтэж байсныг үргэлж дурсан санасаар явдаг юм. Яг энэ мөчид л би хайрын үнэ цэнийг дахин нэг удаа өөрөөсөө асууж билээ. Үзэсгэлэн төгс залуу бүсгүй өсч төрсөн, урин дулаан уур амьсгалтай, цэцэгт ногоон хөндий, сүрлэг ногоон моддоор хүрээлүүлсэн, жимс жимсгэнэ дэлгэрсэн, нарлаг Македон улсаа орхин, зөвхөн ариун хайрандаа хөтлөгдөн, эрс тэс уур амьсгалтай Монгол оронд, эр нөхрөөсөө өөр таних хүнгүй харийн нутагт, хэрхэн зориглон ирж байсныг нь төсөөлөх гэж оролдож байсныгаа ч үл мартана. Тэд ариун хайрынхаа итгэлээр Монголдоо ирээд сайхан амьдарч, архитектор мэргэжлийг гаргуун эзэмшсэн Лийтэв ах ч Монгол улсынхаа хөгжил дэвшилд чамгүй үнэтэй хувь нэмрийг оруулж, Улсын төслийн төв хүрээлэнгийн ерөнхий архитектороор ажиллаж, хүүхэд багачуудын мөрөөдлийн өргөө “Найрамдал” зуслан, Сөгнөгөрийн амралт зэрэг олон томоохон бүтээн байгуулалтуудын зураг төслийг гаргасан төдийгүй Лийтэв ахын зураг төслөөр бүтээгдсэн 50 гариу архитекторын дурсгалууд Монгол болон Македон улсуудад сүндэрлэн байдгийг сонсох төдийд бахархал төрж, энэ сайхан гэр бүлийг чин сэтгэлээсээ хайрлан хүндэтгэж билээ. Урин дулаан уур амьсгалд өсч торнисон үзэсгэлэнт эхнэрийнх нь сэтгэл зүрх нь Монгол нутагтаа элгэмсэж байсан ч, биеийнх нь эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтсоор 1980-аад оны эхээр залуу гэр бүл эргэж буцалтгүйгээр шийдвэрээ гаргаж, эхнэрийнхээ гарыг алдалгүй, чанга атгасаар буцсан сэтгэл уярам хайрын түүхээр Лийтэв ахын гайхалтай амьдралын түүх үргэлжилнэ. Лийтэв ах Ники эгч хоёр нэг хүүтэй, хүү нь бас нэг хүүтэй. Яг л орчин цагт ч хүүрнэхэд тохиромжтой гайхалтай сайхан түүх биш гэж үү хэмээн дотроо бодсоор явсан билээ. Лийтэв ах амьдралыг үзэх өөрийн гэсэн үзэл бодол, хүчирхэг энергитэй хүн төдийгүй үг яриа, үйл хөдлөл, хувцаслах донж маяг нь ч дотоод ертөнцийг нь төгс илэрхийлнэ. Хужиртад баригдсан “Найрсаг 90” төслийн архитекторын бүтээлээрээ 1982 онд Монголын Архитекторуудын холбооны нэр хүндтэй шагналын эзэн болж байсан тэрээр социалист Югослав дахь Дэлхийн тэргүүлэгч компаниуд болох Юкан, АНУ-ын Лос Анжелес хот дах RETROSPETTIVA, Македоны GLOBAL plus&TEXTILE DESIGN-д ажиллахын зэрэгцээ уран зургийн болон уран бичлэгийн төрлөөр олон арван бүтээл туурвиж, үзэсгэлэн гаргаж, яруу найраг бичиж, утга зохиолын орчуулга бүтээл туурвиж, Монгол улсынхаа түүх соёлыг сурталчилахад томоохон хувь нэмэр оруулсан гайхалтай уран бүтээлч, эгэл хэрнээ энгүй авьяаслаг нэгэн ажээ. Лийтэв ах 2012 онд “Монголын орчин цагийн яруу найргийн антологи” номыг Монгол хэлнээс Македон хэл рүү хөрвүүлэн Македоны уншигчдын хүртээл болгосон нь Монгол улсынхаа соёл урлагт оруулж байгаа өгүүлж барамгүй түүний хувь нэмрийг илтгэнэ. Түүнчлэн Македоны яруу найрагчдын бүтээлийг Монгол хэл рүү орчуулан “Орчин цагийн Македоны яруу найргийн антологи” гаргахаар хичээнгүйлэн ажиллаж буйг нь сонордоход, хоёр орны соёлын түүхийг бичиглэн үлдээхийг зорьж буй чин сэтгэл, их үйл хэрэгт нь гүнээ талархан хүндэтгэх сэтгэл төрж байлаа. Лийтэв ахын өөрөө урлаж өмссөн донж маяг нь өөрт нь төгс зохицсон өмдний (биед эвтэйхэн, тун загварлаг өмд үнэхээр таалагдсаныг тэмдэглэх хэрэгтэй) тухай ч энд дурсахыг хүсч байна. Салхи татуулан жолоо мушгих Лийтэв ахаас өөрөөрөө оршихын үнэ цэнийг ухаарч ойлгосоор явсан билээ. Бид явсаар Скопье хотын төвд байрлах Монгол улсын өргөмжит консулын газарт (Монгол улсын төрт ёсны гүн хүндэтгэлийг илэрхийлэх орчинг бүрдүүлэхдээ уран бүтээлчийн өвөрмөц нандин дотоод мэдрэмжээ тодотгосон.) зочилж, Лийтэв ахын гэр бүлтэй танилцаж, хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжыг бичиглэсэн юм. Миний л мэдэх гайхам сайхан хайрын түүхийн эзэн Ники эгчид чин сэтгэлийн хүндэтгэлээ илэрхийлэхээр авчирсан ноолууран ороолтоо бэлэглэхэд бүсгүй хүний уярам хайрын дурсамж нь энэ л ороолтны принтэн дээр зураглагдах мэт... Энэ мөчид Ники эгч хээр талын салхи нь сэвэлзсэн Монгол нутгаа санагалзан суудаг биз ээ хэмээн бодохуйд эрхгүй нүдэнд минь нулимс цийлэгнэж, хоолой минь зангирсансан. Миний дуртай мэргэжлийг эзэмшиж, насаараа уран зохиолын багшаар ажилласан Ники эгчийн гайхалтай дотоод ертөнц Лийтэв ахын онцгой мэдрэмжийг насан туршид нь хөглөсөөр ирснийг тэрхэн мөчид мэдэрч билээ. Лийтэв ахын хайрт гэргий Ники, хүү Далайтай танилцаж, Македон улсын гурван Монгол хүний талаар хөөрөлдөж сууснаа дурсахад сэтгэлд дотно дулаан мэдрэмж төрнө. (Македон улсын гурван Монгол хүн бол Лийтэв ах, түүний хүү Далай болон ач хүү нь ажээ.) Хээр талын Монгол эрийн сэтгэлийн нар Македоны зүрхэнд манджээ. Энэ гайхалтай сайхан гэр бүлтэй танилцах учрал тохиосон тэр өдөрт одоо ч талархсаар авай.
Скопье хотыг санан дурсахуй...
Умард Македоны хойд хэсэгт байрлах Скопье хот ер бусын тайван мэдрэмж төрүүлэх хийгээд хотын дундуур урсах үзэсгэлэнт Вардар голын эргээр алхахад таатай дулаан уур амьсгал нь сэтгэл зүрхийг эзэмдэнэ. Македоны төв талбайн гол хэсэгт байрлах үндэсний баатар, аугаа түүхт Александр Александерын хөшөө, хүн төрөлхтөнд сайхан сэтгэлийн үнэ цэнийг тунхагласан Тереза эхийн католик шашны музей, Кале цайз (1963 оны газар хөдлөлтийн дараа цайз нь маш их эвдэрч сүйдэж, байшин барилгууд нурсан. Японы нэрт архитектор, хот төлөвлөгч Кензо Танге шинэ Скопье хотын зураг төслийг гаргасан.) Саат Кула цагны цамхаг, хамгийн эртний байгууламжуудын нэг Камени гүүр, шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр гэрэлтэх Мянганы загалмай буюу дэлхийн хамгийн өндөр загалмай (Христийн шашин шүтлэгийн 2000 жилийн ойг тохиолдуулан байгуулсан бөгөөд өндөр нь 66 метр ажээ.), Скопье хотын орчин үеийн урлагийн музей... Энэ бүхэн мэдрэмжинд минь үүрд үлдэж, дурсамжинд тасралтгүйгээр зураглагдан тодроно. Хотын иргэд амар тайван, ая тухтай амьдрах өдөр тутмын энгийн амьдралынхаа хэв маягаас сэтгэлийн таашаал мэдэрч буйг ажиглахад тансаг хэрэглээ, гял цал байдлыг эрхэмлэх манайхны сэтгэлгээнээс ангид агаад жаргалтай амьдрахад төдий л их эд баялаг хэрэггүйг мэдрүүлэх мэт... Македончууд эелдэг инээмсэглэн, тайван алхах нь эгээ л уур амьсгал шигээ урин зөөлөн ажээ. Хотын дундуур намуухан урсах Вардар голын эргээр алхах Скопье хотын бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг мартахын аргагүй, эрчүүдийнх нь харц яг л Скопско шар айраг шигээ зөөлөн хэрнээ таатай болохыг ч мартаж үл болно...
Стругаг анирдахуй...
Хүсэн хүлээсэн мөч зүрх сэтгэлд дөтлөн ирж, яруу найргийг дарстай хундага хундагаар сөгнөхүйд “яруу найрагч” хэмээгдэж энд оршин буйнхаа үнэ цэнийг дахин нэг өөрөөсөө асуувай. Скопье хотоос хөдлөн үзэсгэлэнт Македоны байгалийн гоо үзэмжийг ширтсээр ахуйд сэтгэл минь догдлон тэмүүлж, хот ойртох тусам яруу найргийн диваажин Струга хотын гоо үзэмжийн талаарх зөн совиндоо огтхон ч эргэлзсэнгүй... Балканы хойгийн гоо үзэсгэлэнг илтгэх номин хөх өнгөөр туяарах “Охрид” нуурыг анх хараад бүсгүй хүний ариун нандин сэтгэл зүрхийг мэдрэх мэт жигтэй хөнгөн гунигт автсансан. Дрим зочид буудлын үл мэдэгдэх хэрнээ тасралтгүйгээр урин дуудах далд увьдис алсаас намайг даллан дуудсаар би энд ирчихсэн мэт... Би энд оршин буйгаа... мэдэрнэ. Ерөөс хүнд үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрдгийг, тэр мэдрэмж үүрд оршин, зүрх сэтгэлийг тань дулаацуулж байдгийг л хэлэхийг хүснэ... Струга хотын дундуур урсах Дрим голын эргээр алхахад орон орны төрийн далбаа сүр жавхлантайгаар намиран байна. Монгол улсынхаа төрийн далбаан дор зогсох мөчид хэзээ ч мэдрэгдэж байгаагүй догдлол зүрх сэтгэлийг минь эзэмдэн авлаа. Энэ жилийн яруу найргийн 58 дахь удаагийн олон улсын их наадамд дэлхийн өнцөг булан бүрээс оролцогчид хуран цугларчээ. Струга хотын үдэш гайхалтай гэгээн тунгалаг, яруу найргийг дээдлэн хүндэтгэдэг нь илэрхий найрсаг сайхан инээмсэглэсэн хотын оршин суугчид, жуулчид гадаах зассан тайзны дэргэд цугларсныг харахад таатай сайхан мэдрэмж төрнө. Яруу найраг сонсохоор ийм олон хүмүүс цугларч, яруу найргийг эгшиглүүлэх гэж энэ наадмыг зохион байгуулж буй Умард Македон улсын соён гэгээрүүлэх бодлогыг чин сэтгэлээсээ хүндэтгэж билээ. Тусгайлан бэлдсэн тайз, тайзны урд зассан сандлуудад хүндэт зочид, найрагчид тухалжээ. Эрт эдүгээгийн яруу найрагчдын шивнээг анирдахуйд Стругагийн яруу найргийн их наадмын бамбар асч “Стругагийн яруу найргийн үдэш 2019” 58 дахь удаагийн олон улсын яруу найргийн их наадам ёслол төгөлдөр эхэллээ. Тэртээ 58 жилийн тэртээ орчин цагийн Македоны яруу найргийг үндэслэгчид гэгддэг ах дүү Миладиновчууд “Стругагийн яруу найргийн үдэш” яруу найргийн наадмыг үүсгэж, эдүгээ цагийн хамгийн томоохон нэр хүндтэй яруу найргийн их наадам зохион байгуулагдах үндсийг тавьж, жил бүрийн 8-р сард дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн найрагчид дотоод мөн чанараасаа яруу найргийн дуут шувуудаа нисгэж, Охрид нуурын хөвөөнд “онцгой нандин” дурсамжаа үүрд үлдээх гайхам уянгалаг түүх үргэлжилнэ... Стругагийн яруу найргийн наадмыг санаачлагч Константин Миладиновын оюутан ахуй цагтаа алс холын Москва хотоос эх нутгаа үгүйлэн санагалзаж бичсэн “Өмнөд нутгаа эгээрэхүй” хэмээх шүлэг нь Стругагийн яруу найргийн их наадмын мөнхийн дуулал болон эгшиглэсээр авай... Тайзан дээр яруу найрагчид гүн хүндэтгэлтэйгээр эгнэн сууж, эх хэлээрээ шүлгээ утга төгөлдөр уянгалуулан уншиж эхлэхэд ер бусын анир чимээгүй ноёлон, эл нам гүмд зөвхөн яруу найргийн мөрүүд эгшиглэж, их наадмыг хөтлөн явуулж буй Умард Македоны үндэсний театрын жүжигчид Македон, Албани, Англи, Франц хэлээр орчуулагдсан найрагчдийн шүлгүүдийг сонордуулах нь эгээ л сэтгэл зүрхийг ахин дахин хөглөх нь яруу тансаг. “Стругагийн яруу найргийн үдэш 2019” 58 дахь удаагийн олон улсын яруу найргийн их наадмын зочид төлөөлөгчид бүгд өөр өөрийн онцгой нандин мэдрэмжтэй нь илэрхий төдийгүй дуу хоолой, өмсгөл зүүсгэл, инээмсэглэл, ижил үгүй мөн чанараараа эрхгүй биесээсээ ялгарна. Энэ жилийн наадмын оролцогчдоос ялгарах зүйл маань ази төрх (энэ жилийн наадамд өөр ази оролцогч байсангүй), үндэсний өнгө төрхийг илэрхийлсэн хувцаслалт байсан болов уу хэмээн бодохуйд яруу найргийн өлгий нутагт тээж ирсэн дотоод мэдрэмжээрээ ялгарсан буй хэмээн дотоодоос минь зөөлөн шивнэнэ. Магадгүй бүгд л энд өөр өөрийн эгшиглэнт мэдрэмжийг тээж ирсэн буй заа. Стругагийн яруу найргийн наадмын нээлтийн уншлага гүн хүндэтгэлтэйгээр өндөрлөж, зочид төлөөлөгчид Охрид нуураас эхтэй, намуухан урсгах Дрим голын эргээр алхан, Дрим зочид буудлын гадаах тавцанд зассан Стругагийн яруу найргийн наадмын нээлтийн хүлээн авалтын танхимд цугларчээ. Македоны соёлын нэрт төлөөлөгчидтэй танилцах боломжыг Лийтэв ах маань хэзээд гаргана. Учир нь тэнд Лийтэв ахыг танихгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Бүгд хүндэтгэн гар даллаж, ирж мэндчилнэ. Македончууд үнэхээр эелдэг сайхан хүмүүс болох нь илэрхий, найрсаг инээмсэглэл нь сэтгэлд дотно мэдрэмж төрүүлнэ. Македоны яруу найргийн өнөө цагийн домогт хүмүүн (Лийтэв ахын өгүүлсэнчлэн өнөө цагийн Македон улсын хамгийн алдартай яруу найрагч) Македоны шинжлэх ухаан урлагийн академийн гишүүн, Зохиолчдын эвлэлийн гишүүн, утга зохиолын олон арван нэр хүндтэй шагналын эзэн Радован Павловски (Radovan Pavlovski) хэмээх 82 насыг наслаж буй хэдий ч залуу халуун насныхаа мэдрэмжийг огтхон ч гээгээгүйгээр үл барам, өөрийнхөө оршихуйн үнэ цэнийг өдөр өдрийн наранд эрхэмсгээр тунхагласаар буй эрхэм хүндэт найрагчтай танилцах аз завшаан тохиов. Радован Павлович бол жинхэнэ яруу найрагчын төгс илэрхийлэл болсон хүн байлаа. Салхи мэт дэндүү эрх чөлөөтэй эрхэмсэг оршихуй аж. Уянгалаг хөгжим эгшиглэсээр... орон орны зочид төлөөлөгчидтэй танилцан, Стругагийн яруу найргийн наадмын энэ жилийн өнгө төрхийг ажиглан зогсоход үдшийн зөөлөн салхи нь дотно дулаанаар илбэнэ. Македоны Битола хотод төрсөн энэ нутгийн алдар хүндтэй найрагч, Македоны үндэсний телевизийн редактор, хатагтай Гордана Михайлова Бошнакоскатай (Gordana Mihailova Boshnakoska) танилцаж дурсгалын зураг татуулав. Яруу найраг, утга зохиолын шүүмж, эссэ гэх мэтчилэн утга зохиолын олон төрөл зүйлээр бүтээлээ туурвидаг Михайлова Бошнакоска нь яруу найргийн 14 ном хэвлүүлж, Стругагийн яруу найргийн наадмын “Ах дүү Миладиновын шагнал”-ыг 1998 онд хүртэж байсан төдийгүй түүний бүтээлүүдэд Македоны утга зохиолын нэр хүндтэй шагналуудыг олгож байжээ. Хатагтай Михайлова Бошнакоска зөөлөн дулаанаар инээмсэглэн мэндчилж, хүн бүхэнтэй эелдэг сайхан харилцааг үүсгэж буй нь энгүүн сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Тун удалгүй Лийтэв ахын найз Македоны нэртэй яруу найрагч, орчуулагч, Стругагийн яруу найргийн наадмын “Ах дүү Миладиновын шагнал”-ын 2018 оны эзэн, Македоны зохиолчдын эвлэлийн гишүүн, англи хэл уран зохиолын тэнхимийн проффессор Зоран Анчевски (Zoran Anchevski) гэх номын эрхэмтэй танилцав. Түүний шүлгээ уншиж байхдаа илэрхийлж буй мэдрэмж, дуу хоолойг сонордоход яруу найргийг академик түвшинд зааж байгаа проффессор шиг санагддаг байв. Эхлэлээсээ л эгшиг аялгуу нь зүрх догдлуулсан мөчүүд үргэлжилсээр... Стругагийн олон улсын яруу найргийн их наадмын түүхийн шаргал хуудсыг сөхвөл яруу найргийн наадмын тэргүүн дээд шагнал болох “Алтан титэм” (Golden Wreath) шагналыг Пабло Нэруда (Чили), Яннис Ричос (Грек), Тэд Хьюз (Англи), Уильям Мервин (Америк), Аллен Гинзберг (Америк) гэх мэт XX зууны яруу найргийн сахиусан тэнгэрүүд болсон уран бүтээлчид хүртэж байжээ. Тэр дундаас Иосиф Александрович Бродский (Орос), Симус Хини (Ирланд) нар Нобэлийн шагнал хүртэхээсээ өмнө “Алтан титэм” гардаж байсантай холбоотойгоор энэхүү наадмын нэр хүнд дэлхий даяар цуурайтах болжээ. Тухайн жилийн “Алтан титэм” тэргүүндээ залсан яруу найрагчид Струга хотын төвд байрлах Яруу найргийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьдаг уламжлал тогтсон нь энэ наадмын үнэлж боломгүй үнэ цэнийг илэрхийлнэ. Хамгийн үнэнлэг яруу найргийн түүхийг өгүүлэх эл утга төгөлдөр, үзэсгэлэнт цэцэрлэгт сүндэрлэх мод бүрийнх нь дэргэд яруу найрагчдын нэрсийг ган пайзан дээр сийлж мөнхөд алдаршуулжээ. Энэ үнэнхүү утга төгөлдөр, гайхамшигтай үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгээр алхахад яруу найргийн өмнө гүнээ мэхийх хүндэтгэл хийгээд хязгааргүй их хүсэл тэмүүллийг мэдэрнэ... Энэ жилийн “Стругагийн яруу найргийн үдэш 2019” 58 дахь удаагийн олон улсын яруу найргийн их наадмын “Алтан титэм” (The Golden Wreath) шагналыг Румины орчин цагийн соёлын нэрт төлөөлөгч, 77 настай яруу найрагч, зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч, хатагтай Ана Бландиана (Romania poet Ana Blandiana) хүртсэн юм. 1980-аад оны дундуур түүний шүлгүүдийг Румин даяар хэвлэхийг хориглосон бөгөөд 1989 оны 12-р сар Никола Чеесескогийн (Nicolae Ceausescu’s) дэглэмийн эсрэг бослогод оролцож, үзэл санааны хавчлага дарамтыг сөрж, хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж байсан цогтой тэмцэгч ажээ. Европын хамтын нийгэмлэгийн ивээл дор коммунизмын хохирогчдод зориулсан дурсгалын газрыг байгуулж, жинхэнэ яруу найрагч бүсгүйн амьдралын гайхам түүхийг бичиглэжээ. Түүний бүтээлүүд хавчлага шахалтанд өртөж хэвлэгдэх боломжгүй болж байсан хэдий ч шүлгүүд нь орчуулагдан барууны улс орнуудад хэвлэгдсээр байв. Европын яруу найргийн академийн гишүүн Ана Бландианагийн уянгийн яруу найраг нь бүсгүй хүний сэтгэлийн эмзэглэл, мэдрэмжийг илэрхийлэх бөгөөд авьяас чадвар, яруу найргийн ертөнцөд оруулсан хувь нэмэр төдийгүй хүний эрх, эрх чөлөөний төлөөх чин зоригт тэмцлийг нь үнэлж олон улсын нэр хүндтэй томоохон шагналууд болох Европын эрх чөлөөний яруу найрагч (2017), Францын бүгд найрамдах улсын дээд шагнал Легион д’Хоннур (2009) гэх мэт олон нэр хүндтэй шагналыг олгожээ. Энэхүү наадмын бас нэгэн шигтгээ болох Юнескогийн ивээл дор 30 хүртэлх насны уран бүтээлчийн анхны номонд олгодог “Стругагийн гүүр” (Bridges of Struga) шагналыг Хорватын нэн шинэ үеийн яруу найрагчдын төлөөлөл, залуу яруу найрагч Моника Херцег (Monika Herceg) “Анхан шатны координатууд” (Initial coordinates) номоороо хүртсэн юм. Энэхүү бүтээл нь Хорватын залуу яруу найрагчдад зориулсан хамгийн алдартай дебют шагнал болох Горан (Goran) болон Квирин (Kvirin Award), Фран Галовичи (Fran Calovic Award) шагналыг тус тус хүртэж, Хорватын орчин цагийн яруу найргийг өнгө төрхийг илтгэх болжээ. 1990 онд төрсөн, физикийн ангийн оюутан Моника Херцегийн бүтээлүүд гагц үхлийн сэдвийг хөндөж байсан нь анхаарлыг маань эрхгүй татсан төдийгүй, яруу найраг үхэл хоёр яагаад ийм ойр дотно болохыг эргэцүүлэх сэдлийг дахин надад төрүүлсэнсэн. Моника Херцегийг шүлгээ математикийн нарийвчлалтайгаар бүтээдэг гэж Квирин шагнал авахад нь тодорхойлсон байснаас улбаалан “Бурхан бол математикч” гэсэн саяхан миний уншиж байсан нийтлэлийг ой ухаан минь зураглаж, үхэлд ч мөн математикийн нарийвчлал хийж чадсан залуу яруу найрагчийн шүлгийг эрхгүй сонирхож, дэлхийн яруу найргийн нэн шинэ үеийн төлөөллийнхний талаарх үзэл бодлоо ундаалсан билээ. Стругагийн яруу найргийн их наадам өндөр зохион байгуулалттайгаар үргэлжилж, өдөр бүр яруу найргийн уншлага, хэлэлцүүлэг өрнөж, “Алтан титэм” хүртсэн яруу найрагчид зориулсан уулзалт, хэвлэлийн бага хурал, ярилцлагууд хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ. Контемпорари артист Сашо Блэйзсийн (Sasho Blazes) “Баяр баясгалангийн өнгөт цуглуулга” үзэсгэлэнгийн гайхалтай өвөрмөц бүтээлүүд нь хэлэлцүүлэг, хэвлэлийн бага хурал явагдах танхимын уур амьсгалыг илэрхийлнэ. Энэхүү наадмын зохион байгуулагчдын нарийн мэдрэмжийг яруу найргийн уншлага бүрийн өвөрмөц дотоод мөн чанарыг илэрхийлэх орчинг тухайн уншлага бүрт зориулан тусгайлан бүрдүүлснээс нь харж болох төдийгүй Македончууд төлөв даруу хийгээд эелдэг дөлгөөн занг эрхэмлэдэг, эрдэм мэдлэгийг дээдлэн хүндэтгэдэг, урлагийн өндөр мэдрэмжээрээ ялгардаг ард түмэн болох нь өдрөөс өдөрт мэдрэгдэж, хайр хүндэтгэл төрж байсныг энд сийрүүлье. Стругагийн яруу найргийн 58 дахь удаагийн олон улсын яруу найргийн их наадмын оролцогчийн урилга хүлээн авахаас эхлэн, Македон улсад ирэх хүртэл өдөр бүр имэйлээр харилцаж, зөвлөгөө өгч, дэмжиж туслаж байсан хүндэт найз, үзэсгэлэнт бүсгүй Марижа Арсенковатай танилцсан нь үнэхээр мартагдашгүй сайхан дурсамжыг үлдээж, үе тэнгийн залуусын хувиар сайхан нөхөрлөлийг эхлүүлсэн нь одоо ч биднийг холбосоор байдаг. Струга хотын үдэш туйлын үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж, Дрим зочид буудлын нэгдүгээр давхрын хүлээн авалтын танхимд хуримын дуу хуур эгшиглэж, энд бүгд л хаа нэгтээгээс нисэн ирчихээд зүрх сэтгэлийг нь тогтохын аргагүй догдлуулах мэдрэмжиндээ хөөрч баярлаж, аль эсвэл хөнгөн гунигт автаж, жигтэй содон мэдрэмжинд автаж гүйцээд, Охрид нуурын илбэ шидэнд итгэж эхлэнэ... Стругагийн яруу найргийн их наадмын хамгийн утга төгөлдөр үйл ажиллагаа бол жил жилийн их наадмын дээд шагнал болох “Алтан титэм”-ийн эзнийг алдаршуулан зарлах ёслол байдаг. “Алтан титэм” өргөмжлөх ёслол бол энэ наадмын амин сүнс гэлтэй. Струга хотоос холгүй орших Охрид хотын төвд байрлах (1307-1056 онд эртний христийн сүмийн суурин дээр баригдсан) Гэгээн София сүмд (St. Sophia, Ohrid) ёслол эхлэж, энэ ариун газарт яруу найргийг бурхад ивээж, гайхалтай авьяаслаг төгөлдөр хуурч Дино Имеригийн (Dino Imeri) тоглосон тэнгэрлэг аялгуу яруу найргийг бурхдын сонорт хүргэх мэт... Гүн гүнзгий мэдрэмжинд автаж, энэ ертөнцөөс чинхүү сэтгэлээр алсран одоод, сүмийн оройгоос ширтэх бурхдын өмнө залбиран (....) гуйснаа хэзээ ч үл мартана.
Охридын шивнээ...
(2019.08.25. Охрид нуур. Струга хот. Умард Македон улс.)
Номин хөх өнгөөр туяарах үзэсгэлэнт Охрид нуураар аялах усан онгоцондоо бид сэтгэл догдлон суулаа. Яруу найргийн охин тэнгэр бидний дэргэд эгшиглэнт дуу аялаж, хайрын тухай хачин уярам шүлэг сонсож, нисэх мэт сэтгэлээ тогтоон барих гэхдээ догдлолоо улаан, цагаан дарсаар даруулж, хөх алмаз шиг нүдтэй нуурын сахиусан тэнгэрт бүх хүслээ нууцхан шивнэж орхиод, нүдээ тас аньж, буй орчлонгоос алсран, аз жаргалын мандалд хөвөн байснаа эргэн дурсана. Онцгой нандин мэдрэмж төрүүлэх Охрид нуур нь нэгэн зүйл загаснаас нь зөвхөн өвлийн улиралд олзворлодог үелсэн цайвар чулуун судлуудтай, өнгөлөг цагаан сувдаараа ихэд алдаршиж Балканы сувд гэх яруу уянгалаг нэр нь дуурсчээ. Үзэсгэлэнт байгалийн тогтцоор хэв маягаа илэрхийлсэн цагаан элсэн наран шарлагын газрууд, амралтын газруудаар хүрээлүүлсэн Охрид нуураар хоёр цаг хэртэй аялаад нуурын эрэгт байрлах хосгүй үзэсгэлэнт Галисиса парк (Nacionalen Park Galicica) , Поградек (Pogradec) болон крилл үсгийг түгээн дэлгэрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хутагт Наумыг бунхалсан Гэгээн Наумын хийдээр (Monastry of Saunt Naum) зочлон, байгалийн үзэмж төгөлдрийг бишрэн, энд ч тэнд ч яруу найргийн мөрүүд тэрлэж, орон орноос ирсэн найрагчид дотно яриа өрнүүлэн, нөхөрлөлийн зурвасыг илгээнэ. Стругагийн яруу найргийн наадмын нээлтийн өдрийн оройн хүлээн авалтын үеэр танилцсан, найрсаг сайхан инээмсэглэлээрээ дулаан мэдрэмж төрүүлэх Ираны яруу найрагч, орчуулагч Азита Гарреман (Azita Ghahreman) эгчтэй дотно яриа хүүрнэн, (Тэрээр Ираны нэр хүндтэй яруу найрагчдын төлөөлөл төдийгүй 2006 оноос Шведэд ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа, Перс хэл дээр 6 ном, Швед хэл дээр 3 ном болон олон орчуулгын бүтээл туурвиж, Шведийн ханхүү Вилгелм шагнал болон Оросын академийн Людвигийн Нобэлийн шагнал, “English Pen Award” хүртэж байсан гайхалтай уран бүтээлч юм. Азита эгч авьяаслаг уран бүтээлчээс гадна торгон мэдрэмжтэй бүсгүй агаад бид насны зөрүүг үл анзааран бүсгүй хүний нандин нөхөрлөлөөр үүрд холбогдсон билээ. Азита эгчийн шүлгүүдээс сэтгэлийн эмзэглэл нэвт салхилж, цөллөг, эх орныхоо үзэл санааг соён гэгээрүүлэх эмэгтэй хүний хүсэл тэмүүлэл нэвт шингэсэн нь мэдрэгдэх төдийгүй миний л хувьд домгийн хэл болох Перс хэл дээр бичигдсэн гэдэг нь ер бусын гайхалтай мэдрэмж төрүүлж байсныг дурсан санаж байна. Азита эгчтэй ярилцсан хором мөчүүд миний зүрх сэтгэлийг одоо ч хөглөсөөр байнам...), Лийтэв ахын хүн бүртэй гайхалтай нийцэх нөхөрсөг сайхан харилцааг бахдаж, Македоны соёл урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөр ялгарч, эрхэмсэг байр суурийг хэдийн эзлэсэн, энэ л эрхэм хүмүүнээр бахархаж, энэ мөчид хүний оршихуйн цор ганц давтагдашгүй эрхэм сайхныг бишрэн хүндэтгэж билээ... Стругагийн их наадамд урьд өмнөх жилүүдэд уригдан оролцож, найргийн мөрүүдээр дурсамжаа хөглөн буцсан эрхэм хүндэт найрагчид Г.Аюурзана, Б. Галсансүх, Дан. Нямаа ... (гэх мэт миний таних болон танихгүй олон нэр хүндтэй яруу найрагчид) нарын энд үлдээсэн дурсамжыг сэргээн, Лийтэв ах маань өмнөх жилүүдийн наадмуудын сонин сайхныг хуучлана. Сэтгэлд ер бусын тайван мэдрэмж долгилон, ертөнцийн хамгийн цэвэр цэнгэг устай нууруудын нэг гайхалтай үзэсгэлэнт Охрид нуурын эргээр алхаж байснаа үүрд дурсан санана гэдгээ мэдрэхэд сэтгэлд гэнэт хөнгөн гуниг төрж билээ. Бидний аялал үргэлжлэн усан онгоцондоо суун Охрид хотыг зорилоо. Усан онгоцны тавцан дээрх хүмүүсийн харц ер бусын тайван дөлгөөн, зүрх сэтгэл нь догдлолоор дүүрэн. Стругагийн яруу найргийн наадмын зохион байгуулагчид эгэл бидний л адил энгүүн даруу хүмүүс ажээ. Төрөлх нутгийнхаа дотно сайхан аялгуутай дууг хоолой нийлүүлэн уянгалуулан, үе тэнгийн үзэсгэлэнт бүсгүйчүүд хөгжмийн хэмнэлээр бүжих нь энхрий ялдам. Македон хэлний яруу сайхныг бишрэн бодохуйд крилл үсгийг зохиосон ах дүү хоёр хувраг Кирилл, Методий нар энэ л нуурын хөвөөнд төрж өссөнийг, тэдний түүхт хөшөө дурсгал Охрид хотод сүндэрлэн буйг нэхэн дурслаа. Охрид хот туйлын үзэсгэлэнтэй хийгээд ер бусын нууцлаг жимээр биднийг хөтлөнө. Охрид хотод үдийн зоог барихын зэрэгцээ шүлгийн мөртүүд зохион дарсны шошгон дээр бичих хөнгөн хэрнээ хүнд даалгаврыг хүлээн авч энд бас тэнд яруу найраг тэрлэх найрагчдын харцнаас яруу найргийг мэдэрнэ. Хэдийнээ бие биендээ дасч эхлэснийг илтгэх мэт дотно, нөхөрсөг инээмсэглэл бялхуулсан хундага дарсаар сэтгэлээ харамгүй илэрхийлнэ. Яруу найрагчдын үдийн зоог яг л тийм байдгийг нэхэн дурсана. Дурлал, дарс, яруу найргийн тухай дуу хуур тасралтгүйгээр эгшиглэнэ. Хөвөлзөх мандлаас нь алмазан хөх нүдийг олж үзсэн эсэхийг минь хэн ч үл мэднэ...
Стругагийн үдэш...
Үзэсгэлэнт Охрид нуураар аялсан дурсамжинд хэзээ ч үл мартагдах нандин мэдрэмж үлджээ. Цагийн зүү 17 цагийг заах үед Дрим зочид буудалд буцаж ирлээ. Струга хотод өнгөрүүлэх сүүлчийн хэрнээ хамгийн “онцгой” өдрийг сануулах мэт сэтгэлд салхи мэт хөнгөн гуниг сэвэлзэнэ. Хотын дундуур намуухан урсах Дрим голын гүүрэн дээр Стругагийн яруу найргийн их наадмын хамгийн онцгой уншлага эхлэхэд бэлэн болсныг илтгэж, даруу хэрнээ ер бусын өнгө төрхийг илэрхийлэхүйц ёслолын тайзыг засчээ. Энэ жилийн Стругагийн яруу найргийн үдшийн гол уншлагын ёслолын тайз өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад энгийн даруу засагдсан болохыг Лийтэв ахаас сонордов. Яруу найрагч гэж хэлэгдэхээс эмээж явсан миний хувьд энэ л тайз тэр чигтээ яруу найраг шиг санагдаж байсныг одоо ч санан дурсаж, догдлон байна. Намуухан урсах Дрим голын эргээр тоолж баршгүй олон үзэгчид эгнэн зогссон харагдана. Тэнгэрт түг түмэн одод түгж, Дрим голын модон гүүрэн дээр зассан задгай тайзыг гэрэлтүүлэх нь туйлын үзэсгэлэнтэй. Орон орны хэл, соёлыг яруу найргаар мэдрэх нь өгүүлшгүй гүн гүнзгий мэдрэмж төрүүлнэ. Стругагийн тэнгэр дор эх хэлээрээ шүлгээ уншихад, Охрид нуурын мандал нууцхан долгилон байсныг үл мартана. Струга хотын сүүлчийн уншлага утга төгөлдөр өндөрлөж, Дрим зочид буудлын арын гадаах задгай талбайд үдэлтийн хүлээн авалт эхэллээ. Сэтгэл гэгэлзүүлэх уянгалаг хөгжим эгшиглэж, Македончуудын найрсаг зочломтгойг илтгэх идээ ундаагаар дүүрэн бялхсан ёслолын ширээнд зочид тухалжээ. Өглөө эртлэн Струга хотоос хөдлөх яруу найргийн наадмын зочдын сэтгэл энд хоргодон буйг илтгэх мэт харц нь хөнгөн гунигтай. Ахуйгаас алсран холдсоор амьдралыг зүрх сэтгэлээрээ тэмтрэн байж олсон мэт дэндүү үнэ цэнтэй дурсамж минь тэнд үлджээ. Нов ногоон модод, номин өнгөт нуурын мандал, Дрим зочид буудлын цонхоор харагдах Албани улсын хаяа, Охрид нуурын тааламжтай зөөлөн үнэр, охь тансаг дарсны амт... одоо ч намайг хөглөн оршсоор буй тэр л нандин мэдрэмжийг мөнхөд санан дурсахаа би мэдэрч байна.
Дарстай хундагалах дурсамж...
Өглөө эртлэн босч Охрид нуурын эргээр алхахад үүрд энд үлдчихмээр тэсгэлгүй их хүсэлд эзэмдүүлэв. Нуурын сахиусан тэнгэр минь намайг үдэж өгөхөд хөх өнгөт нүднээс нь дусал нулимс унан, ганц дусал нулимс болох алмаз эрдэнийн шигтгээ нь миний хуруунд зүүсэн бөгжний дээр гялалзах мэт болов. Ер бусын мэдрэмжинд автаж, дахин энд ирэхийг зөгнөх бяцхан Македон охины чангаас чанга тэврэлт зүрх сэтгэлийг минь дулаацуулна... Грек, Албани, Болгар, Косовогийн хооронд орших Умард Македон улсын гоо үзэмжийг бишрэн, ногоон моддоор өвч хучигдсан сүрлэг өндөр уулсыг ороосон замаар давхих зууртаа энэ л үзэсгэлэнт зураглалыг ой санамжиндаа үүрд шингээж үлдээх гэж хичээж явсансан. Хүний амьдралын өдөр хоногууд улиран одоход бид тэдгээр өдрүүдийн үнэ цэнийг огтхон ч анзааралгүйгээр өнгөрөөдөг болохыг буцаж явахдаа эргэцүүлэн бодохуйд амьдралын минь утга учир тодоор гэрэлтээд өнгөрөх мэт сэтгэл зүрхэнд минь ер бусын гэгээ татаж билээ. Стругад өнгөрүүлсэн өдрүүд бол эгэл жирийн хэрнээ эгэл бус өдрүүд байсныг энд өгүүлэхийг хүсч байна. Стругагийн яруу найргийн их наадмын сүүлчийн өдрийн дурсамж хөврөнө. Струга хотоос хөдлөн зүүн Европын дарсны өлгий нутаг гэгддэг Кавадарци (Kavadrtsi) хотын дарсны үйлдвэртэй танилцаж, урьдчилан засч бэлтгэсэн хүндэтгэлийн ширээнд тухлахдаа Македончуудын чин сэтгэлийн зочломтгой найрсаг зан чанарыг машид хүндэтгэсэн билээ. Македончуудын зүрх сэтгэлийн мөнхийн дуулал болсон “Өмнөд нутгаа эгээрэхүй” шүлгээр нэрлэгдсэн дарсыг гүн хүндэтгэлтэйгээр зочиддоо бэлэглэсэн нь сэтгэлд дотно сайхан мэдрэмж төрүүлж, амьдралынхаа хамгийн сайхан мөчид энэ дарсыг задлах болно хэмээн өөртөө шивнэж байснаа эргэн дурсан санаж байна. Умард Македон улс эдийн засгийн хөгжлийн хувьд тэргүүлэх зэргийн улс орны тоонд орохгүй хэдий ч энэхүү утга төгөлдөр, яруу найргийн олон улсын их наадмыг жил бүр зохион байгуулж, бүхий л зардлыг засгийн газраас нь төсөвлөж, соёл урлагаа таниулан сурталчилж буй үйлс нь Македон улсын оюун санааны эрх чөлөөг дэлхий дахинд сурталчилах, цаашлаад улс орныхоо сэтгэлгээний хөгжилд үнэлж барашгүй хувь нэмрийг оруулж байгаа явдал хэмээн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид өндрөөр үнэлж байсан билээ. Стругагийн яруу найргийн наадам эхлэсэн өдрөөс эхлэн их наадмын сүүлчийн өдрийг хүртэл бүх л сэтгэл зүрхээ зориулан ажилласан Стругагийн яруу найргийн наадмын SPE (Struga Poetry Evenings) нийт хамт олонд энэ мөчид дахин гүн талархал илэрхийлэхийг хүсч байна. Алс холын нарлаг Македоныг бидэнд ойртуулж, хоёр орны соёлын гүүрийг зүрх сэтгэлээрээ сүндэрлүүлсэн, эрхэм хүндэт Намдагжанчивийн Лийтэв ахдаа Стругагийн олон улсын яруу найргийн их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан нийт оролцогчдынхоо өмнөөс чин сэтгэлийн талархлыг өргөн дэвшүүлье.
Биднийг Скопье хотод ирэхэд нар хэдийн уулын цаагуур жаргаж байлаа. “Стругагийн яруу найргийн үдэш 2019” 58 дахь удаагийн олон улсын яруу найргийн их наадмын сүүлчийн гала уншлага Скопье хотын төвд байрлах Орчин үеийн урлагийн музейн (Musiem of Contemporary Art) гадаах талбайд ёслол төгөлдөр эхлэж, яруу найргийн хөг эгшиг яг тэнд л эгшиглэн байсныг сэтгэл догдлон, дурсан санаж байна. Салхи зөөлөн сэвэлзэж, шөнийн Скопье хот үзэсгэлэн төгөлдөр гэрэлтэхүйд яруу найраг, дарс, хайр дурлалаар ертөнц хөглөгдөнө. Энэ жилийн “Алтан титэм”-ийн эзэн хатагтай Ана Бландиана шүлгээ уншиж түүний дараа хөтөлбөрийн дагуу улс улсын яруу найрагчид шүлэг найргаа уншина. Эртний түүхт Македоны одот тэнгэрийн дор эх хэлээрээ шүлгээ уншихад, тэнд цугларсан зочид үндэсний хувцсыг маань ихэд сонирхон таашааж, тэрхэн мөчид Монгол үндэснийхээ хувцас соёлыг бишрэн хүндэтгэснээ ч энд өгүүлэх учиртай. Төгсгөлгүй төгсгөл ирэх мөчид бүгд анир чимээгүйд автана. Нууцлаг саран тэнгэр эрхсээс ширтэж, намар намраас үлдсэн яруу найргийн дурсамж навчис болон хийсэж, яг миний дэргэд унах мэт... Алган дээр минь буусан ганц шаргал навчыг би нандигнан авч ирээд, үүрд зүрхэндээ хадгалсныг тэнд гэрэлтэх сар л гэрчилж үлдсэн. Стругагийн яруу найргийн наадмын гайхам уянгалаг түүх үүгээр дуусахгүй. Үүрд мөнх гэдэг гагц яруу найрагт л оршдог буй...
Үүлтэй төстэй дурсамж...
Хэзээ ч үл мартагдах нандин дурсамжийг минь үүрд тэврэн үлдсэн Умард Македон улсын нисэх онгоцны буудлаас үзэсгэлэнт Македоны надад бэлэглэсэн ер бусын төгс төгөлдөр хайр, хүндэтгэлийг тэвэрсээр онгоцондоо суувай. Тэнгэрийн уудмаас харахад хэдхэн хормын өмнө тэврээд авахад дэндүү ойр харагдаж байсан уул ус нь жижигрэн сүүмийсээр Лийтэв ахын найз Македоны алдар хүндтэй зураачын (Novica Trajkovski) зурсан Македоны ер бусын ид шидтэй гэмээр үзэсгэлэнт байгалийн зураг шиг зураглагдсаар алсарна. Хүний оршихуй итгэх үл итгэхийн төөрөгдөлд автсаар Бурханы хайрыг мартсаныг сануулж, сахиусан тэнгэр чихэнд шивнэх нь тодхон. Энд ирэхдээ замын турш онгоцонд сонссоор ирсэн Seal-Every Time I’m With You дуунаас мэдрэх ер бусын мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй шиг тэнд үлдээсэн дурсамж бүхнийг үгээр илэрхийлж үл чадна. Магадгүй тэр л мэдрэмж минь жинхэнэ яруу найраг байсан буй...
Ц. Гэгээнхүсэл