УРИН ХАВРЫГ УГТАЖ УНШИХ ШҮЛГҮҮД
2020-02-09 Зугаатай уншлага 7930

Ц. Батбаатар

Уймарч согтсон өдрүүдээ нулимсгүй үлдээе
Уучилж бүгдийг нь ойлгох хүн олдоно
Цөхөрч зовсон өдрүүдээ ч хавар гэж нэрлэе
Цөмөөрөө гэнэн явсныг хайрлах хүн ч олдоно....

А. Эрдэнэ-Очир

Гадаа мянган жилийн өмнөх салхи ирж биднийг чагнаархан амсхийхэд
Гайхамшигт хором бүхнийг наран саранд шивнээд урсан одов
Эрд урьдын нэгэн сонин зүүд бидэнд адилхан зүүдлэгдээд
Энгэр дотор гэрэл гэгээ татсан нь тэнгэрийн зурсан зураг байв

Ээвэр газар өвлийн цасан доороос нэг яргуй цэнхэр туяа цацсан нь
Эрх нандин сэтгэлд минь алсаас ниссэн бодлын шувуун дэвэлт байв
Гэлмэгтэж голын мөс нарны доогуур танхил өнгө татаад
Гэрэл гэгээ амьдын орчлонг уясган уярал авчирав

Эмнэг жаргалт хорвоогийн цаг мөчийг би алтлан дурсгаад
Эрин зуун чамд бэлэглэсэн минь энэ болой
Эх нутаг, эх орон, энхрий янаг
Энэнээс илүү юуг би хойч ирээдүйд үлдээх билээ?

Х.Чилаажав

Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа
Хөшигтэй цэнхэр Алтай нутагт минь
Хүний нүд сүүмийсэн хавар болж байгаа

Алсын уулсыг ноолсон буурал салхитай
Аргаа барсан аятай цагаан өвстэй
Хургаа дагуулсан хонины ядарсан дуутай
Хуурай саарал хавар болж байгаа.

Хайртай аав минь амьд сэрүүн байхад
Хаврын өдрүүд өнгөтэй санагддаг байлаа
Төлийн дуу цээжин дотор эгшиглэж
Төрсөн гэр минь нүдэн дотор налайж

Хаврын тухай өөдрөг сайхан зурагтай
Харьж очих гэж яаран суудаг байлаа
Манантай цэнхэр Алтай нутагт минь
Малын нүд сүүмийсэн хавар болж байгаа.

2002

Л. Өлзийтөгс

Д. Батбаяр багшдаа зориулав

Моддын навч, салхи, тэнгэр гүний алс
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь! Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ

Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах

Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх 

Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь! Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?

Х. Эрдэнэбаатар

Зуун зуун жил мөнх амьдарна би
Зулзаган улиас өвгөрөхийг харна
Наашлах хаврыг шувуудтайгаа цуг ирэхэд
Нарны хорвоод мөнгөр сар болно би. 

1990 он

Л. Моломжамц

Хадны чийг үнэртэж, хөлрөөд
Чиний ороосон алчуурын хошуу толгодын цаад руу намирч одоод
Хаа холын ууланд тэнгэр дуугарах шиг газрын амь хөдлөөд
Хажуу дэргэдхэн өвснөөс гэрэлт хорхой хөдлөн одоод

Хээрийн замаар үл таних хүн явган алхаж одоод
Хэний хүү хаа хүрч яваа юм бол гэж эмгийн өрөвч дуу хадаад
Ядарч цонхийсон нар газрын соронзонд татагдах шиг зулай төөнөөд
Ноднин намрын эсгий малгай авдрын хөндийгөөс гэнэтхэн олдоод

Гэгээн хавар ирж хүлээн авагчийн долгион дээр шувуу суугаад
Гэрт ороход урины ааш хоймор тухалж гадаа гармаар санагдуулаад
Манайхыг чиглэж хөтөлгөө морьтой хүн хатируулаад
Мэнд амар мэдэж, газрын өнгө хүүрнээд

Өвлийн ирсэн төмөр тэрэгний боолт өнгө орж цасны доороос олдоод
Өчигдрийн ирсэн хүнээр үг хэлүүлдэг байж гэж гэнэн бодоод
Морин тэргэн дээр хээрийн гоёхон шувуу ирж суугаад
Монгол газрын зэрэглээ эрх хүүхэд шиг цовхчин тоглоод

Худаг руу одсон жимээс хур үнэртэх шиг болоод
Хувцас дээл нэг тээртэж нөгөө хөнгөдөөд
Хот айлын бүсгүй эсэн мэнд нярайлж гэж дуулдаад
Хошуурсан хуй шиг нөхөр нь хөөрч давхин одоод

Үдшээр ган гун дуугарч нугас шувуу огторгуйд мэндчилээд
Өвөлжөөнөөс гарч сэлүүхэн хаварт буухаар шийдмэглээд
Цагаан адуу шиг нар улам л наашилж тодроод
Цагийн ааш нялхарч манцуйгаа тийчих хүүхэд шиг хавар ирээд

Гавар мэт цоргиж
“За дүү минь сэтгэлээ барь” гэж чанга дуугаар уйлав аа. 

2006. 02. 28

 Г. Лхагвадулам

Сүүлчийнх гэж бодсон бүхэн л сүүлийнх байдаггүй
Сүүдэртсэн тэнгэрээс өвөл, хаврынх нь мэдэгдэхгүй
Сүүмийсэн одод хийснэ. 

Газарт буусан нь бороо, буугаагүй нь цас,
Агаарт тогтсон нь гуниг болж
Аль эрт мартчихсан ч мартагддаггүй чамайг бодогдуулна 

Хамгийн хөндүүр өдрүүд минь ард үлдсэн гэж бодох бүрт
Хамгийн хэцүү нь өмнө минь байна
Чөлөөлөгдөх, мартах, мартсантайгаа эвлэрэх... 

Хагацаж салсан, халирч одсон бүхэн минь
Хав халуунаар дотор минь мөстөж
Хаа ч байхгүй хавар, цэнгэг агаар шиг хөлчүү байна.

Б.Эрдэнэсолонго

Ханш нээж,
Ичигсэд хөдөлжээ.
Хавар л үхэхгүй юм шүү

Д. Нямдорж

Далайн тунгалаг агаарт
долоо хоногийн дараа ирэх
дарвуулт хөлөг үзэгдэнэ

Я. Баяраа

Зэврүүн зэврүүн л гэнэ, хавар л бол хавар л даа

Зэрэгцэж зогсоод ургах нарыг угтахад
Зээлийн маань тэндэх эл хульхан булангаас
Дэврүүн бага нас минь гүйгээд ирэх юм шиг
Амар алдуулсан гэнэн бодол гэнэтэд төрж
Ахин нэг удаа цагийн хурдад санааширна.

"Нар манддаг нь хичнээн сайхан бэ?" гэж шивнээд
Найдах, итгэх бүхнээ сэтгэлийн угтаа тэмтэрнэ
Тийм ээ, нар ийнхүү дахин ахин мандсаар буй нь
Надад өгүүлшгүй баярыг төрүүлж байна.

Хайлан урсах цасны чимээ бие сэтгэлийг нэвтэлж
Хаа нэг тийш нисэн одохдоо үүнийг улам дэвэргэсэн байна
Барьцгүй тунгалаг мэдрэмжээ дагаад хийсчихэлгүй
Барьж өөртөө үлдээтэл гарыг минь тэр тавьсангүй

Зэврүүн зэврүүн л гэнэ хавар л бол хавар л даа
Зэрлэг байгалийн өмнө хайраас бусад нь хүчгүй л дээ.

А. Урантогос

Навчис цухуйхад бэлэн тушаал авсан цэргүүд шиг гэмгүй отон хэвтэцгээнэ
Нарны илчээр анир авсан хөлдүү чимээд гэсэж эхэлнэ.
Найр тавихуйяа энэ гуравдугаар сарын байшин
Намайг эзлэн тольдох харь холын гийчин мэт.

Уйтгарт сохор нүдээр сар дүрлийтэл ширтчихсэн
Усанд нулимс унагахуйяа од онож хагараад
Амьдарсан ч амьд явахын хүслээр амьдраагүйг
Ахих дахин сануулах хурц ирт чинжаал мэт.

Гуравдугаар сарын байшин
Гунигийг минь боомилсон ухаарал дүүрэн урвалт
Хаалгаа цэлийтэл нээж хаашаа ч юм түлхэхэд нь
Харин түүнээс холдох өчүүхэн ч зориг надад үгүй.

Тө. Бямбасүрэн

Тарьсан хүн л үрийг харна
Ургасан цэцгийг бүгд шагшина.
Та бол тэр хүн, амьдрал бүтээж харуулсан.

Амьдран суугаа тань л
Надад шүлэг болсон
Алган дээр минь үр суулгаж өгсөн
Гэгээн дуртгал соёолох гар минь
Гэрлээр жимслэгч мод болчих шиг санагдсан.

Та бол тэр хүн, өр зөөлхөн хагацсан.

Хаа нэгтээ та өөр хүн болсон ч
Харамсахгүй ээ, надад зөндөө та үлдсэн.

Бороонд нэвт норлоо гээд хэн ч
Бороо болон хувирдаггүй шиг
Жинхэнэ та надаас хэдийн ургаад, хагацал төдийд
Жижигхэн сэв ч суухааргүй бат бөх болсон
Та бол тэр хүн, хайр бүтээж харуулсан.

Түр хүлээнэ үү...
Top