"ОЙРХОН" ТҮҮВРЭЭС ОНЦОЛЖ БАЙНА
2020-01-26 Зугаатай уншлага 1308

Өвөр Монголын залуу шүлэгчдийн бүтээлээс монгол уншигчдад танилцуулсан "ОЙРХОН" нэртэй түүвэр өнгөрсөн онд бидний хүртээл болжээ. Тус түүвэрт 90-ээд оноос хойш төрсөн 16 шүлэгч залуусын бүтээл багтсан байна.

Уг түүвэрт багтсан бүтээлийг ӨМӨЗО-ын Үзэмчин нутгаас МУИС-д суралцаж буй Ө. Балжинням хөрвүүлж, МУИС-ийн багш, доктор Д. Нямдорж сонгон, эмхэтгэжээ.  Ингээд та бүхэн тус түүврээс онцолж буй шүлгүүдийг хүлээн авна уу. Мөн энэ ялдар шинэлж буй Өвөр Монголын зон олондоо мэнд дэвшүүлье.

Д. САЙНЗАЯА

1990 онд Улаанхад хотын Ар Хорчин хошуунд төрсөн. Шувуу судлаач мэргэжилтэй.

***

Хадан цохионоос унасан

Зулзаган бүргэд

Жигүүртэй чулуу болно.

***

Нутгаа тэмцэх адуу

Салхи эсгэх

Тонгорог.

***

Б. Манлайцогт

1993 онд Сөнид Зүүн хошуунд төрсөн. Угсаатны зүйч мэргэжилтэй. Одоо ОХУ-д суралцаж байна.

Нуруугаа нумартал богц үүрээд

Богцондоо ном дүүргээд

Магнайгаа хуниртал бодол болоод

Бодолдоо чамайг санаад...

Сайхан юм дэндүү хүнд!

***

О. Эрдэнэтогтох

1994 онд Зүүн Үзэмчинд төрсөн. МУБИС-д түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Цэцгийн дэлбээ

Тасрахдаа

Сүүдрээ цавчина.

***

О. Болор-Эрдэнэ

1996 онд Баарин Баруун хошуунд төрсөн.

Үзэгдэхгүй нэгэн гол урсаж л байдаг нь
салхи юм
Үелзүүр гэгэлзүүр сэтгэлт би
Энэ голын загас юм
Үүлс гэж нэвсийгээд л...
Үнэндээ халим юм
Үе үе бороо асгарах нь
Өрөвдөлт заримынх нь нулимс юм
Цас будраад л...
Цаад эргийнх нь модод навчсаа гөвөө юм
Булууд бүхнээ нууцлаад л..
"Чимээгүй" голд урсах юм
Хааяа харагдах солонго нь
Хуучин гүүрний тасархай юм
Хавар, зун, намар, өвөл
Түүний дээгүүр зорчдог юм
Харагдахгүй нэгэн гол урсаж л байдаг нь
салхи юм
Хамгийн холын далайд цутгадаг нь
Хоосон юмаа

***

С. Баянхорвоо

1996 онд Баарин Баруун хошуунд төрсөн. Одоо Өвөр Монголын Багшийн Их сургуульд суралцаж буй.

Шувууд нисэж байна.
Сүүдэр тусаагүй өндөгнүүд
Дүүлэн нисэж байна...

Харин шувуунд тусаагүй сүүдрүүд

Одоо хүн дээр тусаж байна...

Түр хүлээнэ үү...
Top