АРВАНХОЁРДУГААР САРД, АМЖИЖ УНШИХ АРВАН ХОЁР ШҮЛЭГ
2019-12-26 Зугаатай уншлага 7530

Бага залуу нас нь социализмын үед, идэр хижээл нас нь энэ ардчилалын үед өнгөрч буй зохиолч, яруу найрагч, уран бүтээлч хүмүүст би цагаахан атаархдаг. Цаг төр солигдсон, дайн дажин, хувьсгал тэмцэлийн үеийг харсан туулсан уран бүтээлчид арай л илүү туурвиад байх шиг. Дэлхийн уран зохиолд, ер миний гадарлах орон орны уран зохиолд илт дэвшил гарсан үеийг ажиглахад түүхэн цаг хугацаа нь дайны дараа, хувьсгал тэмцэл, үймээн самуунтай  давхцах тал бий.  Заа энэ ч яахав миний хэлэх гэсэн зүйлтэй бараг холбоо шахуу юм. 

Дөрвөн улирал дундаас шинэ хуучин хоёр оныг дамнан орших хувьтай ганц улирал нь ӨВӨЛ. Өвлийн улирал надад ШИНЭ-ХУУЧИН хоёр жилийн эрэг тэгнэн орших аварга том, асар хүйтэн  мөс цасан ГҮҮР мэтээр төсөөлөгддөг. Энэ гүүрээр бид бээрч, даарч бусдын нөмөр хайж, хөлдөж, осгож хөлсөө мөсттөл алхаж байж урин цагийн эрэг дээр гарч өөд нар харна даа.  Энэ жилийн зун энэ жилийн л зун байдаг бол, энэ жилийн өвөл дараа жилийн ч өвөл байдаг. Ийм нэг илүү хувь энэ улиралд заяасан шиг надад санагддаг.  Энэ улиралын ширүүн дориун, хахир хүйтэн араншин өнөөх өлөн зэлмүүн жилүүд шиг хүний тэмцэх, бүтээх чанарыг сэрээдэг. Өвлийн шөнө хичнээн үлгэр хүүрнэгдэж, хичнээн домог зохиогдож, хичнээн зохиолчид ширээнийхээ гэрэлтэй ханьсан бөгтийж бийр, бэх харшуулж асаныг би таашгүй. Юутай ч өвлийн улирал надад таалагддаг. Өөрийн гэсэн характертай сайхан улирал даа.

 ***

Шинэ жилийг би ганцаар угтлаа

Чинээлэг би ядуу байлаа.

Жигүүртэй би жигшүүртэй байлаа.

Атгаастай олон олон гар,

Арвин хуучин дарс аль нэг газар байлаа.

Харин жигүүртэй би жигшүүртэй байлаа!

Харах цонх, ханьгүй сар мэт

Харин би ганцаар цул байлаа.

1917. 12.31

МАРИНА ЦВЕТАЕВА

Орч. Г. Ширнэн

“Марина Цветаева”. 26

***

БЭЭЛИЙ ХАЙР ХОЁР

Хараар бичсэн англи үг ширээн дээр тайван хэвтэнэ:

GLOVE

Хайруу хүйтнийг сөрөх гэж зэхэж бэлдсэн минь энэ.

Харин тэр минь арьсан бээлий ширээн дээр тавихдаа

Хамгийн эхний үсгийг нь санаандгүй дарчхав.

Хайр сэтгэл нь гэрэлтэн тодров:

LOVE

Үсэглэж дуудсангүй бид

Үг дуугүй энэ үгийг ширтэв.

Удалгүй тэр минь бээлийгээ авахад

Утга н буцаад шилжчихэв.

Даарсан гарт минь бээлийгээ өмсгөхөд

 Дотор нь хайр нуугдав.

 

ДҮ ЕЭ

(1953-)

Орч. Нац. Энхбаяр

“Хятадын орчин үеийн яруу найраг”. 211

***

ШИНЭ ЖИЛ

 

Орлоо, бүхэл шөнөжин цас орлоо

Оддын гэрэлд гялбалзан.

Нэгэн хот, гудамж, нэгэн байшин

Бөглүү буйд дахь модон байшин

 

Олбог дээр хэвтэх нэгэн хүүхэд

Хонгорхон шаргал, булцгархан хүү минь

Зочин ч үгүй, хэн ч үгүй Истанбул

 

Гаслан гаслан шүгэл дуугарав

Ганцаардал нарсанд хэвтэхтэй адил аж

Урьдах номоо хаагаад Мюнэввэр

Уйлж орхив мэгшин мэгшин...

 

Нэгэн хот, гудамж, нэгэн байшин

Бөглүү буйд дахь модон байшин.

Орлоо, бүхэл шөнөжин цас орлоо

Оддын гэрэлд гялбалзана.

 23.03.1956. Москва

Наазым Хикмэт

Орч. Д. Мөнхтөр

“Турк яруу найргийн дээжис”. 47

...

ӨВЛИЙН ШӨНӨ

Шинэ цас газар дэлхийг хучлаа,
Хаяа хярхаггүй хучлаа.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.

Зуны шумуул сүрэглэн хуйлраад
Дөл зүглэн нисэлдэх мэт,
Зуун түмэн будраа хийсэлдэж
Цонхны хүрээнд буулаа.

Ширхэг ширхгээрээ цас шуурч
Шилэн дээр угалз мэтгэлээ.

Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.

Гэрэлтэж гийсэн адарт
Сүүдрүүд тусч сүлжилдэх нь,
Тэврэлцэж атгалцсан гарууд
Үүрдийн заяагаа холбох мэт.

Хос хөнгөн шаахай
Шалнаа түсхийн унав.
Тос мэлтрэх лаан нулимс
Даашинзны чинь хормойд дусав.

Шивтнэх цасны хаяа хярхаггүй
Цал бууралд бүгд төөрлөө.

Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.

Саваагүй дөлийг дальдраасхийгээд
Хүслийн салхи сэвэлзэхүйеэ.
Сахиусан тэнгэрийнх шиг хос далавч
Хаа нэгтээгээс дэрвэсхийлээ.

Шинэхэн цасанд хавирган сар
Үйрэх мэт цацарч буулаа.

Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.

Борис Пастернак
1946

Орч. Г. Аюурзана

“Дэлхийн яруу найргийн охь дээжис”. 230

 

***

ВАН ВЭЙ

Бодолд дарагдан дүнсийх

Их талын дээгүүр

Будран орох цасны

Хөвөн үүлс нүүнэ.

Хэрэн хэсэгч энэ үүл

Согтуу найрагч Ван Вэйгийн

Хөөрхий жаахан байшингийн

Хөөтэй янданг шүргэчих вий дээ.

 

Д. Чинзориг

“Бодох цэг” .31

***

Би
1.
Хэцүү энэ шөнийг хэнтэй хуваана
Хэцүү энэ өвлийг хэнтэй хуваана
Хэцүү энэ амьдралыг хэнтэй хуваана
Хэцүү энэ зол баярыг хэнтэй хуваанам
2.
Хэнтэй би төрсөн суурин руугаа алхнам
Хэнтэй би хашааныхаа хаалгыг чихруулан хөл тавина
Хэнтэй би зэрлэг өвс зулгааж, орон гэрээ сэргээнэ
Хэнтэй би энэ байшинд бичээстэй охин насаа дурсана
Хэнтэй би урт наазгай хаврыг хуваана
Хэнтэй би эцгийнхээ булшийг эргэнэм…
3.
Хэзээ би эцэн сульдахаараа ийш зүглэхээ болино
Хэзээ би өвснөөс өндөргүй энэ намхан хаалгыг мартана
Хэзээ би амандаа дуу аялан цонх угаадгаа болино
Хэзээ би арван долоотой намрын хөвүүнээ дурсахаа болино
Хэзээ би эндээ өнөд жаргах юм шиг саатахаа болино
Хэзээ би эндээс зулран зугтахаа болино

СГЗ Б.Ганчимэг

 "Урьдынхаараа би өвлийг угтана "

 ***

Хүйтэн байна

Хана хүртэл

Ингэж хэлэв.

 

Б. Галсансүх

“Бурханд хэлэх зөвлөгөө”. 217

***

Эзэд нь хаягдаж, утас нь тасарсан

Чавхдас хөгжим шиг

Энэ моддыг ээ.

 

Эзэнгүй хотын анхны цас...

Яасан хүнд вэ?

Тэнхээ нь барагдах нүцгэн мөчир бид хоёр

Тэнгэрийн үйрмэгт ёолон булагдана.

 

Зугтаагч үүлс ээ, юу хийснээ хараач!

Хөнгөн, зөөлөн, ариухан гэл үү?

Хэнд ч итгэхгүй би одоо, хэнд ч...

 

Г. Лхагвадулам

“Дотно алс”. 18

***

ХУУЧИН АНДАА МАРТЪЯ

 

Амьдрал намайг чамин гоёлтой нь

Авсанд нэг л аваачина даа

Ай, хэдүүл хундага дарсаа

Амтархан шимцгээе, яг одоо.

Бүдэгхэн сүүмэлзэх үхлийн царай

Бүү үзэгд...гэвч тодоос тод тэр байна

Өдөр хоногууд амьсгалах нь

Өнөөх л ганцаардлаар, тасалданги...тасалданги...

Арванхоёрдугаар сар, амьдрал, хүйтэн дарс

Аврал гээчийг үзээгүй дурлал тэнд л хамт

Аяархан дуут, бүдэгхэн царайт минь чи

Ай, миний үзэсгэлэнт цаг-үхэл минь

Хундага дарсаа амтархан

Хуучин андаа дурсанхан

Цөхрөлийн өмнөх зул сарын үдэш

Цөөхөн, гэвч гашуун тавилан даа.

Ийм л зовиурт зул сарын үдэш

Ингээд одоо сүүлчийнх шүү

Хундага юугаа хоосолъё, би

Хуучин андаа ч мартъя бас.

 

1998 он

Н. Пагма

***

Цасан ширхэг будрахдаа
уйтгарт дарагдаад унтаж орхисон
урд уулын манант зүүдэнд,
унгирал дотроо хөглөрөн сэрчигнэх
улиасны шарангуй навчсын
амь биеийг хучин дулаацуулаарай.

Цасан ширхэг будрахдаа
өвөөгийн минь түлээндээ явдаг
үхэр тэрэгний бүдэгхэн жимийг,
өөр ертөнцөд хүрч болох
амьдрахуйн тэр л бяцхан зөргийг
ариун биеэрээ битгий нууцлаарай.

Цасан ширхэг будрахдаа
өвс зуугаад нисэн одсон
тэр нэгэн шувуухайн
өмнөөс үлээх хүйтэн жаврыг
зөөллөн зөөллөж газардаарай.

 

Р.Улам-Оргих

“Эр хүүрнэл”. 22

***

ПЛАНУУД

Цайны мухлагийг цас дарсан байна.

Цантсан цонхны наадах ширээнд хосууд

цай уугаад сууж байна.

Бүсгүйн царай гомдож тунирхсан байна.

Бүлээхэн хуруугаараа хүйтэн цонхон дээр

юу ч юм зурж байна.

Хуруугаар хүрсэн газрынх нь цас хайлж байна.

Хуруугаа холдуулж байна.

Цоолсон шиг жижигхэн зайгаар одоо

цонхон цаадах зүйлс харагдаж байна.

Хоосон танхим,

хосууд өөдөөсөө ширтээд сууж байна.

Дунд нь ширээ, ширээн дээр цай сэлт,

цаана нь цантсан цонх,

цонхны голд цан нь арилсан хэсэг,

цас орж байна, гадаа гудамж,

байшингууд, цастай хүйтэн өдөр

цайны мухлагийг мэдээж цас дарсан байна.

 

Б. Батзаяа

“Лонхонд байсан шүлгүүд". 61

***

ЦАС

Жаргалтай найрын дууг түрж ядан суугаа өнчин хүн гэлтэй
Цас цагийн л эрхээр хялмаалж байна.
Өглөө эртийн хярман цасан дундуур
Өөдөө бэлчсэн мал, бэлчээж яваа хүнийг ажхуй
Өнөөдөр цасаар дамжиж тэнгэрт гарахаар шийдсэн нь илт.

Жаргалын дууг итгэлгүйхэн түрсэн үеийн өнчин хүн
Жангар шигээ тухлаад найрлах мэт
Өглөөхөн л хяруулж байсан цас гэнэт
Өвлийн Азийг бүрхэхээр малгайлж эхлэхэд
Уул нурууд гараа өргөн тэдэнд ёсолж
Ус далай давалгаа-хүлгүүдээ эмээллэн зэхэж
Хөвч ой мөчир бүрээ мэхийлгэж
Хээр тал яг одоо амьсгаа хурааж байна

Цас орж байна
Холхи тэнгэрийн зүг эртний хараа сунгаж
Хорвоо руу уралдан тэшиж байгаа түмэн цагаан ботгоны замд зогсох сайхан байна
Ядруухан малчин айлууд бүгд шинэ дээвэртэй болоод
Ямар ч зовлонгүй хүүхдүүд нь гаднаа тоглоод
Цас орж байна, тунилын үг шиг хүнд цас орж байна, тэнгэр дотогшоо шивнэсэн үгс нурж байна.
Үгийн нуранганд дарагдлаа гээд эх газар энэлэх ч үгүй жаргах ч үгүй
Үйлийн үрээ дэнслэх ч үгүй умартах ч үгүй үг дуугүй, үг дуугүй
Цас орж байна, хүв хүйтэн, хүв хүнд цас орж байна.
Тэнгэр дотогшоо шивнэсэн болохоор л
Тийм хүйтэн, тийм хүнд байгаа юм байна.

Өглөө бэлчсэн сүрэг тэнгэрт гараад
Өндөрийн үүлтэй нийлж өнжөөд
Чаргалан хотолж ирэх нь эгээ л
Цасан шатаар бууж байна уу л гэмээр
Уулын таргил зам дээр аав харин сууж үлдээд
Унанги янгирийн эвэрийг хөгжимдөн үлээсэн байна
Тураг ганц гөрөөс тэгтэл өмнө шил дээр нь гарч ирээд
Туулсан амьдралаа эргэцүүлэх мэт удаан зогссон гэнэ.
Салаа эвэр дээр нь цас бамбарлахаар
Савдагаа түүгээр ундлахаар алгуурхан тэгээд эргэсэн гэнэ
Эвэртээ цас зөөсөн гоо сүрлэг амьтан
“Эргэж ирнээ” гэх шиг эргэж нэг харсан гэнэ, тэгээд замхарсан байна.
Ингэж ярих эцгийн минь дахнаас сэрүү татаж, шилийн цас үнэртээд
Ижий аргалаа зэргэлж, цай самарна
Энэ зуур би
“Гэрийн яндангаас хаяласан оч, цасны ширхэгтэй мөргөлдөхдөө
Унтраа болов уу? хайлуулаа болов уу?” гэж тооноор харж хэвтээд
Аавын дахны хормойноос мөхлөг мөс тасдаж
Амандаа хийхүй бурхны үрэл хүртсэн мэт болно.

Цас орж байна, аавын ярьдаг домог шиг цав цагаан цас орж байна.
Тээр жил хотны захад би босгосон ац модон шон цасанд даруулаад
Түрүүний ярьсан гөрөөсний эвэр гэлтэй бүрэнхийн дундаас сэрийж байна.
Цас орж байна.

Мө. Батбаяр

"Өртөөн дээр хэлэгддэг үгс". 3

 

 

 

Түр хүлээнэ үү...
Top