"ДУР БУЛААМ"- аас онцлох хайрын дөрвөн өгүүллэг
2019-12-19 Зугаатай уншлага 4571

Дур хаана эцэслэж, хайр юунаас эхлэдэг вэ? [энэхүү бичвэрийг өөрийн мэдэлгүй л ийм асуултаар эхлэчихлээ. Үнэндээ юу бичих, юунд зорьж яваагаа  одоохондоо бол яг таг мэдэж байгаа юм алга. “Юутай ч дээрх асуултанд хариулах гээд үзнэ дээ” гэсэн бүдүүн баарагхан төсөөлөлөөс өөр толгойд  торж байгаа юм л лав алга. Бичигдэх үгсийг өөрийнх нь хувь тавиланд даатгаад орхиё. Би өөрөө харин амаа булаагаад давхиж буй морьны нууруун дээр адаглаад ядаж хийсээд уначихгүйг хичээн бүүрэгнээсээ тас зуурчихсан яваа нэгэн шиг энэ бичвэрийнхээ жолоог өөрт нь атгуулчихаад өөрөө зүгээр дээр нь тогтоод явж байгаа нэгэн шүү. Хайр дурлал ч бас хадуурч амаа булааж давхидаг хүлэг шиг бас өөрөө өөрийгөө бичиж байгаа ҮГ шиг шүү. Заа эргээд яриандаа орохгүй бол үг олдож үхэр холдлоо.]

Дур хаана эцэслэж, хайр юунаас эхлэдэг вэ? Дунд нь хатгасан тодорхой цэг, “яг эндээс” гэж ялгаж татсан хилийн дээш шиг дээс бий юу? Гэхдээ яг ингэж төсөөлөх нь зөв үү? Дурлал-Хайр гэгч Хятад-Монгол хоёр шиг дундуураа хилээр зааглаатай ч залгалдаад оршиж байдаг зүйлс мөн үү? Дурлал хайр хоёрыг ингэж нэг юмны хоёр талд ялгах нь зөв алхам мөн үү?. Дурлалыг юу дурлал болгож, хайрыг юу хайр болгодог вэ? Заа олон асуулт нуршиж нурам асгахаа байя. Би эдгээр асуултандаа бүрэн биш ч хариулт авч болох нэг арга оллоо, одоохон за юу. “ДУР БУЛААМ” нэртэй дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгүүдээс бүрдсэн дур булаам антологи бий.  Эндээс би 4 зохиолчийн 4 өөр хайрын тухай өгүүллэг уншъя. Тэгээд тэндээс юм олдвол та нарт хувуулцъя.


2019. 12. 18.  21 цаг 18.  

Яг одоо таны энэ хүртэл уншиж ирсэн энэхүү бичвэрийг эхлэхийн өмнөхөн би Юүко Сакатагийн “Энэхэн орчлонгийн чөлөөнд” нэртэй өгүүллэгийг уншиж дуусгасан юм л даа. 

Дуусаад доошоо бууж дэлгүүрээс жижиг бэлэн гоймон, таван өндөг, савхан боорцог, хоёр гозгор зайдас авч ирээд боорцог, өндөгүүдээ хөргөгч рүү хийчихээд бэлэн гоймоноо задалж буцалсан ус хийж дэвтээчихээд үүнийг бичиж суугаа минь энэ л дээ.  Нэн тэргүүнд зохиолчоо товч танилцуулъя. Япон хүн.  Гэхдээ японд, азид төдийлөн нэр хүнд олоогүй гэнэ. Харин Хойд Америкт давгүй танигдаад байгаа аж. Вискинсон-Мэдисоны их сургуулийн мэргэжлийн зохиолчийн хөтөлбөрийг 2013 онд дүүргэсэн тэрбээр богино өгүүллэгүүдээрээ олон шагнал хүртжээ.  ДУР БУЛААМ антологит орсон тус өгүүллэг нь 2015 оны Америкийн шилдэг өгүүллэгүүдийн нэгээр нэрлэгдсэн гэнэ. Зохиолын үйл явдал гол дүр Торуг эртийн ээлжнээсээ буугаад харьж иртэл арван хэдэн жилийн өмнө, ахлах сургуульд хамт байсан Масато нэртэй эрэгтэй найз нь хүйсээ солиулаад Саки нэртэй болчихсон байрных нь үүдэнд түүнийг хүлээн суугаагаар зохиол эхлэнэ.  Масато ч бай, Саки ч бай, ер нь хэнбэгуай ч байсан ганц умгар өрөөндөө урина гэдэг Торугийн сэтгэлд торхийн төдийхөн ч  багтахгүй байв. Гэвч азаар нөгөөх нь Масато ч биш Саки ч биш байлаа. Тэр  бол Торугийн тарьсан үйлийн үр байсан юм.  Дунд сургуульд байхдаа тэр хоёр хамгийн сайн найзууд байсан билээ. Гэвч Масатог эмэгтэй хүний дотуур хувцас цуглуулдаг гэдгийг Тору ангийханд задруулсан, хамгийн дотны найз нь байж шүү дээ. Тэгээд Масато тагтнаас үсэрсэн, үнэндээ бол Торугийн өөдгүй зан түүнийг түлхсэн гэхүү дээ. Тэгээд Масато хэзээ ч эргэж ирээгүй. Яахав зохиолд Масатог тагтнаас унаж хамаг ясаа хэмхлээд хичээлдээ ахиж ирээгүй, гэр нь ч нүүгээд явсан гэж бичсэн боловч нидэр дээрээ Масато гэдэг хувь хүний амьдрал тэр өдөр тагтнаас үсэрсэнээр эцэслэсэн гэж хэлж болно. Харин Саки бол Торугийн тарьсан үйлийн үрийн хүншүүлсэн дүр гэж би ойлгосон. Хамаг ясаа хэмхчүүлээд, хүйсээ солиулаад, найз залуудаа нүүр нүдгүй балбуулууд, хар халуунд бөөн шарх сорви болчихсон эзнээ хүлээсэн нохой шиг амьтан сууж байгаа энэ хүн бол Торугийн тарьсан үр ургаж соёолоод зовж зүдэрч яваа нь юм. Зохиолч Сакигийн дүрийн дотоод зовлон шаналал, залхаг зүдүү байдлыг үүрч яваа тааран уутыг төлөөлөл дүр болгож бидэнд харуулсан. Тэр уутанд юу байгаа нь учир битүүлэг.  Уг нь хамгийн түрүүнд амыг нь нээж үзэх ёстой зүйл уг нь тэр л юм. Гэтэл Тору ч тэр бид ялгаагүй тэр бүр ойшоодоггүй.  Заа тэгээд Тору тарьсан үйлийн үртэйгээ таарлаа, гэхдээ яагаачгүй.  Үйлийн үр гэдгээ ч таниагүй. Энэ өгүүллэгийг уншиж дуусахад надад “бид ер нь хэзээ сэтгэлийн шархыг шарханд тооцож, сэтгэл санааны хохиролыг хохиролд тооцох улс вэ?. Заавал бие мах бодоор бие мах бодийг хохироож, шархдуулж байж тэр хохироож, шархдуулсан болох юм уу?. Хүнийг үхэлд хүргэх үг хэлсэн, хүнийг амиа хорлотол итгэлийг нь алдсан өөдгүй сэтгэлд хэн хэзээ хариуцлага тооцох вэ? эдлэх үйлийн үрд найдаад дуугүй өнгөрөөх үү?. Буян нүглийг дэнслэх ямар нэгэн зүйл бидний амьдралын төгсгөлд хүлээж байгаад итгээд явах уу? Хэрэв тийм зүйл байгаад буян нүглийг нь дэнслээд хариуг нь эдлүүллээ гэхэд хүн энэ төрөлдөө эдлэх үү? дараа төрөлдөө эдлэх үү? Бид нэгнээ хавцал руу түлхчихээд араас нь ер нь өнгийдөг үү? аль эсвэл эргээд алхчихдаг уу?.” гэсэн бөөн асуулт миний дотор аргаж байгаа нь тэмтрэгдэнэ. Энэ бүх асуултын хариуг магад та “Энэхэн ертөнцийн чөлөөнд” өгүүллэгээс олно гэдэгт би итгэлтэй байна.

2019. 12. 19.

Дараагийн өгүүллэгээ өнөөдөөр уншлаа. Энэтхэг-Америкийн зохиолч Жумпа Лахиригийн “Дур булаам”.

Зохиолд эмэгтэй хүний гурван өөр хэв шинжит дүр бий. 1. Нөхөртэйгөө амьдарч байгаа эмэгтэй. 2. Эхнэртэй эрийн нууц амраг эмэгтэй. 3. Нөхрөө өөр хүүхэнд алдсан эмэгтэй.  Гурван өөр нөхцөл байдал, гурван өөр хувь тохиол гэвч гурвуулаа аз жаргалгүй, сэтгэл дундуур. Нөхөртэйгөө амьдарч байгаа нь нөгөө хоёроосоо ялгагдах юмгүй “хүйтэн жавар” гэрт нь хургачихсан нэг тийм борооны үелт автчихсан айл шиг зутруу, ядруу дундуур нь ус орчихсон харилцаа. Хоёр дахь эмэгтэй мэдээж хүний эрийн өвөр дулаацуулж яваа болохоор өөрөө яаж  даарахгүй байхав.  Хүний хүйтэн хөлийг гэдсэндээ нааж дулаацуулж байгаагаас өөрцгүй шүү дээ, ямар л олиг байхав. Гурав дахь эмэгтэйн талаар ярилтгүй дээ. Бүгд л хүний ертөнцөд байдаг амьдрал. Гэхдээ надтай нөхрөөсөө салаад баяр жаргалтай, илүү амар амьдарч байгаа хүн бол таарч л байсан. Аан бас мэдээж ам бүлээрээ аз жаргалтай сэтгэл хангалуун амьдардаг гэр бүлүүд ч зөндөө л байдаг. Тэгэхээр аз жаргал гэдэг нөхцөл байдал даа биш хүндээ байгаа юм шиг санагддаг. Ер нь бид нар гэр бүл, хосын харилцаанаас, хайр дурлалаас аз жаргал хүлээх нь тийм оновчтой отоо мөн үү? Ямар амттай жимс боловсроод унаж ирэхийг нь мэдээгүй модноосоо яагаад бид нар аз жаргал хүлээдэг юм бэ? Ер нь бидний гуниг шаналалын шалтгаан нь  горь найдварын энэ “шанага” юм биш үү? гэсэн бодол энэ өгүүллэгийг уншихад эрхгүй төрнө.  Аз жаргалаа өөрөөсөө биш өөр ямар нэгэн зүйлээс хайдаг үзэгдэл ялангуяа манайд дэлгүү байх шиг. Мэдээж аливаа зүйл ганцхан хүчин зүйлийн нөлөөгөөр бүтэж бүрэлддэггүйн үнэн . Гэхдээ хувь хүн өөрөө өөртөө нөлөөлж чадах хамгийн хүчтэй хүчин зүйл нь бус уу? 

2019. 12. 19-ны ахин уншилтаар энэ өгүүллэгийн хайрын дөрвөн өгүүллэгийн нэгээр сонгохоор шийдлээ. Шерман Алекси “Том зүрх” өгүүллэг. 

Өгүүллэгт “Зүрх урна аа гэдэг чинь болгоомжтой, алгуурхан хийх ажил.” Гэсэн өгүүлбэр бий. Магад бидний зүрх сэтгэл ийм уралтанд хамгийн дасаагүй байж мэдэх юм. Хажууд нь агшин зуурын богино хугацааны уралтанд бол тэсэж үлдээд сурчихсан байх талтай. Энэ өгүүллэгийн талаар ярихын угталд нэгэн дурсамж та нарт доор хуваалцъя.

Би тав, зургаа орчим л настай байсан болов уу даа, лавдаг л сургуульд ороогүй байсан үесэн. Манайх Овоот дээрээ л хаваржиж байлаа. Нэг үдэд манай урдуур дөрвөн тэмээ ачаалсан айл нүүгээд өнгөрч байсан юм. Хүн хүч муутай л айл байсан юм байлгүй дээ, ачаа дагасан хүн байхгүй  ганц идэрхэн бүсгүй тэмээтэй ачаагаа хөтөлж яваа харагдсан. Гэртээ орчихоод ахиад гараад иртэл нөгөө бүсгүй маань ачаатай тэмээгээ хөглүүлчихэж. Ачаа нь холбирсон нэг тэмээ цочиж хурдлахдаа бусад гурван тэмээгээ хамж үймүүлээд хөөрхий бүсгүй ачаатай дөрвөн атны дунд яах учраа олохгүй байдгаараа савалзаж байсан юм. Тэгж тэгж нэг тэмээ нь бурантагаа аваад ачсан ачаагаа бөөрөндөө чирч хайраад, талын нэг тарааж тасчин тээр доошоо цагаан тоостойгоо алга болсон юм. Хөөрхий эмэгтэй өмнүүр нь яаж ч гүйгээд эргүүлж тогтоож дийлээгүй юмдаг. Тэгээд тэр гүйж гүйж бахардаад газрын ганц тараагаад хаясан гэрийн эд хогшилоосоо гайгүй бүрэн бүтэн үлдсэнийг нь хормойлоод уйлж явсансан. “Том зүрх” өгүүллэгийг уншиж суухад тэр цөхөрсөн бүсгүй л миний нүдэнд харагдаад байв. Мэдээж зүйрлэхэд арай жижигдэх зүйл л дээ. Гэхдээ “Том зүрх” дотор буй хэтэрхий том  цөхрөлийг багасгаж, багтааж харуулахад тохиромжтой л зүйрлэл.  Зүрхээ алгуурхан уруулж буй Индианчууд. Яав ч зогсоож дийлэхгүй мөхөж, устаж буй индианчуудын соёл уламжлал, улам бүр зөөрсөөр буй Индиан хүн. Зарим талаараа Москва-Петушкинг санагдуулам дүр. Бид ч ялгаагүй өв соёлоо нүдэн дээрээ л нураалгалаа шүү дээ. Хамгийн гол нь ийм дийлдэшгүй хүчний өмнө яаж ч чадахгүй амьд явна гэдэг л зүрхээ алгуурхан уруулж буй хэрэг юм даа. Гэвч хэний маань ч зүрхэн дэх горь найдлагын зучил цогтойгоо л байгаа. Тэр чинь л хайрын модны нэгэн цучил юм даа.

Уншсан он сараа мартчихаж.

Учир иймээс шууд 4 гээд дугаарлачихлаа. “Дур булаам”-аас миний уншсан эхний өгүүллэг энэ “Зам зуурын тоглоом” билээ.

Нуулгүй хэлэхэд надад архи шиг л хүчтэй үйлчилсэн. Би нэг хэсэг бүр зохиолын гол дүрийн залуу шиг тийм өөч нүдтэй болчихсон байсан юмдаг. Бидэнд байдаг жихүүдэс төрөм муухай зүйрлэвээс бөөлжисөө эргэж харах шиг тийм л дур гутмаар зан чанрыг маань Кундера илчилсэн байна лээ. Кундерагийн энэ өгүүллэгийн цаанаас бидний оршихуйг даапаалж “та нар ийм л гарууд ш дээ” гэсэн өөр нэг дуу маш тод сонсогдож байв. Зохиолчийн зорьсон санаа гэдэг ийм буюу. Үлдсэн арван гурван хоногтоо тэр хоёр хос яана даа гэхээс өмнөөс нь уншигчийн яс хавталзах болно. Зохиолч хоёр дүрээ асар гүн тоосгон худагт хорьчихоод бахтайгаар аз жаргал хүсэж байна. Бидний дотрыг яг л халаас шиг, бээлий шиг, эсвэл шаар шиг ч юмуу эргүүлээд сэгсэрч байгаа мэт өгүүллэг. Толь мэт, ус мэт, шил мэт өгүүллэг л гэж хэлэх байна даа. Өөр үнэндээ хэлэх мэргэн байтугай тэнэг үг ч олдохгүй байна.

“Дур булаам” антологит хайрын сэдэвтэй өгүүллэгүүд зонхилж байна. Аль тив, улсын зохиолч байхаас үл хамаарна бүгд л хайрын тухай бичжээ. Бидний ертөнц улам л хүн төвтэй болоод, хүн нь сэтгэл төвтэй болоод байгаа нь 90-оос хойш туурвигдсан бүтээлийн цомирлогоос шинэ цасны үнэр шиг сэнхийж байна. Мөн энэ шилмэл цомирлогоос анзаарагдсан ч манайд хараахан дэлгэрээгүй байгаа нэг зүйл гэвэл  хоёрдогч хэлээр туурвиж буй зохиолчид өөрөөр хэлбэл Англиар бичдэг Хятад зохиолч, Англиар бичдэг Энэтхэг зохиолч гэдэг ч юм уу. Манайд яах аргагүй шаардлагатай байгаа зүйлсийн нэг гэж би хувьдаа боддог доо. "Дур булаам" гэж ийм хайр дүүрэн бүтээл лавтай миний оюун санааны луужин болоод буй билээ. Олон залуусын сэтгэлийн тооноор гэрэл асгасан гэдэгт би бээр огтхон ч эргэлзэхгүй байгаа даа.

 

 Мө. Батбаяр

Түр хүлээнэ үү...
Top