БИД ҮХЭНГЭЭ АМЬДАРДАГ
2019-11-23 Зугаатай уншлага 2561

“Амьдрахуй” романаараа монгол уншигчдын дунд хэдий нь танигдсан, Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн нэрийн хуудас болсон бас нэгэн алдартай бүтээл бол “Цусаа худалдсан тэмдэглэл” романыг Тагтаа Хэвлэлийн газар эрхлэн хэвлүүлээд удаагүй байна. Соёлын хувьсгалын хүнд бэрх он жилүүдэд гэр бүлийнхээ амин зуулгыг өөрийнхөө цусаар залгуулагч нэгэн эрийн түүхээр Үй Хуа Маогийн дэглэм дорх Хятад орны дотоод шаналан, шандуурлыг машид нарийн уудлахын сацуу амьдрахын төлөө хүн ямар хүйтэн ухаан, халуун сэтгэл гаргах хэрэгтэй болдгийг тун ч торгон, эрмэг бичиж, хүний мөн чанар, ёс суртахууны өмнө давхар давхар асуулт тавьсан юм. Энэ гайхалтай романыг "Амьдрахуй"-гаараа ямархуу бядтай орчуулагч болохоо та бүхэнд хэдий нь баталсан Мө.Батбаяр Хятад хэлнээс орчуулан бидний гар дээр тавиад байна. Шинэ ном нь хэвлэгдсэнтэй холбогдуулан бид зохиолч Үй Хуагийн бүтээлүүдээс хамгийн онцлох үгсийг түүвэрлэн уншигчдадаа сонирхуулж байна.

***

Далайд туссан сар шиг бай. Давалгаа яаж сэгсчивч дугариг хэвээрээ л долгиот.

***

Цаг хугацаанаас илүү хувиргагч хүчтэн гэж үгүй.  Тэр бидэнд ч мэдэгдэлгүй биднийг өөрчилж орхидог.

***

Амьдрах л аз жаргал, ядуугаас айлтгүй.

***

Битгий уйл. Бусдад уйлах дуугаа сонсгох хэрэггүй.  

***

Бид үхэнгээ амьдардаг.

***

Амьд байхын тулд амьд байдгаас бус өөр юуны ч төлөө биш юм.

***

Үхнэ гэдэг амь насаа алдаж байгаа юм бишээ, зүгээр л цаг хугацааг орхиж байгаа юм.

***

 Би замдаа бишгүй олон хүнтэй таарсан. Гэвч тэдний хэн нь ч замд дэлгүүр байгаа эсэхийг мэдэхгүй байсан. Тэд цөм л “чи өөрөө яваад хар” гэсэн. Миний бодлоор тэдний хэлдэг туйлын зөв. Би үнэхээр явж очоод харсан, гэхдээ аль руу нь ч ороогүй. Би зүгээр л дэлгүүр байгаа эсэхт л санаа зовниж явжээ.

***

Орчлон хорвоо дээр ахин давтагддаг зам, орлуулж болох хүний амьдрал гэж үгүй.

***

Бид энд ирье ч гэж ирдэггүй бас эндээс буцъя ч гэж буцдаггүй.

***

Гэртээ харих сайхан.

***

Хүний бие улмаас улам хатуурч, хөрс шороо улмаас улам зөөлөрдөг.

*** 

Үхэхээс айхгүй. Үнэндээ өчүүхэн ч айх юм алга. Ахиж чамайг харахгүй гэхээс л айж байна.

***

Булшны газартай нь амгалан нойрсоно. Булуулах газаргүй нь мөнх амьдарна. Чи хэлдээ аль нь дээр байна.

***

Амь нас хүний өөрийн харъяанд байдаг. Өөрийн харъяанаас гадуурх бүхэн өөр бусдынх.

***

Хэдэн жилийн дараа булш алга болно. Хөрш шороо түүнийг бүр мөсөн сорж шингээхэд бид ч бас мартана.

***

Яасан урт өдөр вэ, яг л миний залуу нас шиг.

Сонгож, орчуулсан Мө. Батбаяр

Түр хүлээнэ үү...
Top