ӨӨРӨӨРӨӨ БАЙХ ТУХАЙ "ХАР СУДАР" РОМАНААС АВАХ 10 СУРГАМЖ
2015-07-29 Зугаатай уншлага 1520

Нобелийн шагналт зохиолч Орхан Памукын "Хар судар" роман орчуулагч Ц.Гомбосүрэн гуайн сайхан хөрвүүлгээр монгол хэлнээ буусан нь үгийн урлагийн хорхойтнуудын хувьд ихээхэн зол завшаан болсон билээ. Зохиогч Орхан Памук өөрөө "Хар судар" романаа миний бичсэн зохиолуудаас хамгийн дорвитой нь хэмээн үнэлсэн байдаг. Түркийн оюун санааны баялаг ертөнц, хүчирхэг үүх түүхийг орчин цагийн уур амьсгалтай сүлэн бичсэн, нэгэн цагт хүчирхэг түүхээрээ гайхуулж явсан үндэстний уугуул чанар, онцлог иргэншлийн салхинд улам бүдгэрэн мөлийж буй орчин цагт өөрөөрөө байх, өөрийгөө бэдрэх тухай нэн яруу, гүнзгий хүүрнэсэн онцгой туурвил гэвээс яах аргагүй "Хар судар" роман юм. Тиймээс ч уг зохиол монгол уншигчдын сэтгэлд ойр, хуудаснаа заримдаа алс Түркийн Истанбул бус буйдхан, саарал Улаанбаатарын тухай л барин тавин дүрсэлсэн мэт сэтгэл догдолгом мөрүүд тун олон. Мөн зохиолч Орхан Памукын ярвигтай боловч амттай хэл найруулгыг орчуулагч чадал заан эх хэл рүү маань хөрвүүлснийг ч уншихад нэн бахтай. Ийм нэг онцгой зохиолоос "Өөрөөрөө байх тухай" 10 эшлэлийг уншигчиддаа зориулан хүргэж байна. 


1

Хүмүүс хос хосоороо бүтээгдсэн гэдэг бол худлаа, аль ч хүн өөр хэнтэй ч төсгүй гэдгийг би эцсийн бүлэгт ойлгосон. Аливаа ядуу бүсгүй өөрийнхөөрөө ядуу. Тэнгэрт байгаа од болгон хосгүй бөгөөд ганцаардмал билээ.

2

Өнгөрснөө гээсэн, ой санамж, мөрөөдлөө гээсэн хүн байснаас өөр хэн нэгэн, бүр дор ч хамаагүй хүн болж хувилсан нь дээргүй юу?

3

Юм болгон өөр юмыг биш өөрийгөө л заадаг ертөнцөд яагаад амьдарч болохгүй билээ. Тэгэх юм бол үгүүлэл ч, үсэг ч, нүүр царай ч, гудамжны дэнлүү ч, Мелхи ахаас үлдсэн энэ шүүгээ ч, энэ үзэг ч, Рюйягийн хурууны хээтэй хайч ч, аль нь ч эргэлзээтэй нууцын шинж тэмдэг өөртөө агуулахггүй, өөрөөсөө өөр юуг ч заахгүй байх болно. Ногоон бэхтэй үзэг ердөө л ногоон бэхтэй үзэг байх болно, өөрөө бол өөрөөсөө өөр хэн ч байхыг хүсэхгүй болно.

4

Ертөнц өөрчлөгдсөнийг олж харахын тулд, чи өөрөө өөр хүн болсноо ойлгоход л хангалттай.

5

Хүн уурлахаараа өөр хүний уурын амьсгааг мэдрэнэ. Хүн өөрийнх нь дотор дуугараад буй бусдын дуу хоолойг сонсохгүй байж гэмээнэ, бусдын бодож олсноос ялгаатай өөрийн түүхийг бодож олж гэмээнэ өөрийн дуу хоолойтой болж чадна гэдгийг Хунтайж мэднэ. Хунтайж үүнийг "бусдын санаатай тулалдах" гэж нэрлэжээ.

6

Өөр хэн нэгэн биш, өөрөөрөө байхын тулд би ном, зохиолч, үүх түүх, дуу хоолойноос заавал ангижрах ёстой.

7

Өөрөөрөө байж эс чадах ард түмэн, бусдыг дуурайсан соёл иргэншил, бусдын түүхээр сэтгэл ханадаг үндэстэн сүйрэх, мөхөх, мартагдах тавилантай.

8

Ярих юмгүй байна гэдэг бол хүн өөрөөрөө болоход тун ойртож очсон гэсэн үг. Анир чимээгүй байна гэдэг бол дурсамж, ном, түүх, ой санамж дуугай байна гэсэн үг. Хүн гагцхүү энэ анир чимээгүйг сонсож байж, өөрийнх нь жинхэнэ дуу хоолой өөрийнх нь сэтгэлийн угаас, өөрийнх нь мөн чанарын эцэс төгсгөлгүй, төөрөм харанхуй агуйнаас яаж урган гарч буйн гэрч болж чадах бөгөөд энэхүү дуу хоолой хүнийг өөрөөр нь болгож чадах болой.

9

Хүний хөл хүрээгүй эзгүй цөлийн хад чулуу, уул тагийн хадан цохио л өөрөөрөө байж чадна...

10

Хунтайж өөрт нь нөлөөлсөн номноос яаж ангижирснаа Бичээчид хэлж тэмдэглүүлжээ. Тийм тэмдэглэснээр, Вольтерийг уншихаараа, зохиолыг нь эргэн санахаараа өөрөөрөө биш, илүү ухаантай, илүү сэвжидтэй, илүү сийрэгхэн, цаана л нэг цэцэн, хоржоонтой франц хүн шиг өөрийгөө мэдэрдэг болсон учраас ордондоо байсан түүний бүх зохиолыг галдан шатаажээ. Хунтайж Шопенгауэрийн номыг хараад өөрийгөө өөрийн эрхгүй зохиогчтой нь адилтгаад байсан, түүнээс болж Османы хаан ширээнд жинхэнэ ширээ залгамжлагч биш гутранги үзэлтэй Германы философич сууж мэдэх учраас түүний бүх номыг ордноос зайлуулсан тухай Бичээч тэмдэглэжээ. Руссогийн ботиуд Хунтайжийг гэмт хэргийн газар дээр өөрийгөө барих гэж оролддог зэрлэг хүн болгон хувиргаж байсан учраас тэдгээрийг хуу хүүлэн урж, ордноос гаргаж хаяжээ. "Би Францын сэтгэгч Дельтура, Де Пассе, ертөнцийг оюун ухаанаар танин мэдэж болно гэж үздэг Морелли, түүний эсрэг зүйлийг нотолдог Бришо нарын бүтээлийг уншихаар, би уул нь падишах байх ёстой атал, өөрөөсөө өмнө аж төрж асан сэтгэгч нарын буруу үзэл бодлоыг няцаахыг оролддог егөөтэй мэтгэлцэгч философич шиг санагдаад байх болсон учраас тэгдээр сэтгэгчдийн бүх бүтээлийг шатаасан." "Макбет"-ийг унших бүрийд өөрөө хаан ширээнд суухын тулд гараа цусдахад бэлэн байгаа хулчгар, зориггүйн хүн болчихоод байдаг учраас бас түүнийг шатаасан. Мевляны эмх цэгцгүй "Месневи"-гээс аль нэг үгүүллийг сонсох бүрийд Хунтайж өөрийгөө Мевляны бичсэн үүх түүхийг жинхэнэ амьдрал гэж итгэдэг бадарчинтай адилтгаад байдаг учраас уг номыг ордноосооо зайлуул гэж тушаажээ. "Шейх Галипын шүлгийг уншихаараа би хүүхэнд сэтгэл алдран гуниглагч болдог учраас тэдгээрийг шатаасан" гэж Хунтайж учирласан байна.

Хунтайж номтой арван жил тасралтгүй тэмцсэний эцэст, гагцхүү эдгээр номонд байгаа дуу хоолой, санаа бодол, үүх түүхийн эсрэг өөрийн дуу хоолой, өөрийн санаа бодол, өөрийн үүх түүхийг сөргүүлэн тавьж чадаж гэмээнэ өөрөөрөө байж чадах юм байна гэдгийг ойлгожээ.

*                 *                 *

Түр хүлээнэ үү...
Top