Аль нэгэн зохиол өөр зохиолуудтай санаа, дүр, хэллэг, бүр өгүүлэмжийн хувьд ч давхцах тохиолдол элбэг. Тухайлбал, хоёр өөр цаг үед, хоёр өөр оронд бүтээгдсэн Үй Хуагийн “Амьдрахуй” роман, Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу” өгүүллэг агуулга болон өгүүлэмжийн тун сонирхолтой давхцалтайг ажиглалаа.
Он цаг ба орон зай
Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба 1917 онд Монгол орны баруун хязгаар нутаг Говь-Алтай аймагт төржээ. Түүний эхэн үеийн зохиолууд хуучин цаг, шинэ эриний ирмэг дээр буй монгол хүнийг дүрсэлдэг бол сүүл үеийн зохиолууд нь амьдралын гүн рүү шургасан, байгаль дэлхий, бусдын амьдралыг хайр найргүй өшрөн сүйтгэгч хүний тухай өгүүлсэн байдаг. Харин Хятадын зохиолч Үй Хуагийн хувьд Хятадын зүүн хойд бүсийн Ханжөү хотод 1960 онд төржээ. Түүний бүтээлүүд хөдөө буйд тосгодын амьдрал, хотжихоор зүдэж буй хөдөөх хүмүүсийн ахуй, хувьсгалын гал дөлөн дунд жир хүний амьдрал хэрхэн урсаж байсныг онцлон өгүүлдэг. Тэдний хэн хэн нь өөрсдийн цаг үеийг нарийн мэдэрсэн нь зохиолуудаас нь ажиглагдана.
Эхлэлээс эхлэхүй
“Амьдрахуй” романы эхлэл хөдөө буйд нутгаар аман мэдээ цуглуулах ажилтай өгүүлэгчийн хүүрнэлээр эхэлнэ. Ийн хэрхэн, юу хийхээ мэдэхгүй санаашран суух үедээ ойролцоо тариан талбайд ажиллаж буй Фу Гүй хэмээх өвгөнтэй таарах ажээ. Гэтэл “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт хөдөө замд унаа нь саатаж, зам даган галт тэрэг хүлээхээр хэвтэж буй нэгдүгээр биеийн өгүүлэгчийн яриагаар эхэлнэ. Удалгүй тэртээ холоос нэгэн хүн бөртөлзөн ирэх нь төмөр замын өртөөний сахиул Дорж ажээ. Аль аль зохиолд нэгдүгээр биеийн өгүүлэгчид Фу Гүй, Дорж гэсэн хоёрдугаар биеийн өгүүлэгч өөрсдийн өнгөрсөн амьдрал, зовлон шаналал, үзэж туулсан бүхнээ ярина. Энэхүү яриагаар хоёр зохиолын үйл явдал зангилагдсан байх аж.
Амьдрахуйн зураглал
Фу Гүй бол хөдөө тосгонд нэгэн насаа элээж, алдах онохын засварт ганц биеэр гозойн үлдтэлээ хайртай хүмүүсээ алдсан нэгэн гэдгийг уншигчид андахгүй. Харин Дорж бага залуу насандаа цэргийн дарга болж гялалзаж яваад амьдралын эргүүлэгт орж хатуу бэрх замыг туулсан нь Фу Гүйгээс ялгарах зүйлгүй. Цэргээс ирснийхээ дараахан нутгийн сайхан бүсгүй Должинтой ханилсан нь төрөхийн хүндрэлээс болоод өөд болж. Ганц хүү нь дайны үед бөмбөгөнд өртөн амь үрэгдэж, муу хүний балгаар орон шоронд орж, ажил үйлс нь буруутаж, хайртай бүсгүй нь өөрийг нь хуурч, бусдад мэхлэгдэн насны эцэст төмөр замын сахиул болж суугаа нь энэ. Хоёр зохиолд гарч буй зовлон зүдгүүр нэгэн хүний амьдралд тохиолдоход үнэхээр хэцүү санагдавч хэн хэн нь бүхнийг даван туулснаараа хүчирхэг байхын бэлгэдэл болдог.
Зохиол дахь үхэл
“Амьдрахуй” романд Фу Гүйгийн эцэг эх, хань ижил, үр хүүхэд хөндлөнгийн ямар нэг шалтгаанаар мөнх бусыг үзүүлж гол дүр цор ганцаар үлддэгийг уншигчид мэдэх биз ээ. Тэгвэл “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт ч хань ижил, үр хүүхэд нь үхэлтэй нүүр тулж буй сонирхолтой давхцал ажиглагдана. Фу Гүйгийн гэр бүлийн гишүүд хувьсгалын уршгаар эмч, эмнэлгийн буруугаас болж амь үрэгдэх бол Доржийн эхнэр мөн л дайны үед төрөхийн хүндрэлээс өөд болох жишээний. Хүүхэд нь дайсны бөмбөгөнд өртөн өөд болсон нь “Амьдрахуй” романы Ёу Чиний үхлийг зарим талаараа сануулна. Гэхдээ аль ч зохиол дахь үхэл уншигчийг илааршуулж, хүн зовлонг давж гарснаар улам хүчирхэг болж буйгаар дүрсэлсэн нь сонин.
Төгсгөлүүд ба адилтгал
“Амьдрахуй” романы төгсгөлд ойр дотнын хүмүүсээ алдсан Фу Гүй өвгөн анжисны ганц үхэртэйгээ хөөрөлдөн газар хагалж буй талаар өгүүлдэг. Харин “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт Дорж ганцаараа амьдарч байгаа мэтээр өгүүлэгч эхэндээ мэдээлэх ч Чулуунд хөөгдөн ирсэн Дулмаатай ханилан, дагуул хүүхдүүдийг өөрийнх юм шиг хайрлан, бор гэртээ богд мэт суугаагаар төгсгөжээ. Энэ хоёр эргэлт хэдийгээр өөр өөр мэт боловч зовлонгийн эцэст бусдын зовлонг ч ойлгон, амьдралыг заавал өөрийнхөө хүссэнээр бусдын төлөө, одоо үгүй хэн нэгний төлөө зүтгэхийн тухай өгүүлжээ.
Саяхан эх хэлнээ буусан Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” зохиол уншигчдад хүрч, гүн сэтгэгдэл үлдээж буйг санан Монголын уран зохиолын нэгэн том төлөөлөгч Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгийг хүн бүр уншиж, амьдрахуйн тухай эргэцүүлээсэй гэсэндээ ийм нэгэн зүйлийг бичлээ.