1. Ясүнари Кавабата “Цасан орон”
Дорно гэдэг нүдэнд багтах эгэл даруу атлаа сэтгэлд үл багтах гүн гүнзгийг хэлюү. Дорнын хүмүүний сэтгэлийн нууцлаг агаад торгон эрхэмсэгийг Кавабата шиг урлаж чадсан нь ховор. Кавабатагийн эл чадвар “Цасан орон” романд нь гойд сайхан туссан бий. Хот газрын хөл үймээн, улигт амьдралаас уйдаж залхсан Шимамура өвлөөр цасанд дарагдаж нэлэнхүй цагаан боловч уулын бэлээс нь уур савссан халуун рашаан оргилон байдаг хөдөөх нутагт алжаал тайлахаар ирнэ.
Тэнд нь ганцаараа юм уу, хэд гурвуулаа уван цуван ирж саатах эрчүүлийг тосч үйлчилдэг дууч эмсийн хүрээлэн байх аж. Өөрөөр хэлбэл тэр “Цасан орон” бол учирсан амрагууд хагацах гэж ирдэг, хагацсан амрагууд учрах гэж ирдэг жир бус хүслийн орон. Шимамура ч ёсоос үл хэлтийж нэгэн даруу гэйшад сэтгэл алдарна. Амраг хоёрын сэтгэлийг сорих гурав дахь бүсгүй ч гарч ирнэ. Ээдрээтэй ч юм шиг тэдний энэ явдал харин цас бударсан уулын горхины хоржигноон дунд нэг л уйтай, яруу, яг л будран орох цас шиг тунгалагхан агаад чимээ имээгүй аялагхан өрнөх билээ. Ёстой л цас хаялсан өвлийн өдрүүдээр унших ном.
2.Орхан Памук “Цас”
Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” романыг цасны тухай номын жагсаалтад багтаахгүй бол эгээ л алдас болох вий. Романы үйл явдал Карс хэмээх Түрэгийн нэгэн бөглүү хотод, тасралтгүй орох их цасан дунд өрнөнө. Үйл явдлын гол дүр, яруу найрагч Каг даган тэр их цасан дундуур туучин одохдоо та цас хэмээх байгалийн үзэгдлийн ер бусын гоо, эмзэг ариун, хиргүй тунгалаг чанарыг шинээр сэрж, хэзээ ч дахин давтагдашгүй, ер бусын тэгш хэмийг үүсгэн будрах цасны ширхэг бүрийн тоогоор ертөнцийн түг түмэн хүн зоны явдал дунд уусан алдарсан өөрийнхөө оршихуйн давтагдашгүй нандиныг ч уудлан сэхээрч тэр тоолондоо бурхныг ч билүү, мөнхүү эмзэг агаад гоо оршихуйг бидэнд соёрхогч дээд хүчнийг дотроосоо сэрээнэ. Тэгээд цонхоор харахдаа Улаанбаатарынхаа гудамжнаа буух уйлган их цасан, Монголын их уул талыг бүрхсэн цагаахан туульсыг илүү энхрийлэн хайрлах ч магад.
3. Махайл Шолохов “Дөлгөөн Дон”
Хэдийгээр цасны талаар тухайлсан дүрслэл үгүй ч Дон мөрний хөвөөн дэх цөстэй төрсөн хасаг эрсийн хүүчлэн туулах хувь тавиланг уншаад ямартай ч цасан хунгар дундуур зүсэн алхахыг хүсэх буй за. Би л хувьдаа тэгсэн юм даг. Хүний доторх өлчир, зуунги чанарыг сэргээн дууддаг өвлийн жавар тачигнасан тэсгим хүйтэн өдрүүдэд яг л манай орны хүйтэн өвөл шиг гүжирмэг, эрс шулуун Донын Казакуудын тухай ид хавтайхан хүүрнэх 2000 орчим хуудастай эл нүсэр туурвилыг зугуухан уншсаар хавартай золгох нь утга зохиолын уншигчийн хувиар эдлэх нэгэн жаргал байж болох юм.
“Дөлгөөн Дон” романыг уншсаны дараа Мелохов Григорий, Аксинья, Наталъя нарын халуун, гашуун хайр дурлал, Донын Казакуудын ээдрээтэй хувь тавилан үнэхээр л таны зүрхэн дотор мөр мөрөөрөө сийлэгдэн үлдэх вий. Михайл Шолохов уг романаа 1925 онд хөдөө нутгийн залуу зохиолч байхдаа бичиж эхлээд 1940 онд дэлхий дахинаа нэр мандсан зохиолч болсон хойноо дуусгасан агаад 1965 онд утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртжээ. “Дөлгөөн Дон” романыг монгол хэлнээ унших басхүү нэг чухал шалтгаан нь энэхүү бүтээлийг орчуулагч Б.Дашцэрэн үнэхээр ид хавтай, сайхан буулгасан нь өөрийн эрхгүй бахдал төрүүлнэ. Тиймээс сайхан бүтээлийг бахтай сайхан орчуулгаар эх хэлээрээ уншихыг хүсвэл цастай өдрүүдэд та “Дөлгөөн Дон” романыг нээгээрэй.
Г.Аюурзана “Цасны роман”
“Цас ороод л байж, ороод л байж, ороод л байж. Намар эхэлж орсон цас хоромхон зуур ч зогсолгүй орсоор хавар хүргээд, нэлийсэн их үер болж сая дууссан юм гэдэг. Анхандаа ч хүмүүс цасыг цэвэрлэж зам гаргадаг байж. Овоолсон цасан уулын цаанаас нар мандаж, цасан уулын цаагуур шингэдэг болохын хэрд манай суурингийнхан их цасыг доогуур нь хөндийлөн хонгил ухжээ. Сүүлдээ тэнгэрийг ч олж үзэхээ больж. Цасан хонгилоор эрчүүл тамхи баагиулан холхицгооно. Эхнэр, хүүхнүүд чарган дээр юуг ч юм бэ даруулж баглаад догол хонгилуудаар чирч гүйлдэнэ. Суурингийн гол гудамж байсан газар хамгийн урт, хамгийн цэлгэр хонгил байх агаад айл айлыг чиглэсэн агуйн үүдийг “догол хонгил” гэж нэрлэх аж” гэж зохиол эхэлнэ.
Монгол хэлтний уран зохиолд цасны талаар тухайлан дүрсэлсэн цөөн зохиолын нэг. Эртний хууч яриа, үнэн бодит аль нь үл мэдэгдэх тосгонд болсон цасан хунгарын тухай хүүрнэл, цасан дор ажин түжин амьдрах хэв маяг нь зохиолыг бясалгалын шинжтэй болгодог. Зохиолчийн эхэн үеийн хүүрнэл зохиолын нэг, дэлхийн долоон хэлнээ орчуулагдсан “Цасны роман”-ыг “Хүүрнэл зохиолын чуулган” номоос нь унших боломжтой.