Уншсаны дараа таны зовлон зовлон биш санагдах ГАЙХАМШИГТ хүүрнэлүүд
2018-10-03 Зугаатай уншлага 3040

1. Ф.М.Достоевский “Дорд үзэгдэгсэд”

Монгол хэлнээ А.Амар гуайн орчуулгаар буусан “Дорд үзэгдэгсэд” роман зохиолчийн “Гэм зэм” романы дараа орох байр суурийг эзэлнэ. Гол дүрийн бүсгүй Наташа Ихменевагийн эцэг Николай Сергейвич багахан эдлэн газартай, дээр нь Валковский ноёны итгэлийг даасан баруун гар нь. Гэтэл ганц охин Наташа нь Валковский ноёны хүү Алёшад дурласнаар бүх зүйл орвонгоороо эргэж орхилоо. Нөгөө талд өөрийнхөө зүдгүүрт амьдралыг гэтлэх гэж зүдрэх Нелли охины дүр гарна.

Хүн хоорондын харилцаа, нийгмийн ялгаа зөрүү, гуниг гутрал, үхэл хагацал гээд байж болох бүхий л шаналлыг баатрууддаа үүрүүлж бичсэн уг зохиолыг уншсан дараа танд амьдралаа дахин эргэцүүлэх шаардлага гарах вий. Аливаа нийгэмд дорд үзэгдэн амьдрагсад тэр нийгмийнхээ гэрэл гэгээ болж болдгийг зохиолч тод үзүүлжээ.

2. Виктор Хюго “Шоовдор хүмүүс”

Энэ үеийн Францын нийгмийг дүрсэлсэн их олон зохиол бий. Тэр дундаас хамгийн гайхамшигтай нь “Шоовдор хүмүүс”. Өлсөж харангадсан дүү нартаа талхны хэлтэрхий хулгайлсныхаа төлөө насаар тарчлах Жан Вальжан, үс, шүдээ хүртэл худалдан байж охиноо тэжээх Фантин, энэрэх сэтгэлгүй баяныд зарцлагдан үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шүүр тулан бөхөлзөх Козетт гээд өөр өөрийн гуниг зовлон, тэвчихийн аргагүй бэрхшээлийг туулж буй Виктор Хюгогийн дүрүүд өнөөгийн бидний зовлонгийн дэргэд айн ширвээтмээр хүнд санагдах буй.

Н.Пүрэвдагва гуайн орчуулгаар эх хэлнээ буусан эл гайхамшигт зохиол танд хүний амьдралын талаар эргэцүүлэхэд хүргэх биз ээ.

3. Үй Хуа “Амьдрахуй”

Саяхан эх хэлнээ буусан энэ бүтээлийг ихэнх уншигчид мэдэх буй за. Гэвч гайхамшигтай нь юундаа буйг тийм ч олон хүн мэдээгүй байж мэднэ. Бидний амьдрал гэгч чухам юу юм бэ. Чиний хайрласан бүхэн, чиний харамласан бүхэн үгүйрч, энэ орчлонд цор ганцаараа үлдлээ ч амьдарсаар байх тэр итгэл зориг мөн үү. Эсвэл зовлондоо түүртээд эртхэн халих нь утга учир уу.

Үй Хуа зохиолч зохиолынхоо гол дүр Фү Гүйг эцсийг нь хүртэл амьд байлгасны шалтгаан бидэнд амьдралын үнэ цэнийг ойлгуулах гэсэнд буй биз. Хайртай хүү охин хоёр нь, эхнэр нь, хүргэн нь, ач нь гээд хайртай бүхнээ хөдөөлүүлсэн ч тэднийхээ өмнөөс амьдарч буй Фү Гүй таны зовлонгийн тухай бодлыг өөрчилнө гэж бодлоо.

Түр хүлээнэ үү...
Top