Уран зохиол дахь гайхамшигт таван “ХУВИРАЛ”
2018-09-28 Зугаатай уншлага 2303

Хүний бие махбодоос өөр бусад төрөлтөнд хувирах эсвэл энэ биеэ өчүүхэн жижиг ширхэг болгон жижигрүүлж, аугаа том болгон хувиргах ид шид зөвхөн үлгэрт л дүрслэгддэг юм биш ээ. Орчин цагийн уран зохиолд ч хувирлын сэдэв дүрслэл маш олон удаа давтагдсан байна. Тиймээс бид уран зохиол дахь хамгийн гайхалтай хувирлуудыг толилуулж байна.

1. Льюс Кэрролл “Алиса гайхамшгийн оронд”

Дэлхийн хүүхдийн уран зохиолын нэгэн сод туурвил “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг уншаагүй хүн бараг үгүй биз ээ. Туулайн нүхэнд унасан Алиса охин хэрхэн хувирч буй нь бидний бага балчир оюунд тод үлджээ. “Намайг уу” гэсэн жижигхэн лонхот шингэнийг уугаад өчүүхэн жижиг болох, намайг ид гэсэн бялууг идээд нүсэр том болсон Алиса охины хувирлууд яг л “Гулливерийн аялал” зохиолын ноён Гулливер шиг гайхалтай мэдрэмжийг бидэнд өгдөг. Энэхүү зохиол хэдийн монгол хэлнээ орчуулагдсан тул та унших боломжтой.

2. Франц Кафка “Хувирал”

Бидний хамгийн сайн мэдэх зохиолын нэг нь. Грегор Замза нэг л өглөө өт хорхой болчихсон орон дээрээ цалгардан хэвтэнэ. Гэхдээ тэр нь ямаршуу амьтан, яагаад заавал тийм амьтан болсон нь өдгөө ч эргэлзээтэй. Судлаачид өөр өөрсдийнхөөрөө тайлсан ч хамгийн алдармаатай нь төгс хариулт гарч ирсэнгүй. Хүн хүнээ байвал бусад нь хэрхэн хандах, хүн бусад төрөлтөнд хэрхэн ханддаг, хүн болоод бусад төрөлтний харилцаа яагаад тэгш бус байдгийг ойлгоход тус зохиол тусална. Монгол хэлээр хэд хэдэн хувилбар бий тул уншихыг санал болгоё.

3. Жон Кейтс “Ламиа”

Эртний Грекийн домог зүйгээс сэдэвлэн бичсэн эл найраглалд могойн дүрд хувилсан яруу найрагч эмэгтэйн тухай өгүүлнэ. Нэг удаа Хермес тэнгэр түүнийг нь олж мэдээд дахин хүний дүрдээ хувилах ид хүчийг хайрлажээ. Ингээд сэтгэлт залуутайгаа амар жимэр амьдрахаар хуримаа хийх өдөр нь Хермест хилэгнэсэн Апполон тэнгэр түүний жинхэнэ төрхийг илчилж орхив. Ламиа үхэхийнхээ өмнө могой болоод хувирчих нь тэр. Хайртай бүсгүйгээ үзэшгүй муухай могой болсонд харууссан эр ч өөд болно. Эртний Грекийн домгийн өгүүлэмжийг баяжуулан бичсэн энэхүү найраглал өдгөө ч нэр хүндээ алдаагүй байна.

4. Михайл Булгаков “Нохойн зүрх”

Оросын уран зохиолын нэгэн сод туурвил. Саяхан орос хэлнээс эх хэлнээ орчуулагдсан уг зохиолд нохой хүн болж буй этгээд хувирлын тухай гарна. Нохой хүн боллоо ч нидэр дээрээ жинхэнэ хүн байж чадах уу эсвэл хүн атлаа нохой шиг этгээд байж болох уу гэсэн мөнхийн асуултыг ургуулсан бүтээл. Оросын тотилатор дэглэмийг егөөдсөн, Ленинизмийн дуулган дор нохой болон хувирсан нэгэн үеийг элэглэсэн тун сонирхолтой бүтээл.

5. Р. Л.Стивенсон “Доктор Жекил ноён Хайд хоёрын жигтэй явдал”

Сайн, муугийн эсрэгцэл бол мөнхийн сэдэв. Сайн, муугийн харшил дундаас үйл явдал ундарч, амьдрал бас урсдаг. Нэрт зохиолч Р.Л.Стивенсоны эл тууж мөн л хувирлын тухай юм. Ингэхдээ дотоод сэтгэлийн хоёр талт байдлыг бодит дүрээр төлөөлүүлсэн хувирал. Доктор Жекил бол судлаач, харин түүний биеэс урган гарсан Хайдад хүний гэх өчүүхэн ч үнэр үгүй, хэрцгий алуурчин, арилсан дотортон. Энэхүү зохиолын талаарх хамгийн сонирхолтой задлалыг зохиолч Владимир Набоков хийснийг олоод уншчих хэрэгтэй. Аль аль нь монгол хэлээр бий.

Түр хүлээнэ үү...
Top