Жан Пол Сартрын өдрийн дэглэм
2015-04-21 Зугаатай уншлага 1287

“Дэндүү их ажилд нухлуулахгүйгээр үр бүтээлтэй байж болно. Өглөө гурван цаг, орой гурван цаг. Энэ бол миний ажилдаа баримтлах алтан дүрэм” гэж их зохиолч, экзистенциалист философич Ж.П.Сартр хэлсэн удаатай. Франц философичийн амьдралын хэм уншигч танд их л тайван, амар санагдаж байвал эндүүрч буй хэрэг. Сартр өдөр бүр 6 цаг ажиллахын зэрэгцээ гадуур хооллох, уух, тамхилах хослуулсан идэвхтэй нийгмийн амьдралтай байсан нэгэн. Энгийн ажлын өдрөө тэрбээр Парис дахь гэртээ үд хүртэл ажиллаж байгаад нарийн бичгийнхээ зохицуулж товлосон уулзалтад очиход 1 цаг орчмыг зарцуулна. Өдөр 1:30-д хамтрагч Симон Де Бовуар болоод найзуудтай нь 2 цаг орчим өдрийн хоол зооглож, улаан дарс ууна. 3:30 гэхэд өдрийн зоогоо яаравчлан дуусгаад гэртээ ирж өдрийн ажлын хоёр дахь хэсгээ эхлүүлнэ. Энэ удаад харин Бовуар түүнтэй зэрэгцэн сууж ажилладаг байна. Нойргүйдэлд нэрвэгдсэн Сартр нойрны эм ууж байж шөнөдөө арайхийн хэдхэн цаг унтдаг байсан гэдэг.

1950-иад оны эхээр мань эр олон цагаар улайрч ажиллахын зэрэгцээ хэт их дарс, тамхины хэрэглээ, дээрээс нь нойргүйдэл нэрмэснээс болж ядаргаанд орж эгээтэй л цус харваагүй аж. Ажлаа багасгахын оронд Сартр тухайн үеийн Парисын оюутан, сэхээтэн, уран бүтээлчдийн дунд ихэд дэлгэрээд байсан амфемтин, аспирины холимог Коридран хэмээх идэвхжүүлэгч бэлдмэл хэрэглэх болжээ (1971 он хүртэл Францад зарагдаж байгаад гаж нөлөөтэй нь батлагдаж зэх зээлээс хураагдсан). Ном ёсоор бол өглөө, үдэд нэг юм уу хоёр ширхгээр ууж хэрэглэх учиртай байж. Сартр харин өглөө кофегоороо даруулж уухаас эхлээд өдөрт 20 ширхгийг хүртчихдэг байж. Нэг ширхэг бэлдмэл “Диалектик учир шалтгааны шүүмж” хэмээх Сартрын хоёр дахь философийн бүтээлийн нэгээс, хоёр хуудсыг явуулах хүч өгнө.

Ганц сэргээгч бэлдмэлийг ч хэтрүүлэн хэрэглэдэг юм бус. Сартрын намтар судлаач Анни Коэн-Солал “Сартр хоногт хоёр хайрцаг тамхи, хэд хэдэн ширхэг навчин тамхи, чамгүй их хэмжээний дарс, шар айраг, архи, виски, нэмээд 200 милограм амфетамин, 15 грам аспирин, нойрны эм, кофе, цай, их хэмжээний хоол хүртдэг байсан хүн” гэжээ. Сартр биедээ хайр гамгүй хандаж буйгаа мэдэж байсан ч өөрийн философийн төлөө эрүүл мэндээ бооцоонд тавьсан гэж болно. Сартр нэгэнтээ ийн хэлсэн байдаг “Толгойд дөнгөж урган соёолж буй анхны санаануудаа бүрэн боловсортол нь бордож, эмхэлж, цэгцлээд цааснаа буулгах хэрэгтэй. Гүн ухааны бичвэрт санаагаа сайтар задлан шинжилж, боловсруулах нь чухал. Коридран надад эл анхны санаануудаа саадгүй боловсруулах дөт зам болж өгдөг юм.”

Мэйсон Карри "Өдөр тутмын дадал" номоос

Түр хүлээнэ үү...
Top