ОРХАН ПАМУК "ИСТАНБУЛ" НОМООС: Аз жаргалгүй хүн л өөрийгөө, өсөж төрсөн хотоо үзэн яддаг
2018-09-12 Зугаатай уншлага 3653

Зохиолч Орхан Памук "Истанбул: дурсамж ба хот" номдоо өөрийн амьдралын үүх түүхийг Истанбул хоттойгоо сүлэлдүүлэн зүрхнийхээ гүнээс гэмээр илэн далангуй, уярангуй, бахтай хүүрнэсэн байдаг. Орхан Памук бага залуугийнхаа зураач болох мөрөөдлийг даган уран барилгач буюу архитектор болохоор их сургуульд суралцаж байсан ч төдөлгүй сургуулиа хаяан 22 настайдаа зохиолч болохоор сэтгэл шулуудан анхныхаа бүтээлүүдийг туурвиж эхэлжээ. Өдгөө тэрээр "Цас", "Миний нэр улаан", "Гэм зэмгүйчүүдийн музей", "Хар судар", "Истанбул:дурсамж ба хот" зэрэг 30 гаруй романы эзэн бөгөөд 2006 онд “Төрлөх хотынхоо гунихруу дүнсгэр байдлын дотоод нууцыг бэдрэх ахуйдаа өөр өөр соёлуудын мөргөлдөөн, сүлэлдээнийг товойлгон харуулах шинэ бэлгэдэл бүтээснийхээ төлөө” Утга зохиолын төрөлд нобелийн шагнал хүртсэнээр өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг болжээ. Орхан Памук эл нэр хүндтэй шагналыг Түрк улсаас анх удаа хүртсэн зохиолч юм. Тагтаа Паблишингаас эрхлэн гаргасан Орхан Памукын "ИСТАНБУЛ: ДУРСАМЖ БА ХОТ" номын нэгэн бүлгийг бүхлээр нь уншигчиддаа хүргэж байна.


АЗ ЖАРГАЛГҮЙ ХҮН Л ӨӨРИЙГӨӨ, ӨСӨЖ ТӨРСӨН ХОТОО ҮЗЭН ЯДДАГ

 Заримдаа өсөж торнисон хот минь харь хөндий харагдах үе бий: төрсөн гэрээс өөрцгүй санагддаг гудамж талбай хүртэл гэнэтхэн л танихгүй газар болж хувирахыг яана. Түмэн нууц дотроо тээсээр хажуугаар мөрлөн өнгөрөх зон олныг ажиглахуйяа тэр хүмүүс олон зууны турш энэ л янзаараа оршин буй мэт сэтгэгдэл төрдөг сөн. Хот маань шавар шалбаагт хутгалдсан цэцэрлэгт хүрээлэн, эл хуль оргих задгай талбай, цахилгааны шугам татсан шонгийн мод, хаа сайгүй хадсан зарлалын самбар, гахиур зуурмаг ханатай нүсэр том барилгуудаар дүүрэн атлаа эгээ л миний эзгүйрсэн сэтгэл шиг нүд ирмэхийн зуурт хоосон (бүр хов хоосон) газар болоод хувирчихна. Хажуугийн гудамжуудын шавар шавхай, таг нь онгорхой хогийн савнаас ханхлах хамар сэтлэм муухай үнэр, явган хүний зам дээр таарах дэгэн догон, нүх сүв, хөл толгой нь үл мэдэгдэх бужигнасан орчин, нааш цааш түлхэлцэн зүтгэх үй олон л Истанбулыг Истанбул болгодог ч энэ хөөрхийлөлтэй газрын нэг эд эс болж миний энд байгаа нь гэсгээл мэт санагддаг байлаа. Төрөлх хотын минь уй гуниг надад шингэж, өөрийн минь уй гуниг төрөлх хотдоо шингэхийг мэдрэхүйеэ надад хийж чадах зүйл нэг ч үгүй шиг бодогдоно: хот шигээ хөөрхийлөлтэй би бээр уруудал доройтол, уналт бүтэлгүйтлээс минь өөр юуг ч үл сануулах танил гудамж талбайгаараа алхаж явахдаа амьсгал нь тасраагүй хэр нь араг яс болоод хувирчихсан “амьд үхдэл” мэтээр өөрийгөө мэдрэх ажгуу. Тэр бүү хэл шинээр баригдсан гахиур ханатай барилгууд (тэднийг харах бүрд сэтгэл тавгүйрхэнэ) –ын завсраар торгон алчуур адил намилзах Босфорын хоолойг ширтэн зогсоход хүртэл итгэл найдвар эс төрөх бөлгөө. Бидний зүрх сэтгэлийг бүрнээ харанхуйлан боомилдог уй гуниг гэгч бараа нь үл үзэгдэх буйд гудамжуудаас хөнөөлт араатан мэт мөлхсөөр ойртон ирэхүйд би намар оройн цагаар умар зүгээс шуурга дэгдэхийг далай тэнгис, хөвд хигтрийн үнэрээр тааж мэддэг хашир туршлагатай нэгэн шиг л эс андах бөгөөд тэгмэгцээ салхи шуурга, газар хөдлөлт, гай гамшгаас зугтан гэр өөдөө харайлдах хүмүүс шиг л өрөөнийхөө дөрвөн хананы дунд нуугдан хоргодохоор яардаг сан.

            Нар гэнэтхэн дээр хөөрч, уугуул хотын минь уруу дорой, ядуу зүдүү, сүйрч сүйдсэн бүхнийг хайр найргүй гэрэлтүүлэн илчилдэг хаврын өдрүүдэд би дургүй. Таксим талбайгаас Харбийе, Шишли хүрч, улмаар Межидийкой дүүрэг хүртэл сунасан Халаскаргази өргөн чөлөөнд ч дургүй. Эл дүүргүүдэд бага насаа өнгөрүүлсэн ээж маань эндхийн өргөн чөлөөнүүдийг эмжээрлэн ялам мод битүү ургадаг байсан тухай дурсан ярих дуртай сан; эдүгээ тэнд жар, далаад оны үед “олон улсын жишиг” –т нийцүүлэн барьсан нүсэр том цонх, үзэмж муутай шигтгэмэл хавтангаар бүрсэн ханатай орон сууцны барилга эгнэх болсон билээ. Шишлигийн Пангалти, Нишанташийн Топагажи, Таксимын Талимхане гээд очсон даруйд зугтмаар болдог гудамжууд бий: нэг ч мод ургамал үгүй дээрээ Босфорын хоолой цайвалзаж ч үзэгддэггүй тэдгээр гудамжинд амьдран суугсад нь багахан өмч хөрөнгөө булаацалдан ураг саднаараа хэрэлдэж толхилцсоор хэсэг бусгаар нь хуваан аваад замбараагүй олон орон сууц барьсан түүхтэй. Бага байхад тамир тэнхээ барж, дотор бачууруулдаг тэр гудамжуудаар өөдөө уруугаа алхаж явах зуур цонхоороо харж зогсоо авгайчуулаас эхлээд живэр сахалтай өвгөчүүл хүртэл намайг үзэн ядаж байгаа даа гэсэн бодол төрөхөөр үл барам тийн жигших нь зүй ёсны хэрэг мэт санагддаг байж билээ. Нишанташ, Шишли дүүргүүдийн дунд орших бэлэн хувцасны дэлгүүрүүдээр дүүрсэн гудамжууд; Галата, Тепебашийн дундах чийдэн, гэрлийн бүрхүүл зардаг мухлагууд битүү эгнээстэй гудамжууд; гол төлөв машины сэлбэг хэрэгсэл зардаг дэлгүүрүүд төвхнөсөн Таксимын Талимхане орчмын гудамжууд ч бас надад таалагддаггүй (Хүмүүсийн сонирхлыг “галзуу хулгана” ид татаж байх үед эрсдэлтэй бизнест удаа дараа хөрөнгө оруулсаар өвөөгийн өвлүүлсэн хөрөнгийг үрж барж явсан аав, авга ах хоёр маань ч бас Талимханед сэлбэгийн дэлгүүр нээсэн юм; гэвч ажил хэрэг нь урагштай явж өгөхгүй болохоор машины сэлбэг хэрэгслээ үнсэнд хаясан шалз шиг мартаж орхиод, дэлгүүртээ ажиллуулдаг залуу харчуулд “Туркт үйлдвэрлэсэн анхны улаан лоолийн шүүс амсаж үз” хэмээн кетчуп хольсон шүүс уулгах зэргээр өөрсдийгөө хөгжөөж явжээ). Сулейман сүмийн эргэн тойрны гудамжуудад ваар урлаачид суурьших болсноор алх дөш, тоног төхөөрөмжийн дуу тасрахаа больсон нь тэр хавийн газраар үйлчилгээнд явж түгжрэл үүсгэдэг хөлсний тэрэг, бага оврын ачааны машинуудын нэгэн адил яршигтай санагддаг сан. Тэднийг харах бүрд дотроос уур цухал дүрэлзэж, өөрийнхөө биеийг үзэн яддаг шигээ төрөлх хотоо жигших сэтгэл төрөх агаад үл таних эрхмүүдийн нэр ус, ажил төрөл, мэргэжил мэдлэг, амжилт бүтээлээ тод өнгийн, том үсгээр зарлан тунхагласан сурталчилгааны самбаруудыг харахул бүр ч зэвүү хүрээд явчихна. Өөрсдийгөө сурталчилдаг эрдмийн зэрэг цолтнууд, эмч нар, мэс засалчид, санхүүгийн мэргэшсэн зөвлөхүүд, хуульчдын үйлчлүүлэх дуртай “Аз жаргал” донер кебабны мухлаг, “Амьдрал” хүнсний дэлгүүр, “Хар тэнгис” хоолны газар; банк, даатгалын компани, угаалгын нунтаг, сонин сэтгүүл, кино театр, жинсэн хувцасны дэлгүүрүүд; хүйтэн ундааны сурталчилгаа бүхий зарлалын самбарууд; хөл бөмбөгийн мөрийд оролцох тасалбар, хонжворт сугалаа, цэвэр ус зардаг мухлагууд; зураг хөрөг болсон зарын самбарт том үсгээр бахархалтай нь аргагүй бичсэн нэрийнхээ дээр “албан ёсны гэрээт борлуулагч” гэж тунхагласан хийн түлш худалдаалагч дэлгүүр гээд бүгд намайг гэлтгүй хотынхныг тэр аяар нь залхааж гүйцэх агаад энэ олон зарлалд тархиа угаалгахаасаа урьтаж умгар өрөөнийхөө харанхуй буланд бүгсэн нь өлзийтэй болно.

АКБАНКӨГЛӨӨДОНЕРКЕБАБЫНМУХЛАГЧАНАРТАЙДААВУУӨДӨРБҮРУУСАВАНҮНЭТЭДЛЭЛТЭЙБОЛОХАЛТАНБОЛОМЖНУРИБАЯАРХУУЛЬЧУГСРАЛТЫНТӨЛБӨР

Эцэст нь би хөл тавих зайгүй хурсан олон, эцэс төгсгөлгүй үймээн шуугиан, хотын өнгө үзэмжийг гутаадаг бүхнийг “амь оруулдаг” жин үдийн нарнаас яаран зугтах боловч аль хэдийн ядарч сульдаад, сэтгэлээр унасан байх төдийгүй тархин дотор минь суурилсан уншигч төхөөрөмж гудамжнаас харсан зарлал болгоныг туркчүүдийн уй гунигийн дуу шиг давтан аялгуулах бөлгөө.

ХАВРЫНХЯМДРАЛЭЛАМИЗУУШНЫГАЗАРГУДАМЖНЫУТАСОД-БЕЙОГЛУИПНОТАРИАТШАРАЙРАГТАЙМАКАРОНГОЙМОНАНКАРАЗАХГОЁЛЫНҮСЗАСАЛТЭРҮҮЛМЭНДРАДИОТРАНЗИСТОР

Зарлалын самбар, сурталчилгааны хуудас, дэлгүүрийн хаяг, сонин хэвлэл, аж ахуйн нэгжийн нэрд орсон франц, англи үгсийг тоолж үзэхэд Истанбул хот баруунжиж буй нь илт боловч хүмүүсийн ярьдаг шиг нүд ирмэхийн зуурт орвонгоороо өөрчлөгдчихсөн юм үгүй.  Сүм хийд, өндөр цамхаг, мөргөл залбиралд нь шингэсэн соёл уламжлал, үүх түүхээ хүндэтгэж буй нь ч бас л ховор. Нэг ёсондоо бүх зүйл цэвэр ариун шинжээ алдаж, өөх ч биш булчирхай ч биш болж хувираад, хиймэл дүртэй болсон гэхэд хилсдэхгүй.

САХЛЫНХУТГАҮДИЙНЦАЙНЫЦАГААРИРНЭҮҮPHILIPS-ЛИЦЕНЗТЭЙЭМЧАГУУЛАХХИВСЭВХЭНЭШААЗАНЭДЛЭЛ-ФАХИРИТГЭМЖЛЭГДСЭНХУУЛИЙНЗӨВЛӨХ

Элдэв үг үсэг эмх замбараагүй холилдсон энэ тамын ертөнцөөс зугтахын тулд би Истанбул хот “амар амгалан” агаад “үзэмж төгөлдөр” байсан алтан үеийнх нь  цэвэр ариун, гэрэл гэгээтэй цаг үеийг төсөөлнө. Меллиний зурж, Нерваль, Готье, де Амичис зэрэг барууны аялагчдын тэмдэглэж үлдээсэн тэр л дүр төрх. Гэвч учир шалтгаанаа эргэн нягтлахуйд энэ хотыг би цэвэр ариун болохоор нь бус, харин уй гунигт автсан болохоор нь л хайрладгаа санадаг. Гэвч аливаад бодитой хандаж, алдаа эндэгдлийг минь хүртэл өршөөж хэлтрүүлдэг дотор хүн маань хотыг нэлэнхийд нь бүрхсэн хюзюнээс болгоомжлохыг сануулж, тархинд зурвас илгээсээр байдаг сан.

ГУДАМЖТАНЫХӨРӨНГӨМӨНГӨИРЭЭДҮЙГДААТГАНАНАРЛАГ-ЗУУШНЫГАЗАРХОНХДУУГАРГАНОВАБУГУЙНЦАГАРТИНСЭЛБЭГ-ХЭРЭГСЭЛВОГБАЛИВИЗОНШИЛЭНОЙМС

Төрөлх хотдоо өөрийгөө бүрэн хамаатуулж чаддаггүй маань л магад миний хамгийн том асуудал байх. Эмэг эхийн өрөөнд сууж ахуйд, гэрийнхэнтэйгээ баярын зоог барьсны дараа хатуу шарз юм уу, шар айраг шимэн тухлахуйд, Роберт коллежийн зугаа цэнгэлд дуртай, чинээлэг найзуудынхаа аавынх нь машинд суугаад хотоор сэлгүүцэн давхихад төрдөг байсан тэр л мэдрэмж эдүгээ хаврын өдөр гудамжаар алхаж явахад ч мэдрэгддэг хэвээр: нэгэнт л хэнд ч хэрэггүй, хаана ч харьяалагдахгүйгээс хойш хүмүүсээс зай барьж, хаа нэг буланд очиж нуугдах нь зүй биз гэсэн бодол (адгуусан амьтны зөн ч гэмээр) дотроос хатгах ч халуун сэтгэлээр тосон угтах зон олон, бүхнийг харж, бүхнийг өршөөдөг бурхнаас зугтах гэсэн хүсэл минь улам их гэмшил төрүүлэхээс үл хэтэрнэ.

            Лицейд элсэх үедээ би ганцаардлыг түр зуурынх гэж боддог байлаа –чухамдаа түүнийг хувь тавилангийнхаа салшгүй нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрөх насанд хүрээгүй байсан хэрэг. Тиймдээ ч кино театр луу хамт явж, завсарлагааны цагаар ганцаараа гиюүрэн зогсох үед хань болдог найзтай байхыг мөрөөддөг байв. Нэг өдөр нь уншсан ном, зурсан зургийнхаа талаар хэлэлцэж болох ухаалаг, соёлтой хүмүүстэй уулзаж, чин сэтгэлийн яриа дэлгэж байна гэж мөрөөднө. Өөр нэг өдөр нь эмэгтэй хүнтэй энгэр зөрүүлбэл гуниг ганцаардлаасаа салж чадна гэж бодсондоо нууцхан хүслээ хуваалцаж чадах үзэсгэлэнт бүсгүйтэй учир ургуулснаар төсөөлнө. Гэхдээ хүслээ гүйцэлдүүлэх насанд хэдий хүрсэн ч айж, эмээх сэтгэлдээ хүлэгддэг байж билээ.

             Тэр үед би гуниг ганцаардлыг гэр бүл, ойр дотнынхон, төрөлх хотоосоо тусгаарлагдахын нэр гэж боддог байв. Зүс танихгүй нэгнээ хүртэл цусан холбоотой ах дүүс шиг үзэж, хөл бөмбөгийн нэг багийг хот даяараа дэмжиж буй аятай хамтач сэтгэл гаргадаг хүмүүсээс хол байхыг эрмэлзэвч энэ зангаасаа болоод гань ганцаар хоцрох вий гэж эмээсэндээ сохрын газар сохор, доголонгийн газар доголон болж явахаар шийдлээ. Тийнхүү эр бие өсөхийн цагт хүн болгонтой нийцэж, нөхөрлөж чаддаг, жирийн л нэг ухаалаг, хөгжилтэй залуу болж төлөвшсөн байлаа. Байнга л шог хошин юм ярьж, багш нарыгаа элэглэн дуурайж ангийнхныгаа инээлгэж явдаг болсон төдийгүй алиа марзан яриагаараа гэрийнхнийхээ дунд ч нэр хүнд олоодхов. Тоглоом шоглоом маань хэтрээд ирвэл төв царайлж, эрээ цээргүй марзганалаа эвтэйхэн аргалчихаа ч бас мэднэ. Гэвч өрөөндөө орж хаалгаа хаасны дараа өрөөл бусдын дүр эсгэсэн төрх, өөрийнхөө хуурамч дүрээс зугтахын түүс болох агаад тэр бүхнээс намайг чөлөөлдөг ганц зүйл нь гар хангалга хийх.

            Хүмүүстэй энгийн нөхөрсөг харилцаа тогтоох надад яагаад тийм хэцүү байсан юм бол? Зүгээр л эелдэг байхад болох зүйл дээр биеэ шахамдуулж, түүнээсээ болж бухимдан, өөрөө өөрийгөө үзэн ядах ямар хэрэг байв аа? Хэн нэгэнтэй анд нөхөд бололцоход хиймэл дүр эсгэж буй мэт санагддаг байсны учир юу сан билээ? Заримдаа жүжиглэж байгаагаа умартаад дүрдээ бүрэн орж, хэсэгхэн зуур ч болов бусад шиг хөхин баясаж байтал хаа нэгтэйгээс уй гунигийн салхи үлээж ундарсан их эрч хүчийг хийсгэн одохуйд бушуухан гэртээ харьж өрөөнийхөө харанхуй буланд шигдэх хүсэлд автдаг сан. Өөрөө өөрийгөө өөнтөгч нүдээр харах тусам аав, ээж, ах, хамаатнууд (тэднийг гэр бүлийнхэндээ оруулж тооцоход хэцүү), сургуулийн найзууд, танилуудаасаа авхуулаад төрөлх хотынхоо юм бүхнээс улам л их өө сэв анзаардаг байж билээ.

            Чухамдаа Истанбулаас болоод л би ийм ээдрээтэй байдалд орчихсон хэрэг шүү дээ. Гэхдээ Босфорын хоолой, хөлөг онгоцнууд, нэг л янзаар өнгөрдөг шөнүүд, гудамжны гэрэлтүүлэг, хуран цугласан олон л үүнд нөлөөлсөн юм биш ээ: эндхийн хүмүүс ямар нэг сэжмээр өөр зуураа холбогдож, хялбархан харилцаж, алба ажлаа аялуулж, амь нэгтэй амьдарч чаддаг бол би тэгж сураагүй. Бүгд бие биеийнхээ сайн мууг мэддэг, даруу төлөв занг эрхэмлэж, уламжлал соёл, ахмад буурлууд, өвөг дээдэс, түүх, домгоо хүндэтгэдэг, хоорондоо усны дусал шиг адилхан хүмүүсийн “биднийх” гэж өөриймсдөг тэр ертөнцөд би яагаад ч “өөрийнхөөрөө” байж чаддаггүй байв. Үйл явдлын үзэгч нь бус гол дүр нь болох шаардлагатай газар бол хачин их тавгүйрхэнэ. Тухайлбал төрсөн өдрийнхөө үдэшлэг дээр эелдэг инээмсэглэсээр өрөөн дотуур нааш цааш хөлхөж, тааралдсан хүн болгоныхоо дал мөрөөр тэврэн мэнд мэдэх явдал бий ч төд удалгүй зүүдний ертөнцөд очсон мэт өөрийгөө гаднаас нь ажиглаад дүр эсгэсэн, мулгуу төрхөө олж харахуйд жигших сэтгэл төрдөг сөн.

            Гэртээ харьсныхаа дараа чухам яагаад хиймэл дүр эсгэдгээ удтал эргэцүүлэн бодоод (“Чи яагаад үргэлж хаалгаа түгжчихдэг юм бэ?” гэж ээж шалгаана), эл дутагдал зөвхөн надад бус “бид бүгдэд”, тэр бүү хэл хүмүүний харилцааны үндэс суурь болсон нийгмийн мөн чанарт ч орших агаад төрөлх хотоо гаднын хүний нүдээр харж чадах болтлоо “галзуурсан” нэгэн л түүнийг “тогтсон суртал” болохыг нь таньж чадна гэсэн гаргалгаанд хүрдэг байв.

            Гэхдээ энэ бол олон жилийн өмнөх өсвөр насны хөвүүний эмх замбараагүй бодлыг гайхалтай түүх болгож хувиргахаар мачийж буй тавин настай зохиолчийн үг юм шүү. Хүүрнэлээ цааш үргэлжлүүлье: 16-18 хүртлээ би зөвхөн өөрийгөө үзэн ядаад зогсохгүй гэр бүлийнхэн, найз нөхөд, соёл уламжлал, улс оронд өрнөж буй үйл явдлуудад тайлбар хийх төр засгийнхны албан болоод албан бус мэдэгдэл, сонины мэдээний гарчгууд, байгаагаасаа өөр харагдах гэж хичээсээр өөрийгөө ч бүрэн таньж чадалгүй хоцордог хүн төрөлхтний араншинг хүртэл жигшдэг байлаа. Тэр үед гудамжны тэмдэг, зарлалын самбар дээрээс харсан үг үсэг л тархи толгойг минь дүүргэчихсэн юм шиг санагддаг байж билээ.

 Би номоос уншиж танилцсан франц зураачид шигээ амьдарч, тэдэн шиг зурахын мөрөөсөлд автдаг байсан ч тэдний бүтээсэн ертөнцийг Истанбулд цогцлоох хүч байгаагүйн дээр тэгэх боломж ч бүрдээгүй юм. Туркийн импрессионист зураачдын бүтээлүүдээс Босфорын хоолой, сүм хийд, модон байшин, цас дарсан гудамжуудыг дүрсэлсэн хамгийн муу зураг нь хүртэл надад таалагддаг байсны учир нь зурагтаа бус, Истанбулыг бодит мэт буулгасанд нь л оршиж байв. Истанбулыг яг л байгаагаар нь дүрсэлсэн атлаа муу зураг байх тохиолдол байхад маш сайн хэр нь Истанбултай огт төсгүй зураг ч байх. Магадгүй ингэж санагдах болсон нь төрөлх хотоо зүгээр л нэг зураг гэж харахаа болих цаг болсныг сануулсан хэрэг байсан биз.

            16-18 хүртлээ би барууны радикал үзэлтнүүдийн нэгэн адил төрөлх хотоо тэр чигтээ баруунжаасай гэж хүснэ.  Тэр бүү хэл өөрөө ч гэсэн барууны соёлтой иргэн болохыг мөрөөднө: гэвч үүний хажуугаар зөн совин, дадал зуршил, дурсамж дуртгалаараа холбогдсон уугуул хотоо хэвээр нь авч үлдэх оргилсон хүсэл ч төрдөг байв. Балчир ахуйдаа би эл хоёр хүслээ ангид байлгаж чаддаг байжээ (нэгэн зэрэг аугаа эрдэмтэн, арчаагүй тэнүүлч болно гэж мөрөөдөх хүүхэд байхгүй), харин цаг хугацаа урсах тусам эл чадвар маань аажмаар арилжээ. Тиймдээ ч Истанбулын ялагдал, бахархлыг нэгэн зэрэг тээдэг уй гунигийг сэтгэлдээ мэдрэх болсон хэрэг.

             Өдөр хоног өнгөрөх тусам өрөөнийхөө харанхуй буланд амьсгалаа татаж буй амьтан шиг эвхрэлдэн хэвтэх хүсэлд автах болсон маань их хотын уруудал доройтол, уй гунигаас л үүдсэн юм биш: тэрхүү хүслийг тэжээн тэтгэсэн өөр нэг зүйл бол дотроос минь урган гарсан өөр нэгэн шаналал байлаа. Сэтгэл зүрхийг минь шаналгасан тэр зүйл чухам юу байсан юм бол?


Орхан Памукын "ИСТАНБУЛ: ДУРСАМЖ БА ХОТ"  ном, "Аз жаргалгүй хүн л өөрийгөө, өсөж төрсөн хотоо үзэн яддаг" хэмээх гучиндөрөвдүгээр бүлэг. Гувчинтавдугаар бүлэг цааш "Анхны хайр" хэмээн үргэлжилдэг билээ.

Түр хүлээнэ үү...
Top