Намрын улиралтай хамгийн төгс зохицох 10 ном
2018-09-12 Зугаатай уншлага 9979

Намар гэхээр санаанд минь хамгийн түрүүнд юу орж ирдэг вэ? Хатаж шарласан навчис, түүний цардмал дээр дэрхийн хийсэж одох хөндүүртэй чимээ, хэзээ мөдгүй нурах гэж буй мэт бүрхэг тэнгэр, хуй салхи, эсвэл юу ч болоогүй мэт, ер нь цаашид ч юу ч болохгүй мэт царайлах цэлгэр тэнгэр, алтан нар. Тэгээд биегүй хоосон гуниг. Ийм л үед гаргаж уншдаг номнуудаасаа та бүхэнд хуваалц юу гэж шийдлээ.


1. Л.Өлзийтөгс “Тэнгэрт ургадаг модод”

Яруу найргийн сайхан ном унших нь гунигаа гунигаар ундаалах шиг тайтгарлыг өгдөг. Түүнд хамгийн сайн зохицох бүтээл бол яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” түүвэр.

2. Франсуаз Саган “Сайн уу, гуниг минь”

Францын зохиолч Франсуаз Саганы “Сайн уу, гуниг минь” бэсрэг роман бол намарт өргөх хамгийн амтат хундага дарс билээ. Гуниг, сэтгэл зүрхний хөндүүрийг үгээр төгс урласан бүтээл. Энэхүү бүтээл өнгөрсөн жил эх хэлнээ орчуулагдсан тул уншъя гэвэл ядах зүйлгүй.

3. Уильям Фолкнер “Өвгөд”

Зохиолч Г.Аюурзанын эх хэлнээ буулгасан энэхүү туужийн уур амьсгал, дүрүүдийнх нь авир араншин, хөдөлгөөн хүртэл намарт зохицсон мэт санагдана. Байгалийн дуулал хэмээгддэг энэхүү тууж намрын номын жагсаалтын эхний гурваас буудаггүй билээ.

4. Д.Урианхай “Тэрэлжийн өдрүүд... Намар оройн хараацай”

Зохиолч Д.Урианхайн шүлгүүдэд дуртай ч энэхүү номыг нэрнээс нь болоод анх уншиж билээ. Магад ердөө “Намар оройн хараацай” гэдэг үгээс болоод. Намар орой болохоор хараацайн нислэг улам догшин, хурц болж, урнаар агаар зүсэн шумбадгийг хэн эс мэдэх.

5. Мишима Юкио “Алтан сүм”

Суут романыг яагаад ч юм намар л уншвал тохиромжтой санагдана. Зохиол тэр чигтээ алтарсан шаргал өнгөн дунд үйл явдал нь өрнөж байх шиг санагддаг. Шаргал өнгө бол гоо сайхны туйл билээ.

6. П.Баярсайхан “Сармагчин бол сармагчин”

Өгүүллэгүүд хүний сэтгэл зүрхний дотуур туучаад гарсан шиг уртай байдаг тул элдэв эргэцүүлэлд ээрэгддэг намар цагт унших нь илүү зохимжтой.

7. Д.Батбаяр “Цахилж яваа гөрөөс”

Хөдөөх ахуй, хүн зоны амьдрал, хүний сэтгэл санааны хувирал сэлтийг энэ л туужаас тодорхой харж болно. Хэзээ ч хуучиршгүй мөнхийн сэдвийг ихэд уртай бичсэн зохиол.

8. Бернхард Шлинк “Уншигч”

Герман зохиолчийн ном эх хэлнээ буугаад уджээ. Фашист Германы хорих лагерийн амьдрал, хайр сэтгэл, номонд дурлагсад гээд жинхэнэ “эмо” зохиол.

9. Д.Нямсүрэн “Сэтгэлийн байгаль”

Байгалийг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд эхлээд өөрийгөө таньсан байх ёстой гэсэн санаа найрагчийн эл бүтээлээс ханх тавьдаг.

10. Данзанравжаа “Шүлгүүд”

Бүхий л амьд биес үхэхийн тавиланд төржээ. Эхлэл байсан бол төгсгөл бас бийг сануулсан Ноён хутагтын цэц шүлгийг намар л уншвал ой той руу орох нь илүү.

Түр хүлээнэ үү...
Top