Суут зохиолч, шилдэг найруулагчийн ХОСЛОЛ
2018-09-06 Зугаатай уншлага 5450

Дэлхийн утга зохиолын сор бүтээлүүдийн ихэнх нь дэлгэцийн бүтээл болжээ, эргээд санахад. Манайд чамгүй танигдсан Виктор Хюгогийн “Шоовдор хүмүүс”, Л.Толстойн “Анна Каренина”, Ф.М.Достоевскийн “Ах дүү Карамазовынхон” гээд нэрлээд байвал мундахгүй. Үүнээс гадна манайд төдийлөн танил болоогүй, бичлэгийн хувьд орчин цагт хамаарах сонгодог бүтээлүүд ч дэлгэцийн бүтээл болж чамгүй амжилтыг олсон нь бий.


1. Кэн Кэсси “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” (Найруулагч Милош Форман)

Чех гаралтай Америкийн найруулагч Милош Форманын Америкийн зохиолч Кен Кессигийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” бүтээл гарсан даруйдаа үзэгчдийг шуугиулжээ. Америкийн сэтгэц мэдрэлийн эмнэлгийн далд уршиг, идээ бээрийг зад татсан энэхүү бүтээл Америкийн кино академи, Британы кино академийн шагналуудыг хүртсэн юм.

2. Үй Хуа “Амьдрахуй” (Найруулагч Жан Имоу)

1994 онд Хятадын нэрт найруулагч Жан Имоугийн найруулгаар дэлгэцийн бүтээл болсон Үй Хуагийн “Амьдрахуй” туужид хүний амьдрал гээч чухамдаа утга учрын эрэл үү эсвэл амьд байхын тэмцэл үү гэдгийг эргэцүүлжээ. Туужийн үйл явдлыг ганцхан ангид хураангуйлсан нь хэт танасан мэт санагдах ч Гон Ли, Гэ Ю гэсэн чадварлаг жүжигчдийн тоглолт таныг уйдаахгүй нь мэдээж.  Тус зохиолыг “Тагтаа” хэвлэлийн газраас уншигчдадаа барихад бэлэн болоод байна.

3.  Кормак МакКарти “Хөгшдөд нутаг үгүй” (Найруулагч Жоэл КоэнИтан Коэн)

Кормак МакКартигийн романыг дэлгэцийн бүтээл болгох хувь тавилан ах дүү хоёрт л заяасан гэлтэй. Кино шүүмжлэгчдийн зүгээс зохиолдоо хамгийн дөхөж очсон чанартай бүтээл хэмээн тооцогддог тус кино Оскарын наадмаас “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал хүртэж байв. Аллага таллага хоёрхон утгатай. Нэгт, үзэл бодол, өш хонзонгийн сэдэл, хоёрт, мөнгөний төлөө. Харин Кормак МакКарти гурав дахь шалтгаан буюу зүгээр л хүйтэн цэвдэг, харгислалыг тус бүтээлдээ үзүүлсэн юм.

4. Бохумил Храбал “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” (Найруулагч Жири Мензел)

Чехийн зохиолч Бохумел Храбалын ижил нэрт туужаас сэдэвлэн хийсэн бүтээл. Дэлхийн хоёрдугаар дайны арын шугамын амьдралыг гайхалтай дүрсэлсэн бүтээлийг дэлгэцнээ тун дажгүй буулгажээ. Хөгтэй хөөртэй, цус нулимстай, дайн дажинтай энэхүү бүтээл Оскарын наадмаас гадаад хэл дээрх шилдэг киногоор шалгарч байжээ. Бохумил Храбалын “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” зохиол тун удахгүй эх хэлнээ хэвлэгдэнэ.

5. Хюберт Сэлби “Мөрөөдөлд өргөх гашуудлын дуун” (Найруулагч Даррен Аронофвски)

Энэ жил “Эх” киногоороо шуугиулсан нэрт найруулагч Даррен Аронофвскийн бас нэгэн сод бүтээл. Гэвч “сод” гэсэн тодотголыг зохиолч Хюберт Сэлби ч бас хүртэх ёстой болов уу. Мансууруулах бодис гэж юу вэ, тэрэнд хэрхэн донтогч болдог, ер ямарваа нэг зүйлээс хараат байна гэдэг чиний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ гээд олон асуулт урган гарна.

Түр хүлээнэ үү...
Top