Гадаад ертөнцөд хамгийн их алдаршиж буй хятад зохиолчид
2018-08-31 Зугаатай уншлага 4361

Хятадын орчин үеийн уран зохиол үзэл суртал, нийгмийн шилжилтээс шалтгаалан хоёр хэсэгт хуваагдсан юм. Эхний хэсэг нь, эх орондоо үлдэж дуулгавартайгаар бүтээлээ туурвин, нам засгийнхаа үгийг сонсож, өөрсдийн зохиолын шим шүүсийг авч үлдэхээр хичээж, элдэв сурталтай нэг золгож, нэг гар зөрүүлсэн хэсэг зохиолчид. Харин хоёр дахь нь, хувьсгалын үед баруунд дүрвэн гарсан гэр бүлээс төрсөн англи хэлт зохиолчид. Тэд ихэвчлэн гадаад ертөнцөөс эх орноо эргэн харж, шүүмжилж, егөөдөж, хайрлаж, харуусан гашуудах нь элбэг. Тиймээс бид энэ удаа танд гадаад ертөнцөд хамгийн их алдаршсан ТАВАН хятад зохиолыг танилцуулж байна.


Ха Жин “Хүлээхүй” (Waiting by Ha Jin)

Хятад-Америкийн зохиолч Ха Жин “National Book Award” шагналыг тус романаараа хүртсэн юм. Хуучны уламжлал, Шинэ Хятадын зөрчлийг зохиолын гол дүр Лин Конг эмчийн амьдралаар төлөөлүүлэн дүрсэлсэн гайхалтай хайр, нийгмийн романс. 

Үй Хуа “Амьдрахуй” (To Live by Yu Hua)

Хятадын орчин цагийн хүүрнэлч Үй Хуагийн “Амьдрахуй” бэсрэг романыг хүний амьдралын талаарх философи эргэцүүлэмж ч гэж болно. Ингэхдээ тэр хий хоосон цэцэрхэхийн оронд баатруудаа амьдралын балчиг намагт шигдүүлж, босох тэнхэлгүй болтол нь тарчлааж, тэр л харанхуй ангал дотроос амьдрах гэдэг чухам юу юм бэ гэсэн эргэцүүлэмжийг хийлгэнэ. Амьдрахуй гэгч чухам юу юм бэ? Энэ зохиол л танд хариулна. 

Мо Ян “Улаан тутарга” (Red Sorghum by Mo Yan)

2012 онд утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн Мо Яны гадаад ертөнцөд хамгийн их уншигдсан бүтээл нь “Улаан тутарга” роман. Хятадын зүүн хойдын Шандон нутаг дахь нэгэн гэр бүлийн гурван үеийн түүхийг Хятад-Японы дайн, соёлын хувьсгал гэсэн нийгмийн эрс өөрчлөлт хэрхэн хөдөлгөөнд оруулж, сонголт хийхэд хүргэж буйг туульсын аргаар хүүрнэжээ. 

Кан Шүй “Хязгаар” (Frontier by Can Xue)

Хэдийгээр Хятадын уран зохиолд “бохир цас” гэсэн утга бүхий энэ нэр төдийлөн танил биш боловч түүнийг баруунд Борхес, Кафкатай зүйрлэдэг. Зохиолын үйл явдал Пэббле хэмээх нууцлаг хотод өрнөнө. Энэхүү хотыг дэлхий ертөнц дээрх диваажин хэмээн нэрийдэх агаад гудамжаар нь чонон сүрэг хөлхөлдөн байх аж. Түүний зохиол зүүд зөн совин, бодит бусын заагт өрнөдөг нь уншигчдаас идэвхтэй уншлагыг шаарддаг. 

Июнь Ли “Даяанчид” (The Vagrants by Yiyun Li)

Баруунд цагаачилсан Хятад гэр бүлд төрсөн Июнь Ли зохиолоо англи хэлээр бичдэг. Өдгөө утга зохиолын “A Public Space” сэтгүүлийн редактороор ажилладаг. Түүний богино өгүүллэгүүд мөн л хуучин Хятад, орчин үеийн Хятадын зөрчил, холбоос дээр үндэслэдэг ажээ. Түүний “Даяанчид” романд коммунизм болоод ардчиллын мөргөлдөөн Бээжин хотод  ямархан дүр төрхийг авчирсан тухай өгүүлнэ. 

 

Түр хүлээнэ үү...
Top