Итало Калвиногийн онцлох ТАВАН ном
2018-08-29 Зугаатай уншлага 2838

Италийн зохиолч, постмодерн уран зохиолын хүчирхэг төлөөлөл Итало Калвиногийн "Үл үзэгдэгч хотууд" бэсрэг роман тун удахгүй эх хэлнээ "Тагтаа" хэвлэлийн газрын сонголтоор хэвлэгдэх гэж буйг тохиолдуулан нэрт зохиолчийн ОНЦЛОХ ТАВАН номыг танилцуулж байна. 


1. “Хэрвээ өвлийн шөнөөр аянчин”

Энэхүү бүтээл таны уншиж байсан бусад номноос огт өөрөөр эхэлнэ. Танд номоо хэрхэн уншихыг чинь зааж эхлэх нь алмайруулж ч мэдэх юм.. Хэвлэлийн алдаанаас болж 10 өөр зохиол холилдож, бүлэг бүр өөр зохиолын эхлэл хэлбэрээр бичигдсэн сонирхолтой агаад этгээд зохиомжтой. Энэхүү романд Борхес, Францын триллерүүд, Японы эротик зохиол, улс төрийн романууд, Латин Америкийн шидэт реализм цөм багтсан нь гайхалтай. Судлаачид “Хэрэв өвлийн шөнөөр аянчин” роман бол постмодерн романы сонгодог жишээ гэсэн буй.

2. “Үл үзэгдэгч хотууд”

Нэрт зохиолчид хамгийн их алдар хүндийг авчирсан бүтээл нь 1976 онд хэвлэгдсэн “Үл үзэгдэгч хотууд” бэсрэг роман. Монголын эзэнт гүрний их хаан Хубилай, Италийн аялагч Марко Поло нарын харилцан яриагаар холбоослон энэ дэлхий ертөнцийн хаа нэгтээ буй этгээд 55 хотын тухай хүүрнэнэ. Хотын бүтэц, хүн зоных нь амьдрал бодит ертөнцийнхөөс тэс өөр эдгээр хотод уншигч оюун санаагаараа аялал хийх боломжтой.

3. “Дараагийн мянганы тухай зургаан сануулга”

Энэхүү бүтээл 1983 онд “Чарльз Элиот Нортон” зохиолчдын цуврал лекцийн хүрээнд Харвардын их сургууль дээр унших байсан эсээнүүдээс бүрдэнэ. Харамсалтай нь нас барах хүртлээ үргэлжүүлэн бичиж, зорьсон газраа уншиж чадалгүй өөд болсон байдаг. Зохиолч дараагийн мянганд хүн төрөлхтөн хэрхэн орших тухай сануулгыг таван хэсэгт хуваан бичжээ. Түүнийхээр дараагийн мянганд хөнгөн, түргэн, ялгамжит байдлаа тодорхойлж, олон янз байдлыг чухалчлан, няхуур байх хэрэгтэй ажээ.

4. “Хувь заяаны хэрээст цайз”

Уншигч, зохиолч, зохиолын дүрийн харилцан хамаарлын шаардсан дараагийн роман нь “Хувь заяаны хэрээст цайз”. Газар газрын аялагчид нэгэн ойд цугларан хөзөр сонгох зарчмаар өөр өөрсдийн түүхийг ярина. Энэ утга учиргүй үргэлжилсэн яриан дундаас зохиолын гол шугамыг барьж авах нь дан ганц уншигчийн үүрэг болж үлддэг.

5. “Үл орших баатар”

 

Гол дүр нь үл оршигч баатар эр, цаг хугацаа нь дундад зууны үед өрнөнө. Үнэнч байдал, итгэл үнэмшил, эр зориг, элбэрлийн бэлгэдэл болсон Агилулфын бие нь үл харагдаж, хуяг дуулга төмрийн хахирган дуугаар түүний өмнөөс хүүрнэнэ. Энэхүү зохиол нь Итало Калвиногийн алдарт гурвал “Бидний өвөг” цувралын нэг юм.

 

Түр хүлээнэ үү...
Top